Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын дээд шүүх болон холбогдох байгууллагуудаас хамтран “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй юм. Хурлыг угтан Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэгтэй ярилцлаа.

-Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан. Тэгвэл Үндсэн хуульд заасан энэхүү эрхээ Монголын гэр бүл, хүүхдүүд эдэлж чадаж байна уу?  

-Нийгмийн хамгийн үнэ цэнтэй бүлэг болох гэр бүл, хүүхдийн эрх ашгийг төр хамгаалах үүрэгтэй.  Угаас улс үндэстний оршин тогтнох үндэс. Нийгмийн үнэт баялаг нь гэр бүл учраас түүний хөгжил, бат бэх тогтвортой байдлыг хангах нь төрийн үүрэг. Тиймээс ч гэр бүл, хүүхдийн асуудлаар олон байгууллага өөрийн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ манай улсад гэр бүл, хүүхдийн эрх ашгийг бүрэн хэмжээнд хамгаалж чадахгүй байгаа нь бодит үнэн.

Энэ нь олон хүчин зүйлээс хамааралтай. Тиймээс ч гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах асуудалд холбогдох байгууллага, энэ чиглэлийн судлаач, мэргэжилтнүүд тодорхой асуудал дэвшүүлж, зохих ажлуудыг хийсээр байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн бодлогын баримт бичигт хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тусгасан. Энэ ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн байдаг. Тэр дундаа иргэний эрх зүйн харилцааны нэг төрөл болох гэр бүлийн эрх зүйн харилцааг энд онцлох нь зүйтэй.

Гэрлэлт цуцлуулах тухай болон үүнээс үүдэх хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох, өөрчлүүлэх, гэр бүлийн хөрөнгөтэй холбоотой маргаан сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай нь шүүхийн статистик мэдээнээс харагддаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэгтгэн гаргасан тоон мэдээнээс үзэхэд, 2021 онд улсын хэмжээнд 45,444 иргэний хэрэг шийдвэрлэснээс 4690 буюу нийт хэргийн 10.3 хувийг, 2022 онд 57,633 иргэний хэрэг шийдвэрлэснээс 6263 буюу 10.8 хувийг, 2024 онд  73,727 иргэний хэргээс  6520 буюу 8.9 хувийг гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна. Эндээс иргэний хэрэг, үүн дотроо гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны тоо өссөн  нь тодорхой байна.

-Дээрх тоон мэдээнээс харахад, гэр бүлийн эрх зүйн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох мөн гэр бүлийн гишүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээх дагнасан шүүхийн тогтолцоог буй болгох нийгмийн шаардлага тулгарсны илрэл гэж ойлгогдож байна?

-Нийгмийн хөгжлийг дагаад хууль эрх зүйн шинэтгэлүүд явагдаж байх ёстой л доо. Жишээ нь,  Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж өөрийн үүргийг гүйцэтгэж байгаа боловч өдгөө зайлшгүй өөрчлөх шаардлага тулгарч байна. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажиглагдаж буй асуудлаас  дурдахад, гэрлэгчдийг эвлэрүүлэх механизмыг ярьж болно. Жишээ нь,  гэр бүлийн маргааныг шийдэхэд зайлшгүй  сэтгэл зүйч, мэргэшсэн мэргэжилтэн  байх ёстой байтал шүүхэд энэ төрлийн хүний нөөц байдаггүй.

Цаашлаад  хүүхдийн тэтгэлэг тогтоох асуудлыг дурдаж болно. Одоогийн тэтгэлэг тогтоох хуулийн зохицуулалт бүрэн нийцтэй биш, хүүхдээс  тусдаа амьдарч байгаа эцэг, эх түүнтэй хэрхэн харьцаж байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ яаж биелүүлэх арга, хэлбэр тодорхой бус байгаагаас маргаан гарах, үүнээс шалтгаалж эцэг, эх, хүүхдийн аль нэгний эрх ашиг хөндөгдөх асуудал байнга гарч байна. Мөн гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч олон жил хамтын амьдралтай байсан хүмүүсийн хоорондох харилцаанаас үүсэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчин дутагдалтайг хэрхэн сайжруулж зохицуулах, үүнээс гадна  гэр бүлийн эрх зүйн харилцаанд шинээр үүсэж байгаа нөхөн үржихүйн туслах аргыг ашиглаж хүүхэдтэй болох, гэрээний үндсэн дээр тээгч эх, донорын тусламжтайгаар хүүхэдтэй болох гэх мэт асуудлыг зохицуулсан  эрх зүйн  орчинг хуульчилж боловсронгуй болгох шаардлагатай байна.

Угаасаа гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн бүхий л маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний хэргийн шүүхийн ердийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөр онцлогтой. Энэ маргааныг шийдвэрлэхэд ердийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозив зарчмаас гадна хүүхдийн эрх ашгийн үүднээс шүүх санаачилгаар зарим төрлийн ажиллагааг явуулах шаардлага үүсдэг. Өөрөөр хэлбэл, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын тусгайлсан зохицуулалт байгаа хэдий ч нэмж өөрчлөх хэрэгцээ байна гэсэн үг. Энэ бол нэг л жишээ шүү.

Гэр бүл, хүүхдийн асуудлаар хуулийг боловсронгуй болгох шаардлага байгаа талаар нэгтгээд яривал асар олон асуудал хөндөгдөнө. Тиймээс ч холбогдох байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд тодорхой судалгаа хийж, үүний үндсэн дээр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, энэ талаар хэлэлцүүлэг хийж, нийгмийн нэг сэдэв болтлоо ярьсан. Харин одоо Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, холбогдох ажиллагааг хийгээд Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төсөлтэй танилцаад  Улсын дээд шүүхээс үзэл баримтлалын хувьд анхаарвал зохих хэд, хэдэн санал гаргаж хүргүүлсэн. Мөн энэхүү харилцаанаас үүссэн маргааныг шүүх дээр ямар журам процессоор хянан шийдвэрлэх вэ гэдэг тухайн маргааны онцлогт тохирсон процессын хуулийг боловсронгуй болгох хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд ч Улсын дээд шүүх саналаа өгсөн.

Тэгэхээр Монгол төрийн өмнө Үндсэн хуульд заасан гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлэх хүрээнд гэр бүлийн холбогдолтой маргаанд хэрэглэх материаллаг хууль буюу Гэр бүлийн тухай хууль, түүнчлэн энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах журмыг тодорхойлсон процессын хуулийг улам боловсронгуй болгож сайжруулах шаардлага үүссэн гэдгийг онцолж хэлмээр байна.

-2024 оны 6 дугаар сард Шүүх байгуулах тухай хууль батлагдаж, Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг 2026 оноос байгуулан ажиллуулахаар болсон. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?

-Түрүүн би статистик мэдээ дурдсан. Энэ тоо бол гэр бүлийн эрх зүйн харилцаан дахь маргаан манай нийгэмд ямар их өссөнийг  харуулж буйн илрэл. Иймээс ч Гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэдэг дагнасан шүүхтэй болох нийгмийн шаардлага үүсээд байгаа юм. Тухайлбал, гэрлэлт цуцлах шалтгаан олон янз, архи, мансууруулах бодисын хэрэглээ, ажилгүйдэл, ядуурал, гэрлэгчдийн ёс суртахуун, бие биеэ үл хүндэтгэх, гэр бүлийн тогтворгүй харилцаа, үнэнч бус байдал, зарим тохиолдолд ялихгүй шалтгаанаас үл ойлголцол ч үүссэн байдаг. Түүнчлэн залуус ажил амьдралаа дээшлүүлэхээр гадаад улсад удаан хугацаагаар ажиллахаар явдгаас бие биеэсээ хөндийрөх зэрэг шалтгаанууд байна.

Хүчирхийлэлтэй холбоотойгоос бусад шалтгааны улмаас гэрлэлт цуцлуулах маргаан гарсан тохиолдолд тухайн гэр бүлийг аль болох “аварч үлдэх” буюу гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг шүүх дэх  эвлэрүүлэн зуучлагч урьдчилан шийдвэрлэх журмаар ажилладаг. Эвлэрээгүй бол шүүхэд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, энэ ажиллагааны  явцад ч дахин эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар гэр бүлийг эвлэрүүлэх арга хэмжээ авч болдог журамтай. Гэвч энэ нь төдийлөн үр дүнгүй болох тохиолдол байна. Яагаад дээрх бүгдийг ингэж нарийвчилж яриад байна вэ гэвэл, яг гэр бүлийн хүрээнд үүссэн маргааныг оновчтой аргаар үр дүнтэй шийдэх дагнасан шүүхийн тогтолцоо манай улсад үгүйлэгдэж байгааг л учирлаад буй юм.

