МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

Ж.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ бид Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/919 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ДШМ/151 дугаартай магадлалтай Ж.Д-д холбогдох 2405000001339 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцсон болно.

Ж.Д-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонхын дэмжлэгийг аваагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 36.1.4 дэх хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн тусгай санал бичив.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/919 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг  2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөн дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” зочид буудлын орчимд хохирогчийн эзэмшлийн “Iphone 13 Pro Max” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.025.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 8 дугаар гудамж 130 тоотоос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэжээ.

Шүүгдэгч Ж.Д-аас гаргасан “зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөн Улаанбаатар хотоор тогтоож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ДШМ/151 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мөн ижил агуулгаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх хязгаарлалтын бүс, хугацааг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн үндэслэлд Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, зорчих эрхийг хязгаарлах ялын ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж, шүүх бүрэлдэхүүний олонхын байр сууриас зарчмын зөрүүтэй саналыг дараах байдлаар дэвшүүлж байна.

2015 оны Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн хүрээнд ялын зорилгын либерал онолын үзэл санааг шингээж, эрүүгийн эрх зүйн гуманизацичлалын нөлөөн дор шүүхээс хорих ял ихээр оногдуулж, дийлэнхийг нь биечлэн эдлүүлдэг байдлыг өөрчлөх зорилгоор зорчих эрх хязгаарлах шинэ ялын төрлийг нэмсэн. Энэ ялыг хорих ялын сөрөг талуудыг даван туулах, хүний эрхийг хамгийн боломжит хэмжээнд эдлүүлэхийн зэрэгцээ ялын цээрлэлийг тэнцвэртэй үзүүлэх бололцоотой, хорих ялыг орлох хамгийн боломжит хувилбар хэмээн үздэг билээ.

Ялтныг тодорхой байгууламжийн дотор байлгах, зөвшөөрөлгүйгээр гадаад ертөнцтэй чөлөөтэй харьцах, зорчихыг хязгаарлахгүйгээр нийгэмд нь үлдээж гэм бурууг нь ойлгуулах замаар хүмүүжүүлэх үзэл баримтлалд суурилдаг бөгөөд гэрийн хорио зэрэг бусад хэлбэрийн эрх чөлөө хязгаарлах ялын төрлүүдээс мөн чанарын хувьд ялгаатай.[1] Хэдийгээр тодорхой нутаг дэвсгэр дотор харьцангуй чөлөөтэй зорчих боловч ял эдлүүлэх гол арга хэрэгсэл нь техник, технологийн дэвшлийг ашиглан ялтанд хяналтад байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх замаар ялын цээрлэлийг мэдрүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зан үйлээ засаж, ёс зүйтэйгээр нийгмийн амьдралд оролцуулах явдал юм.

Нийгмийн амьдралд оролцох эрх гэдэг нь Олон улсын гэрээ, баримт бичгүүдэд шууд нэрлэгдсэн зүйл биш ч хүний эрхийн салшгүй нэг хэсэг юм. НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенц, Ахмад настны эрхийн Мадридын төлөвлөгөө зэрэгт хүн бүр аль болох нийгмийн холбоо харилцаагаа хадгалах, харилцах боломжтой байхыг чухалчилсан байдаг. Гэтэл барилга, байгууламж дотор ялтныг хорих, нийгмийн амьдралаас бүрэн тусгаарлах нь түүнийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх ялын зорилго биелэгдэхгүй байх эрсдэлтэй. 

Ялтны зорчих бүсийг хэт явцуу байдлаар оршин суух тоотоор нь тогтоож байгаа нь шууд утгаараа гэрийг “хорих байгууллага” болгож байгаатай ижил байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялыг орлох хувилбар болохоос яг адил шийтгэл гэж үзэхгүй бөгөөд энэ нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлалд үл нийцнэ. Хэрэв уг ялыг гэрийн хорио хэлбэрээр хэрэглэвэл олон сөрөг үр дагавар гарч болзошгүйг анхаарах ёстой.

Зорчих эрхийг хязгаарлах ял бол Үндсэн хуулиар олгогдсон иргэний чөлөөтэй зорчих эрхэнд халдаж, зөвхөн эрх бүхий байгууллагын хяналт дор зөвшөөрөгдсөн чиглэл, хязгаарын дотор явах үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой Эрүүгийн хуулиар тогтоосон ял юм.

Эрүүгийн эрх зүйд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга байх, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага оногдуулах зарчмуудыг баримталдаг. Гэвч шүүхээс нэгэнт зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэсэн атлаа зорчих орон зайн хязгаарыг шүүгдэгчийн оршин суух хаяг, тоотоор хэт хумигдмал тогтоосноор шүүгдэгчийн гэр бүлийн гишүүдээ тэжээн тэтгэх, сурч боловсрох эрхийг нь эдлүүлэхэд сөргөөр нөлөөлөх зэргээр дам байдлаар бусад хүнд хүчтэй нөлөөлөл үзүүлнэ. Нөгөө талаас, ялтан гэр бүлийн гишүүдээсээ хол, эсхүл ганцаараа амьдардаг байх тусам гэрийн хорионд байлгах, хорих ялын адилаар сөрөг нөлөөлөл улам бүр нэмэгдэж, ялтны хувьд зан төлөвийн эвдрэл, сэтгэл зүйн хямрал, сөрөг сэтгэл хөдлөл улам бүр нэмэгдэх, улмаар ялын нийгэмшүүлэх зорилго үр нөлөөгүй болох эрсдэлийг бодолцох учиртай.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” зарчмыг хуульчилсан. Эрүүгийн хариуцлага шударга байх буюу пропорциональ байдлын зарчим нь эрх зүйн бүх салбарт нийтлэг үйлчлэх зарчим бөгөөд хууль ёсны зорилгод чиглэсэн, зайлшгүй, зорилгодоо хүрэхүйц байх шинжийг агуулсан байх ёстой.

Монгол Улсын дээд шүүхээс удаа дараа шийдвэрүүдээрээ зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэхдээ хүний эрхийг аль болох боломжит хэмжээнд эдлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохируулан пропорциональ зарчмыг баримтлан тэнцвэртэй хэмжээгээр хязгаарлалтыг тогтоохыг зөвлөж байсан. Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх нутаг дэвсгэрийн бүсийг тогтоохтой холбоотой хэд хэдэн тогтоолууд[2] гарснаас гадна Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээс тусгай санал гарган олон нийтэд нээлттэй байршуулсан.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 166 дугаартай тогтоолд “Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг нь тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм”[3] гэж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх бүсийг Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосныг өөрчлөн хумьж, Сонгинохайрхан дүүрэг болон Мөрөн сумын нутаг дэвсгэрээр хязгаарласан өөрчлөлт оруулсан байна.

Уг шийдвэрт холбогдуулан Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээс дараах агуулга бүхий тусгай санал гаргасан байна. “…хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, чиг үүргийг тодорхойлохдоо шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль зүйн дүгнэлт хийх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн шинжтэй өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оруулахыг хориглосон агуулгаар тусгаж өгсөн … Анхан шатны шүүх зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэх газар нутгийн хэмжээг тодорхойлохдоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хил хязгаараар тогтоож шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүний олонх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж дүгнэн, шүүгдэгч Ч.Х-ын оршин суугаа газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр, харин шүүгдэгч Б.Э-г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлахаар нутаг дэвсгэрийн хил хязгаар, хэмжээг хумьж, багасгаж өөрчилсөн нь дээрх эрх зүйн зохицуулалтын агуулгыг буруу тайлбарласан, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй, хууль хэрэглээний алдаатай шийдвэр гэж дүгнэж байна… гэжээ.[4]

Уг тусгай санал нь хяналтын шатны эрх хэмжээ ба ялын зорилгыг харьцуулан дүгнэснээрээ ач холбогдолтой. Харин хөндөж буй шүүгдэгч Ж.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухайд шүүхээс оногдуулсан ялын эдлэх хүрээг өргөжүүлэх нь ялыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах шинжгүй болохын тэмдэглэх нь зүйтэй. Эсрэгээрээ өөр нэршлийн дор хэт хязгаарлагдмал орон зайд хүнийг хорихоос зайлсхийж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаас ялгарах шинжийг алдагдуулахаас сэргийлэх зорилготой билээ.

Мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх нутаг дэвсгэрийн хүрээг тогтоохтой холбоотой дараах тогтоолуудыг дурдаж болохоор байна:

1.2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай тогтоолоор анхан шатны шүүх ялтныг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар тогтоосныг хяналтын шатны шүүхээс хязгаарлалтын бүсийг үндэслэлгүйгээр аймаг, нийслэл гэх мэт хэт өргөнөөр тогтоосон нь буруу, мөн эсрэгээрээ зарим хэргүүдэд хэт явцуугаар орон зайн хязгаарт, жишээлбэл, гэрээсээ гарч болохгүй хэмээн тогтоох нь уг ялын төрлийг хэрэглэхэд алдаа болдгийг онцлон дурдсан байдаг. Уг шийдвэрт: “… эсхүл оршин суух тодорхой хаяг буюу гэрээсээ гарч явахыг хориглох ... нь ял оногдуулах үндэслэл, журамд нийцэхгүй бөгөөд уг ялын хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” гэж тэмдэглэжээ.

Мөн энэхүү тогтоолд “Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан” гээд мөн “Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан бөгөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагуудыг харгалзан чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн дүүрэг, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг хамааруулан тогтоож болно” гэсэн байна.

2.Мөн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай тогтоолд “... Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан зүй зохистой байдлыг бүрдүүлэх үүднээс хамт олон, гэр бүлийнхээ орчинд хүмүүжих, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хөдөлмөрлөх  эрхийг нь хангахаас гадна суралцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг эдлүүлж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлах боломжийг олгоход чиглэсэн байдаг …” гэж тэмдэглэжээ.

Дээрхээс дүгнэн үзэхэд хяналтын шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тогтоохдоо үндэслэлгүйгээр хэт өргөжүүлэх, эсрэгээр хэт хумьж, хүний бусад эрхээ эдлэх бололцоог хаахаас зайлсхийж, тэнцвэртэй тогтоохыг удаа дараагийн шийдвэрүүдийн үндэслэлдээ тайлбарласан байна.

Хүний эрхийн шалгуураар бие махбодын дарамт, шахалт үзүүлээгүй ч ганцаардал, нийгмээс тусгаарлагдмал байлгах нь хүний сэтгэл санаанд хүчтэй нөлөөлөл үзүүлж, шаналал бий болгож байвал үүнийг эрүүдэн шүүлт хэмээн үздэг. Ямар ч тохиолдолд ял эдлүүлэх үйл явц нь гэм буруутай этгээдийг гэмээ ойлгох, цаашид биеэ зөв авч явах, нийгмийн дотор зан үйлээ зохистой хэмжээнд зохицуулж сурахад туслалцаа үзүүлэх бүтэцтэй байх ёстой. Гэтэл ганцаардуулах байдлаар хүнийг яллах, орон гэрт нь хорьсноор сургамж, хүмүүжил гэхээсээ илүү хүнийг зохисгүйгээр зовоох, цаашлаад нийгэмдээ эргэн нийлэх чадваргүй болгох сөрөг талтай. Энэ утгаараа шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суух тоотоор хязгаарласан нь зорилгодоо нийцээгүй, хүний эрхийг хэт хязгаарласан шинжтэй болжээ.

Ийнхүү зорчих эрхийг хязгаарлах ялын анхдагч зорилгоос нь гажуудуулж, ялтныг гэрт нь “хорих” байдлаар хэт хязгаарлавал ялаас үүдэн хувь хүн, нийгэмд бий болох сөрөг үр дагавар нь өндөр тул Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, мөн хуулийн  1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Шүүгчийн зүгээс дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд санал гаргасан боловч олонх өөр байр суурийг баримтлахаар дэмжсэн тул цаашид Эрүүгийн хуулийн зорилго, зарчмыг хангаж, эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой гэх үүднээс энэхүү тусгай саналыг гаргасан болно.

 

ШҮҮГЧ                            Б.АМАРБАЯСГАЛАН
  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 


[1] Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, “Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн тэмдэглэл”, 2015.02.10 үзнэ үү

[2] 2022.01.12 №18, 2022.03.23 №60, 2022.06.22 №120, 2022.06.29  №127, 2022.10.19 №153, 2023.01.04 №5, 2023.01.25 №16, 2023.02.01 №33, 2023.05.24 №89, 2023.06.28 №96, 2023.10.11 №140, 2024.02.21 №14, 2024.04.17 №54, 2024.05.15 №69, 2024.10.09 №119, 2024.10.30 №124, 2024.11.13 №131 г.м

[3] Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 119 дугаар тогтоол, https://www.supremecourt.mn/mn/printc?id=36762

[4] Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн тусгай санал, https://www.supremecourt.mn/mn/printa?id=36762&tp=2&s=56