НАНЗАДЫН ГАНБАЯР
(1953-2026)
БНМАУ-ын Дээд шүүхийн гишүүнээр 1978-1984 онд ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат хуульч, ардчилсан Үндсэн хууль тогтоогч, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, Төрийн захиргааны тэргүүн түшмэл, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Нанзадын Ганбаяр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.
Н.Ганбаяр 1953 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1961-1971 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг онц дүнтэй дүүргэж, 1971-1976 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг эрх зүйч, 1971-1976 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс төрийн оройн Их Сургуулийг улс төрч мэргэжлээр тус тус суралцан төгсжээ.
Тэрээр 1976-1978 онд БНМАУ-ын Дээд шүүхэд зааварлагч, тусгай тасгийн дарга, Шүүхийн практик судлах хэлтсийн дарга, 1978-1984 онд БНМАУ-ын Дээд шүүхийн гишүүн, 1984-1987 онд Улаанбаатар хотын Шүүхийн дарга бөгөөд хотын Ерөнхий арбитрч, 1987-1990 онд МАХН-ын Төв хороонд ахлах зааварлагч, 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, 1992-1993 онд Соёлын тэргүүн дэд сайд, 1993-1999 онд Монгол Улсын Ерөнхий прокурор, 1999 онд Хууль зүйн сайдын зөвлөх, 2000-2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 2013-2020 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, 2015-2018 онд Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан юм.
Н.Ганбаяр нь шүүх эрх мэдэл, хууль зүйн салбарын хөгжил дэвшилд өөрийн ухамсарт амьдрал, мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ бүрэн зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа.
Түүний Монгол Улсын хөгжил цэцэглэлт, шүүхийн шинэтгэлийн үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж, Сүхбаатарын одон, Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээжээ. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын Хувьсгалын 60, 70, 90, 100 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардчилсан Хувьсгалын 30 жилийн ойн медаль, "Ардчилсан Үндсэн хууль тогтоогч" тэмдэг, Хууль зүй, дотоод хэргийн алба байгуулагдсан 100 жилийн ойн медаль, МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнол” одон, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон дайчдын үр хүүхдийн хувиар “Бид ялав” медаль, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөл, прокурорын байгууллагын салбарын дээд шагналуудаар шагнагджээ.
Эрхэм хүмүний туулсан амьдралын замнал, үлдээсэн үйлс бүтээл, хойч үедээ өвлүүлсэн үнэт зүйлс нь үүрд дуурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