ЦЭВЭГМЭДИЙН СУМЪЯА (1956–2026)
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч асан, ахмад шүүгч Цэвэгмэдийн Сумъяа таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо. Ц.Сумъяа нь 1956 онд Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрж, 1972 онд Баяндалай сумын дунд сургууль, 1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн сургууль, 1985 онд Монгол Улсын Их Сургуулийн хуулийн ангийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн.
Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Хувьсгалт залуучуудын эвлэлээс эхэлж, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд зохион байгуулагч, аймгийнхаа Ерөнхий арбитрч, Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1990-1993 онд Өмнөговь аймгийн шүүхийн дарга, 1993-2005 онд Ерөнхий шүүгч, 2005-2006 онд шүүгчээр, 2006-2016 онд Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, 2018-2020 онд Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Ахмад шүүгч Ц.Сумъяа нь улсад 44 жил, үүнээс шүүгчийн хариуцлагатай албанд 26 жил, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр 10 жил тасралтгүй ажиллаж, хууль ёс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт ажиллахаас гадна хууль тогтоомжийн төслүүдэд санал хүргүүлж, "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар", "Захиргааны хэрэг, эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл", "Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын эмхэтгэл", “Монгол Улсын дээд шүүх-2014”, “Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн тойм”, “Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх 2004-2014” зэрэг олон чухал гарын авлага, нэг сэдэвт бүтээлийг хамтран туурвисан юм.
Түүнчлэн Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажиллаж, шүүгчдийн ёс зүй, мэргэшлийн түвшинг нэмэгдүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан болно. Түүний шүүх эрх мэдлийн салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, Шүүхийн тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, Хууль зүйн албаны 100 жилийн ойн медаль, Монгол Улсын дээд шүүхийн Хүндэт тэмдэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэг, Их Монгол 800 медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан байна. Таны зарчимч, шударга зан чанар, шүүх эрх мэдлийн салбарт оруулсан хувь нэмэр, нөхөрсөг, даруу төрх бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