Монгол Улсын шүүхийн хамт олон хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, шударга ёсыг тогтоох, хүний эрхийг сахин хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж, орчин цагийн шүүхийн түүхийг бичилцсээр нэгэн зуунтай золголоо. Зуун жилийн түүх бол үе үеийн шүүгч, албан хаагчдын хөдөлмөр, мэдлэг, туршлага, хариуцлагын үргэлжлэл юм.

Түүхт ойн энэ мөч бол өнгөрсөн үеийнхээ өвийг хүндэтгэн, өнөө цагийнхаа хариуцлагыг ухамсарлаж, ирээдүй үеийнхээ итгэлийг хүлээн ирэх зууны хөгжилд оруулах хувь нэмрээ тодорхойлох чухал үе юм. Шүүхийн хөгжлийг эрчимжүүлэх, шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох нэр төртэй бөгөөд өндөр хариуцлагатай үүрэг бидний өмнө байна.

Энэ үүргээ биелүүлэхэд шүүгч, албан хаагч бүрийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, хариуцлага, хичээл зүтгэлийг ажлын оновчтой арга барил, үр дүнтэй зохион байгуулалттай хослуулах нь чухал. Дэлхий нийтийн хөгжлийн ололт, технологийн боломжийг зохистой ашиглаж, цаг хугацаа, нөөцөө үр ашигтай зарцуулснаар бид хамтын хөдөлмөрийн үр дүнг дээшлүүлж, хүний эрхийг хамгаалах эрхэм зорилгоо улам үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг болно.

Монгол Улсад орчин цагийн бие даасан зохион байгуулалттай шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг шүүхийн үйл хэрэгт мөр зэрэгцэн зүтгэж буй Та бүхэнд өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