Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024.06.11-ний №001/ХТ2024/00130 тогтоол
Тоймын дугаар, огноо: №49 /ИХТ-17/, 2024.07.08
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч А, Б нар “М” ХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Даатгалын гэрээний 2.11-д заасны дагуу зам тээврийн осол даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан тул учирсан хохирлын 80%-аар тооцож, нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй...” гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа араас нь шүргэсэн Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гарсан байхад зогсож, дуудлага мэдээлэл өгөлгүй урсгал сөрж хөөн, эргэх үйлдэл хийхдээ бетонон хаалга мөргөж, өөртөө хохирол учруулан даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тул Даатгалын тухай хууль, талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх: “...Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4-т заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэгч Б нь даатгалын зүйл болох өөрийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь даатгалын тохиолдол байна. ...Ослын улмаас хохирол учирсан болох нь тогтоогдсон тул нөхөн олговрыг авах үндэслэлтэй, ...Осол гарахад нэхэмжлэгч буруутай тул гэрээний 2.11-д зааснаар учирсан хохирлын 80%-ийг олгоно.” гэж дүгнэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол,
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад: “...Даатгалын гэрээгээр үндсэн эрсдэлд “зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол”-ыг хамааруулахаар талууд тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоосон хэдий ч гэрээний 3.1.1-д заасан даатгуулагч осол гарах нөхцөл, орчныг бүрдүүлсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.
...Маргаан бүхий тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтыг зөрчиж, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс осол гарсан болох нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон.
Хэрэгт цугларсан баримтаар жолооч осол гарахаас сэргийлэх боломжтой байсан тул даатгуулагч даатгалын тохиолдол бий болгох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй...” гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Улсын дээд шүүх хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч үндэслэлийг оновчтой тодорхойлоогүй байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 3.5а\-д зам тээврийн осолд холбогдсон жолооч нь тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байж, ...3.5г\-д тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/ -д яаралтай мэдэгдэх ...үүрэгтэй гэж зохицуулсан.
Дүрмийн дээрх заалтаас үзэхэд нэхэмжлэгч нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн араас автомашин мөргөж /шүргэж/ зам тээврийн осол гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож, холбогдох цагдаагийн байгууллага, даатгалын албанд мэдэгдсэнээр өөрт учирсан хохирлоо арилгуулах бүрэн боломжтой байсан бөгөөд энэ тохиолдолд дараагийн осол гарахгүй.
Гэтэл нэхэмжлэгч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэлгүй өөрийг нь мөргөсөн /шүргэсэн/ автомашины араас хөөснөөс зам тээврийн осол гаргасан нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.Хэдийгээр нэхэмжлэгчийн гаргасан дээрх осол даатгалын тохиолдол боловч зохигчийн хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 3.1.1-д заасан ...даатгуулагч нь ...даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн зохицуулалтад хамаарч байх тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй...” гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дээрх үндэслэлийг нэмж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=42844
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд