Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд холбогдох саналыг хүргүүллээ.

Тухайлбал, хуулийн төслийн 40 дүгээр зүйлд баривчлах байрны зардлыг зөрчил гаргасан хүнээр төлүүлэхээр тусгасан нь төрийн албадлагын үндсэн зарчимтай нийцэхгүй байна.Түүнчлэн хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэхийг нарийвчлан авч үзэх шаардлагатай. Хуулийн төслийн 53.1-д “Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүртэл түдгэлзүүлнэ” гэж хэт ерөнхий агуулгаар зохицуулсан нь давхар хариуцлагын шинжтэй байна.

Мөн Шүүх байгуулах тухай хуулиар гэрлэлттэй холбоотой иргэний хэрэг, өсвөр насны хүүхдийн холбогдсон хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийг байгуулж, холбогдох хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг баталсан. Тус хуулиудаар өсвөр насны хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын эрх зүйн зохицуулалтыг цогц байдлаар хуульчилсан тул энэ онцлогийг хуулийн төсөлд тусган харгалзан үзэх шаардлагатай зэрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн саналуудыг боловсруулж хүргүүлэв.

 Улсын дээд шүүхээс хүргүүлсэн саналын дэлгэрэнгүйтэй ЭНД  дарж танилцана уу.