Нийт шүүгчийн III чуулганы 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 08 дугаар тогтоолд заасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хийлээ.
Анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Монголын шүүгчдийн холбоо, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн төлөөллөөс бүрдсэн уг Ажлын хэсэг нь шүүгчийн дагаж мөрдөх ёс зүйн стандартын төслийг боловсруулах, Нийт шүүгчийн чуулганд танилцуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн юм.
Энэхүү хуралдаанаар Шүүгчийн ёс зүйн стандартын зорилго, агуулга, бүтэц, хэлбэр, ажлын хэсгийн дотоод зохион байгуулалт, гишүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Ажлын хэсэг шүүгчийн дагаж мөрдөх ёс зүйн стандартад Ерөнхий шүүгчид тавигдах шаардлагыг нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн юм.
Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон хувийн амьдралд баримтлах ёс зүйн стандартыг шүүгчид өөрсдөө боловсруулж, Нийт шүүгчийн чуулганаараа хэлэлцэн баталж дагаж мөрдөх нь шүүгчдийн ёс зүйн соёл, ухамсар, хамтын хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, шүүгчийг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд туслахаас гадна олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгт Ажлын хэсгийн гишүүд санал нэгдэв.
Ажлын хэсгийн хуралдаанаар шүүгчийн ёс зүйн стандартын төслийг нарийвчлан боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн дэд Ажлын хэсгийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, Ц.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн, Н.Оюунтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, С.Мөнхжаргал, А.Сарангэрэл, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, шүүгч О.Номуулин, Б.Сугар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш С.Бат-Орших нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.
Үргэлжлүүлэн Шүүгчийн ёс зүйн стандарт боловсруулахад дэмжлэг үзүүлэх “Зөвлөх баг”-т Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Оч болон Иргэний хэргийн танхимын шүүгч Э.Золзаяа нарыг сонгож батлав.
Улсын дээд шүүхийн шүүгч, Ажлын хэсгийн ахлагч Б.Батцэрэн уулзалтын үеэр шүүх эрх мэдлийн байгууллагуудад хэрэгжиж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Хосолмол түншлэлийн төсөл болон “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн багаас Шүүгчийн дагаж мөрдөх ёс зүйн стандартын төслийг боловсруулахтай холбоотой олон улсын практик туршлага, судалгааны мэдээллээр ханган хамтран ажиллаж байгааг онцолсон юм. Мөн дэд Ажлын хэсгийг байгуулахдаа шүүгчээр ажилласан хугацаа, ёс зүйн чиглэлээр сургалт, судалгаа хийж байсан туршлага, хамтран ажиллах хүсэл зориг, хүйсийн эрх тэгш байдал болон бүх шатны шүүгчдийн төлөөллийг багтаах зэрэг нийтлэг шаардлагыг харгалзан бүрэлдэхүүнийг сонгосон гэдгийг тухайлан дурдав.
Уулзалтын төгсгөлд Шүүгчийн дагаж мөрдөх ёс зүйн стандартын төслийг боловсруулах дэд Ажлын хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хуралдуулж, олон улсын харьцуулсан судалгаа, шүүгчийн сахилгын зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын талаар мэдээлэл солилцож, тус Ажлын хэсгийн боловсруулсан шүүгчийн ёс зүйн стандартын ерөнхий бүтэц, хэлбэр, агуулгыг хэлэлцэхээр тогтлоо.