Улсын Их Хурлаас  2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар  2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс зарим газар Гэр бүл, хүүхдийн хэргийн  дагнасан шүүх байгуулж  үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон. Дээрх хуулиар Улаанбаатар хотод зургаан дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийг харьяалсан Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны дагнасан шүүхийг,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалж улсын хэмжээнд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг тус тус байгуулахаар хуульчилсан. Энэхүү эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улаанбаатар хотод дагнасан шүүх байгуулсан боловч Багахангай, Налайх дүүргийн болон Багануур дүүргийн иргэний ба эрүүгийн хэргийн шүүх, орон нутагт ердийн харьяаллын анхан шатны шүүх /иргэн, эрүүгийн хэргийн/ аль аль нь гэр бүл, хүүхдийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр байна.

Өмнө ярьсанчлан төрөөс  гэр бүл, хүүхдийг хамгаалах зорилгоор авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд  энэхүү анхан шатны болон давж заалдах шатны дагнасан шүүхийн үйл ажиллагааг эхлүүлэх, түүнчлэн бусад анхан шатны ердийн  шүүхэд процессыг  дагнуулах эрх зүйн шинэтгэл хийж байгаа нь  мэдээж дэвшилттэй алхам. Гэхдээ эрх зүйн шинэтгэл хийхэд хууль тогтоомжийг боловсронгуй болгож өөрчлөхөөс гадна хуулиа хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах буюу өөрчлөлтийг  зөв зохистой хэрэгжүүлэх цогц шийдлийг л явуулах хэрэгтэй.

Нэгдүгээрт, материаллаг болон процессын хуулиудыг өөрийн орны онцлог, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцид нийцсэн байдлаар мэргэжлийн түвшинд боловсруулах шаардлагатай.

Хоёрдугаарт,  дагнасан шүүх байгуулж,  институцийн шинэчлэл хийж байгаа учраас тухайн шүүх ямар байх шаардлагатайг онол, практикийн талаас нь харгалзан бэлтгэл ажлыг хангалттай хийх шаардлага үүсээд байна.

Би түрүүн хэлсэн. Хуулийн төсөл боловсруулах бэлтгэл ажлаас эхлээд хуулийн төсөл өргөн барих, батлах, хэрэгжүүлэх гээд бүх  шатанд эрх бүхий байгууллагуудын уялдаа байх ёстой. Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулах, улмаар гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийн болон насанд хүрээгүй хүүхдийн холбогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг одоогийн нөхцөл байдлаас илүү боловсронгуй болгох зорилгыг биелүүлж чадахуйц эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал.

-Тэгэхээр дагнасан шүүхийг байгуулах талаар эрх зүйн болон бусад асуудлыг илүү тодорхой болгох шаардлагатай гэсэн үг  үү?

-Тийм. Дагнасан шүүхийг хэрхэн байгуулах /Улаанбаатар хотод/  болон орон нутагт ердийн шүүхийн үйл ажиллагаа ямар байдлаар өөрчлөгдөж, зохион байгуулагдах вэ гэдэг асуудлыг  тодорхойлж, энэ талаар эрх зүйн орчинг боловсруулах нь зайлшгүй юм. Тодруулж хэлбэл, нийслэлийн хоёр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн тусдаа байгуулагдсан анхан шатны шүүх тус бүр ердийн эрүү, иргэний хэргийг шийдвэрлэхийн зэрэгцээ, гэр бүл, хүүхдийн хэргийг шийдвэрлэхээр,  орон нутгийн анхан шатны шүүхүүд  нэг шүүх дээр ердийн эрүү болон иргэний  хэргээс гадна гэр бүл, хүүхдийн хэргийг аль алиныг шийдвэрлэхээр  болчхоод байна, үүнийг тодорхой болгох хэрэгтэй.  Нөгөө талаар гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, энэ төрлийн маргааныг шийдвэрлэх процессын журмыг  зөв зохистой хэрэгжүүлэхэд одоогийн байгаа түвшнээс илүү боловсронгуй болгож төлөвшүүлэхэд тодорхой нөхцөл, орчныг буй болгох шаардлагатай. Үүнд, шүүхийн байр, боловсон хүчний нөөц, шүүгч, захиргааны ажилтныг мэргэшүүлэх, техник тоног төхөөрөмж, шүүхийн цахимжилтын платформ зэрэг асуудал хөндөгдөнө. Энэ дурдагдсан асуудлыг зохист түвшинд шийдэж чадвал эрх зүйн шинэчлэл амжилттай хэрэгжих,  хүний эрх хангагдах, шүүхийн үр нөлөөтэй  үйлчилгээг ард иргэд авах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, гэр бүл, хүүхдийн хэргийг шийдвэрлэх шүүхийн орчин, нөхцөл, дэд бүтэц, мэргэшсэн боловсон хүчингүйгээр үр дүн муутай болох магадлалтай.

-Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн анхан шатны шүүх нь 28 шүүгчтэй, Давж заалдах шатны шүүх нь 16 шүүгчтэй байхаар төлөвлөгдсөн гэж сонссон. Мэдээж энэ шүүх нийгэмд ч, шүүхийн институцийн хөгжилд ч цоо шинэ ойлголт. Олон улсад гэр бүлийн дагнасан шүүхийн тогтолцоо хэр хөгжсөн байдаг вэ?

-Олон улсад  өөр өөрийн онцлогтойгоор гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд үндсэндээ дөрвөн хувилбар байна. Үүнд,

-Гэр бүлийн болон хүүхдийн хэргийн шүүхийг тусад нь байгуулсан

-Гэр бүл, хүүхдийн хэргийг нэг шүүхэд харьяалуулсан 

-Ердийн шүүхэд гэр бүлийн болон хүүхдийн хэргийг мэргэшсэн шүүгч дагнан шийдвэрлэдэг

-Гэр бүл, хүүхдийн  хэргийг ердийн шүүх буюу иргэний ба эрүүгийн хэргийн шүүх тусдаа шийдвэрлэдэг.

Зарим улс орны  гэр бүлийн  дагнасан шүүхийн бүтэц, тогтолцоог судлахад тухайн шүүхэд ажиллах шүүгч захиргааны ажилтан нь гэр бүл, хүүхдийн асуудлаар тодорхой мэдлэг эзэмшсэн, мэргэшсэн байх, түүнчлэн тус шүүх дээр байнгын ажиллагаатай сэтгэл судлаач, шинжээч, мэргэжилтний баг ажиллаж шүүгчийн ажиллагаанд  туслах буюу маргааны суурь шалтгааны судалгаа хийж, тодорхойлсны үндсэн дээр хүүхдийн эрх ашгийг хамгаалах хамгийн оновчтой шийдлийг олох зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй болгоход чухал нөлөө үзүүлдэг шалгарсан жишиг ч байна.

Харин манай улсын хувьд Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар  Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхтэй болохоор хуульчилсан ч энэхүү дагнасан шүүхийн тогтолцоо нь ямар байх, шүүхийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой барилга байгууламжийн стандарт нь ямар байх, зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн шийдэл нь ямар байх, шүүгч, захиргааны ажилтан, хүний нөөцийн мэргэшсэн байдлыг хэрхэн хангах, мэргэжлийн сэтгэл зүйчийн  болон мэргэжилтний багийг яаж бүрдүүлэх, үйл ажиллагааны зардлыг хаанаас санхүүжүүлэх, аль байгууллагын харьяалалд байлгах, дүүргийн ба орон нутгийн анхан шатны ердийн шүүхүүдийн зохион байгуулалтад ямар өөрчлөлт орох зэрэг хөндвөл зохих асуудлыг нэг мөр тодорхой болгох шаардлагатай байна.

Энэ  мэтчилэн Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулахтай холбоотой шийдэгдэх асуудал олон учраас хууль тогтоох байгууллага, Засгийн газрын холбогдох яам агентлагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, гадаад дотоодын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулж байна. Хуралд нийт долоон улсын шүүгч, эрдэмтэн судлаач нар цугларч, туршлагаа хуваалцаж байгаа нь дагнасан шүүх байгуулахаар зорьж буй манай улсын хувьд онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна.

Эх сурвалж:Өнөөдөр сонин 2025.06.25-ны лхагва гарагийн дугаарт