МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

Э.М, Ч.Т, Д.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан би Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/613 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ДШМ/482 дугаар магадлалтай Э.М, Ч.Т, Д.Б нарт холбогдох 2004 00091 0942 эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдож, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлан гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонх дэмжээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 4, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасны дагуу дараах тусгай саналыг бичив.

 

Хэргийн агуулга, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын талаар:

 

2020 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Б” дүүргийн Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн тусламж авахаар хохирогч Б.Б-г тус эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан Э.М нь гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүй, зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүй,

 

хохирогч Б.Б-г 2020 оны 07 дугаар сарын 01-ний өглөө “Г” төвд эмнэлгийн тусламж авахаар ирэхэд тус төвийн эмчээр ажиллаж байсан Ч.Т нь зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүй,

 

мөн хохирогч Б.Б-г 2020 оны 07 дугаар сарын 03-12-ны хооронд “Э” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд тус эмнэлгийн эрүү, нүүр, гэмтэл согогийн мэс засалч эмчээр ажиллаж байсан Д.Б нь зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүй буюу Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-т заасан хэм хэмжээг тус тус зөрчсөний улмаас Б.Б нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийг өршөөн хасч, шүүгдэгч нарыг биечлэн эдлэх ялгүйд тооцсон ба давж заалдах шатны шүүх энэхүү шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Ч.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шийтгэх тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Тусгай санал бичих болсон үндэслэл:

Эрүүл мэндээ хамгаалуулах, хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь хүний үндсэн эрх бөгөөд “бусад эрхүүдийг хэрэгжүүлэх суурь төдийгүй өөр хүмүүсийн эрхтэй салшгүй холбоотой, хосолмол шинжтэй”[1] юм. Энэ үүднээс Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжуудаар уг эрхийг баталгаажуулж, төрөөс хүн амын эрүүл мэндийг онцгой анхаарал, ивээлд авч, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрэлт хэрэгцээнд нийцсэн байдлаар, хүртээмжтэй үзүүлэх үүргийг хүлээсэн.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь дээрх зорилгод нийцүүлэн мэргэжлийн үйл ажиллагаагаа шударгаар биелүүлэх үүрэгтэй. Тодруулбал, Дэлхийн эмч нарын холбооноос баталсан “Олон улсын эмч нарын ёс зүйн код”-д эмчийн нэн тэргүүний үүрэг нь өвчтөний эрүүл мэнд, биеийн байдлыг сайжруулах тусламж, үйлчилгээг эмчлүүлэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн оновчтой, шуурхай үзүүлэхээс[2] гадна учирч болох хор уршгийг аль болох бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхийн төлөө мэрийн ажиллах[3], холбогдох тэмдэглэл, баримт материалыг зөв, шуурхай хөтлөх[4] хэмээн тодорхой тусгажээ. Өөрөөр хэлбэл, аливаа өвчин, осол, гэмтлийн улмаас өвчтөний амь нас, эрүүл мэндэд нь аюултай байдал бий болсон тохиолдолд тухайн нөхцөл байдалд тохирсон, шуурхай, оновчтой тусламжийг бүрэн хэмжээгээр үзүүлэх нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүний үүрэг. Ийнхүү мэргэжлийн тусламж үзүүлэх явцад гаргасан шийдвэрийн үр дагаврыг тухайн эмч бүрэн хариуцах ба шаардлагатай тохиолдолд бусад мэргэжлийн эмч нартай зөвлөлдөх, хамтран ажиллаж боломжтой. [5]

Дээрх үүргийнхээ хүрээнд эмчлэгч эмч оновчтой, үр дүнтэй эмчилгээний арга хэлбэрийг сонгохын тулд тухайн эмчлүүлэгчид өмнө нь ямар эмчилгээ, оношилгоо хийгдсэнийг илтгэх эмнэл зүйн албан ёсны баримтууд болох өвчтөний түүх, онош, эмчилгээний үйл явц, үр дүнгийн талаар бусад тэмдэглэл, баримт бичгүүдтэй танилцаж, тэдгээрт тусгагдсан мэдээллийг нягталсны үндсэн дээр “аливаа дүгнэлт шийдвэрийг бодит байдалд тулгуурлан үнэн зөв гаргах”[6] учиртай.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд “Г” төвийн яаралтай тусламжийн тасагт их эмчээр ажиллаж байсан Ч.Т нь тус төвд эмнэлгийн тусламж авахаар ирсэн хохирогч Б.Б-д учирсан “зүүн бугуй болон хамрын хазуулсан шарх” нь нохойд хазуулсны улмаас учирсан болохыг зөв оношилсон атлаа тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ зөвхөн өвчтөнөөс өөрөөс нь асуумж авах хэлбэрээр хязгаарлаж, яаралтай тусламжийн хуудас, бусад эмнэлгийн баримтыг шалгаагүй, урьд ямар тусламж үйлчилгээ үзүүлсэн, ямар вакцин, тарилга хийлгэсэн (анх яаралтай тусламж авахаар ирсэн өвчтөнд эмч өвчин намдаах, эсвэл цус тогтоох зэрэг тариа хийсэн байж болох бөгөөд удаах эмч нь үүнийг нарийвчлан тогтоох үүрэгтэй байсан) болохыг нарийвчлан, гүйцэд тодруулаагүй байна.

Хохирогчид учирсан байсан гэмтэл нь хөрс шороогоор бохирдсон бол сахуу, татрангийн халдвар авахаас сэргийлж, татрангийн вакцин хийж болох ч тус вакциныг хийсэн эсэх нь амьтанд хазуулснаар хамар нь тасарсан өвчтөнд хойшлуулшгүйгээр галзуугийн эсрэг вакцин болон иммуноглобулин эмчилгээг заавал хийх үүргээ биелүүлэхгүй, эмчилгээ хийхгүй орхигдуулах шалтгаан үндэслэл болохгүй.

Хохирогч Б.Б 2020 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 04 цагийн үед “Б” дүүргийн Эрүүл мэндийн төвд очиход галзуугийн эсрэг вакциныг хийгээгүй боловч өглөөний 07:00 – 08:00 цагийн “Г” төвд очиход галзуугийн эсрэг вакцины анхны тунг хийлгэсэн тохиолдолд дараа дараагийн тунг авах, амь нас аврагдах боломжтой байсан тул Ч.Т-ын үүрэгт ажилдаа хайнга хандсан, зохих ёсоор биелүүлээгүй явдал нь хохирогч нас барах шалтгааны нэг болсон гэж үзнэ.

Мөрдөн байцаалтын явцад авсан гэрч, шинжээчдийн мэдүүлэг, мөн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Ч.Т нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг тогтоосон байдаг.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба шүүгчийн зүгээс дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын шийдлийг хэвээр үлдээх асуудлаар шүүх бүрэлдэхүүний олонхоос өөр саналтай байсан тул энэхүү тусгай саналыг бичив.

 

 

                          ШҮҮГЧ                                               Б.АМАРБАЯСГАЛАН

 

[1] Лүндэндорж Н., Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар, (Улаанбаатар: Адмон, хэвлэлийн компани, 2022), 206 дахь тал

[2] Article 1, International Code of Medical Ethics (adopted 1949) World Medical Association, https://www.wma.net/policies-post/wma-international-code-of-medical-ethics/

[3] Article 14, Ibid

[4] Article 21, Ibid

[5] Article 6, Ibid

[6] Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаал, Эмнэлгийн мэргэжилтны ёс зүйн дүрмийн       4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг