Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу 2027 оны төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авах нээлттэй хэлэлцүүлэг 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болно. Таны гаргасан санал төсвийн бодлогод тусгагдах үнэтэй хувь нэмэр болох тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн багцын 2027 оны төсвийн төслийн товч танилцуулгыг хүргэж байна.
Нэг: Төсөв боловсруулан хүргэх хууль эрх зүйн үндэслэл
- Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 48.3-т “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ.Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.”,
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн тав дугаар зүйлийн 5.6-д “Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана. Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно”,
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дөчин зургаа дугаар зүйлийн 46.8-д “Шүүхийн төсвийг боловсруулж, батлахад дараах журмыг баримтална”,
- 46.8.1. Улсын дээд шүүх өөрийн, Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Байнгын хороонд хянуулахаар хүргүүлэх;
- 46.8.2. Улсын дээд шүүх, Ерөнхий зөвлөл Байнгын хороогоор хянагдсан төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх;
- 46.8.3. Засгийн газар Улсын дээд шүүхийн болон бусад шүүхийн төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж, холбогдох дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
- 46.8.4. Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа Улсын дээд шүүх болон Ерөнхий зөвлөлийн санал, тайлбарыг сонсох, Засгийн газрын дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэх гэж тус тус хуульчилсан.
Монгол Улсын дээд шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2027 оны төсвийн төслийг боловсруулахдаа хяналтын шатны шүүхийн шүүн таслах ажиллагаа болон шүүн таслах ажиллагаанаас бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг холбогдох хууль тогтоомж болон бодлогын баримт бичигт тусгасан зорилго, зорилтуудтай уялдуулан тооцлоо.
Ингэхдээ батлагдсан цалингийн сүлжээ, эрх бүхий байгууллагаас баталсан үнэ, тариф, инфляцын түвшин, байгууллагын тогтмол хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтийг харгалзан урсгал зардлыг 30,738.4 сая төгрөг, хөрөнгийн зардлыг 3,610.9 сая төгрөг байхаар төсвийн төсөлд тусгав.

Монгол Улсын дээд шүүхийн 2027 оны төсвийн төсөл нь 2026 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад урсгал зардлын хувьд 4,588.9 сая төгрөгөөр буюу 17,5 хувиар өссөн байна. Үүнээс 3,570.1 сая төгрөг буюу нийт өсөлтийн 77,8 хувийг шүүгч ажилтнуудын цалин хөлс, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардал эзэлж байна.
Монгол Улсын дээд шүүхийн 2027 оны төсвийн төсөлд хөрөнгийн зардлыг нийт 3,610.9 сая төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд дараах арга хэмжээнүүдийг тусгав. Үүнд:
- Барилга, хот байгуулалтын сайдын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” 95 дугаар тушаал батлагдсанаар барилгын ажилтны тарифт цалингийн жишиг шинэчлэн батлагдаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Хангарди” ордны их засварын ажилд ажиллах хүчний зардлын зөрүү үүссэн бөгөөд “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ийн магадлал, аудитын дүгнэлтээр баталгаажсан төсвийн дүнгээр их засварын зардалд 1,110.9 сая төгрөг;
- Шүүхийн мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээний нэгдсэн платформыг хиймэл оюунд суурилан хөгжүүлэх системийн зардалд 2,500,0 сая төгрөг тусгав. Үүнд:
-
- Хиймэл оюуны программ хангамж болон мэдээллийн нэгдсэн платформ хөгжүүлэхэд 1,500.0 сая.төгрөг;
- Сервер, өндөр хүчин чадлын тооцоолол, өгөгдөл хадгалах дэд бүтцийг шинэчлэх тоног төхөөрөмжийн зардалд 1,000.0 сая төгрөг.
Энэхүү хөрөнгө оруулалтаар шүүхийн мэдээлэл, судалгааны нэгдсэн платформыг цаашид хөгжүүлж, хиймэл оюуны дэвшилтэт технологийг шүүхийн үйл ажиллагаанд үе шаттайгаар нэвтрүүлснээр шүүхийн шийдвэрийг судлах, харьцуулах, эрх зүйн судалгаа хийх боломж өргөжиж, шүүхийн шийдвэрийн чанар, нэгдмэл хэрэглээ, бодлого боловсруулах үйл явц сайжирна.
Мөн олон улсын эрх зүйн мэдээллийн сантай холбогдож, иргэдэд хууль, шүүхийн практикийн талаар хиймэл оюунд суурилсан нээлттэй мэдээллийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлж, шүүхийн цахим үйлчилгээний найдвартай ажиллагааг нэмэгдүүлнэ.