Бүгд Найрамдах Солонгос Улсын дээд шүүхийн Сургалтын академийн сургагч багш, шүүгч Жон Кижон, Сөүл хотын төвийн дүүргийн шүүгч Ким Жие, шүүхийн дэргэдэх Олон улсын сайн дурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ёнгак тэргүүтэй шүүгч, өмгөөлөгч, шүүхийн захиргааны албан хаагчид 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хүрэлцэн ирсэн зочдыг Улсын дээд шүүхийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Санхүү, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Т.Мөнхтамир болон холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч, шүүхийн байрны олон нийтийн хэсэг, хяналтын шатны шүүх хуралдааны шууд дамжуулалтын өрөө, Монгол Улсын дээд шүүхийн түүхийг харуулсан Үзмэрийн танхим, номын сангаар зочлуулж, сонирхсон асуултад нь хариулсан юм.
Монгол Улсын дээд шүүх нь Бүгд Найрамдах Солонгос Улсын шүүхийн байгууллагатай олон жилийн өмнөөс найрсаг, хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд энэ оны 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар Бүгд Найрамдах Солонгос Улсын дээд шүүхийн харьяа Шүүхийн захиргааны албан хаагчдын сургалтын хүрээлэнтэй Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ.
Талууд санамж бичгийн хүрээнд шүүхийн захиргааны албан хаагчдын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, хамтарсан хурал, зөвлөгөөн зохион байгуулах, эрдэм шинжилгээний арга хэмжээнд харилцан төлөөлөгч оролцуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон юм