
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ САХИЛГЫН ХЭРГИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2026 оны 05 сарын 22 өдөр
- Дугаар: 05
- Улаанбаатар хот
*** анхан
шатны шүүхийн шүүгч Ц.А***-д
холбогдох сахилгын хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Цолмон
Танхимын тэргүүн: Ч.Хосбаяр
Шүүгчид: П.Соёл-Эрдэнэ
С.Соёмбо-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХТ/2026/0001 дүгээр хяналтын тогтоолтой,
*** анхан шатны шүүхийн шүүгч Ц.А***-д холбогдох сахилгын хэргийг, хэргийн оролцогч Ц.А***, өмгөөлөгч Д.Т*** нарыг оролцуулан хяналтын тогтоолд холбогдох шүүгчээс гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн СХМ/2025/0132 дугаар магадлалаар: Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2024/0012 дугаар нотлох дүгнэлтийг хүлээн авч, *** анхан шатны шүүхийн шүүгч Ц.А***-д Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57.1.7-д заасныг баримтлан шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
2.Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХТ/2026/0001 дүгээр хяналтын тогтоолоор: *** анхан шатны шүүхийн шүүгч Ц.А***ийн гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн СХМ/2025/0132 дугаар “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг хэвээр үлдээсэн.
3.Сахилгын хэргийн оролцогч Ц.А*** нь Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХТ/2026/0001 дүгээр хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргажээ. Үүнд:
3.1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4-т “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно”, мөн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн ажлын байранд хөдөлмөр эрхэлж буй миний эрхийг ноцтой зөрчсөн сахилгын хорооны магадлал гарсан талаарх миний гомдлыг бүрэн хянан үзэлгүй хяналтын тогтоолыг гаргасан болно.
3.1.1.Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д тодорхой заасныг сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоол гаргахдаа огт анхаарсангүй.
3.1.2.Намайг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2025/012 дугаартай гишүүний дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж нотлох дүгнэлт үйлдсэн.
3.2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1-д заасан процессын ноцтой зөрчлийн тухайд: Сахилгын хэрэг үүсгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах процессын ноцтой зөрчлүүд гарсан. Үүнд:
3.2.1.Өргөдөл гаргагч Э.А*** нь сахилгын хэрэг үүсгэхээс өмнө өргөдлөөсөө татгалзсан боловч илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр нь уг татгалзлыг хуульд нийцүүлэн үнэлэлгүйгээр сахилгын хэрэг үүсгэж, улмаар хэрэг үүсгэсний дараа татгалзах гомдол ирсэн тул шалгахаас өөр аргагүй байсан, “Ц.А*** шүүгчээ битгий их санаа зовоорой, хүндээр хүлээж авах хэрэггүй, тайван байгаарай” гэж холбогдох шүүгчид худал хэлж тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлсэн.
3.2.2.Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргагч Э.А*** нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 51 минутад гаргасан байна. Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргагч Э.А*** нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 10 цаг 09 минутад өөрийн биеэр хүрэлцэн очиж, гомдлоосоо татгалзсан байна. Энэ нь хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан гомдлоос татгалзсан түүний хүсэлт, түүний ард бичиг хэргийн ажилтны хүлээн авсан он, сар, өдөр, огноо дарагдсан дардсаар нотлогддог. Улмаар тус хорооны бичиг хэргийн ажилтан н.З*** гомдол гаргагч Э.А***-ын “гомдлоос татгалзсан хүсэлт”-ийг илтгэгч гишүүн Ц.Давхарбаярын туслах Б.У***-т тэр дор нь хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулсан байдаг. Харин гишүүний туслах гомдол гаргагч Э.А***-ын “гомдлоос татгалзсан хүсэлт”-ийг илтгэгч гишүүнд танилцуулж, цайны цагийн дараа буюу үдээс хойш “Сахилгын хэрэг үүсгэх” захирамж гарсан талаар утсаар болон биечлэн уулзахад хэлсэн болно.
3.2.3.Шүүхийн цахимжилттай холбоотойгоор сүүлийн үед Шүүхийн сахилгын хорооноос гарч буй эрх зүйн баримт бичгүүд тоон гарын үсэгтэй гардаг болсон бөгөөд тухайн “Сахилгын хэрэг үүсгэх” гишүүний захирамжийн өнгөн хувь уламжлалт буюу хуучнаар гарын үсэг зурагдсан байсан ар талын Боловсруулсан: Б.У***, Хянасан: Ц.Давхарбаяр, Хувь:3, огноо: 2025.04.14 гэж бичигдсэн боловч гаргасан цаг, минутыг бичээгүй, хянасан гарын үсэг нь гишүүний өөрийн гарын үсэг биш, туслах нь гарын үсэг зурсан зэрэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2 дахь заалт болон албан хэрэг хөтлөлтийн журмыг зөрчсөн үйлдэл юм. Эрүүгийн болон захиргааны хэрэгт ч “татгалзсан гомдол дээр шийтгэл ногдуулахгүй” гэсэн зарчим үйлчилдэг талаар тайлбарлан хуралдааны явцад хүсэлт гаргахад тухайн бүрэлдэхүүний гишүүн Х.Хашбаатар нь учир зүггүй өндөр дуугаар шүүгч намайг “Та сахилгын хороог мөрдөж мөшгөлөө, та сахилгын хороог шалгах эрхтэй юм уу? Таныг сахилгын хороо шалгаад байгаа юм уу?” хэмээн загнасан.
3.2.4.Гэтэл 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд сахилгын хорооны гишүүн Б.Сугарын илтгэгч гишүүнээс асуусан асуулт хэсэгт: Хянан үзэх хуралдааны тэмдэглэлийн 11 дүгээр хуудаснаас эш татвал: Илтгэгч гишүүний 5 дахь өдөр би өргөдлийг шивээд бэлэн болгочихоод “дугаар аваарай” гээд туслахдаа хэлчихсэн байсан. Тэгэхэд дугаар аваагүй, 1 дэх өдөр ирээд өглөө ажлаа эхлээд зөвлөгөөнтэй байсан уу бас нэг ажилтай л байсан. Тэгээд өдөр нь гэнэтхэн “татгалзах өргөдөл” ирсэн. Би яг үнэндээ өөрийнхөө захирамжийн дугаар авагдчихсан гэж ойлгож байсан, аваагүй байсан. Тэгэхээр хугацааны хувьд татгалзах өргөдөл гарсны дараа миний захирамж гарсан гэдгийг өөрөө нотолж илэрхийлсэн байна.
3.2.5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан “сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах” үндэслэлийг бодитоор шалгалгүй орхигдуулсан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
3.2.6.Илтгэгч гишүүн *** шүүх дээр ирээд уулзахдаа “Ц.А*** шүүгчээ битгий их санаа зовоорой, хүндээр хүлээн авах хэрэггүй, тайван байгаарай” гэж хэлээд гэрчийн мэдүүлэг авсан, дараа танилцуулахад нь засвар оруулах гэсэн боловч гүйцэд уншуулахгүй яаруулаад хурдал, хурдал гээд гарын үсэг зур гэж захиран тушааж гарын үсэг зуруулсан бөгөөд шүүрч аваад гарсан. Гүйцэд ч уншиж амжаагүй. Бүх ажиллагааг хийж дууссаны дараа нь гомдол гаргагч Э.А***-ын “гомдлоос татгалзсан хүсэлт”-ийг танилцуулж, нэгэнт “Сахилгын хэрэг үүсгэх” гишүүний захирамж гаргасны дараа ирүүлсэн тул яах ч арга байгаагүй талаар хэлсэн. Гишүүнийг тэгж хэлсэн үгэнд үнэхээр итгэсэн, гэтэл сахилгын хэрэг үүсгэхээс өмнө өргөдөл, мэдээллээс татгалзсан болох нь бичиг хэргийн ажилтны тайлбар “ирсэн өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр” болон гишүүний туслахын тайлбараар тогтоогдоно. (үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор утсаар ярьсан тэмдэглэлийг бичлэг болгон баталгаажуулдаг)
3.2.7.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар “ ... Монгол Улсын иргэний хувьд өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” бөгөөд хуурч мэхлэх, тулган шаардах, шахалт үзүүлэх замаар авсан тайлбар, мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах, мөн шүүгч миний гаргасан тайлбарыг буруутгах нотлох баримтаар иш татахгүй байх, нотлох баримтаас хасуулахыг хүсэж гомдол гаргасан.
3.2.8.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Сахилгын хэргийн оролцогч, өргөдөл, мэдээлэл гаргагч, илтгэгч гишүүн хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно. Энэ хэсэгт заасныг зөрчсөн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 106.10-д “Нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй бөгөөд Сахилгын хорооны шийдвэрийн үндэслэл болохгүй”, 106.15-д “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж зааснаар хуралдааны явцад гомдол гаргасныг хүлээн аваагүй.
3.2.9.Сахилгын хорооны анхан шатны хуралдаан нь *** анхан шатны шүүхийн шүүгч Р.Б*** даргалагчтай, бүрэлдэхүүнд нь шүүгч Ц.А***, шүүгч Б.Б*** гэсэн бүрэлдэхүүнтэй эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай давхацсан тул хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдааны тов, нотлох баримтын хамтаар Шүүхийн сахилгын хороонд явуулсан боловч шүүгч намайг байлцуулахгүйгээр сахилгын хэргийг хянан шийдвэрлэж, улмаар хамгийн хүнд шийтгэл болох “огцруулах” шийтгэл оногдуулсныг мэдээгүй, сахилгын хороонд гаргасан гомдлоор ямар нэгэн шийдвэр гаргасан талаар мэдэгдээгүй, хуралдаан нь хойшилсон байх гэсэн бодолтой явсан миний бие (шүүгчийн орон тоо дутуу ачаалал ихтэй, 7 хоногийн 5 дахь өдөр бүр ажил тараад ***-*** хооронд гэр рүүгээ *** хүүхдээ эргэхээр аян замд явдаг) хурал болсноос хойш 4 хоногийн дараа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарсныг хүнээс сонсоод үнэхээр гайхсан.
3.2.10.Дээрх зөрчлүүд нь сахилгын хэргийн үр дүнд шууд нөлөөлсөн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1-д заасан процессын ноцтой зөрчилд хамаарна.
3.3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн тухайд: Шүүхийн сахилгын хорооны болон хянан үзэх хуралдааны бүрэлдэхүүн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг хэрэглэсэн боловч Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор өгсөн тайлбартай зөрүүтэйгээр тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, “удаа дараа, ноцтой зөрчил” гэх шалгуурыг бодит баримтаар нотлоогүй байхад хамгийн хүнд шийтгэл болох “огцруулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэнд тооцогдоно гэж үзэж байна.
3.3.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоол гаргаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтын тайлбар гаргасан. Энэ тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 4-ийн а-д “Материаллаг хуулийн хувьд, хуулийн илт тодорхой заалтын агуулгыг илэрхий өөрөөр, дур зоргоороо тайлбарлан хэрэглэсэн, эсхүл хэрэглэх ёстой хуулийг зориуд хэрэглэлгүй орхисны улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хэсгийн б-д “Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Шүүгч санамсаргүй техникийн шинжтэй алдаа гаргасныг хуульд заасны дагуу засах боломжтой, зассан тохиолдолд зөрчил гэж үзэхгүй. Уг алдаа нь шүүгчийн хэт хайнга, хариуцлагагүй, үл тоомсорлосон хандлага, харилцаанаас шалтгаалсан, давтан гаргасан, гаргасан алдаагаа хуулийн дагуу залруулах боломжтой атал зориуд цааргалсан бол үүсгэсэн үр дагаврыг нь харгалзан үзсэнээр сахилгын зөрчилд тооцож болно. 5-д “Удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно” гэж тайлбарласан байна.
3.3.2.Эрүүгийн хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Э.А***-ыг бусдын “Амь насыг бүрэлгэсэн” гэх хүнд гэмт хэрэгт холбогдсон, ялын төрөл 8-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санкцитай хэрэгт шүүгдэж байгаа, шүүгдэгчийн ар гэрт нь эцэг нь хүнд өвчний улмаас эрүүл мэндийн шалтгаантай, үр хүүхэд, ойрын хамаатан саданг нь эцсийн удаа уулзуулах талаар эмнэлгийн байгууллагаас анхааруулж хэлсэн, (дараа нь эцэг нь нас барсан) эхнэр нь хүүхдүүдээ орхиод явсан бөгөөд бага насны 2 хүүхдүүдийг нь харж асрах хүнгүй нөхцөл байдалд байгааг харгалзан эх хүний хувьд хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч болон өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг бүрэлдэхүүнд орсон шүүгчид, давж заалдах шатны шүүх буруу гэж дүгнээгүй болохыг сахилгын хорооны гишүүд дүгнэн үзээгүй, шийдвэр гаргахдаа анхаараагүй.
3.3.3.Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан тул 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ДШМ/15 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
3.3.4.Энэ нөхцөлд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”, 3-т “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ”, 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан. Өнөөдөр энэ магадлал хүчин төгөлдөр байгаа тул шүүн таслах ажиллагаа гэж үзнэ.
3.4.Шүүгчийн хараат бус байдалд халдсан тухайд: Сахилгын хороо нь шүүгчийн шүүн таслах ажиллагаанд үнэлгээ өгч, эрүүгийн процессын хүрээнд гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг “буруу” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйл, Дөчин есдүгээр зүйлд заасан шүүгчийн хараат бус байдлын зарчмыг зөрчсөн. Шүүн таслах ажиллагаанд дээд шатны шүүхийн журмаас бусад этгээд дүгнэлт өгч, шийдвэр гаргах боломжтой тул уг нөхцөл байдал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115.1.2-т заасан үндэслэлд шууд хамаарна.
3.4.1.Шүүхийн сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д “энэ хуулийн 50.1.6, 50.1.10, 50.1.12, 50.1.23, 50.1.39, 52.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах” гэж заасан.
3.4.2.Энэ нөхцөлд, Монгол Улсын Үндсэн хуулийн зорилго нь хүмүүнлэг энэрэнгүй зорилготой тул Сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоол нь зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах шийтгэлд хамгийн хүндийг нь сонгож шийтгэл оногдуулж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолыг хянан үзэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.3-т “сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаан, эсхүл хянан үзэх хуралдаанд буцаах” шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Холбогдох шүүгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн гомдлын нэмэлт тайлбартаа:
3.5.*** анхан шатны шүүхийн шүүгч Ц.А*** миний бие Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХТ/2026/0001 дүгээр хяналтын тогтоолыг хүчингүй болгох тухай гомдлыг Улсын дээд шүүхэд гаргасан бөгөөд өөрийн гомдолд нэмэлт тайлбарыг холбогдох нотлох баримтуудын хамт хүргүүлж байна. Шүүхийн сахилгын хороо нь надад холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.2-т “хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох, тайлбар гаргах” гэж заасан эрхийг минь хангаагүй учраас миний бие мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчлийг удаа дараа гаргаагүй, энэ төрлийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй зарим үйл баримтыг зөрчилд тооцсон, мөн сахилгын шийтгэл оногдуулах хуульд заасан хугацаа нь өнгөрсөн үйл баримтыг үнэлж, удаа дараа буюу 5 удаагийн зөрчил гаргасан гэж илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ заасныг залруулах нотолгоог хууль хэрэглээний болон нотлох зарчмын үүднээс тайлбарлан хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан.
3.5.1.Шүүгч миний энэхүү нэмэлт тайлбартаа дурдаж байгаа үндэслэлүүдийг товч тайлбарлавал: Нэг.Шүүхийн сахилгын хорооны магадлалд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулж авсан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гэж дүгнэсэн. Хэрэв шүүгч намайг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа нөхцөлд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “... сахилгын зөрчил гаргаснаас хойш 2 жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасныг баримтлах учиртай бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр илтгэгч гишүүн надад холбогдуулан Сахилгын хэрэг үүсгэх тухай захирамжийг гаргасан тул тухайн зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно.
3.5.2.Хоёр.Шүүхийн сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолд яллагдагчийн барьцааг *** төгрөгөөр нэмэгдүүлснийг нэг таслан сэргийлэх арга хэмжээг, нөгөө арга хэмжээгээр сольж байгаа тохиолдолд гаргах зохицуулалттай захирамжийг гаргаагүй гэж буруутгаж, сахилгын зөрчил гэж дүгнэсэн. Гэтэл *** Прокурорын газраас яллагдагч Э.А***-д холбогдох эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжиж ирсэн учраас барьцааны хэмжээг нэмэгдүүлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийг байлцуулан, зөвшөөрсний үндсэн дээр нэмэгдүүлсэн, тухайн асуудлаар шүүгдэгч аливаа гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн эсхүл хэргийн оролцогч талуудаас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар хүсэлт ирүүлсэн тохиолдолд шүүхийн хэлэлцүүлгийг зарлан хуралдуулж, холбогдох шийдвэрийг захирамж хэлбэрээр гаргадаг.
3.5.2.1.Би таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй байхад илтгэгч гишүүн “Шүүхээс ямар нэгэн шийдвэргүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөггүй” гэсэн хариу тайлбартайгаа зөрчилдөж байна гэж дүгнэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд энэхүү алдааг хяналтын тогтоолд залруулаагүй. Илтгэгч гишүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрийн үзэмжээр тайлбарлаж, намайг сахилгын зөрчил гаргасан гэж буруу дүгнэсэн бөгөөд сахилгын хуралдаанд миний бие өөрөө оролцож, хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гаргах эрхийг минь үл хайхарсанд гомдолтой байна.
3.5.3.Гурав.Шүүхийн сахилгын хорооны магадлал болон хяналтын тогтоолд шүүгч намайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг дангаар болон давхардуулан авч болно. Энэ зүйлийн 1.4,1.5,1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй” гэж заасныг илт зөрчсөн гэж дүгнэхдээ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “хязгаарлалт тогтоох” арга хэмжээг давхардуулан авч болох зохицуулалтыг үл анхаарч, зөвхөн 1.5 дахь хэсэг буюу “барьцаа авах” таслан сэргийлэх арга хэмжээний тухайд дүгнэлт хийж, сахилгын зөрчилд тооцсон.
3.5.4.Дөрөв.Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.А***-д “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оногдуулж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг гаргахдаа өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үлдээсэн бөгөөд хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн илт ойлгомжтой заалтыг зөрчсөн гэж үзсэн бол хэргийг бүхэлд нь хянаж байгаа шүүх бүрэлдэхүүн зөрчлийг засаж залруулах ёстой байсан. Энэхүү үйл баримтыг хяналтын тогтоол гаргахдаа мөн л үнэлж үзээгүй. Ийнхүү Шүүхийн сахилгын хороо нь магадлал болон хянан үзэх тогтоолдоо хуулийн илт тодорхой заалтыг намайг 4 удаа зөрчсөн гэж үзсэн, удаа дараа гаргасан зөрчлөө залруулаагүй байна гэж буруу дүгнэсэн.
3.5.5.Тав.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хилийн хориг тавих арга хэмжээг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд хамаарах эсэх дээр хууль хэрэглээний нэгдмэл байдал зайлшгүй чухал байгаа нь практик хэрэглээн дээр хүндрэл учруулж байгаа юм. Учир нь, хилийн хориг тавих нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөө үзүүлэхгүй, зорчих эрх хязгаарлах ялыг хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээтэй харьцуулж төстэй байдлаар дүгнэвэл хуульд хилийн хориг тавих зохицуулалт байхгүй. Зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээ нь шүүгдэгчид цахим гав зүүж, цахимаар хяналт тавих боломжийг хангасан нөхцөлд л хэрэгждэг, 2017 оноос өмнөх эрүүгийн процессын хуулийг хэрэгжүүлэх үед хилийн хориг тавих арга хэмжээ авах эрхийг тусгайлан зарим тусгай субъектэд олгож байсан.
3.5.5.1.Дээр дурдсан үндэслэлийн талаар шүүхэд хууль хэрэглээний нэгдсэн ойлголтгүй, үүнийг ирээдүйд нэг мөр болгож тайлбарлах шаардлагатай тул хууль хэрэглээтэй холбоотой шүүгчийн шийдвэрт сахилгын хэрэг үүсгэх нь зарчим болон харьяаллын хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.
3.5.5.2.Хуульд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасан боловч барьцааны хэмжээг тодорхой заагаагүй. Харин барьцааны хэмжээг шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно гэснээр шүүгч тухайн шүүгдэгчийн санхүүгийн боломж бололцоог таах боломжгүй, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн “манай үйлчлүүлэгч хэдийг л бол хэдийг хамаагүй барьцаа төлөх боломжтой, цагдан хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн” нөхцөл байдлыг харгалзан барьцааны хэмжээг тогтоосныг шүүгчийн буруутай, илт хуулийн заалт зөрчсөн үйлдэл гэж үзсэнийг хяналтын тогтоолдоо залруулаагүй.
3.5.5.3.Мөн илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр нь шүүгч намайг байлцуулахгүйгээр хийсэн хуралдаанд “Энэ шүүгч таалагдахгүй байна” гэсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болохыг анхаарч үзнэ үү.
3.5.6.Зургаа.Сахилгын хуралдааныг нийт 5 удаа хуралдаан хойшлуулсан гэж дүгнэхдээ ийнхүү хойшлуулсан нь шүүгч миний буруутай үйлдэл мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Сахилгын хэргийн хуралдаан хойшилсон шалтгаан нөхцөлийг дурдвал:
3.5.6.1.Шүүгч Ц.А***д холбогдох сахилгын хэргийн хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр товлосон, холбогдох шүүгчээс “Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2025/0012 дугаар нотлох дүгнэлтийг шуудангаар хүргүүлснийг дөнгөж сая гэрийн хонх дуугараад гардаж авсан, задалж үзээгүй байх тул өнөөдрийн хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг хангаж, хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Энэхүү хуралдаанд цахимаар оролцсон бөгөөд нотлох дүгнэлтийг гардаж аваагүй байсныг хуралдаанд оролцсон сахилгын хорооны гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Энэ нөхцөл байдал шүүгч надаас шалтгаалаагүй.
3.5.6.2.Сахилгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд шүүгч Ц.А***-ээс “илтгэгч гишүүнээс татгалзах тухай” хүсэлт гаргасан тул мөн өдрийн СХТ/2025/0071 дүгээр тогтоолоор тус хүсэлтийг шийдвэрлэж дуусах хүртэл тодорхойгүй хугацаагаар хуралдааныг хойшлуулсан. Илтгэгч гишүүн Ц.Давхарбаярыг “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа уг хэргийн талаар шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг аливаа этгээдэд мэдээлсэн, илэрхийлсэн” гэсэн үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасан. Энэ хуралдаанд хойшлуулах хүсэлт гаргаагүй тул надаас шалтгаалаагүй.
3.5.6.3.2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ГЗБ/2025/0581 дүгээр захирамжаар сахилгын хорооны хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутад товлон зарласан боловч шүүгч Ц.А*** нь Шүүхийн академиас зохион байгуулж буй шүүгч нарын заавал хамрагдах мэргэшүүлэх сургалтад суух тухай хүндэтгэн үзэх шалтгааныг дурдаж, тус хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Миний хүсэлтийг хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГЗБ/2025/0601 дүгээр захирамжаар сахилгын хорооны хуралдааныг хойшлуулж, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутаас товлон зарласан.
3.5.6.4.Нийт шүүгчийн ээлжит III дугаар чуулганыг 2025 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд “Төрийн ордонд” хуралдуулахаар Ажлын хэсгээс шийдвэрлэн, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр товыг зарласан ба орон нутгийн нийт шүүгч нарын сургалтыг зарласан байсныг Шүүхийн сахилгын хороо мэдэж байсан, шүүгч гишүүд хуралдаанд оролцсон боловч давхцуулж зарласан тул хүндэтгэн үзэх шалтгаантай. Шүүгч Ц.А***-ээс шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар сахилгын хорооны хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг сахилгын хорооны хуралдааны даргалагч гишүүний 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ГЭБ/2025/0623 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж сахилгын хорооны хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.
3.5.6.5.2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанд шүүгч Ц.А***-ээс эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай учраас мөн өдрийн 13 цаг 30 минутаас товлогдсон сахилгын хорооны хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг тус хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний СХТ/2025/0108 дугаар тогтоолоор хангаж, хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлаж, мөн өдрөө хуралдааны товыг долоогоос доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид мэдэгдэж баримтжуулсан байдаг. Шүүгч миний бие эрүүл мэнд муудаж, доошоо их цус алдаад тогтохгүй байсан тул хяналтын их эмчийн зөвлөгөөгөөр албан өрөөндөө *** нэгдсэн эмнэлгийн **** тасгийн Ө.З*** гэх сувиллаар цус тогтоох эмчилгээ дусал хийлгэж, улмаар нэгэнт товлогдон зарлагдсан хуралдааныг *** шүүх дээр хийсэн, харин Улаанбаатар хот руу олон цаг автомашинаар цус алдсан байдалтайгаар сахилгын хорооны хуралд очих боломжгүй тухайд үнэн зөв тайлбараа гаргаж, нотлох баримтаа хүргүүлсэн.
3.5.6.6.2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагт “... шүүгч Р.Б*** даргалагчтай, шүүгч Ц.А***, Б.Б*** нарын бүрэлдэхүүнтэй 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минутаас О.Э*** нарт холбогдох эрүүгийн хэргийн хурлын тов зарласан байна. Сахилгын хорооны хуралдаанд оролцох зорилгоор миний бие шүүх хуралдаан товлон зарлаагүй энэхүү хүндэтгэх үзэх шалтгааныг харгалзан үзэж, хуралдааныг хойшлуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэх хүсэлтийг шүүх хуралдааны зар, тов мэдэгдсэн баримтын хамт Шүүхийн сахилгын хороонд хүргүүлснийг хүлээн аваагүй, хуралдаанд намайг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн гэжээ.
4.Илтгэгч гишүүн хяналтын гомдолд хариу тайлбарыг бичгээр гаргасан байна.
ХЯНАВАЛ:
5.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХТ/2026/0001 дүгээр хяналтын тогтоолыг хэвээр үлдээж, холбогдох шүүгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
6.Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 01 дүгээр тогтоолоор “... шүүгч Ц.А*** мөрдөн байцаалтын шатанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагч Э.А***-д барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, мөн өдөр болон 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр барьцааг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 14.1 дүгээр зүйлийн 2, 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр зохицуулсан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн, мөн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Э.А***-аас *** төгрөгийн барьцаа авахдаа ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасныг зөрчсөн ...” гэж дүгнээд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”-ыг хориглосон зохицуулалтыг зөрчсөн” үндэслэлээр холбогдох шүүгчид “огцруулах сахилгын шийтгэл” оногдуулсан Сахилгын хорооны хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн СХМ/2025/0132 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн байна.
7.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль (цаашид “Шүүхийн тухай хууль” гэх)-ийн 115 дугаар зүйлийн 115.1.1-д “Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг энэ хуулийн 110.3, 110.4, 110.6-д заасны дагуу мэдэгдээгүйн улмаас хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон”, 115.1.2-т “энэ хуулийн 102.1-д заасан эрхийг эдлүүлээгүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон” заасан үндэслэл бий болсон нь хянан үзэх хуралдааны тогтоолд сөргөөр нөлөөлсөн, сахилгын хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад хүргэсэн эсэхийг холбогдох шүүгчийн гаргасан гомдолд үндэслэн хянан үзэж хяналтын тогтоолыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг.
8.Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.1-д заасан шийдвэрийг гаргаж, хяналтын тогтоолыг хэвээр үлдээж буй тохиолдолд сахилгын хэргийн талаар дүгнэлт хийх эрх хэмжээ мөн зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан (гомдлын) хүрээгээр хязгаарлагдахгүй.[1]
9.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т тусгасан бүрэн эрхийн дагуу эрх зүйн маргааныг хяналтын журмаар хянан үзэж буйд тооцогдох тул Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан “... хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах” бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх эрхтэй бөгөөд мөн үүрэг хүлээнэ.[2] Иймд, холбогдох шүүгчийн гаргасан гомдлын бүх үндэслэлд дүгнэлт хийв.
Нэг.Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.2-т заасан хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах эрхийг хангаагүй гэх гомдлын тухайд:
10.Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.2-т “хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох, тайлбар гаргах, хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг нэг удаа бичгээр болон цахимаар гаргах” гэж, 110.4-т “Сахилгын хэргийн оролцогчид Сахилгын хорооны хуралдаан болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө товыг мэдэгдэж, энэ тухай баримт үйлдэж, сахилгын хэрэгт хавсаргана ...”, 110.5-д “Сахилгын хорооны хуралдаанд сахилгын хэргийн оролцогч оролцож болно. Сахилгын хэргийн оролцогч хуралдаан болохоос өмнө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлтээ бичгээр болон цахимаар ирүүлсэн бол хуралдааныг хойшлуулж болох бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх хугацаа сахилгын хэрэг үүсгэснээс хойш 90 хоногоос хэтрэхгүй байна” гэж тус тус зааснаар Сахилгын хорооны хуралдааны товыг 7 хоногийн өмнө оролцогчид мэдэгдэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцогч оролцох боломжгүй бол хүсэлтийг 1 удаа гаргах эрхтэй.
11.Хэрэгт авагдсан баримтаар, сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хэлэлцэх сахилгын хорооны хуралдаан нь 2025 оны 06 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд өмнө нийт 5 удаа товлогдсон боловч холбогдох шүүгчээс гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч, хойшлогджээ. Тодруулбал, 1)сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлттэй танилцах, 2)илтгэгч гишүүнээс татгалзах, 3)шүүгчийн сургалтад хамрагдах, 4)шүүх хуралдаан давхцсан, 5)эрүүл мэндийн шалтгаантай гэх үндэслэлээр гаргасан хүсэлтийг хүлээн авч, Сахилгын хорооны хуралдаан 5 удаа хойшлогдсон байна.
12.Харин хамгийн сүүлд гаргасан хүсэлтийн хувьд, хүлээн аваагүй хуралдсан байх бөгөөд “... сахилгын хорооны анхан шатны хуралдаан нь *** анхан шатны шүүхийн шүүгч Р.Б*** даргалагчтай, бүрэлдэхүүнд шүүгч Ц.А***, Б.Б*** гэсэн бүрэлдэхүүнтэй эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай (2025.11.11-ний өдрийн 15 цаг 30 минутад зарлагдсан) давхацсан тул хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдааны тов, нотлох баримтын хамтаар явуулсан боловч хүсэлтийг хүлээн авалгүйгээр, шүүгч намайг байлцуулахгүйгээр сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн, улмаар хамгийн хүнд шийтгэл болох огцруулах шийтгэл оногдуулсныг мэдээгүй ...” гэх гомдол нь дараах байдлаар няцаагдаж байна.
13.Сахилгын хэрэгт авагдсан холбогдох шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагт гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан “Хэргийн оролцогчдод зөрчлийн хэргийн шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай” *** анхан шатны шүүхийн баримтад О.Э***, Д.А*** нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон талаар 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн, харин Сахилгын хорооны хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн СХТ/2025/0108 дугаар тогтоолоор 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минутад товлож, холбогдох шүүгчид мөн өдөр хуралдааны товыг мэдэгджээ.
14.Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, Сахилгын хорооны хуралдааны тов нь эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товоос өмнө товлогдсон, түүнд урьдчилан мэдэгдсэн нь тогтоогдож байна. Иймээс уг сахилгын хэргийн оролцогчийн хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.2.2-т заасан “дуудсанаар хүрэлцэн ирэх” үүргийг хэрэгжүүлж, сахилгын хуралдаанд оролцох бэлтгэлийг хангах боломжтой байсан гэж үзнэ.
15.Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны тогтоолд “... эрүүгийн хэргийн хуралдааны тов мэдэгдсэн баримт нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн буюу сахилгын хорооны хуралдааны тов мэдэгдсэнээс хойш байна, ... сахилгын хорооны хуралдааныг удаа дараа хойшлуулж холбогдох шүүгчийг сахилгын хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох боломжийг олгосон байх тул 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, түүний эзгүйд сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн нь оролцогчийг эрхийг зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
16.Иймд, Шүүхийн сахилгын хороо нь сахилгын хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхийг эдлүүлээгүй, хуралдаанд биечлэн оролцуулаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Хоёр.Сахилгын хороонд өргөдөл гаргасан этгээд сахилгын хэрэг үүсгэхээс өмнө өргөдлөөсөө татгалзсан байхад сахилгын хэрэг үүсгэсэн, сахилгын хэрэг үүсгэх ёсгүй байсан гэх гомдлын тухайд:
17.Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т “Энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргана. Өргөдөл, мэдээллийг амаар, эсхүл бичгээр болон цахимаар гаргаж болно”, 104 дүгээр зүйлийн 104.1-д “Илтгэгч гишүүн дараах тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана” гээд 104.1.1-д “энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол” гэж тус тус заасан.
18.Хуулийн дээрх зохицуулалтаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчимд (диспозитив) суурилсан буюу өргөдөл гаргагчийн хүсэл зоригоос шууд бүрэн хамааралтай бус, харин шүүгчийн (хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн) сахилгын зөрчил байгаа эсэхийг тогтоох албаны зарчимд суурилсан (official investigation) ажиллагаа юм. Энэ зарчмын агуулга нь Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж зааснаар мөн батлагдана. Иймд, өргөдөл гаргагч өргөдлөөсөө татгалзсан гэх нөхцөл байдал нь дангаараа сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах, эсхүл үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл болохгүй бөгөөд нөгөө талаас “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам”-ын 1.5-д “Шүүгчид холбогдуулж сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл гаргагч өргөдлөөсөө татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна” гэж зааснаар гомдлоосоо татгалзсан нь хэргийг шалгах үйл ажиллагааг зогсоох үндэслэл биш юм.
19.Иймээс “өргөдөл гаргагч сахилгын хэрэг үүсгэхээс өмнө өргөдлөөсөө татгалзсан тул сахилгын хэрэг үүсгэх ёсгүй, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэлийг бодитоор шалгалгүй орхигдуулсан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэх гомдол нь үгүйсгэгдэнэ.
20.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрх нь зөвхөн эрүүгийн хэрэгт төдийгүй сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч хэрэглэгдэх хууль зүйн суурь баталгаа юм. Энэхүү зарчмыг Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д сахилгын хэргийн оролцогч нь “... амаар болон бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр тайлбар гаргах ...” эрхтэй хэмээн өөрийгөө хамгаалах эрх байдлаар хуульчилсан.
21.Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “илтгэгч гишүүн хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно” гэж, 106.6-д “хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах” гэж тус тус зааснаар хуурч мэхлэх, тулган шаардах замаар олж авсан баримтыг үнэлэхийг хатуу хориглосон.
22.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь аливаа этгээдийг гэмт хэрэгт сэжиглэн байцаах эрүүгийн ажиллагаанаас ялгаатай бөгөөд илтгэгч гишүүн нь шүүгчээс тайлбар авах нь түүнийг буруутгах зорилготой “байцаалт” бус, харин гарсан гомдол, мэдээлэлд холбогдуулан өөрийн байр суурийг чөлөөтэй илэрхийлэх, няцаах боломжоор хангаж буй процесс юм.
23.Илтгэгч гишүүн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр холбогдох шүүгчээс амаар тайлбар авч тэмдэглэл үйлдсэн, мөн шүүгч өөрөө 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бичгээр нэмэлт тайлбар гаргасан зэрэг нь шүүгч хуульд заасан тайлбар гаргах, өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
24.Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар илтгэгч гишүүн сахилгын хэрэгт ач холбогдол бүхий баримтыг бүрэн тал бүрээс нь цуглуулах үүрэгтэй тул шүүгчээс тайлбар авсан нь нотлох баримт цуглуулах хууль ёсны ажиллагаанд хамаарна. Шүүгчийн гаргасан тайлбар нь нэг талаас түүний өөрийгөө хамгаалах эрхийн хэрэгжилт боловч, нөгөө талаас хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий мэдээллийг агуулдаг тул хуулийн дагуу нотлох баримтаар үнэлэгдэх шинжтэй байна.
25.Иймд шүүгчийн өөрийн сайн дураар, бодит байдлыг тусган гаргасан тайлбарыг сахилгын хэрэгт хамааралгүй, эсхүл нотолгооны ач холбогдолгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс уг тайлбарыг Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нотлох баримтаас хасаагүй нь процессын зөрчилд тооцогдохгүй.
26.Гомдолд дурдсан “хуурч мэхлэх, тулган шаардах, шахалт үзүүлэх замаар тайлбар авсан” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
27.Илтгэгч гишүүн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр *** дахь шүүхийн Тамгын газарт очиж тайлбар авах үед шүүгч нь Үндсэн хуульд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, тайлбар гаргахаас татгалзах эрхээ эдлэх бүрэн боломжтой байжээ.
28.Хууль зүйн (мэргэжлийн) өндөр мэдлэг, ур чадвар бүхий шүүгч хүний хувьд энэхүү эрхээ ухамсарласан байх бөгөөд аливаа албадлага, шахалтгүйгээр тайлбар өгч, тэмдэглэлтэй танилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан нь түүнийг сайн дурын үндсэн дээр тайлбар гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.
29.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, илтгэгч гишүүний тайлбар авсан ажиллагаа нь Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглох” хэм хэмжээг зөрчөөгүй байна.
30.Иймд шүүгчийн “... илтгэгч гишүүн хүч хэрэглэн, хуурч мэхлэн, тулган шаардаж хариу тайлбарыг авсан, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт цуглуулсан бөгөөд үүнийг миний эсрэг ашиглан зөрчлийн дүгнэлт үйлдсэн” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Дөрөв.Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “удаа дараа эсхүл ноцтойгоор хууль хэрэглээний илт тодорхой алдаа гаргасан” гэх сахилгын зөрчил бодитой тогтоогдоогүй, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор өгсөн тайлбарыг буруу хэрэглэсэн гэх гомдлын тухайд:
31.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж, Шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч зөвхөн хуульд захирагдах бөгөөд зөрчсөн бол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ”, 54.2-т “Шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна” гэж, 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид “сахилгын зөрчил” гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан.
32.Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараахь таслан сэргийлэх арга хэмжээ авна” гээд 1.3-т “хязгаарлалт тогтоох”, 1.4-т “барьцаа авах” гэж, 14.1 дүгээр зүйлийн 2-т “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.1, 1.4, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг прокурор, энэ зүйлийн 1.1-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөгч авна”, 14.1 дүгээр зүйлийн 3-т “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна”, 14.1 дүгээр зүйлийн 4-т “Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг дангаар болон давхардуулан авч болно. Энэ зүйлийн 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй” гэж, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан.
33.Холбогдох шүүгч нь мөрдөн байцаалтын шатанд прокурорын бүрэн эрхэд хамаарах барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан, мөн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан хэрэглэсэн (2 удаа), түүнчлэн яллагдагчаас барьцаа авахдаа шүүхийн шийдвэр гаргалгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн зэрэг нийт 4 үйлдэл гаргасан, эдгээр үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж Сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолоор дүгнэсэн нь зөв байна.
34.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 3-т[3] “... “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно ... Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй” гэж;
Тайлбарлах нь хэсгийн 4-т “Ноцтой зөрчих” гэдгийг [4] “... б.Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж;
Тайлбарлах нь хэсгийн 5-д[5] ““Удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно” гэж;
Тайлбарлах нь хэсгийн 6-д[6] ““Үйлдэл” гэдгийг шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсэн, хүлээсэн үүргээ зөрчсөн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.
35.Холбогдох шүүгчийн гаргасан дээрх үйлдлүүд нь хуульд тодорхой заасан хориглолт, журмыг зөрчиж, бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн гэдэгт хамаарах бөгөөд эдгээр зөрчлийн нийлбэр нь 3-аас дээш болох нь Сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолд дурдсанаар тогтоогдож байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолтой нийцэж байна.
36.Тодруулбал, энэ тохиолдолд шүүгч Ц.А*** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн илт тодорхой заалтыг буруу хэрэгжүүлж, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хязгаарлалт тогтоох (хилийн хориг) арга хэмжээтэй давхардуулан хэрэглэхгүй байх, захирамжийг бичгээр үйлдэж албажуулах үүрэг хүлээлгэсэн хуулийн илэрхий тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн байх тул уг зөрчилд огцруулах шийтгэл оногдуулсан сахилгын хорооны шийдвэр нь зөрчлийн шинж байдалд тохирсон гэж үзэв.
37.Түүнчлэн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ тохиолдолд, шүүгчийн гаргасан шүүхийн шийдвэрийн агуулга, дотоод итгэл үнэмшлийг хянах бус, харин шүүгч хуульд заасан бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн эсэх, илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг шалган тогтоох зорилготой байсан тул сахилгын хэрэг үүсгэн шалгасан нь шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзэх үндэслэлгүй.
Тав.Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх гомдлын тухайд:
38.Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүгч сахилгын зөрчил гаргасан бол Сахилгын хороо дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна” гээд 56.1.5-д “огцруулах” гэж, 56.2-т “Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй”, 56.3-т “Энэ хуулийн 56.1.5-д заасан шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж тус тус заасан.
39.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд холбогдох шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан “мөрдөн байцаалтын шатанд авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүгч авсан” гэх үйлдэл нь тухайн үедээ тогтоогдоогүй боловч Сахилгын хороонд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, холбогдох материалыг шалган судлах явцад бусад зөрчлүүдийн хамт тогтоогджээ.
40.Өөрөөр хэлбэл, уг зөрчил нь Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан огцруулах шийтгэл оногдуулах үндэслэлтэй холбоотойгоор шалгагдсан байх тул уг тохиолдолд мөн хуулийн 56.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд холбогдох шүүгчид 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр сахилгын хэрэг үүсгэж, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцлага оногдуулсан нь хуулийн 56.3 дахь хэсэгт заасан таван жилийн дээд хугацаанаас хэтрээгүй байна.
41.Иймд сахилгын зөрчил гаргаснаас хойш таван жилийн хугацаа өнгөрөөгүй, мөн зөрчил илэрсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцоход хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
42.Нэгтгэн дүгнэвэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.1.2-т заасан үндэслэлээр Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны тогтоолыг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдоогүй тул сахилгын хэргийн оролцогч шүүгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХТ/2026/0001 дүгээр хяналтын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8, 115.8.1-д заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХТ/2026/0001 дүгээр хяналтын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.11-д заасны дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоол гармагц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
|
Даргалагч, Шүүгч |
Д.Цолмон |
|
Танхимын тэргүүн |
Ч.Хосбаяр |
|
Шүүгч |
П.Соёл-Эрдэнэ |
|
С.Соёмбо-Эрдэнэ |
|
|
М.Батсуурь |
[1]Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны 2023.05.10-ны өдрийн 001/2023СХХТ/0002 дугаар тогтоол.
[2] Мөн тэнд
[3] Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоол, х.7
[4] Мөн тайлбарт, х.8
[5] Мөн тайлбарт, х.8
[6] Мөн тайлбарт, х.8