Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шүүхэд хиймэл оюун нэвтрүүлэх тухай их ярилаа. Энэ ажлыг яагаад Улсын дээд шүүх хийх гээд байгаа вэ?

-Хиймэл оюун, технологийн дэвшлийг хүн ардынхаа сайн сайхны тусад ашиглах нь зүйтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Хууль, шүүхийн салбарт, ялангуяа иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг үнэн зөв, шуурхай болгох, өсөн нэмэгдэж буй ачааллыг бууруулж, цаг, хүн хүч, зардал хэмнэх үр дүнтэй шийдэл юм. Хамгийн гол нь системийн өгөгдлийн сан, аюулгүй байдлыг дээрээсээ эхэлж шийдэх ёстой юм байна. Бүх хууль тогтоомж, олон улсын гэрээ, хуулийн тайлбарууд, хууль зүйн ойлголт, ухагдахуунуудыг анхнаасаа цэгцтэй зөв бүрдүүлж, хиймэл оюуныг бүтээж, сургах үйл явцыг нэгдсэн бодлоготойгоор хэрэгжүүлэх чухал. Ингэснээр эрсдэлийг бууруулахаас гадна, өртөг зардал ч хэмнэнэ. Олон улсад дээд шүүхийнхээ дэргэд хиймэл оюуны зөвлөл хүртэл байгуулж, зарчмаа тогтоогоод явж байна. Улсын дээд шүүх нь шүүн таслах ажиллагааны эцсийн шийдвэр гаргадаг, бодлогоо барьдаг газар учир мэдээллийн сан хамгийн зөв бүрдэх боломжтой. Иймээс, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн манлайлал дор шүүхийн цахимжилт, ил тод байдлын хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдал талаас анхаарах шаардлагатай учир холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-УДШ-д хиймэл оюун нэвтрүүлэх нь иргэнд ямар үр ашигтай, хэр их өртөгтэй төсөл вэ?

Эцсийн зорилго нь шүүхийн шийдвэр шударга, чанартай, хуульд нийцсэн гарахаас гадна иргэн хаанаас ч, 24 цагийн алинд ч өөрөө өөртөө туслах, улмаар өмгөөлөгчийн туслалцааг хэрхэн авах хийгээд өмгөөлөгч авах боломжгүй иргэдийн хувьд ч гэсэн эрх ашгаа хамгаалах суурь нөхцөл бүрдэнэ. Хаана, ямар бичиг баримт бүрдүүлж, хэрхэн хандах бүх процесс тодорхой болно гэсэн үг. Бүх иргэндээ төр хууль зүйн үйлчилгээг чанартай хүргэх боломж бүрдэнэ. Талууд шүүхийн шатанд очихоос өмнө эвлэрэх, харилцан ашигтай хууль зүйн гаргалгааг олох, эрх зүйн мэдлэг, боловсрол бүх шатанд дээшилнэ. Хиймэл оюуныг нэвтрүүлснээр Монгол хэлний дархлаа сайжрах, хуулийн хэлний үндэсний (AI) загвар үүсэж бий болох, хууль тайлбарлах, иргэдэд хүрэх үйлчилгээ шинэ түвшинд гарч, шүүхийн үйл ажиллагаа төдийгүй, бусад төрийн байгууллага, хуульчид, иргэдэд зориулсан платформууд хөгжихөд суурь дэд бүтцийг бий болгох, мөн шүүхийн ачаалал буурах, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа багасах, ил тод байдал, судалгааны чанар сайжрах, урсгал зардлыг бууруулах боломжтой. Зөвхөн дээд шүүх дээр хэмнэгдэх зардлыг тооцоод үзэхэд төслийн өртгийг 3-5 жилийн дотор нөхөхөөр байна. Төслийн суурь судалгааг хийж, бэлтгэл ажлыг ханган эхлэлийн шатны хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд ирэх 2027 онд 3.7 тэрбум төгрөг шаардлагатай. Зарим УИХ-ын гишүүд ямар ч байсан байр барьснаас илүү үр ашигтай төсөл байна гэж хэлж байсан ч нэгдсэн чуулганаар дэмжигдсэнгүй. Төсөв хэлэлцэх үед найдвар тавьж байна.

