Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас “Захиргааны эрх зүйн хэрэг судлал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Улсын Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.
-Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлж буй хамгийн түгээмэл маргаан юу вэ. Тэр дундаа Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим ямар маргаан голчлон шийдэж байна?
-Захиргааны хэргийн шүүх бол захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийддэг. Өөрөөр хэлбэл маргалдагч нэг талд иргэн, хуулийн этгээд, нөгөө талд захиргааны байгууллага байдаг. Захиргааны хэргийн шүүх ихэвчлэн газрын маргаан, төрийн албаны маргаан, татварын маргаан, ашигт малтмалын маргаан, сонгуулийн маргаан зэргийг шийдвэрлэдэг. Иргэд өдөр тутамдаа захиргааны байгууллагуудтай төрөл бүрийн асуудлаар харилцдаг. Тэр харилцаанаас үүдэлтэйгээр маргаан үүсвэл захиргааны шүүх шийддэг. Захиргааны хэргийн шүүх нь маргааныг анхан, давж заалдах, хяналт гээд гурван шатаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан үздэг.
-Захиргааны эрх зүйн салбар бусад салбараас ялгарах онцлог нь юу вэ?
-Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдийн эрхийг захиргааны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Иргэд хоорондын маргаан бол хоёулаа адил тэгш эрхтэй, өөрт байгаа нотлох баримтын хүрээнд маргадаг. Харин захиргааны маргааны тухайд, нэг талд нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлж, шийдвэр гаргаж байгаа захиргааны байгууллага байдаг буюу тэгш бус эрхтэй этгээдүүд хоорондоо маргадаг тул, захиргааны шүүх өөрөө нотлох баримтыг цуглуулж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж үздэг онцлогтой.
-Шат шатны шүүхийн шийдвэрүүд зөрүүтэй гарах тохиолдол байдаг шүү дээ. Үүний шалтгаан юу вэ?
-Шүүгч аливаа хэрэг маргааныг шийдэхдээ хуулийг хэрэглэж, тайлбарлаж, хараат бусаар шийдвэр гаргадаг. Энэ утгаараа шүүхийн шийдвэр зөрж болно. Гэхдээ маргааны үйл баримт адилхан байгаа тохиолдолд ижил төстэй хэргийг судлах, ямар ялгаатай, эсхүл ялгаагүй талаас нь эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байлаа гэж бодъё. Тус хуулийн этгээд тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг урьдчилж төлөх ёстой. Гэтэл А компани гүйцэтгэх захирал нь өвчтэй байсны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй. Энэ тохиолдолд, нэг шүүхийн шийдвэрээр, “гүйцэтгэх захирал нь өвчтэй байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай” гээд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоогүй. Гэтэл өөр нэг шүүхийн шийдвэрээр, яг адилхан тохиолдолд Б компанийн хувьд өөр үр дагавар үүссэн. “Тусгай зөвшөөрлийг хувь хүнд бус, хуулийн этгээдэд олгосон учраас гүйцэтгэх захирал өвчтэй байх нь хамаагүй. Тухайн компанийн бусад этгээд тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилж төлөх боломжтой. Гүйцэтгэх захирал нь өвчтэй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан биш” гэж үзээд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ийм байдлаар захиргааны байгууллагын болон шүүхийн шийдвэрүүд хоорондоо зөрсөн. Эндээс тэгш эрхийн зарчим алдагдаж эхэлнэ. Адил тохиолдолд адил хандана, ялгаатай тохиолдолд ялгаатай хандана гэдэг бол тэгш эрхийн зарчим. Иргэд ижил нөхцөлд эрх зүйн ижил боломжоор хангагдах эрхтэй. Дээрх тохиолдолд шүүхийн шийдвэр зөрүүтэй гарснаар тэгш эрхийн зарчмыг зөрчиж, мөн шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлнө. Ард иргэдийн дунд “Энэ шүүгч ингэж шийдэж байхад тэр шүүгч яагаад тэгж шийдэв” гэх зэргээр аль шийдвэр үнэн, зөв болох талаар эргэлзээ үүсэж эхэлнэ. Иймээс 2021 онд шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана гэж заасан. Тодруулбал, шүүхийн шийдвэрүүд зөрүүтэй бол зөрүүг арилгах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана. Ингэснээр хууль нэг мөр хэрэгжиж, иргэдэд ойлгомжтой, тодорхой байдал бий болно. Ер нь иргэн, хуулийн этгээд, өмгөөлөгч гээд хэн ч байсан шүүхийн шийдвэрийг судлах, ямар нэгэн маргах асуудал үүслээ гэхэд “Shuukh.mn” сайт руу ороод энэ төрлийн маргааныг хэрхэн шийдсэн талаар шүүхийн практик судлах бүрэн боломжтой. Бүх шатны шүүх өөрийн шийдвэрийг цахим санд байршуулж байгаа.
-Хууль хэрэглээний нэгдмэл байдал гэж юу болох талаар та аль болох энгийнээр тайлбарлаж өгнө үү. Хууль хэрэглээ нэгдмэл байснаар ямар давуу тал бий болох боломжтой вэ?
-Хууль хэрэглээний нэгдмэл байдал гэдэг нь маргааны үйл баримт нь адил тохиолдолд эрх зүйн үр дагавар нь бүх хүнд адилхан байхыг хэлнэ. Адилхан хэрэг маргааныг Дарханд нэг өөр, Нийслэлд нэг өөр шийдэж байвал хууль хэрэглээний нэгдмэл байдал алдагдаж, ойлгомжгүй байдал үүснэ. Хууль хэрэглээний нэгдмэл байдал бий болсноор хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх зарчим хангагдана. Хэн ямар үүрэгтэй болох тодорхой болж өгнө. Өөрөөр хэлбэл, хуулийн заалтыг яаж хэрэгжүүлэх нь тодорхой, ойлгомжтой болж, иргэн, хуулийн этгээд, захиргааны байгууллага ямар үүрэгтэй байх, ямар эрх хэмжээтэй болох нь тодорхой болж, хуулийг нэг адил ойлгож хэрэгжүүлнэ, ингэснээр цаг хугацаа хэмнэх, дахин дахин алдаатай шийдвэр гарахгүй, хууль хэрэглээний хувьд нэгдмэл ойлголттой болно. Үүний тулд адил төрлийн хэргийг судлах, “Хэрэг судлал” гэдэг ойлголтыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх бүр өөрийн цахим хуудастай байж, шийдвэр үйл ажиллагаагаа мэдээлж байна гэж заасан, энэ хүрээнд шүүхийн шийдвэрийн цахим санг ажиллуулж байгаа бөгөөд хуулиар нууцад хамаарахаас бусад бүх шийдвэр нээлттэй, хүн бүр хайлт хийж, танилцах боломжтой байгаа. Бас шүүхүүд шийдсэн хэргийн тойм, хураангуй бичиж мэдээлж байгаа, эндээс шүүхийн шийдвэрийг харьцуулан судлах боломж хүн бүрд нээлттэй байгаа.
-Шүүхийн тухай хуулиар Монгол Улсын Дээд шүүх “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах” чиг үүрэг хүлээсэн. Энэ чиглэлд Улсын дээд шүүх, тэр тусмаа Захиргааны танхим ямар ажлууд хийсэн бэ?
-Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд Улсын дээд шүүхээс адил төрлийн хэрэг маргааныг судлах аргачлал боловсруулж, шүүхийн шийдвэрийн цахим сангийн ашиглалтыг сайжруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг нэг мөр хэрэглэх үүднээс хуулийг тайлбарласан тогтоол гаргах, шүүхийн шийдвэрийн тоймыг олон нийтэд мэдээлэх зэрэг олон ажлыг хийж байгаа. Шүүхэд ямар хэрэг шүүхэд хэлэлцэгдэж байгаа, хэрэг маргааны үйл баримтууд, хэн хэн оролцож байгаа, хэзээ ирсэн, хэзээ хэрэг үүссэн, ямар ажиллагаа хийгдэж байгаа, хурал зарлагдсан эсэх, шүүх хуралдаан яагаад хойшлогдсон, өмгөөлөгч ямар хүсэлт гаргасан, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн гэх мэт бүх ажиллагаа нээлттэй, хэн ч танилцах боломжтой байгаа. Манай танхим гэхэд, 2024 оны 3 сард шүүх хуралдааны зарын мэдээллийг өөрчилж, ямар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар ямар үндэслэлээр хэлэлцэх гэж байгаа, хэн хэн оролцох талаар нээлттэй мэдээлж байна. Мөн шүүх хуралдааныг шүүхийн цахим хуудсаар шууд дамжуулах бэлтгэл ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан төрийн болон албаны нууц, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад бүх шүүх хуралдааны явцтай хэн ч танилцаж болно. Манай захиргааны хэргийн шүүхийн тухайд, хаалттай хэлэлцэх маргаан ховор байдаг. Ихэнх нь нээлттэй байх боломжтой.
-Шүүхээр голчлон шийдвэрлэдэг маргааны нэг нь газрын маргаан гэсэн. Ер нь газрын маргаан түгээмэл байгаа шалтгаан юу вэ?
-Газар шинээр олгох, эсхүл олгосон шийдвэрээ хүчингүй болгох шийдвэрийг захиргааны байгууллага өдөр тутам гаргаж байгаа, тэр хэрээр маргаан их байна. Хуулиар иргэн бүр газар эзэмших эрхтэй. “Би эхлээд энэ газрыг эзэмших хүсэлт гаргачихсан байхад өөр этгээдэд олгочихлоо. Миний газартай давхцуулаад өөр хүнд газар өгчихсөн байна” гэх зэрэг газар эзэмших эрхээ олж авахтай холбоотой маргаж байна. Мөн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, эсхүл газрын төлбөр төлөөгүй зэрэг маргаан байна.
-Төрийн албан хаагчдын ажлаас халагдсан маргаан хэр түгээмэл байдаг вэ?
-Ажлаас халагдсан маргааныг хоёр өөр шүүхээр шийдвэрлэдэг. Төрийн үйлчилгээний алба хаагч ажлаас халагдвал түүнийг Иргэний хэргийн шүүх шийднэ. Жишээлбэл эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг иргэний шүүх шийднэ. Харин төрийн захиргааны алба хаагч, төрийн тусгай албан хаагч, төрийн улс төрийн алба хаагч ажлаас халагдвал захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан бол буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас цалинг гаргуулах хуультай. Тэгэхээр ажлаас халах шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага өөрийн шийдвэр, үйл ажиллагаанд нухацтай хандах, шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах, хуульд заасан үндэслэл бүрдсэн үед, тушаал шийдвэрээ зөв гаргах ёстой.
-Иргэдийн дунд шүүхэд итгэх итгэл бага, ихэвчлэн албан тушаалтнуудын талд шийдвэр гардаг гэх ойлголт байсаар байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Шүүх хэзээ яаж, ямар албан тушаалтанд холбогдох хэргийг яаж шийдэв, эрх зүйн үндэслэл нь юу байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэх ёстой. Үнэхээр хууль зөрчиж, эрх мэдэл бүхий хүнд давуу байдал олгосон шийдвэр гаргасан бол тухайн шүүгч хариуцлага хүлээнэ, үүнийг эрх бүхий байгууллагаар, эрүүгийн журмаар шалгаж тогтоолгосны эцэст нэг талд үйлчилсэн гэж мэдээлэх боломжтой. Гэтэл ямар хэргийн талаар яриад байгаа, яаж хууль зөрчсөн, ямар үйлдэл гаргасан нь тодорхойгүй, зөвхөн нэг талын мэдээллийг нийтэлдэг. Тухайн шийдвэр гаргасан шүүхээс мэдээлэл авч, мэдээллийг тэнцвэртэй хүргэж, олон нийт өөрөө үнэн зөвийг тунгаах боломжийг олгох ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: ITOIM.MN