![]() |
||||||
| МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ | ||||||
|
Б.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ бид Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/664 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ДШМ/549 дугаар магадлалтай Б.М-д холбогдох 240903342003 эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцсон болно. Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал болон П.Сарантуяа нарын гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэх талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонх өөр байр суурийг дэмжин шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 36.1.4 дэх хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн тусгай санал бичив. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/664 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.М-ийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байрны гадна өөрийн төрсөн ах болох Б.Ц-ийг машинаасаа буухад гартаа байсан хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, толгойн тус газар нь олон удаагийн үйлчлэлээр цавчиж, цохиж гэмтээсний улмаас түүний эрүүл мэндэд зүүн зулайн цөмөрсөн хугарал, зуүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулай дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, дагз, зүүн зулай, баруун чамархайн хуйх, дух, зүүн хацарт шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жил 8 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М-ийн “оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргалын “шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Гэмт хэрэг гэдэг нь хүний үйлдэл, эс үйлдэхүй, түүндээ хандсан сэтгэхүйн харьцааг багтаасан цогц ухагдахуун мөн. Иймд дан ганц үйлдэлд тулгуурлан гэмт хэрэгтэн бие хүний гэмт зан үйлд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй билээ. Тодорхой тохиолдолд гэмт хэргийн субъектив талын шинжийг тогтоохын тулд үйлдэл, эс үйлдэхүйн шинж, үйлдлийн аргаас гадна, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, ашигласан зэвсэг, хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын хоорондын харилцаа холбоо зэрэг хэргийн нөхцөл байдалд өргөн хүрээнд дүн шинжилгээ хийхийг шаарддаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаанаас гадна тэдний гаргасан зан авир, үйлдлийн эхлэл, өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс үйлдэл, үйл явдалд хандаж байгаа хандлага, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсоны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно. Хүний зан үйл судлалын үүднээс санаатай гэмт хэрэг үйлдэх үед субъектийн гэмт үйлдэл нь хэд хэдэн үе шатуудыг дамжин хэрэгжинэ гэж үздэг. Тодруулбал, юун түрүүнд хүнд мөнгө олох хэрэгцээ, олон жилийн турш хүчирхийлэл, дарамтад байсны улмаас үзэн ядалт, өс хонзонгийн сэтгэл үүсэх гэх мэтчлэн гэмт хэрэг үйлдэх хэрэгцээт байдал үүсдэг. Хэрэгцээт байдал нь тухайн хүнд дутагдаж буйгаа нөхөх гэсэн байнгын хүсэл эрмэлзлийг бүрдүүлдэг тул гэмт хэргийн шалтгаан, сэдэлт болж хувирдаг. Ийнхүү хэрэгцээт байдалд австаны дараа гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг өөртөө санаатай бүрдүүлэх, эсвэл тохиолдлын нөхцөл байдал бүрдэх үед түүнийг ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлдэг. Үр дүн нь субъектийн хүссэн буюу зорьсонд хүрээгүй, давж биелсэн, эсхүл хүссэнээс өөрөөр бий болж болно. Гэмт хэрэг үйлдэх суурь шалтгаан болж буй тэрхүү хэрэгцээт байдал нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй байх тул түүнээс үүсдэг сэдэл, гэмт санаа, зорилго зэрэг гэмт хэргийн субъектив талын шинжүүдийг тогтоохын тулд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэх шаардлага зүй ёсоор үүсдэг. Үүнд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өссөн болон амьдралын орчин, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл, гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдал болон бусад хүчин зүйлсийг багтааж болно. Субъектийн гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдал нь эмнэлгийн болон хууль зүйн хосолмол шалгууруудаар тогтоогддог онцлог ойлголт юм. Тухайн цаг хугацаанд субъект өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ухамсарлах, үйлдлээ удирдан жолоодох, шийдвэр гаргах чадварт нөлөөлөх сэтгэцийн түр зуурын, эсхүл архаг эмгэг, хямрал байсан эсэхийг мэргэжлийн тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч тодорхойлно. Харин тэрхүү хямрал, эмгэг нь тухайн цаг хугацаанд хэр хүчтэй илэрснээс хамаарч хэрэг хариуцах чадваргүй, эсхүл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, онцгой тохиолдолд хөнгөн ялтай бие даасан гэмт хэрэг болгон хуульчилдаг нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйд болоод олон улсад нийтлэг тогтсон хандлага мөн. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах буюу аффект гэдэг нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн онол болон шүүхийн практикт нэгдмэл агуулгаар тодорхойлж хэвшсэн ойлголт юм. Тодруулбал, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг бүрэн удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ. Гэвч энэ нь сэтгэцийн өвчин биш тул гэмт этгээдийг хэрэг хариуцах чадваргүй гэж үздэггүй. Харин хөнгөн ял оногдуулах үндэслэлд тооцож, бие даасан гэмт хэрэг болгон хуульчилдаг. Санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчдах явдал нь зөвхөн тухайн үед л илэрсэн хохирогчийн зүй бус үйлдлээс гадна удаан хугацааны туршид давтамжтай үргэлжилсэн хүчирхийлэл, маргааны улмаас субъектийг сэтгэл санааны хувьд хүнд нөхцөлд оруулснаас хуримтлагдсан стресс, шаналал, зовлонгоос үүсэж болно. Энэ нь гэмт хэрэг үйлдэх үед хохирогчийн гаргасан зүй бус үйлдлээр өдөөгдөн сэдэрч, өндөр зэргийн тэсрэлтээр илэрдэг. Улмаар тухайн хүн сэтгэцийн үйл ажиллагааны хувьд хүчтэй хөөрөлд автаж өөрийн үйлдлийг бүрэн удирдан жолоодох чадваргүй болдог байна. Уг шинжээрээ бусад төрлийн сэтгэцийн эмгэг, хямралуудаас ялгардаг. Үүнийг Улсын дээд шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор дараах агуулгаар тайлбарласан: “...Гэмт этгээдийн хувьд хохирогчийн халдашгүй байдалд халдах бодол түргэн зуур бий болдог боловч хохирогчийн нэг удаагийн үйлдлээс гадна удаа дараа үргэлжилсэн, эсхүл амьдралын хэвшил болсон зүй бус зан үйлийн үр дүнд үүснэ. Ялангуяа ахуйн хүрээнд үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийлэл, байнгын шинжтэй хэрүүл маргаан, зөрчил, хүндээр доромжлох, эд хөрөнгийн болон бусад эрхийн хязгаарлалт, аливаа үйлдэл, эс үйлдэл хийлгэхээр албадах зэргээр сэтгэл санааны шаналал, зовлон, стресс зэрэг нь удаан хугацаанд хуримтлагдсанаар өндөр зэргийн тэсрэлт илэрч, гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтгаан, нөхцөл болдог байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн зүй бус үйлдэл нь цаг хугацааны хувьд зөвхөн гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн байхаар хязгаарлагддаггүй болно”. Б.М-д холбогдох хэргийн хувьд хохирогч гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргадаг байсан, гэртээ агсам согтуу тавьдаг, шүүгдэгчид болон өөрийн төрсөн ээждээ хатуу ширүүн ханддаг байсан, эдгээр нөхцөл байдлууд шүүгдэгчийн сэтгэл зүйн байдалд нөлөө үзүүлсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Цаашлаад энэ нь Б.М-ийн гэмт зан үйлийн суурь шалтгаан, хэрэгцээт байдлыг бүрдүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Хохирогч Б.Ц нь “Б.М-ийн хажууд ярилцмааргүй байна, та гараад ир” гээд ээжийгээ дуудан гаргаж ирэх үед Б.М нь тэднийг гарч байхыг харсан ба ээж нь түүнд “Чи цаашаа бай” гэж хэлээд гарсан. Хэсэг хугацааны дараа хохирогч Б.Ц ээжтэйгээ орон сууцны гадаа талбайд машин дотроо ярилцаж байх үед Б.М гарч ирснийг ээж нь хараад “Энэ энд юу хийж яваа юм бол” гэж хэлэхэд хохирогч Б.Ц “Хөөе чи” гээд дуудахад нь Б.М машины урд хэсэгт үсэрч гаран хохирогчийг машинаас буух үед гэрээсээ авч гарсан хутгаар толгой руу нь олон удаа цохиж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдэл эхэлсэн, үргэлжилсэн цаг хугацаа зэргээс харвал тухайн мөчид хохирогчийн зүгээс шүүгдэгчид өмнө удаан хугацааны турш хуримтлагдсан стресс, гомдол, шаналлыг “сэдрээж, өндөр зэргийн тэсрэлтэд хүргэх зүй бус үйлдэл гаргасан” гэж дүгнэх боломжгүй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь “Би бодохдоо ээжийг хамгаалах гээд согтуу хүн байсан болохоор ажиглах гэж гэрээс гарсан” гэж мэдүүлж байснаас гадна тэрээр “Миний уур хүрч, ээжийгээ өрөвдөөд тэсэлгүй ахыг айлгах гэж гэрт байсан хутгыг авч, түүнд гэмтэл учруулсан” гэж давж заалдах гомдолдоо дурдаж байсан зэрэг нь дээрх үндэслэлийг давхар нотолж байна. Шүүгчийн зүгээс дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд санал гаргасан боловч олонх өөр байр суурийг баримтлахаар дэмжсэн тул цаашид Эрүүгийн хуулийн зорилго, зарчмыг хангаж, эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой гэх үүднээс энэхүү тусгай саналыг гаргасан болно.
|
||||||
