МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар: 001/ХТ2021/01122
Улаанбаатар хот

Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар        

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02399 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар магадлалтай,                                                                                                            

Д-ын нэхэмжлэлтэй,

“Г” ХХК, Б нарт холбогдох 

Гэм хорын хохиролд 344,552,822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг              

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагч “Г ” ХХК-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагч Б ын өмгөөлөгч А.Даваабилэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Амь хохирогч Х  нь 1989.01.28-ны өдөр төрсөн, Швед улсад ажиллаж амьдарч байгаад 2016.05.08-ны өдөр эх орондоо ирсэн бөгөөд “Г” эмнэлэгт нурууныхаа зургийг авхуулахад нурууны мэдрэлийн ёзоор дарагдсан байна, мэс ажилбар хийлгэх шаардлагатай гэсэн. 2016.05.17-ны өдөр нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орж, мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зүрх зогсож, эмчлэгдэж байгаад 2016.05.18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшлийн шоконд орж нас барсан. “Г” эмнэлэгт их эмч ажилтай Б-д холбогдох эрүүгийн 201626030675 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018.12.21-ний өдөр хянан хэлэлцэж Б ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон 01 тоот шийтгэх тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд талийгаач Х ийн амь насыг 50,000,000 төгрөгөөр үнэлж, хариуцагч Б болон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-аас тус тус хуваан гаргуулна.

2 дахь шаардлага нь амь хохирогч Х ийн хүүхдүүд болох Б , Б  нарыг 18 нас хүртэл талийгаач ээжийнх нь сар болгон олж байсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого 1,080,000 төгрөг гаргуулах шаардлага. Х  нь сар бүр монгол төгрөгөөр 6,000,000 төгрөгийн цалин орлого, жилд нийт 72,000,000 төгрөгийн цалин орлоготой байсан бөгөөд Х ийг нас барахад 3 настай байсан хүү Б ийг 18 нас хүртэлх 15 жилээр тооцож үзэхэд 1,080,000,000 төгрөг байна. Гэвч монголд дундаж цалин хөлс бага тул “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн гаргасан дүгнэлтэд үндэслэж, тус улсад эмэгтэй хүний дундаж цалин хөлс болох 1,052,500 төгрөгөөр тооцож Х ийн ирээдүйд олох байсан орлого 280,952,822 төгрөгийг мөн хариуцагч нараас хувааж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Мөн уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явц удаашралтай, 10 гаруй мөрдөн байцаагч, 5-6 прокурор солигдон ажилласан, хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэнэ гэхэд эргэлзээ төрүүлж байсан тул хохирогч тал 3 өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулсны хөлсөнд 13,600,000 төгрөг төлсөн тул хариуцагч нараас хуваан гаргуулна. Иймд анх шүүхэд 1,143,600,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 344,552,822 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна. “Г” эмнэлэг нь Монгол Улсын чанарын баталгаажуулалтгүй, ямар үйлчилгээтэй нь тодорхойгүй тариаг хохирогчид хийсэн. Мэдээгүйжүүлэлтийн 4 төрлийн тарианы 2 нь солонгос бичигтэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй байсан тул тус эмнэлэг гэм буруутай үйлдэлд хамаатай гэжээ. 

Хариуцагч “Г” ХХК-ийн гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.21-ний өдрийн 01 тоот шийтгэх тогтоолоор Б-ыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон этгээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул Б  хариуцах ёстой. Иймд “Г” ХХК хариуцах үндэслэлгүй. Дээрх шийтгэх тогтоолд ...1,180,000,000 төгрөгийг “Г ” эмнэлгээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхив гэж дүгнэснээс шүүх хохирогчийн гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй, хохирол, гэм буруу нотлогдоогүй гэж үзэж байна. Мөн шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан нь тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдээгүй гол үндэслэл юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Г” ХХК-аас ямар нэг гэм хорын хохирол төлбөр гаргаагүй, дээрх шийдвэр хүчин төгөлдөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй баримт тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь Х-ийн амь насыг ямар үндэслэл, баримтад тулгуурлан 50,000,000 төгрөгөөр тодорхойлж байгаа нь ойлгомжгүй. Х-ийн хүүхдүүд болох Б, Б  нарыг 18 нас хүртэл талийгаач ээжийнх нь сар болгон олж байсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг хариуцагчаас гаргуулна, Х-ийн сарын орлого монгол төгрөгөөр 6,000,000 төгрөг гэж тайлбарлах боловч Х-ийн сарын цалин хөлс, орлогыг ирээдүйд олох байсан гэсэн төсөөлөл дээр үндэслэн тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн өмгөөлөгчид төлсөн үйлчилгээний хөлс болох 13,600,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд өмгөөлөгч нь өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхдээ талууд хөлсийг гэрээгээр харилцан тохиролцож, иргэний эрх зүйн талуудын чөлөөт байдлын зарчим дээр үндэслэн тогтоодог бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эсэх нь түүний эрхийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч авах нь нэхэмжлэгчийн үүрэг биш тул өмгөөлөгчийн хөлсийг гэм хорын хохиролд хамааруулан иргэний журмаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон гэм хорын хохирлыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй тул манайд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б-ын шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний бие 2014 оны 02 сараас эхлэн “Г” эмнэлэгт хөдөлмөрийн гэрээгээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж эхэлсэн ба ажил үүргээ биелүүлж байх хугацаанд урьдчилан таамаглах боломжгүй хэт мэдрэгшлийн урвал үүсч, хүний амь нас эрсэдсэнд гүнээ харамсаж мөнхийн сэтгэл эмзэглэж явдаг ч, өөрийнхөө зүгээс ажил үүргээ зохих ёсоор биелүүлснийхээ төлөө ялтан болж, ял шийтгэгдэн, эрхээ хасуулан мэргэжлээрээ ажиллах, амьдрах боломжгүй болж яваадаа гомдолтой байдаг. Эмч хүний хувьд эрдэнэт хүний амь насыг хохирооё гэж эмчилгээ хийдэггүй, аль болохоор аврая, туслая, эрүүл болгоё гэсэн сэдэл, сэтгэлээр ажил үүрэгтээ ханддаг. Дээрх дурдсан харамсалтай тохиолдлын хувьд хэдий намайг гэм буруутай гэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч надад бодит үйл баримтыг зөв үнэлж дүгнээгүй, намайг хэлмэгдүүлсэн гэсэн бодол байнга явдаг учраас энэ удаа мөн тайлбарлахыг хүслээ. Тухайн үед өвчтөнд мэдээгүйжүүлэг хийхийн өмнө үзлэг хийхдээ, мөн мэдээгүйжүүлэг явуулах үедээ ч Монгол Улсын стандарт, зааврын дагуу мэдээгүйжүүлэг хийсэн. Гэтэл эмч хүний өдөр тутам баримталдаг эмчилгээ үйлчилгээний стандартанд байхгүй, миний ажил үүргийн хуваарьт заагдаагүй үүргийг гүйцэтгэсэнгүй гэдгээр намайг буруутган шийтгэж, эмчлэх эрхийг 3 жилээр хасч, хоёр жилийн хорих ял оногдуулж, шийтгэл эдэлж яваадаа одоог хүртэл харамсаж явдаг. Тодруулахад мэдээгүйжүүлэгч эмчийн баримталдаг стандартад мэдээгүйжүүлгийн бодист харшил бий эсэхийг шалгах зорилгоор сорил тавьж шалгана гэсэн үг өгүүлбэр байхгүй, гэхдээ харшил бий эсэхийг өвчтөнөөс асуумжаар асуусан байхад асуугаагүй, сорил тавиагүй гэх Монгол улсад байхгүй стандарт, заавар мөрдөхийг шаардан шийтгэл оногдуулсанд үнэхээр их гомдож явдаг. Миний хувьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй, эмчлэгч эмч М-гийн хагалгаанд орох заалт гаргасан өвчтөнд хагалгааны багийн шийдвэрийн дагуу, эмнэлгийн цаанаас олгосон эм, тариагаар мэдээгүйжүүлэг хийж, эмчийн үүргээ зохих ёсоор үзүүлсэн хэдий ч мэдээгүйжүүлэх үйл ажиллагааны явцад урьдчилан таамаглах боломжгүй мэдээгүйжүүлгийн хэт мэдрэгшил үүсч, амь насыг нэг удаа аварсан боловч дахин урвал хүндрэл явагдан хоёр дахь удаад амь насыг аварч чадаагүй харамсалтай үйл явдал тохиолдсон. Иргэн Б мэргэшлээ муу эзэмшсэн, хууль тогтоомжид заагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, эсвэл хайхрамжгүй хандаж, хөнгөмсөгөөр найдсан гэх мэт миний субъектив хүсэл зоригоос огт шалтгаалаагүй, миний оронд мундаг, төгс сайн эмч байсан ч яг ийм нөхцөл байдал үүсэх байсан. Хүний амь эрсэдсэн энэ үйл баримт нь анагаахын шинжлэх ухааны хөгжил судалгаа дутуугийнх уу, тухайн хүний бие организмын онцлог уу, Монгол улсад мөрдөж буй стандарт хэм дутуу дулимаг уу гээд өнөөдрийг хүртэл хаана гажилт байв гэдэгт маш их шаналан боддог боловч, ганц мэдэж байгаа зүйл маань ямар ч эмч байсан яг над шиг эмчилгээ үйлчилгээний стандартад заагдсан үүргээрээ л ажиллана, энэ эрсдэлийг урьдчилан харж эрсдэлийг тооцон тогтоох боломжгүй, чадахгүй байсан гэдгийг мэддэг юм. Энэ үйл баримтын дүнд нэг хүн амь нас хохирч, цаана нь хань ижил, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан нь насаараа намайг зүхэж, надад гомдож, миний ард хань ижил, үр хүүхэд төрөл төрөгсөд минь надтай ижил ял шийтгэл эдлэн шаналж яваа учраас тайлбарыг дахин дахин, давтан давтан хэлмээр байдаг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн аваад давж заалдаагүй, гомдол гаргаагүй, энэ тайлбарлаад байгаа үнэнийг тогтоолгох гэж яваагүйн шалтгааны хувьд, тогтоол гарсны дараа буюу 2019.01.03-ны өдөр нөхөр маань яаралтай журмаар элэг солиулах хагалгаанд орж, хагалгааны дараа ухаан орохгүй, ухаан санаа самуурч байхдаа, байнга шүүх, цагдаа ярьж дэмийрэн миний хувьд маш их шаналж, хурдан салах, дуусгахыг хүссэн, хамгийн гол нь цаана нь хүний амь нас яригдаж байгаа учир хүлээцтэй хандаж, хүн өнгөрчихөөд байхад өөрийгөө л өмгөөлж хамгаалаад байгаа нь хүн чанарын хувьд зохисгүй гэж үзээд орхисон байдаг. Үүнээс гадна 2 жил 7 сарын турш цагдаа шүүхээр явж, сэтгэл санаа болон эд хөрөнгийн хувьд туйлдсан байсан тул цааш нь явах, үнэнийг олж тогтоолгох чадал, хүсэл зориггүй болсон байсан. Гэтэл өнөөдөр өөрөө хүн алсан болоод, насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй ийм их өр төлбөрт унах болоод явна гэж бодоогүй. Иргэн миний өнцгөөс харахад хүний амь нас мөнгөөр үнэлэгдэж хэмжигддэг зүйл гэж ойлгохгүй байгаа, мөнгийг нь төлөхөөр сэргээгддэг, арилчихсан хор уршиг биш баймаар. Хүүхдүүдийн тэтгэлэгт нэхэмжилж буй 1,000,000,000 төгрөгийг би насаараа, миний үр хүүхэд насаараа төлөөд төлж дийлэхээргүй төлбөр байна. Миний бие энэ үйл баримт болох үед “Г” эмнэлэгт хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан. Тэгэхээр ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар тухайн ажилтанг ажиллуулж буй ажил олгогч хариуцна гэж заасан байх тул би энэ хэргийн хариуцагч биш байна. Иймд надад холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02399 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйл, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 77,952,500 төгрөг, хариуцагч Б-аас 77,952,500 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188,647,822 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Г” ХХК-иас 468,737.5 төгрөг, хариуцагч Б-аас 468,737.5 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02399 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “508 дугаар зүйл, 509 дүгээр зүйлийн 509.1” гэснийг “508 дугаар зүйлийн 508.3” гэж, “Г ” ХХК-аас 77,952,500 төгрөг” гэснийг “Г” ХХК-аас 31,048,750 төгрөг” гэж, “Б-аас 77,952,500 төгрөг” гэснийг “Б-аас 31,048,750 төгрөг” гэж, үлдэх “188,647,822 төгрөгт” гэснийг “үлдэх 282,455,322 төгрөгт” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Г” ХХК-иас 468,737.5 төгрөг, хариуцагч Б-аас 468,737.5 төгрөгийг” гэснийг “Г” ХХК-аас 313,193,75 төгрөг, хариуцагч Б-аас 313,193.75 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.08-ны өдрийн 57 дугаартай магадлалын Б-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Д  нь хариуцагч “Г” ХХК болон Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд амь насны хохирол 50,000,000 төгрөг, талийгаач Х-ийн ирээдүйд олох байсан орлого 280,952,822 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13,600,000 төгрөг, нийт 344,552,822 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулах шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс талийгаач Х-ийн амь насны хохиролд 50,000,000 төгрөг, түүний ирээдүйд олох байсан орлого Б-аас 77,952,500 төгрөгийг гаргуулах, давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж Б-аас 31,048,750 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасан гэм хор учруулсны төлбөр 31,048,750 төгрөгийг гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж, тооцооллыг буруу гаргасан. Иргэний хуулийн 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гээд хуулинд гэм хор учруулсны төлбөрийг хэрхэн яаж ямар орлогоос тооцохыг маш тодорхой заасан. Гэтэл шат шатны шүүх “нас барагчийн цалин хөлс, орлого”-оос биш “Хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан”-д гэх зүйлд дурдсан 2019 оны 4 сарын судалгаагаар Монгол хүний дундаж цалин хөлс буюу 1,052,500 төгрөгийг шууд хохирогчийн цалин хөлс гэж үзэж хохирол төлбөр тооцоолоод байгааг ойлгохгүй байна. Хуулиар ямар орлогоос хэрхэн яаж, тооцоолохыг шууд заасан байхад ингэж тодорхойгүй, бусдын цалин хөлсний жишгээр тооцоолж байгаа нь шүүх шийдвэрийг хэт нэг талын эрх ашгийг барьж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж, шаардаж буй үндэслэлээ нотлоогүй байхад хууль бус дүгнэлт өгч шийдвэрлээд байна. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасан хохирлын тооцооллыг хийхдээ буруу тооцоолсон гэж зөвтгөн тооцоолохдоо мөн алдаа гаргасан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийг хэрэглэхдээ нас барагчийн цалин, хөлс орлогоос өөрт болон хөдөлмөрийн чадвартай этгээдэд оногдох хэсгийг хасч, хөдөлмөрийн чадваргүй асрамжинд байсан этгээдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч зөрүүг олгодог. Хавтас хэргийн 19 хуудсанд насанд хүрээгүй 2 хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж 155,000 төгрөг авдагийг нотолсон баримт байгаа боловч шүүх энэ тэтгэврийг хохирлоос хасч тооцсонгүй. Мөн хавтас хэрэгт талийгаач хэдүүлээ амьдардаг эсэх, түүнтэй хамт хөдөлмөрийн чадвартай болон төлбөр авах эрхгүй хэдэн хүн амьдардаг эсэх бичгийн баримтаар нотлоогүй байхад шууд ам бүлийг 4 гэж аваад, орлогыг 4 хуваагаад 2 хүүхдэд оногдох хэсгийг гаргуулж /тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хасалгүйгээр/ байгаагаас харахад хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлэхгүй, баримт байхгүй байхад тогтоогдож байна гээд үзэж байгаа нь анхнаасаа гэм буруутай юм чинь хохирол төлбөр гаргах нь тодорхой гэж шийдвэрлээд байна гэж харж байна. Үнэхээр ингэж шийтгэх тогтоолтой ялтан, гэм буруутай юм чинь ямар нэг байдлаар хохирол төлбөр төлөх ёстой гэж нотолгоо баримт байхгүй байхад шийдвэр гаргаж, эхийг эцээж, тугалыг тураахгүй шийдвэр гаргах юм бол иргэн эмч, бусдыг аврахаар явж байсан миний хүсэл зориг, буруу үнэхээр эрүүгийн гэмт хэргийн шинж үйлдэл байсан уу, эмнэлэг ямар буруутай байсан гээд хүнийхээ үүднээс өнгийгөөд харж болох байсан. Иргэний хуулийн 498 зүйлд би хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан, буруутайгаас учруулсан хохирлыг хэн яаж хариуцах, ажил олгогчоос гаргуулах, мөн хуулийн 498.5-д шаардлагатай бол ажил олгогч ажилтнаасаа буцаан нэхэмжлэх эрх байсаар байхад зөвхөн нэг талаас харж шийдвэрлээд байгаад миний зүгээс гомдолтой байна. Иймд магадлалаар Б аас гаргуулахаар шийдвэрлэсэн 31,048,750 төгрөгийн тооцооллыг хянан үзэж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.08-ны өдрийн 57 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч тал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт           “Харин шүүх гэм хорын хохирлын хэмжээг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн амь нас хохироосон гэм хорын хохирлыг 50,000,000 төгрөгөөр үнэлж шаардсан нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцэх эсэхийг дүгнээгүй, амь насны хохирол гэж шаардсаныг сэтгэл санааны хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул зөвтгөх шаардлагатай, амь насны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна...” гэжээ. Хүн бол байгалийн амьтан, дэлхий дээр 7,5 тэрбум хүн амьдарч байгаа гэсэн. Энэ нь хангалттай олон гэсэн үг. Тиймээс хүн гэдэг бодгалийн амь нас нэг ч төгрөгний үнэ хүрэхгүй гэсэн агуулгаар бусдын буруутай үйлдлийн улмаас 27 насандаа хань ижил, үр хүүхдүүдээ орхиод зуурдаар нас барсан амь хохирогчийг үл хүндэтгэсэнд гомдолтой байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр:

Туулай, чандага 500 төгрөг, Хандгай 12 сая төгрөг, Аргаль 13 сая төгрөг, Тахь 13 сая төгрөг, Цоохор ирвэс 13 сая төгрөг. Гэтэл Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг тунхаглан зарласан улсын шүүх хүний амь насыг туулайны дайтай ч үнэ хүрэхгүй гэж үзсэн нь буруу гэж бодож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй” гэснийг давж заалдах шатны шүүх зөрчиж амь насны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй гэх үнэлэлт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11., 4.22-г хэрэглэвэл зохих байсан гэж үзэж байна. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид хүний амь насны талаар дараах зохицуулалт байдаг. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн: Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1: бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах, татварын өрийг хураах болон шүүхийн шийдвэрээр гаргуулах бусад төлбөр, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.8.3: хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон гэм хорыг арилгах үүрэг үүссэн, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1: гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1: Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй  үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1: Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1: Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна. Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1: Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Эдгээрийг харгалзан үзэж магадлалд өөрчлөлт оруулж, амь нас хохироосон гэм хорын хохирол болох 50,000,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.11-ний өдрийн 183/ШШ2019/02399 дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.08-ны өдрийн 57 дугаар магадлалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр, магадлал нь дараах үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Нэг. Шүүх нь нэхэмжлэгч шаардлагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон талаар үндэслэлгүй тайлбар, дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэсэн тухайд. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ “Мөн нэхэмжлэгч 280,952,822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа талийгаач Х ийн ирээдүйд олох байсан орлого гэж тодорхойлсон боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан амь хохирогч Х ийн хүүхдүүд болох Б , Б  нарыг 18 нас хүртэл талийгаач ээжийнх нь сар болгон олж байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хариуцагчаас гаргуулна гэх тайлбараар шүүх нэхэмжлэгчийг хохирогч нас барсантай холбогдуулж гэм хорын хохирол учруулсны төлбөрийг шаардаж байна гэж дүгнэлээ” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч 280,952,822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа талийгаач Х ийн ирээдүйд олох байсан орлого гэж тодорхойлсон ба үүнийгээ нэхэмжлэгч нь өөрөө ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, тодруулаагүй ийм шаардлагын хүрээнд шүүхийн мэтгэлцээн өрнөсөн. Нэхэмжлэгчээс энэ шаардлагаа өөрчлөөгүйг шүүх бүрэн дүүрэн мэдэж байсан атлаа өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн тайлбарыг барьж “гэм хорын хохирол учруулсны төлбөрийг шаардаж байна” гэж дүгнэлт өгч байгаа нь үнэхээр байж боломгүй үндэслэлгүй тайлбар юм. Хэрэв шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг түүний өмнөөс өөрөө тодорхойлоод, өөрөө тайлбарлаад шийддэг бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардагаа тодорхойлох ямар ч шаардлагагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага байгаад ч хэрэггүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хэсэгт нэхэмжлэлийн шаардлага гэж байх ч хэрэггүй, хуульд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийхээр хязгаарласан зохицуулалт ч ямарч хэрэггүй юм. Бүр нарийвчлан хэлэх юм бол өмгөөлөгч нэг тайлбар хэлснээр нэхэмжлэгчийн өөрөө тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага тэр дороо өөрчлөгддөг, шүүхийн харж байгаагаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлдог байж хэрхэвч болохгүй юм. Үндсэндээ өмгөөлөгчийн тайлбарыг харж байгаад түүнийг бариад нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон гаргаж ирээд байгаагаа шүүх нуулгүй тайлбарласан байна. Өмгөөлөгч бол зөвхөн үйлчлүүлэгчтэй байгуулсан өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд болон хуулиар тодорхойлсон өмгөөлөгчийн эдлэж болох эрх үүргийн хүрээнд л оролцох хууль зүйн боломж, хязгаартай. Харин нэхэмжлэгчийн эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т хуульчилсан хүрээнд нэхэмжлэлээ өөрчлөх  онцгой эрхийг зөвхөн өөрөө хэрэгжүүлж оролцдог хуультай. Ийм хуулийн зохицуулалттайг шүүх мэдсээр байж үндэслэлгүйгээр "... гэм хор учруулсны төлбөрийг шаардаж байна гэж дүгнэлээ” гэж гажуудуулан тайлбарлаж энэ хэсгийн шаардлагыг тодорхойлох замаар шийдвэрлэсэн. Шүүх хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г “Хоёр хохирогчийн ирээдүйд олох орлогыг 280,952,822 төгрөг гэж шинжээчийн дүгнэлтэд үндэслэн нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлээ тайлбарлахдаа хэлсэн нь бүрэн дүүрэн тодорхойгоор тусгагдсан байна. Түүнчлэн шүүх хурлын асуулт хариултын шатанд хариуцагч “Г” эмнэлгийн өмгөөлөгч Л.Н “Ирээдүйд ийм хэмжээний орлогыг баталгаатай олох байсан гэдгийг тогтоосон нотлох баримт байгаа юу” гэж асуухад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г “Би бодохдоо үүнийг магадлалын онолоор гаргасан байх хохирогч нас барахдаа 27 настай Англи, Швед хэлтэй. Хэрэв Монголд байсан бол нөхрийн хамт сушины газар ажиллуулаад бидний нэхэмжилж байгаагаас илүү орлого олох байсан. Эсхул орчуулга хийгээд тодорхой хэмжээний орлого олох байсан байх” гэж хариулсан байгаагаас бүх зүйл тов тодорхой болох юм. Тиймээс шүүхийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... Амь хохирогч Х ийн хүүхдүүд болох Б , Б  нарыг 18 нас хүртэл талийгаач ээжийнх нь сар болгон олж байсан цалин хөлсш түүнтэй адилтгах орлогыг хариуцагчаас гаргуулна” гэх тайлбараас шүүх нэхэмжлэгчийг хохирогч нас барсантай холбогдуулж гэм хорын хохирол учруулсны төлбөрийг шаардаж байна гэж дүгнэлээ” гэж тайлбар, дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг дээрх байдлаар бүрэн дүүрэн илэрхийлэгдэж байна.

Харин энэ талаар Давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны журмаар гаргасан гомдолдоо дээр дурдсан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа анх яаж тодорхойлсон, шүүх хурал яг ямар шаардлагын хүрээнд хэлэлцэж, мэтгэлцсэн, гэтэл шүүх шаардлагыг буруу тайлбарласан зэргийн талаар гомдол гаргасаар байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Энэ талаар дүгнэлт хийлгүйгээр шууд “Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирлыг сар бүр олж байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогынх нь хэмжээгээр түүний хүүхдүүд болох Ба, Бо  нарт 18 нас хүртэл хугацаагаар тооцон нөхөн төлүүлэхээр шаардсаныг шүүх хангасан нь зөв боловч гэм хорын төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсгийг зөв хэрэглээгүй байна” гэсэн үндэслэлгүй тайлбар хийсэн. Давахын энэ тайлбар нь нэхэмжлэгч нь шаардлагаа “Юу” гэж тодорхойлсон талаар хуулийн хүрээнд дүгнэлт хийгээгүй, энэ талаар дүгнэлт хийхээс зайлсхийсэн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар хуулийг буруу хэрэглэсэн тухайд. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нь талийгаач Х-ийн амь насны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нотлох зорилгоор “Хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан” гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэхүү тайланд талийгаачийн амь насны үнэ цэнийг 55,876,700 төгрөгөөр тогтоожээ. Дээрх баримтыг шүүх шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй боловч энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байна” гэж шүүх өөрөөр тодорхойлсон. Шүүхийн ийнхүү “Дээрх баримтыг шүүх шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй” гэж дүгнэж байгаа нь үндэслэлтэй. Ийнхүү дүгнэсэн атлаа “Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргийнхээ хүрээнд “Итгэлт эстимэйт” ХХК-иар тогтоолгосон “Хүний амь насны хохирлын үнэлгээ”-г үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул нас барагчийн сарын цалин хөлс, орлогыг нэхэмжлэгчийн шаардсан 1,052,500 төгрөгөөр тогтоов” гэж тайлбарлан дүгнэлт хийж байгаа нь нэг шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт хоёр өөр агуулгаар зөрчилдөөнтэй байдлаар, үндэслэлгүй дүгнэлт, тайлбар хийсэн. Шүүх уг “Тайлан” гэхийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж үнэлэх ямарч боломжгүй. Учир нь шүүхээс шинжээч томилсон болон шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн ямарч зүйл байхгүй байхад “Хүний амь насны хохирлын үнэлгээ” гэхийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул ... гэж нас барагчийн сарын цалин хөлс, орлогыг нэхэмжлэгчийн шаардсан 1,052,500 төгрөгөөр тогтоов гэсэн нь боломжгүй бөгөөд үндэслэлгүй. Шүүхийн тайлбарлаж байгаа шиг бичмэл нотлох баримтын шаардлага хангасан гэх ойлголт нь нотлох баримтын нотолгооны чадварыг илэрхийлж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээчийг зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлт, эсхүл шүүхийн өөрийнх нь санаачлагаар томилох зохицуулалттай бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу, худал дүгнэлт гаргавал хуулийн хариуцлага хүлээх талаар болон хэрэгт ямар нэг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар хандах нөхцөл байдал байхгүйг тодруулж байж шинжээч томилогдож, дүгнэлт гаргадаг