МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар: 001/ХТ2025/0045
Улаанбаатар хот

Ч т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн

сайдад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                 Г.Банзрагч 

Танхимын тэргүүн:               Д.Мөнхтуяа

Шүүгчид:                               Х.Батсүрэн

                                              Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                     М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0887 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2024/0073 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04  дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2025/0170 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Ч т” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/664 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал: “Ч т” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар *** дүүргийн нутаг дэвсгэр, *** 0.92 га талбай бүхий газрыг аялал, жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар ашиглаж  байсан бөгөөд  2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр *** дугаартай гэрчилгээ олгож, 26-ны өдөр гэрээ байгуулагджээ. “Ч т” ХХК-аас гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй байна. 

2.1.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/664 дүгээр тушаалын 1 дэх заалтаар: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн А/220 дугаар тушаалаар *** хязгаарлалтын бүсэд “Ч т” ХХК-д олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1375 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 0.92 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

2.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ холбогдох баримтуудын хамт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, ... манай компани хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын төлбөрийг хугацаанд нь төлсөөр ирсэн, 2021 онд газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн, захиргааны байгууллагаас төлбөрийн даалгавар үүсгэж, нэхэмжлэх гаргасны үндсэн дээр газар ашиглагч газрын төлбөрийг төлөх боломж бүрддэг, нэхэмжлэх ирээгүй, ... Ковидын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй ч боломжит бүхий л арга замаар тасралтгүй арга хэмжээ авч ажилласан, ... талуудын хооронд байгуулсан газар ашиглах гэрээг захиргааны байгууллага өөрөө хуульд заасан журмын дагуу баталгаажуулж өгөөгүй, удаа дараа хүсэлт гаргасан ч зохих ёсоор шийдвэрлээгүй, ... Сайдаас нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан нь хууль бус,  хуульд зааснаар мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн ...” гэж тодорхойлон маргасан.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгчээс газар сунгах хүсэлтийг хэд хэдэн удаа гаргаж байсан ч бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр буцаасан, хариуг аваад дээд шатны байгууллагад хандаж байгаагүй, 2021 оноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн тул газар сунгахгүй байх хууль зүйн үндэслэл бүрдсэн, ... тухайн байгууллагын газар эзэмших хугацаа дууссан ч газар ашигласан хэвээр байдаг, ... 2021-2023 оны хооронд нэхэмжлэл үүссэн, захиргааны байгууллагаас нэхэмжлэхийг хүргүүлсэн, ... тухайн газар дээр шашны төрлийн 3 овоо босгосон нь газраа зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэл болохгүй, хэрэв аялал жуулчлалын чиглэлээр овоог босгосон бол тухайн овоо руу гарах зам харгуй байдаггүй, байгаль орчинд хор нөлөөгүй байдлаар стандартын дагуу нойлын асуудлыг шийдээгүй байсан, ... 2008 оны Улсын дээд шүүхийн тайлбарт “байгууламж” гэдгийг өөрөөр тайлбарласан ...” гэсэн тайлбарыг гаргасан байна.  

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... “Ч т” ХХК газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргасан болох нь уг бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байгаа учраас түүнийг газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д зааснаар дуусгавар болчихсон гэж дүгнэх үндэслэл байхгүй байна” гэж дүгнэсэн атлаа “Ч т ХХК-ийн уг газрыг ашиглах эрхийн гэрээ гэрчилгээний хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болчихсон, хүсэлтээ хуульд зааснаар гаргасан байхад шийдвэрлээгүй байгаагийн улмаас түүнийг хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээтэй гэж үзэхгүй учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/664 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардах эрх одоогоор байхгүй байна, ...“Ч т” ХХК-ийн газар ашиглах эрх нь дуусгавар болсон, хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээгүй этгээд болох нь нотлогдож, маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/664 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар шаардах эрх нь хамт дуусгавар болсон байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болчихсон байхад уг эрхийг хүчингүй болгосон шийдвэр нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох хууль зүйн үр дагавар үүсээгүй ...” гэж дүгнэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол гагцхүү хуулийн дагуу үүсэж, хадгалагдах нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно, ... “Ч т” ХХК-ийн хувьд газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулахаас татгалзсан гэх захиргааны байгууллагын эс үйлдэхүйд холбогдуулж шаардлага гаргаж маргаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл тухайн тохиолдолд үүссэн эсэх үйл баримттай холбогдуулан авч үзэхэд, маргаан бүхий захиргааны акт гаргах үед газар ашиглах эрхийн хугацаа хэдийнээ дууссан, сунгагдаагүй байсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/664 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар ашиглах эрх шууд сэргэх үр дагавар үүсгэхгүй, ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б нь “... “Ч т” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/664 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг баримтлан газар ашиглах эрх дуусгавар болчихсон байх тул” хэрэгсэхгүй болгож, харин давж заалдах шатны шүүх “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газар ашиглах эрхийг гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн ... нэгэнт ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон тул хуулийн этгээдийн эрх сэргэхгүй” гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн.

5.1.1.Газар ашиглах эрхийн хугацаа дууссан гэх үйл баримтын тухайд манай компани нь газар ашиглах эрх сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасны журмын дагуу гаргасан. Үүнийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.5-д ““Ч т” ХХК газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтэй хуульд заасан хугацаанд гаргасан болох нь уг бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байгаа учраас түүний газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д зааснаар дуусгавар болчихсон гэж дүгнэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн.

5.1.2.Гэтэл давж заалдах шатны шүүх газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэгэнт сэргэх эрх байхгүй бөгөөд мөн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал бүрдсэн гэж зөрүүтэй дүгнэж хэргийг шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон тул сэргээх эрх байхгүй гэж үзсэн атлаа бидэнд байхгүй эрхийн хүчин төгөлдөр байдлыг дүгнэж, хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзсэн нь бүхэлдээ алдаатай байна.

5.1.3.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 4.2.6-д “Захиргааны үйл ажиллагаанд үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг баримтална” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

5.1.4.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/664 дугаартай тушаалын гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Учир нь бидний хувьд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулж өгөхийг”, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай”, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “газар ашиглах эрхийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах” тухай хүсэлтийг шийдвэрлэхийг, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахтай холбогдуулж гэрээ дүгнэсэн акт гаргаж өгөх”-ийг, 2023 оны 04 дүгээр сарын 21-нд “газар ашиглах эрхийг хуульд заасан хугацаагаар сунгаж өгөх”-ийг тус тус хүсэж, удаа дараа хүсэлт гаргасан.

5.1.5.Хариуцагч нь бидний гаргасан эдгээр хүсэлтийг огт шийдвэрлэхгүй, тодорхойгүй байдал үүсгэж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Гэвч үүний улмаас үүссэн тодорхойгүй нөхцөл байдлаа бидний буруутай үйл ажиллагаа гэж, биднийг Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5.1.6.Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М нь “... Нэг.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шийдвэр, магадлалд нөлөөлсөн тухайд. а/Нотлох баримтыг буруу үнэлсний улмаас үйл баримт болон эрх зүйн дүгнэлт нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/664 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Улмаар нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийг хүчингүй болгосон дээрх тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.2.1.Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр газар ашиглах эрхийг цуцалсан буюу хүчингүй болгосон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан үндэслэлээр буюу газар ашиглах эрхийн хугацаа дууссан, хугацаандаа гаргасан сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүйтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

5.2.2.Гэвч хариуцагч нь хүчин төгөлдөр газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар цуцалсан байхад хэргийн оролцогчийн маргаангүй асуудлаар эрх зүйн дүгнэлт хийж, газар ашиглах эрхийн хугацаа дууссан талаар дүгнэж, нэхэмжлэгчийн шүүхээс хүссэн эрх зүйн хамгаалалт, хариуцагчийн хариу татгалзлын үндэслэлд огт дурдагдаагүй асуудлаар шийдвэр, магадлал гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Хариуцагч тал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал гарах хүртэл нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр газар ашиглах эрхтэй байсан учраас газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон гэж тайлбарласныг шүүхүүд анхаарч үзээгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй нь буруу болсон.

5.2.3.б/Магадлалын хянавал хэсгийн 6-д “Анхан шатны шүүх ... нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа дуусгавар болсноор тус компанид газар ашиглахтай холбоотой үүрэг үүсээгүй, газар ашиглах эрх дуусгавар болчихсон байхад уг эрхийг хүчингүй болгосон шийдвэр нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй” гэж, ... А/664 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар ашиглах эрх шууд сэргэх үр дагавар үүсгэхгүй” гэж хоёр шатны шүүх үзсэн.

5.2.4.Гэтэл гомдол гаргаж буй магадлалын хянавал хэсгийн 13-т “... Учир нь хариуцагч захиргааны байгууллага нь газар ашиглах зөвшөөрөл нэгэнт олгосон атлаа түүнийг дагаж гарах газар ашиглах гэрээ байгуулаагүй, эс үйлдэхүй гаргасан буруутай боловч ... эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй юм” гэж хоёр өөр, эсрэг тэсрэг дүгнэлт өгсөн. Тодруулбал, нэг талаасаа газар ашиглах эрх нь дуусгавар болсон учраас сэргээгдэх эрхгүй хэмээн хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт өгсөн атлаа газар ашиглах эрхийг сунгасан, захиргаа гэрээ байгуулаагүй байна гэж нэхэмжлэгчийн эрх зүйн статусыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй, хоёрдмол утгатай дүгнэлт өгсөн байна.

5.2.5.Мөн магадлалын хянавал хэсгийн 15-д “... цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс цуцалсан, ... өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр газрын төлөв, чанарын хянан баталгааны тайлан хийлгэж, захиргааны байгууллагаар батлуулсан, дүүргийн Газар зохион байгуулалтын албатай тооцоо хийлсэн акт үйлдсэн” гэж газар ашигласан гэж үзсэн. Хэрэв энэ дүгнэлтийг баримталбал маргаан бүхий захиргааны акт гарснаас хуанлийн бүтэн хоёр жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх үндэслэл үгүйсгэгдэх буюу хуанлийн бүтэн хоёр жил өнгөрсөн үйл баримт тогтоогдохгүй.

5.2.6.Хоёр.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаартай тогтоолыг зөрчсөн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

5.2.7.Тогтоолын тайлбарлах хэсгийн 8-д “Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь түүний сонгосон нэхэмжлэлийн шаардлагатай илтэд тохирохгүй, эсхүл энэ нь бичгээр гаргасан нэхэмжлэлээс шууд тодорхойлогдож ойлгогдохгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шууд тодруулах, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар тодруулна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болно. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлно, ингэхдээ шүүх нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлан тогтооно” гэж албан ёсоор тайлбарласан.

5.2.8.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэгчийн газраа үргэлжлүүлэн ашиглах гэсэн эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь захиргааны хэргийн шүүхийн зорилго, субьектив эрхийн хяналтыг хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

5.2.9.Мөн тогтоолын тайлбарлах хэсгийн 9-д “хэргийн оролцогчдын маргаагүй асуудал” гэдэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбараар талуудын маргаж буй үйл баримтад хамаарахгүй асуудлууд, үйл баримтыг тогтоох, түүнчлэн, маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг тогтоохтой хамааралгүй бусад нөхцөл байдлыг ойлгоно” гэжээ.

5.2.10.Хэргийн оролцогчид газар ашиглах эрхтэй байгаад хариуцагч газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байхад түүнээс хэтэрч, газар ашиглах эрх дуусгавар болсон талаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь газар ашиглах эрхтэй байсан гэж үзэж, шүүхэд маргасан байхад тэдгээрт маргаангүй байсан асуудлаар эрх зүйн дүгнэлт өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

5.2.11.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тогтоолын 12-т “Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар, хариуцагчаас гаргасан захирамжийн үндэслэлд нэрлэн заагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийг нэмж буруутгаж, “хавсаргасан нотлох баримтууд нь байхгүй, газрын гэрээг жил бүр дүгнэж байгаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолтгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах болохгүй ...” гэснийг зөрчсөн байна” гэж, мөн тогтоолын 14-т “... эрхийн хугацаа сунгах хүсэлт гаргасан боловч захиргааны байгууллага шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байсаар, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй буюу захиргааны байгууллага хуульд заасан хугацааны дотор газар эзэмших эрхийг сунгах, эсхүл сунгахгүй шийдвэр гаргах үүрэгтэй, энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байна” гэж тус тус хуулийн заалтыг тайлбарлаж, хэрэглэсэн.

5.2.12.Эл тохиолдол нь манай маргаан бүхий харилцаатай ойролцоо буюу хариуцагчид нэхэмжлэгчид удаа дараа газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан, түүнийг хуульд заасан хугацаанд аливаа хэлбэрээр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хариуцагчийн үүргээ биелүүлээгүй, буруу үйл ажиллагаанаас болсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байсан эсэхэд гүйцэд дүгнэлт өгөөгүй, атлаа хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар газар ашиглах эрх нь дуусгавар болчихсон гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгч “Ч т” ХХК нь хугацаандаа хүсэлт гаргасан байхад Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар хугацаандаа хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон буруу байна.

5.2.13.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1 дэх хурлаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглаж байсан хугацаа Ковидын цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон хугацаанд багтаж байна. Мөн нэхэмжлэгчээс барилгын зураг болон архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн зэрэг арга хэмжээ авсан нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

5.2.14.Хариуцагчаас сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны дагуу хийгээгүйн улмаас газрын төлбөр төлөх боломж үүсээгүй, газрын төлбөрийг нөхөн төлснөөр нэхэмжлэгчийн зөрчил  арилсан  гэж үзэхээр байна” гэх нөхцөл байдал нь манай тохиолдолтой ижил байна. Тухайлбал, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг өөрөөр хэрэглэж, мэдэгдэх, сонсох ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн захиргааны байгууллагын баримт, сонсох ажиллагаа хууль бус буюу гаргасан захиргааны акт нь сонсох ажиллагааны нөхцөл байдлаас өөр байгааг тус тус анхаарч үзээгүй байдаг. Эдгээр нөхцөл байдлын улмаас анхан болон давж заалдах шатны шүүх “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-т заасныг зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.

5.2.15.Иймд энэхүү гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, хуулийг Улсын дээд шүүхээс тайлбарын дагуу нэг мөр, нэгдмэл байдлаар хэрэглээгүй, нэхэмжлэгчийн шүүхээс хүссэн эцсийн хүсэл, зорилгыг тодруулаагүй, холбогдох нотлох баримтуудыг шүүх бүрдүүлээгүй, захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй зэрэг процессын алдаатай шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б, өмгөөлөгч Т.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2025/0170 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд тайлбараа гаргасан болно.

ХЯНАВАЛ:

      8.Шүүхүүд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

9.Нэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шүүх хэргийн оролцогчдын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн, ... шүүхээс хүссэн эцсийн хүсэл, зорилгыг тодруулаагүй, холбогдох нотлох баримтуудыг шүүх бүрдүүлээгүй, захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй зэрэг процессын алдаатай, ...” гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахыг хүссэн хяналтын гомдлыг хангах боломжгүй. Учир нь, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-121.3.7 дахь хэсэгт зохицуулсан, энэ нь хяналтын шатны шүүхэд нэгэн адил хамаарах ба тухайлбал, шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тохиолдолд буцаана гэжээ.

9.1.Хяналтын шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ямар нотлох баримтыг гаргуулах талаар тодруулсан боловч хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тодорхой заагаагүй, тэрээр “2021-2023 оны газрын төлбөр төлөгдөөгүй шалтгаан нь давхцалтай холбоотой байсан, ... бүртгэл хяналтын картаар хүсэлтүүдийг хэрхэн хааснаас хамаараад нэхэмжлэлийн шаардлагыг эс үйлдэхүй юу, татгалзал уу гэдгийг сонгож тодорхойлох байсан ...” гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн үндэслэлд хамаарахгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдоогүй тул гомдлын энэ шаардлагыг хангахгүй орхив.

10.Хоёр. Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/664 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1375 дугаар албан бичгээр ирүүлсэн саналд үндэслэн “газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр “Ч т” ХХК-ийн 0.92 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. 

10.1.Нэхэмжлэгч “Ч т” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын холбогдох заалтаар *** дүүргийн нутаг дэвсгэр, *** 0.92 га талбай бүхий газрыг аялал, жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар ашиглах зөвшөөрөл олгосон, улмаар 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр *** дугаартай гэрчилгээ олгож, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улсын тусгай хамгаалалтын газрын нутаг дэвсгэрт газар ашиглах *** 3 талт гэрээг байгуулан, хугацааг “2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл” гэжээ.

10.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээгээр ашиглуулж болно”, 34 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна”, 35 дугаар зүйлийн 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц болон дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсний дагуу хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэр гаргах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ” гэж зааснаар газар ашиглагч нь Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ирсэн бол гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шаардлагатай баримтын хамт гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй байна.

10.3.Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” эрхтэй, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:” гээд 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор мөн тус тус заажээ.  

10.4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчид газар ашиглах эрх 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үүссэн ч газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох ба уг хугацаанаас өмнө буюу 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан, үүний дараа 2022 оны 05 дугаар сарын 10, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.  

10.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хүсэлтүүдийг бүрдүүлбэр хангаагүй гэж буцаасан гэх тайлбарыг гаргасан ч ямар шаардлага хангаагүй, ямар баримт дутуу байсан талаар тодорхой тайлбарлаагүй, эсрэгээрээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах тухай 2021 оны 6/18, 2022 оны 5/10, 2023 оны 04/21 дугаар хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэх, кадастрын зураг, эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицол тодорхойлсон тухай акт, гэрчилгээ, түүний хавсралт, “аялал жуулчлалын цогцолбор төсөл”-ийн байгаль хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, “G L” ХХК-ийн Хөрс судлалын лабораторийн шинжилгээний хариу, ирсэн бичгийн бүртгэл-хяналтын карт, газар ашиглах гэрээг шинэчлэн батлуулах хүсэлтүүд, газрын төлөв байдал, чанарын баталгааны дүгнэлт зэрэг баримтуудыг хавсарган өгсөн болох нь тогтоогдож байна.

10.6.Захиргааны байгууллага, нэхэмжлэгчийн дээрх хүсэлтүүдийг шийдвэрлээгүй нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн.

11.Гурав. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан “газрын төлбөрөө төлөөгүй, газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх зохицуулалтын тухайд, анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй нь буруу бол давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэжээ.

11.1.Газрын  тухай  хуулийн  40  дүгээр  зүйлийн  40.1.6-д  “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан; мөн хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

11.1.1.Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд, нэхэмжлэгч “Ч т” ХХК нь 2018 онд Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг “М г э” ХХК-иар үйлдүүлсэн, 2021 онд “Аялал жуулчлалын цогцолбор” төслийн байгаль хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, хөрс судлалын лабораторийн шинжилгээ, газрын төлөв байдлын хянан баталгааны дүгнэлт зэргийг гаргуулсан, газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлт зэрэг холбогдох баримтуудыг захиргааны байгууллагад хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байхад тухайн газрыг зориулалтын дагуу огт ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэж дүгнэх боломжгүй.

11.1.2.Мөн 3 овоо босгосон талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... нэхэмжлэгч компанийн захирал нь шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхээр суралцаж байгаа, үүнтэй холбоотой тухайн тусгай зөвшөөрлийг шашны болоод аялал жуулчлалын чиглэлээр ашигладаг, ... давж заалдах шатны шүүхээс Монголчуудын эртнээс өнөөдрийг хүртэлх хугацааны өөрсдийнх нь биет бус өв соёл болсон зүйл гэж дүгнэсэн, ... эдийн засгийн эргэлтэд оруулах нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хуулийн заалттай нийцнэ, ... давж заалдах шатны шүүхээс 3 овоо босгосон нь тогтоогдож байгаа боловч дэд бүтцийг шийдээгүй учраас газрыг ашигласан гэж үзэхгүй гэдэг, үүнийг эсрэгээр нь авч үзвэл заншлын эрх зүй талаасаа Монголчууд овоонд гарахдаа шат тавьж гардаг билүү гэдэг асуудлыг шүүхээс дүгнэх шаардлагатай, тухайн газрыг нэхэмжлэгчийн зүгээс ийм байдлаар ашиглаж ирсэн гэдгийг дурдах нь зүйтэй ...” гэх тайлбарыг үгүйсгэх хууль зүйн боломжгүй.

11.1.3.Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан хугацаанаас хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийг тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, хуульд зааснаар 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна. Иймээс хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”[1] гэсэн үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

11.1.4.Иймээс давж заалдах шатны шүүхийн “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах хүртэл 2 жилийн хугацааг тоолох ба нэхэмжлэгчийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/664 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг цуцлах хүртэл 2 жилийн турш газрыг анх олгосон зориулалтын дагуу ашигласан, эсхүл тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй, нэхэмжлэгч ч түүнийг баримтаар нотлоогүй байна” гэх дүгнэлт буруу байна.

11.2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч  газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан  газрын  төлбөрийн  ногдуулалтын  талаарх  мэдээллийг  газар  эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан.

11.2.1.Хэрэгт авагдсан *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ч т” ХХК-тай хийсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд, нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн хувьд 2016-2021 оны 2 дугаар улирлын байдлаар газрын төлбөрт нийт 71,296,858 төгрөг төлж, 40 төгрөгийн илүү төлөлттэй, төлбөрийг 2021 оны 2 дугаар улирлыг дуустал бүрэн төлсөн нь хуульд нийцсэн, харин хариуцагчаас газар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрх нь сунгагдсан эсэх, эрх зүйн хувьд (de jure) газар ашиглагч мөн эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгчийг 2022, 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.

12.Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаар шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0887 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2025/0073 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Ч т” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/664 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                Х.БАТСҮРЭН

     Ц.ЦОГТ

                                                                                                      М.БАТСУУРЬ

 

[1] Энэ талаар Улсын дээд шүүхийн 2024.09.09-ний өдрийн 76 дугаар хяналтын тогтоолд тайлбарласан.