-Та яриандаа Ерөнхий шүүгчийн манлайллын талаар хөндлөө. Д.Ганзориг ерөнхий шүүгчийн хувьд хэр манлайлалтай хүн бэ? Олон нийт энэ хүний талаар мэдээлэл муутай байдаг. Харин Улсын дээд шүүхийн үйл ажиллагаа их нээлттэй болсон.

-Ер нь Ерөнхий шүүгчийг олон улсын нэршлээр primus inter pares буюу ижил тэнцүү эрхтэй хүмүүсийн нэг нь бусдыгаа зохион байгуулж манлайлах чиг үүрэгтэйгээр тодорхойлдог болжээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий шүүгч бусад шүүгчээсээ эрх мэдлээрээ биш, харин хариуцлагаараа илүү байх ёстой. Энэ зарчмыг 2021 оны Шүүхийн тухай хуулиар хуульчилсан. Албан тушаалын онцлог бий. Хэтэрхий их ил гарвал эргээд энэ хүнээс хамааралтай мэт харагддаг. Нөгөө талаар шүүх эрх мэдлийн дээд байгууллагыг удирдаж буй тул байр суурь нь засаглал хоорондын асуудал болж хувирах эрсдэлтэй. Иймд бүхий л харилцаанд жинг тааруулах, илүү албан ёсны байх шаардлага тавигддаг. Өөрөөр хэлбэл, хэлсэн үг, танилцуулсан илтгэл, хэрэгжүүлж буй бодлого, хийж буй ажлаар тодорхойлогддог гэх юм уу даа. Энэ утгаар Ерөнхий шүүгчийн 2 жил тутамд Нийт шүүгчийн чуулганд тавьсан системийн үндсэн илтгэлүүд, бусад гол илтгэл, нийтлэл, хэлсэн үгнүүд нь ном болсон. Үүнийг цахим хуудсанд байршуулсан бөгөөд эрэлттэй байгаа тул хэвлэх байх.

Д.Ганзориг ерөнхий шүүгчийн хувьд шударга ёсонд чиглэсэн стратегийн манлайллыг хараат бус, бие даасан байдал, ил тод, нээлттэй байдал, сахилга хариуцлага гэсэн 3 тулгуурт бодлогоор дамжуулж хэрэгжүүлсэн. Тэрээр дотоод ардчилал, хамтын удирдлагын зарчмыг бодит биелэл болгосон хүн гэж хэлж болно. Үе үеийн Ерөнхий шүүгч нарт байсан шүүн таслах ажиллагааны 4 дэх шат буюу 3 шатны шүүх шийдвэрлэсэн хэргийг Ерөнхий шүүгч гомдлоор сэргээж хэлэлцдэг эрх мэдлээс өөрөө татгалзаж байхгүй болгосныг судлаачид сайшаадаг юм байна гэж ойлгосон.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал, зөвлөгөөн сард хоёроос доошгүй удаа зохион байгуулагдаж, тухай бүр 10 гаруй асуудлыг хэлэлцэн хамтын шийдвэр гаргадаг. Хуулийн төсөлд гэхэд нэг шүүгчийн байр сууриар хандах биш нийт шүүгчийн хурлаар хэлэлцдэг. Энэ байр суурийг Ерөнхий шүүгч төдийгүй, төлөөлөн оролцож буй шүүгч баримталдаг зарчмыг тогтоосон.

УДШ ил тод байдалд манлайлж буй нь үнэн. Бүх хяналтын шатны нээлттэй шүүх хурлууд, ялангуяа авлигын хэргийг бүх шатны шүүх шууд дамжуулж байна. 2021 оноос хойш 18 албан ёсны тайлбар батлан хэрэгжүүлж байна. Хөөн хэлэлцэх хугацааны тайлбар батлагдсанаар хэргийг шалгах явцад хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болдог байдлыг зогсоож, ял завших эрсдэлийг хаасан. Хууль ойлгомжгүйгээс үүсдэг шүүх хурал хойшилдог, татгалзал үүсдэг нөхцлүүдийг цэгцэлсэн гээд эдгээр тайлбарууд маш их хуримтлагдсан асуудлуудыг гацаанаас гаргасан.

УДШ төв талбайн хажууд стандарт хангасан шинэ байранд ирснээр хурлын заал танхимын хүрэлцээ, сургалт, судалгааны орчин нөхцөл, иргэдэд үйлчлэх хэсгүүд бүгд сайжирсан. Хангарди ордныг шүүхэд авч ирэхээс эхлээд дээрх бүхий л ажлууд удирдаж буй Ерөнхий шүүгчийн манлайллыг харуулна шүү дээ.

-Шүүхийн хараат бус байдал хангагдсан уу? Шүүхэд итгэх итгэлийн тухай ярьдаг ч таагүй ойлголт их байдаг.

-Тийм ээ. Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хувьд анхнаасаа ярьсан, хийсэн зүйл нь шүүгч хүн тангарагтаа үнэнч ажиллах, гагцхүү хуульд захирагдаж, эрх зүйн ухамсарт суурилсан дотоод итгэл үнэмшлээр төрийн нэрийн өмнөөс буюу өөрийн гаргасан шийдвэр, гарын үсгэндээ эзэн байж чаддаг болгох асуудал. 2021 оны Нийт шүүгчийн чуулганд тавьсан илтгэлээр өгсөн хамгийн том “мессеж” энэ байсан. Өнөөдөр үүнийг нь харин ч гуйвуулж, гүтгэж буйд харамсдаг. Дашрамд хэлэхэд, хүн гүтгэх, худал мэдээлэл тараах нь хэдий гэмт хэрэгт тооцогдохгүй болсон ч иргэний буюу шүүхийн журмаар нэр төрөө сэргээлгэх, тараасан мэдээллээ нотолж чадахгүй бол нэхэмжилсэн төлбөрийн асуудал яригдах болсон гэдгийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй.

Шүүхийн бие даасан байдал хангагдаагүй, одоо ч төсвийн хараат байдалд байна.  Харин шүүгчийн хараат бус байдал шүүгчээс өөрөөс нь хамаарна. Үнэхээр мэргэжлийн алдаа гаргавал давах, хянах шатных нь шүүхүүдэд гомдол гаргаад, засаж залруулаад явж байна. Давж заалдах шатны шүүхэд нийт хэргийн 10 орчим хувь ирдэг. Хяналтын шатанд 2 орчим хувь ирж байна. Хэрэв шүүгч буруу шийдвэрлэсэн бол гомдол эсэргүүцэл гарч таарна. Энэ нь харьцангуй бага хувьтай байна. Хэдэн хувь нь дээд шатандаа ирээд өөрчлөгдөж байна вэ гэдгээр чанарыг хэмжих нь ч бий. Цөөн хэдэн хүний буруутай ажиллагаанаас нийт шүүхийг харлуулах зохисгүй. Шүүгчийнхээ мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, судалгаа, шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх тогтолцоог бүрдүүлсэн. Олон улстай ч хөл нийлж байна. УДШ-ийн дэргэд Шүүхийн академи ажилладаг. Шүүгчийн ёс зүйн алдааг Шүүхийн сахилгын хороо хүлээн авч шийдвэрлэдэг. Авлига болон гэмт хэрэгт ял шийтгүүлсэн шүүгч байхгүй, харин сахилгын шийтгэлээр огцорсон, бусад шийтгэл хүлээх явдал байгаа нь хариуцлагын тогтолцоо ажиллаж байгааг, мөн шүүгч нар харьцангуй хариуцлага өндөр байгааг харуулж байна. Шүүгч эрүүгийн хариуцлагад татагдахад ямар нэг бүрэн эрх, хамгаалалт байхгүй. Харин ч сахилга хариуцлагаа 100 хувь хөндлөнгөөс хянагдаж, шийдвэрлэгддэг ганц албан тушаалтан шүү дээ.

-Шүүхэд яг юунд нь итгэх ёстой вэ? Хэмжих нэгж, шалгуур байдаг уу? Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үгэнд “Шүүхийн ажил хэмжигдэхгүй зүйл биш. Чанар үр нөлөөг олон улсын жишигт хүргэх” тухай их дурдагддаг. Энэ юуг хэлээд байна вэ?

-Шүүгчийн шийдвэрийн үндэслэлд итгэнэ. Үндэслэлээ заавал бичдэг. Үүнийг анхааралтай уншиж үзэхгүйгээр шүүмжлэх өрөөсгөл. Шийдвэрийн үндэслэлийг хэрхэн зөв, сайн бичих талаар ном, судалгаа ч их бий. Шүүхэд итгэх итгэл эмзэг ойлголт. Шүүхээр үйлчлүүлсэн иргэд 80-аас дээш хувь сэтгэл ханамжтай байдаг. Харин үйлчлүүлээгүй иргэд бусдын ярьж байгаа нийтлэг ойлголтоор ханддаг учир судалгаа доогуур хувьтай гарч байна. Энэ нь нийт шүүхийн нэр хүндэд эргээд нөлөөлдөг. Иймд судалгааны хамрах хүрээнээс эхлээд арга зүй их чухал. Зайлшгүй хөгжүүлэх асуудал.

УДШ-ийн Тамгын газар Европын холбоо болон АНУ-ын стандартуудыг судалж, 250 шалгуураар өөрсдийгөө үнэлээд сайжруулах зорилтуудаа тодорхойлоод явж байна. Энэ үнэлгээг нийт шүүхийн хэмжээнд нэвтрүүлчихвэл олон улсын жишиг рүү тун ойртоно. Наад зах нь ойлголцол нэг түвшинд очно. Төрд итгэх итгэл, шүүхэд итгэх итгэл буурах нь их хортой үзэгдэл. Энэ дээр хаа хаанаа хариуцлагатай хандах ёстой гэж боддог. Гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, эдийн засагт ч сөрөг нөлөөтэй. Ийм арга замаар төрийг сулруулж, улс орныг эмх замбараагүй болгох оролдлого, дайн дажин хийхээс илүү ашиглагдаж байгааг олон улсын байдлаас харж болно. 

-УДШ-ийн цаашдын стратеги юу вэ? Орчин цагийн шүүхийн 100 жилийн ой тохиож буй. Энэ тал дээр ойрын үед ямар ажлууд төлөвлөсөн бэ?

-2024 онд Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогоо УИХ-аар батлуулсан. Ерөнхий шүүгчийн захирамжаар батлагдсан Улсын дээд шүүхийн стратеги төлөвлөгөө хэрэгжээд явж байна. Эдгээр баримт бичигт алсын хараа, тодорхой хугацаанд хийх ажлуудыг төлөвлөсөн. Үүний нэг гол зорилт нь УДШ-ийн үйл ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлэх суурь төсөл. Мөн олон улсын тавцан дахь нэр хүнд, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг зорьж байна.

Энэ жил Улсын дээд шүүхийн 100 жилийн ой тохионо. Энэ хүрээнд 9 дүгээр сард Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Монголын шүүхийн шинэтгэл, сорилт, олон улсад хууль зүйн шинжлэх ухааны ололтууд юу байна вэ, үүнийг АНУ, Герман, Япон, БНСУ, Сингапур, Турк  зэрэг орны дээд шүүхүүдээс шүүгч, эрдэмтэд, хуульчдыг урьж оролцуулан хэлэлцүүлэх, хөгжлийн дараагийн алхмаа онол, практиктай нь ярих нөхцөл бүрдэх юм. Гол сэдэв нь шүүн таслах ажиллагааны чанар, процессын шударга ёсыг дээшлүүлэхэд чиглэхээр төлөвлөгдсөн.

                                                                                                                                                ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН