Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хиймэл оюун ашиглан хураангуйлах
| Шүүгчийн нэр | Б.Цогт |
| Шийдвэрийн огноо | 2025.10.15 |
| Шийдвэрийн дугаар | 2025/ХШТ/101 |
| Хэргийн индекс | 195/2025/0062/Э |
| Маргааны төрөл | None |
| Хуулийн зүйл, заалт | 15.1.3 |
| Шийдвэрлэсэн байдал | Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгасан |
| Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2025.02.17, дугаар: 512 |
| Анхан шатны шүүх | Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
| Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2025.06.04, дугаар: 708 |
| Давж заалдах шатны шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
Г.Х-, Э.Н-нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ц.Оч, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Г.Ганбат, шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Т.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 512 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 708 дугаар магадлалтай, Г.Х-, Э.Н- нарт холбогдох 2402000812073 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Х-ы гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хаалттай хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ял шийтгэлгүй, Н.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ял шийтгэлгүй, Х.
Шүүгдэгч Э.Н- нь Н-ийн ... эмчээр ажиллах явцдаа, өвчтөнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн холбогдох заалтад хамаарах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өвчтөнг тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас, тусламж үйлчилгээний хожимдол гаргаж, тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэлзүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн ... настай, эмэгтэй Б.О-г дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй ба зохих ёсоор хүлээлгэн өгөөгүйн улмаас, өвчтөн Б.О- нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яаралтай тусламжаар хүргэгдэн, эмчлүүлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан,
шүүгдэгч Г.Х- нь Н-ийн дуудлагын ... эмчээр ажиллах явцдаа, өвчтөнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн холбогдох заалтад хамаарах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өвчтөнг тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас, тусламж үйлчилгээний хожимдол гаргаж, тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэлзүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн, ... настай, ..., Б.О-г дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй ба зохих ёсоор хүлээлгэн өгөөгүйн улмаас, өвчтөн Б.О- нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яаралтай тусламжаар хүргэгдэн, эмчлүүлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Н, Г.Х- нарыг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож
шүүгдэгч Э.Н, Г.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг тус бүр гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Н, Г.Х- нарын эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Х-, Э.Н- нарт оногдуулсан торгох ялыг тус бүр гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ..." гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Х-, Э.Н- нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Х- гаргасан гомдолдоо “... 2024 оны 02 дугаар сарын 01 ний өдөр Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У нь Г.Х-, Э.Н- нараас Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 4.8 дугаар зүйлийг удирдлага болгон холбогдогчоор мэдүүлэг авч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 02 дугаар сарын 01 өдөр шууд Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Сандуйд гаргаж Иргэн Б.О- (24/эм ) 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Гэтэл Улсын мөрдөн байцаах албанаас Н улсын ахлах байцаагч Т.У 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шинжээчийн эрх, үүрэг тайлбарлан, хууль сануулсан баталгааг гаргуулж шинжээчээр томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоолд гарын үсэг зуруулжээ.
Шинжээчээр томилогдсон Т.У- нь урд нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч хууль зөрчиж 2024оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн мөрдөгч Г.Х-, Э.Н- нарыг яллагдагчаар татаж, прокурор яллах дүгнэлтийг яллах талын нотлох баримт болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнийг шүүх шийтгэх тогтоолд үндэслэн, гэмт буруутайд тооцож нотлох баримт болгон үнэлжээ.
Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй Г.Х- миний анхны үзлэгийг хийхэд хохирогч бие байдал дунд амин үзүүлэлт хэвийн гэж үнэлээд цаашид авах арга хэмжээг ээжид нь нэг бүрчлэн хэлж өгөөд явсан байдаг энэ үйл явцыг тогтоож өгөөч гэж хүсэлт гаргахад ээж Э нь 2 удаа эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар байцаалт авхуулаагүй шүүхэд шилжүүлсэн байдаг энэ хүнээс мэдүүлэг авахад миний цагаанаар эрэмбэлээд зөвлөгөө өгөөд зохих ёсоор нь хийсэн гэж үзэж болохоор, гэтэл дараагийн эмч 12 цагийн дараа үзлэг хийхэд байдал нилээд муудсан байсан гэдэг ингээд өвчтөн хөлөөрөө өрөө Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд нас барах хүртэлх 36 цаг болоход яагаад нэгдсэн эмнэлэг мөртлөө хойшлуулшгүй арга хэмжээ аваагүй энэ хугацаанд шинжилгээ хийсэн гэх боловч анхны тусламжийг үзүүлээгүй хожимдол энэ байдалд хүргэсэн гэж үзэж байна.
Харин эмнэлгийн анхны тусламж үзүүлэхээр яаралтайгаар ороод нас барах хүртэлх хугацаа 26 цаг буюу тус эмнэлгийн хоногийн нас баралт болсон яагаад энэ эмч нар хариуцлага алдаагүй гэж үзээд байгаа юм бэ адилхан тангараг өргөсөн эмч нар миний үйлчлүүлэгч Эрүүл мэндийн яамны MNS6717:2018, Эрүүлийн мэндийн сайдын 2021А/814 тоот тушаалын яаралтай эрэмбэлэлд дээр цагаан буюу хүлээгдэх боломжтой гэж эрэмбэлэн ангилаад ар гэрийнхэнд зөвлөгөө өгөн гэрт нь үлдээсэн.
Халуун бууруулах эм уусан, 2 удаа бөөлжсөн гэсэн өгүүлэмжтэй тул тухайн үеийн улирлын чанартай ритровирус болон интеровурис дэгдэлтийн үе байсан тул вирусын гаралтай ханиад гэж урьдчилан оношлоод эм эмчилгээ зөвлөж үлдээсэн байдаг.
Ар гэрийнхэн хохирогч элэгний архаг хууч өвчтэй байсан, мөн архи согтууруулах ундаа хэрэглэснийг нуун дарагдуулсан мөрдөн шалгах ажиллагааг бодитой бүрэн гүйцэд хийгээгүй хэдийд ямар архи хэн хэнтэй уусан архи ууснаас хойш ийм олон хоног болж байхад зүгээр болдоггүй архи биш өөр юм уусан зэргийг талаар ямар ч мэдүүлэг байцаалт аваагүй.
Архи уусан талаар нуун дарагдуулах нь оношлоход төөрөгдөл учруулсан. Намайг очсоноос хойш дараагийн дуудлагын эмч 12 цагийн дараа очсон. Дараагийн дуудлагын эмчийг очиход өвчний үндсэн зовуурь илэрсэн байдаг.
Талийгаачийн ар гэрийн гомдол анх харьяа дүүргийн эмнэлэг болох Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажилчдын ёс суртахуун, хүнд суртал, анхны тусламжийг зохих ёсоор нь хийгээгүй өвчтөний хажууд урьдчилан дүгнэлт гаргасан өвчний нууцлалын зэрэгт халдсан эсэхэд гомдол гаргасан байдаг.
Энэ хэрэгт хохирогч хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь Н-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтэн албан тушаалтай бөгөөд Н- улсын байцаагч Т.У-г (шинжээчээр дүгнэлт гаргасан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан)-тай илтэд ашиг сонирхлын зөрчилтэй буйг мэдсээр атал шинжээчээр томилж дүгнэлт гаргуулж нотлох баримт цуглуулсан байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд ноцтой нөлөөлсөн гэж үзэх үндэстэй.
Иймд Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтаар тогтоосон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Г.Х-ы өмгөөлөгч Г.Ганбат хэлсэн тайлбартаа “... шүүгдэгч Г.Х-аар өөрөөр нь гомдол гаргуулсан шалтгаан нь миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас тайлбар гаргаж оролцсон. Мөн гомдол гаргах үед Монгол улсад байгаагүй. Гомдлын агуулгын хувьд давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартай ижил байгаа. Гол асуудал нь энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ялангуяа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулаагүй. Хэрэгт 2 удаагийн дүгнэлт гарсан байдаг. Нэгдүгээрт, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт нь үхлийн шалтгааныг тогтоосон дүгнэлт байсан бөгөөд энэ дүгнэлтээр эмчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа зохих ёсоор биелүүлээгүй эсэх асуудлаар дүгнэлт гараагүй. 2 дахь дүгнэлтийг мөрдөгч, прокурор хяналт дор дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээчтэй холбоотой заалтыг ноцтой зөрчсөн. Энэ дүгнэлтээр шүүгдэгч Г.Х-, Э.Н-нарыг эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих стандарт удирдамжийн дагуу явуулаагүй гэсэн боловч уг дүгнэлтийг гаргасан Нийслэлийн эрүүл мэндийн газрын хяналтын байцаагч н.У анх гомдлоор нь зөрчлийн хэрэг гэж шалгаж байсан. Энэ нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрэн эрхтэй боловч энэ ажиллагааг хийхдээ 2 шүүгдэгчээс холбогдох мэдүүлэг, тайлбарыг авсан, аваад уг хэргийн зөрчлийн хэргийн материалыг эрүүгийн хэргийн гэмт хэргийн шинжтэй байна гэсэн дүгнэлт хийгээд прокурорт шилжүүлсэн. Үүний дагуу прокурор хүлээж аваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, энэ ажиллагаа явцад улсын байцаагч н.У-г шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Гэтэл энэ хэрэгт н.У нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч байсан атлаа өөрөөр нь дүгнэлт гаргуулсан. н.У-гийн дүгнэлт гаргах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн. н.У-гийн дүгнэлтээс өөрөөр 2 шүүгдэгчийг стандарт удирдамж зөрчиж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн нотлох баримт, дүгнэлт байхгүй. Тиймээс энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаар хэлэлцэх үндэслэл болсон гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад яаралтай тусламжийн буюу “103”-ын эмч нарын хувьд Эрүүл мэндийн сайд баталсан ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг мөрдөн шалгах ажиллагааны явцад огт шалгаагүй. Түргэн тусламжийн эмч нар нэгдүгээрт, дуудлагаар очсон тохиолдолд зөвлөгөө өгөөд гэрт нь үлдээх. Энэ нь нийт дуудлагын 70, 80 хувь байдаг. Хоёрдугаарт, эрэмбэлэн ангилаад нэн яаралтай тусламж үзүүлэхээр шинж тэмдгүүд байвал уг хүнийг зохих харьяаллын эрүүл мэндийн байгууллагад хүргэж, хүлээлгэж өгөх чиг үүрэгтэй. Түүнээс авсан дуудлага бүрээ бүгдийг нь эмнэлэгт хүргэх ёстой гэсэн нөхцөл бололцоо байхгүй. Ажлын байрны тодорхойлолтоороо ч гэсэн зөвлөгөө өгч үлдээх эрх нь байгаа юм. Хоёрдугаарт, шүүгдэгч Г.Х-ыг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт очиход хохирогчийн биеийн байдал хүнд биш, ухаан санаа саруул, амин үзүүлэлтүүд нь хэвийн, мөн тодорхой анализ буюу өөрийнхөө өвчин зовуурийн шалтгаан нөхцөлийн талаар эмчийн асуултад бүрэн дүүрэн хариулаагүй, архи согтууруулах ундааг Шинэ жилийн үе байсан учраас олон өдөр хэрэглэсэн шиг байсан, мөн элэгний архаг өвчтэй талаар огт хэлээгүй байсан. Тиймээс энэ тохиолдолд ганцхан чагнууртай очсон эмч биеийн байдлын ерөнхий байдал нь харьцангуй хэвийн байхад эмнэлэг рүү тээвэрлэх бус зөвлөгөө өгөх нь ажлын байрны тодорхойлолт болон бодит байдалд тохирч байсан. Гэтэл эмнэлэгт хүргэсэнгүй гэж ялласан. 2023 оны 12 дугаар сарын 23-ны 3 цагт Э.Н- эмчийг очсоны дараа хохирогч эмнэлэг рүү очсон. Улмаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд нийтдээ 26 цаг эмчилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж авсан. Энэ бол цус алдалт биш. Энэ нь биеийн нийт организмын х, э үйл ажиллагааны дутагдал юм. Мөн шинжээчийн дүгнэлтээр ямар хордлого вэ гэдэг нь тогтоогдоогүй. Эдгээр үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гараагүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Э.Нарангэрэлийн өмгөөлөгч Т.Ганзориг хэлсэн тайлбартаа “... шүүгдэгч Г.Х- болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Түргэний эмчийн хувьд асуумжаар дүгнэлт хийдэг бөгөөд цааш нь хүргэх болон эрэмбэлэх асуудлыг өнгөөр ялгадаг. Энэ хэргийн хувьд “103”-ын оператор алдаа гаргасан асуудал ажиглагддаг бөгөөд давтан дуудлага гэдгийг шүүгдэгч Э.Н-д хэлээгүй. Улмаар тухайн үед биеийн нөхцөл байдлыг нь үзээд, зөвлөгөө өгөөд явсан. Үүний улмаас хоцрогдол үүссэн гэдэг асуудал яригддаг. Хэрэв давтан дуудлага гэдгийг мэдсэн бол манай үйлчлүүлэгчийн хувьд цааш нь хүргэх ажиллагааг хийх байсан. Түргэний эмч нар тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийж, тухайн өвчтөний биеийн байдалтай холбогдуулан асуумжаар дүгнэлт хийдэг. Гэтэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн биеийн ерөнхий байдлаа мэдэгдээгүй нь залуу хүний хувьд ээжийнхээ хажууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ мэдэгдэхгүйн тулд худлаа хэлсэн асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогддог. Гэвч эдгээр нөхцөл байдлуудад огт дүгнэлт хийгээгүй. Хохирогчийн ар гэрийнхэн шүүгдэгч нарт гомдол гаргаагүй бөгөөд Баянгол дүүргийн эмнэлэгт гомдол гаргасан байхад эдгээр шүүгдэгч нарыг холбогдуулан шалгасан. Эмнэлэгт очоод 28 цаг болсон асуудлын талаар дүгнэлт хийгээгүй. Шүүгч нар бүхэлд нь хянах учраас энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүгдэгч Г.Х-ы гаргасан гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Г.Х-, Э.Н-нар нь Н-ийн дуудлагын ... эмчээр ажиллах байхдаа 2023 оны 12 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд ... настай, ... Б.О-г дуудлагын дагуу очиж үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй ба зохих ёсоор хүлээлгэн өгөөгүйн улмаас, өвчтөнд тусламж үйлчилгээний хожимдол үүсэж, улмаар эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй нөхцөл байдал үүсэж, амь нас нь хохирсон болох нь нотлогдон тогтоогджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ эсхүл зохих ёсоор биелүүлээгүй” гэж үзэх үндэслэл нь эмч, эмнэлгийн ажилтан буюу эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4 дүгээр зүйлийн 3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах", Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ санаатай зөрчсөн эс үйлдэхүйн шинжийг хангасан байх бөгөөд үүний улмаас хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр нь хүндэтгэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйдээ санаатай, харин хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжтэй байдаг. Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуульд эмчийн эмчилгээ, оношилгооны эрэмбэ дараа, хийж гүйцэтгэх ажиллагааны талаар тодорхой хуульчилж өгсөн. Тэгвэл шүүгдэгч Г.Х-ы эс үйлдэхүй буюу өвчтөний эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн эмнэлэгт хүргээгүй үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 691 дүгээр дүгнэлтэд тусгагдсан “эмч Г.Х-ы 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б.О-ийн биед үзлэг хийсэн түргэн тусламжийн хуудаст бичигдсэн үзлэг болон онош нь өөрийн мэдүүлэгтэй зөрж байгаа тул үнэлэх боломжгүй байна” гэсэн, гэрч Ц-гийн “2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 45 минутад иргэн Э-гаас “охин дотор муухайраад огиод бөөлжөөд унах гээд байна” гэсэн дуудлагыг хүлээн аваад, 15 цаг 39 минутад эмч Г.Х- эмчид хуваарилсан” гэсэн, шүүгдэгч Г.Х- шүүх хуралдааны явцад мэдүүлсэн “зовуурь гэвэл халуурч, хэвлий хэсгээр өвдөж байгаа гэсэн. Хоолойг нь харахад жаахан улайсан байсан тул хоолойны салст улайсан байна, гадуур иймэрхүү ханиад байгаа гэж хэлээд, зөвлөөд үлдээсэн. Одоо би өөрийгөө зөвтгөх нотлох баримтгүй байгаа ч ямар нэгэн өндөр настны нэр дээр талийгаачийн оношийг тавьсан байж болзошгүй юм” гэсэн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан өвчтөний биеийн байдалд үзлэг хийсэн, үнэлсэн талаарх түргэн тусламжийн хуудсан дахь бүртгэл, мэдээлэл зөрүүтэй байгаа зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, дээрх баримтуудаар түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн гүйцэтгэх талаар Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл болон дээрх хуулиудад нийцүүлэн гаргасан “Түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журам”-д зааснаар дуудлагын төрөлд хамаарах өвчний хам шинжийг зөв ялган эрэмбэлээгүй, энэ үйлчилгээг үзүүлэхдээ өвчтөний биеийн байдлыг үнэлэхэд хамгийн түрүүнд зөв асуумж, дуудлага өгсөн нөхцөл байдалтай тогтож танилцсаны дараа үзлэг хийж, эмнэл зүйн шинжид дүгнэлт хийх талаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу санаатай зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна. Шүүгдэгч Э.Н-ийн эс үйлдэхүй буюу өвчтөний эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн эмнэлэгт хүргээгүй үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн. Тухайн хүний хувьд асуултад чөлөөтэй хариулж байсан болохоор ногоон өнгөөр эрэмбэлсэн. Ногоон эрэмбэ нь эмнэлэгт өөрөө очих чадвартай, яаралтай тусламж шаардлагагүй гэж үзсэн. Тухайн өдрийн хувьд дуудлага ачаалал нэлээд их байсан. Анх очих үед бие нь шардуу туяатай байсан болохоор элэгний архаг хууч өвчин, цусны архаг хууч өвчин байгаа юу гэж асуухад “байхгүй, ямар нэгэн өвчин байхгүй” гэж хариулсан. Эмнэлэг хүргэж өгөх ёстой ч ногооноор эрэмбэлээд биеийн байдал нь тогтвортой байсан болохоор үлдээгээд би дараагийн дуудлагадаа явсан.” гэсэн мэдүүлэг нь амь хохирогчийн биед үзлэгийг Эрүүл мэндийн тухай хуульд заасан үүргийн дагуу зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, өвчтөнийг эмнэлэгт хүргэх бүрэн боломжтой байсан боловч санаатай зөрчсөн, энэ нь гэрч В.Ц-гийн “Эмч Э.Н-д тухайн шөнө 1 дуудлага хуваарилж өгсөн нь энэ дуудлага юм” гэсэн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа бөгөөд Б.О-ийн биед үзлэг хийж эрэмбэлэн, онош тавьж, эмчилгээ зөвлөсөн боловч оношийг бүрэн батлахын тулд дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай байсан үүргээ санаатай биелүүлээгүй болох нь нотлогдон тогтоогдсон байна. Гомдолд дурдсан Эрүүл мэндийн сайдын А/814 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчийг эрэмбэлэх журам”-тай танилцахад, уг журмын 3.1-д Яаралтай тусламжийн эрэмбэлэл нь өвчнийг оношлох бус үйлчлүүлэгчийн эмнэл зүйн байдлыг үнэлэх зарчимд тулгуурлана.” гэж заасан бөгөөд эмнэл зүйн хам шинжийг эрэмбэлэх дэс дараалал бүрээр нарийвчлан тогтоож өгсөн баримт бичиг байна. Тэгвэл шүүгдэгч нарын үйлдэл буюу өвчтөний биеийн байдалд хийсэн дүгнэлт, эрэмбэлэлд нь өвчний илэрч буй байдал, өвчтөний биеийн байдалд тохироогүй байх шинж илэрч байсан баримт хэрэгт авагдсан байгаа. Тодруулбал, 2 удаагийн дуудлагад бөөлжинө, толгой эргэнэ, таталт өгсөн гэх мэт асуудал яригдаж, тэмдэглэгдэж байсан, хохирогч, гэрч нарын мэдүүлэг авагдсан нь эдгээр эмч нарын өвчтөнд хийсэн яаралтай тусламж шаардлагатай эрэмбэлэлтэд тохирохгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн асуудалд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Э.Н-нарт холбогдох хэргийг шүүгдэгч Г.Х-ы гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооход чиглэгддэг бөгөөд гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
2. Н-ийн ... эмч Э.Н, Г.Х- нар нь Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлэгт заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт тодруулбал, “... эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эсхүл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг холбогджээ.
Амь хохирогч Б.О-ийн эмгэг судлалын шинжилгээний 48/2023 дугаар протоколд “... Ээжээс асуумж авлаа. 12/18-ны өдрөөс 3 өдөр дараалан шинэ жилийн баярт оролцоод 12/21-ний үүрээр 4 цагийн үед гэртээ ирсэн. Өглөө босоод цээж, хэвлийгээр өвдөөд байна гэсэн зовиур хэлсэн, дараа нь бөөлжиж эхэлсэн, бөөлжилтийн тоо олон байсан тул 12/22-ны өдөр 16 цагийн үед 103 дуудаж үзүүлэхэд хоолой өвдөж ханиад хүрсэн байна гээд эмчилгээ зөвлөөд буцсан. Шөнө 2 цагийн үед таталт өгч дахин 103 дуудаж үзүүлэхэд бөөлжилтийн эсрэг тариа хийгээд буцсан. Зовиур дээрдэхгүй, биеийн байдал муудаад байсан тул өөрсдөө БДЭМТ-ийн ЯТТ-т ирсэн” гэх өгүүлэмжтэй,
3.Эрчимт эмчилгээний үзлэгийн тэмдэглэлд “... шинэ жил тэмдэглэж явахдаа даарсан байж магадгүй, архи уусан, хурц хоол идсэн гэнэ. 1 сарын өмнө бөөр өвдөөд тариа хийлгэдэг байсан” гээд төгсгөлийн онош гэсэн хэсэгт “... бодисын солилцооны хэт хүчилшил хүнд зэрэг, олон эрхтний дутагдал, бөөрний цочмог дутагдал, хордлогын шалтгаант элэгний цочмог дутагдал, архины шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, архины гүн хордлого, в вирусын шалтгаант элэгний архаг үрэвсэл” гэж тэмдэглэгдсэн баримт сэлт хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэгдсэн байна.
Гэтэл “... толгой өвдөж, дотор нь муухайрч огиж бөөлжөөд байна” гэсэн дуудлагын дагуу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 39 минутад очиж “2 цагийн өмнөөс толгой эргээд, шилэн хүзүү хөшиж нүд бүрэлзээд байхаар нь 103-т дуудлага өгсөн” гэж хэлсэн дагуу үзлэг хийж зөвлөгөө өгөөд тухайн дуудлагыг цагаанаар эрэмбэлсэн гэх Н-ийн ... эмч Г.Х-,
түүний дараа 2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 03 цаг 30 минут орчим “бөөлжөөд таталт өгөөд байна” гэх дуудлагын дагуу очиж амь хохирогчийн ахын мэдүүлснээр “... эмч даралт, судасны цохилт зэргийг үзээд бөөлжиж байгаа гэсэн чинь бөөлж...ийн эсрэг тариа судсаар нь хийж өгсөн”, “... өглөөнөөс дээрх зовиур илэрсэн, гэрээр авсан арга хэмжээ байхгүй, эмчид үзүүлээгүй гэнэ. Архаг хууч өвчингүй, гэрээр тогтмол хэрэглэдэг эм тариа үгүй, харшилдаг эм, тариа үгүй, артерийн даралт 120/80. Мэс засалд орж байгаагүй, бэртэл гэмтэл үгүйсгэнэ. Эпид анамнез үгүйсгэнэ. Архи, тамхи хэрэглэдэггүй” гэж тэмдэглэж ногооноор эрэмбэлж 03 цаг 42 минутад явсан ... эмч Э.Н- нарыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын хяналтын улсын байцаагч Т.У-гийн “... эмч нар нь үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас тусламж үйлчилгээний хожимдол гарсан. Мөн эмч нар тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэл зүйн заавар, удирдамж, стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүй” гэх дүгнэлт болон амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээч нарын “... Н-ийн эмч нар нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/294 дугаартай түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журмын 3.3.4 дэх хэсэгт заасан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учрах эрсдэлтэй тохиолдолд холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэх явцад мэдэгдэн бэлэн байдлыг хангуулж, гараас гарт хүлээлгэн өгнө гэсэн заалтыг баримтлаагүй” гэсэн үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь учир дутагдалтай гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь ... эмч Г.Х-, Э.Н-нар нь түргэн тусламжийн тусгай дугаар /103/-т хандсан яаралтай бус хүлээгдэлтэй дуудлагад хамаарах хам шинж /бөөлж..., халуурах/-тэй өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн биеийн байдлыг асуумжид тулгуурлан тогтоож, амин үзүүлэлт, эмнэл зүйн шинжийг нь харгалзан өөрийн мэдлэг, дадлага туршлагад үндэслэн зохих тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна.
Өөр өөр дуудлагын дагуу тус тусдаа ирсэн эмч нарыг биечлэн үзлэг хийх үед Б.О-ийн амь тэнссэн буюу амь нас эрсдэх, амин эрхтний үйл ажиллагаа зогсох аюул шууд заналхийлж, эмнэлгийн сэхээн амьдруулах тусламжийг хойшлуулшгүйгээр 2-5 минутын дотор эхлэх шаардлага үүсээгүй байсан бөгөөд амин эрхтний үйл ажиллагаа ноцтой алдагдаж, цаашид амь нас нь эрсдэх өндөр магадлалтай, нэн яаралтайгаар эрчимт эмчилгээг 10 минутын дотор үзүүлж эхлэхгүй бол эрүүл мэндэд шууд аюул учрах эрсдэл бий болоогүй байсан учир эмч нарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу “эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэж хүргээгүй, тээвэрлэх явцад бэлэн байдлыг хангуулж гараас гарт хүлээлгэн өгөөгүй” гэж буруутгах үндэслэлгүй болно.
4.Мөн түргэн тусламжийн эмч нар өвчний шалтгаан, зовиурыг оношлох зорилгоор асуусан асуумжид нас барсан хохирогч болон түүний ар гэрийнхэн үнэн, зөв хариулаагүй, “... 3 өдөр дараалан шинэ жилийн баярт оролцсон” тухайгаа нууж огт хэлээгүйн улмаас хордлогын шалтгаант өвчнийг оношилж чадаагүй эмч нарыг “... үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлж чадаагүй”, “эмнэлгийн тусламж үзүүлээгүй” гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд ... эмч Э.Н, Г.Х- нарыг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин шинжээчийн дүгнэлтэд дурдсанчлан ... эмч Г.Х-ы “... ажлын их ачааллаас болж түргэн тусламжийн хуудсыг тухайн өдөртөө бичиж амждаггүй учраас нөхөн бүртгэхдээ үйлчлүүлэгчийн зовиурыг андуурч буруу бичсэн” явдал нь амь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоогүй бөгөөд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бус харин гүйцэтгэсэн ажлаа тайлагнах явцад гаргасан мэргэжлийн алдаа байх тул Хөдөлмөрийн болон бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал болно.
5.Н-ийн ... эмч Э.Н, Г.Х- нар нь эмчийн тангаргаа сахиж, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг зохих ёсоор буюу өвчтнөөс авсан асуумжид тулгуурлан өвчтөний биеийн байдлыг үнэлж, өвчний хам шинжийг тодорхойлж зөвлөгөө, заавар өгч, бөөлжилтийн эсрэг тариа хийх зэргээр үзлэгийг зохих ёсоор бүрэн хийж гүйцэтгэсэн тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгахаар шийдвэрлэлээ.
Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж буй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтлэг ач холбогдолтой, нотолгооны стандарт шаардлагад хамаарах дараах асуудлыг зориуд тэмдэглэвэл зохино гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
6.Нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, төрсөн эгч Б.Ц нь Н-ын ажилтай бөгөөд тэдний “... Эрүүл мэндийн яамны салбарын хяналтын газрын даргад гаргасан гомдлыг шалгасан Н-ийн Т.У-нь “зөрчлийн талаарх гомдол нь гэмт хэргийн шинжтэй байна” гэсэн үндэслэлээр гомдлыг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн атлаа уг шилжүүлсэн асуудлынхаа хүрээнд буюу шалгуулсан эмч нарыг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх талаар “Шинжээчийн дүгнэлт” гаргасан явдал нь холбогдох хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журам, дүрэмд нийцэхгүйгээс гадна гэмт хэрэгт шууд сэрдэгдэж шалгагдсан Э.Н, Г.Х- нарыг гэрчээр байцаасан явдал нь Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбарт харшилсан хуулийн хэрэглээ болохыг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 512 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 708 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, Г.Х- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.Н, Г.Х- нарыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Г.Х-ы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
Б.ЦОГТ