Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу 2027 оны төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авах үйл явц үргэлжилж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны 2027 оны төсвийн төсөлд олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон холбогдох албаныхан оролцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Шүүх эрх мэдлийн салбарын бие даасан хараат бус байдлыг хангах нь шударга ёсыг тогтоох тулгуур болдог. Тэр ч утгаараа шүүхэд оруулж буй хөрөнгө оруулалт шударга ёсны хөрөнгө оруулалт юм. Монгол Улсын дээд шүүхийн хувьд бодлого, хөтөлбөр, үр дүнд суурилсан төсвийг боловсруулахад онцгой анхаарч ирсэн. Өнгөрсөн хугацаанд шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулах, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсрронгуй болгох чиглэлд Улсын дээд шүүх анхаарч, шүүх хуралдааныг шууд дамжуулах, шүүхийн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх олон талт контент мэдээллийг түгээх зэрэгт төвлөрч ажилласан.
Шүүхийн хараат бус байдал, хүртээмж, ил тод, нээлттэй байдал, олон нийтийн итгэл зэрэг үзүүлэлтээр Монгол Улсын шүүхийн өнөөгийн нөхцөл байдлыг хөндлөнгийн байр сууринаас үнэлж, бие даасан судалгааг хийдэг “Нээлттэй нийгэм форум” ТББ-аас 2026 онд шүүхийн индекс өмнөх индексээс 4.11 оноогоор өссөн талаарх дүнг танилцуулсан. Энэхүү индексийг цаашид улам өсгөхөд төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Үүний тулд иргэд, олон нийтэд илүү ойртох, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх нь чухал. Тиймээс Улсын дээд шүүх ирэх оны төсөвтөө шүүхийн мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээний нэгдсэн платформыг хиймэл оюунд суурилан хөгжүүлэх системийн зардлыг суулгаж өгсөн” талаараа тодотгож байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг маргааны тоо жил бүр эрс өсч буй тухай шүүхийн төсвийн тайланд дурдагдаж байлаа. Тодруулбал, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн тоо 2019 онд 84 мянга 116, 2020 онд 97 мянга 648, 2021 онд 86 мянга 241, 2022 онд 98 мянга 154, 2023 онд 113 мянга 729, 2024 онд 143 мянга 251, 2025 онд 175 мянга 660 буюу сүүлийн таван жилийн хугацаанд 108,8 хувиар өссөн дүнтэй гарчээ.
Оролцогчдын зүгээс хэргийн тоо өсч байгаатай уялдуулж, хэмнэлтийг тэгшитгэх байдлаар бус чиг үүргийн онцлогт нийцүүлэн төлөвлөх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюуны дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх зардлыг орхигдуулахгүй байх, шүүгчийн сургалтын төсвийг хасахгүй байх, өөрийн гэсэн байргүй шүүхийн асуудлуудыг шийдвэрлэх, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын байрны нөхцөлд анхаарах талаар саналаа илэрхийлэв. Улмаар хэлэлцүүлгээс гарсан болон цахимаар ирсэн саналуудыг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо.