Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн ачаалал хэт ихэссэн нөхцөл байдал үүссэн бөгөөд тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй хэргийн дийлэнх хувийг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой, ялангуяа цахим зээлийн маргаан эзэлж байна.
Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүх, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн төлөөлөл Санхүүгийн зохицуулах хороо болон банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр шүүхийн зүгээс иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ажиллагааны тоон мэдээлэл, практикт тулгамдаж буй асуудал, шүүхээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулав.
Санхүүгийн зохицуулах хорооны “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын холбогдох хэсгийг боловсронгуй болгох, банк бус санхүүгийн байгууллагуудын зээл олголтод хяналт тавих, зээл эргэн төлөгдөөгүй тохиолдолд хариуцагчийн хаягийг олж тогтоох ажиллагаа зэрэг асуудлаар талууд харилцан санал солилцлоо.