МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар: 001/ХТ2026/0040
Улаанбаатар хот

“Ө***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:     П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:   Д.Мөнхтуяа             

Шүүгчид:           Г.Банзрагч

                                  Д.Батбаатар

Илтгэгч шүүгч:          М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0787 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2025/0110 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2026/0114 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан (№0963), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***, Ч.Б***, М.Д***, З.Т***, Ц.У*** нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Ө***” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “... тус хэлтсийн үүсгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 12***, 12***, 12***, 12*** дугаартай нийт 53,600,000 төгрөгийн нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.“Ө***” ХХК-ийн (захирал П.А***) 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 114/01 дүгээр албан бичгээр “... 73 хувийн гүйцэтгэлтэй барилга дээрээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт”-ийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст гаргаж, 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тус компанийг эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*** дугаар гэрчилгээг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгожээ.

2.1.Тус компанийн барьж гүйцэтгэсэн барилга нь 100 хувийн гүйцэтгэлтэй болж, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*** дугаар гэрчилгээг авчээ.

2.2.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2024 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлүүлэхээр 12*** (I-р улирал), 12*** (II-р улирал), 12*** (III-р улирал), 12*** (IV-р улирал) дугаар бүхий татварын нэхэмжлэхүүдийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Ө***” ХХК-д үүсгэж, нийт 53,600,000 төгрөгийн албан татвар төлөх нэхэмжлэхийг хуулийн этгээдэд хүргүүлсэн байна.

3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх татварын нэхэмжлэхүүдийг эс зөвшөөрч, илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч 73 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад ороогүй, зориулалтаар ашиглаж өмчлөх боломжгүй хөрөнгө байсан тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй, мөн дуусаагүй барилга нь нягтлан бодох бүртгэл талаасаа барилга биш “дуусаагүй барилга” гэж тусдаа дансанд бүртгэгддэг;

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д баригдаж дуусаагүй барилгыг бүртгэх зарчим, бүрдүүлэх баримтын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхээс ялгамжтай агуулгаар зохицуулсан, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.14, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгүүдтэй хамтатгахын зэрэгцээ татварын холбогдох хууль тогтоомжийн зорилго нь бүрэн ашиглалтад орсон эд хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах агуулгатай байна, дуусаагүй барилгыг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө гэж тодорхойлох боломжгүй, дуусаагүй барилгад татвар ногдуулсан нь үндэслэлгүй, мөн татварын хууль тогтоомжид татвар тодорхой байх ёстой зарчимтай, гэтэл дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлүүлэхээр татварын өр үүсгэсэн нэхэмжлэхүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус ...” гэж тодорхойлон маргажээ.

3.1.Харин хариуцагчаас “... татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд нэхэмжлэгчийн Y-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бүртгэл хүчингүй төлөвт орж бүртгэлээс хасагдсан, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1-д заасны дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хасагдах хүртэлх өмчилж байсан хугацаанд ногдсон татварын өрийг холбогдох төсөвт төлөх үүрэгтэй, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хэдэн хувийн гүйцэтгэлтэй эсэхээс үл хамааран улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэгдсэн өдрөөсөө эхлэн албан татвар ногдуулах зохицуулалттай, барилгын гүйцэтгэлийн хувь хэмжээгээр татвараас чөлөөлөгдөх зохицуулалт байхгүй  ...” гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 8 дугаар зүйлийн 8.2, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.4, 51 дүгээр зүйлийн 51.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Ө***” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 12***, 12***, 12***, 12*** дугаартай нэхэмжлэхүүд”-ийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0787 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 12***, 12***, 12***, 12*** дугаартай нэхэмжлэхүүдийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 03 дүгээр сарын 03, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2026/0114 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*** магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ.

7.1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн Y-*** дугаартай, *** м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *** тэрбум төгрөгийн үнэлгээтэйгээр (Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөрөнгийн мэдээллийн лавлагаа нотлох баримтаар авагдсан) уг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн үнэлгээгээс “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар”-ыг тооцож ногдуулсан.

7.2.Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 123 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 3 дугаар бүсчлэлд тооцон хуульд заасан үнэлгээнээс (*** тэрбумаас) 0.8 хувиар албан татвар (1 жилд 53,600,000 төгрөг=нэг улиралд 13,400,000*4)  ногдуулахаар тогтоосон.

7.3.Дээрх хуулийн зохицуулалт, тогтоолыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “татвар тодорхой байх зарчим”-тай нийцэж байгааг давж заалдах шатны шүүх харгалзахгүйгээр “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7.4.Тухайн төрлийн татварыг нарийвчлан зохицуулсан хуульд үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн бол түүнд бүртгүүлсэн үнэлгээнээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно гэж заасныг өөрөөр хэрэглэх хуулийн зохицуулалтгүй бөгөөд зөвхөн хууль хэрэгжүүлэн ажиллаж байна. (татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй)

7.5.Мөн үл хөдлөх эд хөрөнгө нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 73 хувийн гүйцэтгэлтэйгээр *** тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсныг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй болсон тухайд үнэлгээ, мэдээлэлд өөрчлөлт оруулах боломжтой хэдий ч татвар ногдуулах үнэлгээг тухайн оны 01 дүгээр сарын 15-ны байдлаарх үнэлгээгээр тооцож улирал бүрд тэнцүү хэмжээгээр татвар ногдуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгааг ажиллагаа хийгээгүй гэж үгүйсгэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

7.6.Иймд хууль хэрэглээний ойлголтыг нэг мөр болгон татвар ногдох эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч буюу татвар төлөх үүрэгтэй этгээдэд үүссэн татварын албаны нэхэмжлэхийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8.Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.А***-ээс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ.

8.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр гаргасан гомдлын тухайд: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдохоор байх бөгөөд газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгөд хамааруулахаар байна. Зориулалтын дагуу ашиглаж байгаа ашиглалтад орсон газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмыг үл хөдлөх эд хөрөнгө гэх бөгөөд түүнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахаар байна.

8.1.1.Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан боловч 73 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад ороогүй, орон сууц, үйлчилгээний зориулалтын дагуу ашиглаж, өмчлөх боломжгүй хөрөнгө байсан тул түүнд албан татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй, учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн зорилго нь зориулалтын дагуу өмчилж, ашиглаж байгаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд татвар ногдуулахаар байна.

8.1.2.Манай компани нь бусдын газар дээр захиалгын дагуу барилга барьж захиалагч нарыг банкны зээлд хамруулах зорилгоор “баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг” бүртгүүлж, эрхийн гэрчилгээ авсан боловч тухайн барилга “орон сууц, үйлчилгээний зориулалт”-аар бүрэн баригдаагүй, ашиглагдаагүй байсан.

8.1.3.Дуусаагүй барилга нь нягтлан бодох бүртгэл талаасаа барилга биш “дуусаагүй үйлдвэрлэл” гэж тусдаа дансанд бүртгэгддэг бөгөөд эдийн засгийн эргэлтэд ороогүй, барилгын үнэ цэнийг гүйцэд илэрхийлэхгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, НББОУС-2, НББОУС-16-д заасны дагуу нэхэмжлэгч компанийн барьсан орон сууцны барилга нь үндсэн хөрөнгийн шинжийг агуулаагүй, харин бараа материалын шинжийг агуулж байна, нягтлан бодох бүртгэлдээ барилгыг барьж байх явцад дуусаагүй барилгыг дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэж тайлагнасан байсныг анхан болон давж заалдах шатны шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

8.1.4.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д баригдаж дуусаагүй барилгыг бүртгэх зарчим, бүрдүүлэх баримтын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхээс ялгамжтай агуулгаар зохицуулсан,  Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг Татварын ерөнхий хуулийн (2019 оны) 7 дугаар зүйлийн 7.2.14, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасантай хамтатгахын зэрэгцээ дуусаагүй барилгыг бүртгэх зарчим, бүрдүүлэх баримтын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхээс ялгамжтай агуулгаар зохицуулсан зэргээс үзэхэд, татварын холбогдох хууль тогтоомжийн зорилго нь бүрэн ашиглалтад орсон эд хөрөнгөд л уг татварыг ногдуулах агуулгатай, гэтэл  анхан шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг “хэдэн хувийн гүйцэтгэлтэй эсэхээс үл хамааран тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн бол үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах үндэслэлтэй” гэж буруу тайлбарласан, харин давж заалдах шатны шүүх үнэлэлт, дүгнэлт хийгээгүй.

8.1.5.Иймд “бүрэн гүйцэд баригдаж дуусаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй, гагцхүү захиалагч иргэдийг банкны зээлэнд хамруулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн барилгын компанийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч гэж үзэх эсэх”-ийг дүгнэх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.

8.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх гэсэн үндэслэлээр гаргасан гомдлын тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2025/0078 дугаар магадлалд “... дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх боломжтой болсноор татварыг тухайн үед эсхүл 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга буюу барилгын босгосон краказ нь шууд зориулалтын дагуу ашиглаж болох эд хөрөнгө болж чадах эсэх, уг барилгыг дууссан тохиолдолд ногдуулах эсэх талаарх холбогдох эрх зүйн зохицуулалтуудыг “татварын өр” нэхэмжлэх бичихдээ хариуцагч анхаарах ёстой” гэж  дүгнэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль (2000 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

8.2.1.Гэтэл давж заалдах шатны шүүх “Ө***” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт дээрх хуулийн заалтуудыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой гэжээ.

9.Хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

10.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгүүдийг тус тус хангаж шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгч “Ө***” ХХК нь *** м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*** дугаар гэрчилгээ авсан. Үүний дараа 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн гэрчилгээг олгох тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст гаргаж, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*** дугаар гэрчилгээг олгосон байна.

12.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12***, 12***, 12***, 12*** дугаар нэхэмжлэхүүдийг үүсгэж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд нийт 53,600,000 (нэг улиралд 13,400,000) төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан байна. Нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч уг татварын нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

13.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ.

14.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж үл хөдлөх эд хөрөнгийг тодорхойлсон нь барилга байгууламжийг иргэний эрх зүйн харилцаанд үл хөдлөх эд хөрөнгөд хамруулах суурь ойлголтыг тогтоосон. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 84.3-т тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу үүний дотор барилга байгууламжид албан татвар ногдуулах хуулийн зохицуулалттай гэж хариуцагч маргах боловч хуулийн төслийг боловсруулсан үзэл баримтлал, УИХ-ын холбогдох байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс[1] үзэхэд хууль тогтоогчоос 2000 онд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг батлах хэлэлцүүлгийн явцад баригдаж дуусаагүй барилга (ашиглалтад ороогүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй)-д татвар ногдуулах асуудлыг тусгайлан зохицуулах талаар хэлэлцэж батлаагүй буюу дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах хууль тогтоогчийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна.

15.Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд баригдаж дуусаагүй буюу барих явц дундаа буй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах талаар тодорхой үзэл баримтлалыг тусгаагүй байна.

16.Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй:” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 5.1.2-т “тодорхой байх” зарчмыг заасан.

17.Эндээс үзэхэд, татварыг тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх буюу буцаан олгох бүрэн эрх нь зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд татварын хууль тогтоомжуудад татварын төрөл, хувь хэмжээ, татвараас чөлөөлөх үндэслэл, татварыг ногдуулах, тайлагнах, төлөх хугацаа, татвар тооцох аргачлал, журам зэрэг нь татвар төлөгчид ойлгомжтой, тодорхой тусгагдсан байх шаардлагатай.

18.Гэтэл хариуцагч татварын байгууллага “... 73 хувийн гүйцэтгэлтэй барьж дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэн ...” гэж тайлбарласан нь дээр дурдсан татварын эрх зүйн үндсэн зарчимтай нийцэхгүй.

19.Учир нь, хариуцагчийн татвар ногдуулах үндэслэл болгосон Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн ангилал, ойлголтыг ерөнхий байдлаар тодорхойлсон суурь зохицуулалт болохоос татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгийн ойлголтын хүрээг тогтоох агуулгагүй. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэг нь баригдаж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх журмыг зохицуулсан шинжтэй буюу татварын эрх зүйн харилцаанд шууд хэрэглэх, татвар тогтоохыг тодорхойлсон зохицуулалт биш юм.

20.Гэтэл анхан шатны шүүхээс “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна” гэж, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан. Тухайн тохиолдолд, ... 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгүүлж, 0*** дугаартай гэрчилгээг, тус барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 0*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулан авсан байх тул дээрх хуульд заасны дагуу хэдэн хувийн гүйцэтгэлтэй эсэхээс үл хамааран тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн бол тус үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хууль тогтоогчийн хүсэл зориг, татварын объектын мөн чанарыг анхаараагүй, хуулийг шууд утга (үгчлэн тайлбарлах арга)-аар тайлбарласан нь буруу.

21.Давж заалдах шатны шүүх “... хариуцагчаас маргаан бүхий нэхэмжлэхүүдийг үйлдэхдээ татвар ногдуулах үнэлгээг ямар суурь үнэлгээнээс тооцсон болох нь тодорхойгүй төдийгүй уг үл хөдлөх эд хөрөнгө 73 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэй буюу татвар ногдуулах үнэлгээ ялгаатай хугацааг хамруулан татвар ногдуулахдаа адил дүнгээр татвар ногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. ... тухайн барилгад ногдуулсан татварыг байршлын бүсчлэлээс хамааруулан тооцсон эсэх, өөрөөр хэлбэл ямар бүсийн тариф, коэффициентыг үндэслэн ногдуулсан болох нь тодорхойгүй байна ...” гэж маргааны гол асуудал нь баригдаж дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байгаа эсэх талаарх хууль хэрэглээний маргаан байхад талуудын хооронд маргаагүй үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, уг нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь мөн үндэслэлгүй болжээ.

22.Энэхүү маргаанд татварын хууль тогтоомжийг системчилсэн аргаар тайлбарлан хэрэглэхэд, баригдаж дуусаагүй барилгыг дууссан барилгатай адилтган үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй байх тул хариуцагчийн “нэхэмжлэгч хуулийн этгээдийн 73 хувийн гүйцэтгэлтэй баригдаж буй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах”-аар нэхэмжилснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангасан гэж үзнэ.

23.Тиймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “… маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан боловч 73 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад ороогүй, орон сууц, үйлчилгээний зориулалтын дагуу ашиглаж, өмчлөх боломжгүй хөрөнгө байсан тул түүнд албан татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй, учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн зорилго нь зориулалтын дагуу өмчилж, ашиглаж байгаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд татвар ногдуулахаар байна ...” гэх хэсгийг хангах нь үндэслэлтэй.

24.Харин барилга баригдаж 100 хувийн гүйцэтгэлтэй болсон (ашиглалтад орсон, зориулалтын дагуу ашиглах боломжтой) 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлүүлэхээр үүсгэсэн нэхэмжлэхүүд нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан татвар ногдох эд хөрөнгийн агуулгыг бүрэн илэрхийлж байх тул илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг хэрэгсэхгүй болгосон шаардлагатай холбоотой хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

25.Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2025/0110 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0787 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Ө***” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 12***, 12***, 12***, 12*** дугаартай нэхэмжлэхүүдийг илт хууль бус болгохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаас 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хэсгийг хангаж, үлдэх хугацаанд хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ө***” ХХК-ийн төлөөлөгч П.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*** нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг тус тус хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                                                                                         

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Д.МӨНХТУЯА

           ШҮҮГЧИД                                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                            Д.БАТБААТАР

                                                                                                            М.БАТСУУРЬ

 

[1] УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэл” 2000.11.15, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл2000.11.17.