хуулийн зохицуулалттай. Ийм хуулийн хүчин төгөлдөр зохицуулалтын хүрээнд шинжээч томилогдоогүй, шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шинжээчийн дүгнэлттэй адилтган шүүхээс шууд дүгнэлт өгөх ямарч боломжгүй, шүүх үүнийгээ бүрэн дүүрэн ойлгож зөв тайлбарласан атлаа зарим хэсэгт дүгнэлт өгөхдөө түүнийг буюу “Тайлан” гэхийг шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд үнэлж тайлбарлан барьж, шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг илэрхийлж байгаа юм. Энэ талаар давж заалдах шатны шүүх нь “Хохирогч нь Швед улсад ажил хөдөлмөр эрхэлж, сарын 4,835,200 төгрөгийн цалин хөлс авч байсан талаарх баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан боловч “Итгэлт эстимэйт” ХХК-аар тогтоолгосон үнэлгээг үндэслэн сарын дундаж цалин хөлсний орлогын хэмжээг 1,052,500 төгрөгөөр тооцож шаардлагаа багасгасан байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсон сарын дундаж орлогын хэмжээгээр гэм хорын хохирлыг тооцсон нь хууль зөрчихгүй” гэж тайлбарласан. Гэтэл энэ баримтыг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх ямар ч эрх зүйн үндэслэлгүй. Шүүхээс шинжээч томилсон зүйл байхгүй. Нөгөө талаар, уг “Итгэлт эстимэйт” ХХК-ийн “Үнэлгээ” гэхийг гаргахдаа Монгол Улсын дундаж цалин хөлсний үзүүлэлтийг баримтлан тодорхойлж гаргасан ба үүнийг “хохирогчийн сар бүр олж байсан цалин хөлс” гэж үзэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч нь сар бүр 1,052,500 төгрөгийн цалин, хөлс олж байсан гэдгийг тогтоож нотолсон нэг ч баримт хэрэгт байхгүй байхад ийнхүү тайлбарлаж байгаа нь бодит байдалд огт нийцэхгүй юм. Шүүх хуульд “хэрхэн тодорхойлж заасан” байна тэр агуулгаар хуулийг ойлгож хэрэглэх ёстой. Гэтэл өөр өөрийн дураар хуулийн агуулгыг тайлбарлан хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхүүд нь мөн “Нэхэмжлэгч тал хохирогчийн сарын дундаж орлогыг дээрх байдлаар тодорхойлсныг хариуцагч баримтаар няцаагаагүй” гэж тайлбарласан. Гэтэл “нэг талаас гаргасан баримтыг нөгөө тал нь няцаагаагүй” гэх ойлголт нь уг “няцаагаагүй” гэх баримт өөрөө хуульд заасан үндэслэлээр тухайн нотлох гэж байгаа үйл баримтад шууд хамааралтай байх шаардлагатай төдийгүй, нотлох гэж байгаа үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байхыг хууль шаарддаг. Ингэж тайлбарлаж байгаагийн учир нь дээр дурдсан шиг хохирогч нь сар бүр 1,052,500 төгрөгийн цалин, хөлс олж байсан гэдгийг шууд тогтоосон, хамааралтай, ач холбогдолтой баримт биш юм. Энэ нь Монгол хүний сарын дундаж цалин 1,052,500 төгрөг байгааг л илэрхийлэх болохоос биш хохирогч нь сар бүр ийм төгрөгний цалин авч байжээ гэдгийг нотлон тогтоож байгаа баримт биш юм. Ийм баримтын оронд орлуулан үнэлэх боломжгүй, тиймээс энэ талаарх дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Ер нь шүүхүүд нь “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө багасгаж байхад хариуцагч хүлээн зөвшөөрөх ёстой” гэх хандлагаар, эсхүл “нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь хамааралтай, ач холбогдолтой байх хуулийн шаардлага хангаж байна уу гэх нь хамаагүй” хариуцагч нар няцааж чадаагүй юм чинь гэсэн хандлагаар хэргийн шийдвэрлэлтэд хандаж хуулийн хэм хэмжээг гажуудуулж байгаад гомдолтой байна. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасан “... гэм хор учруулсны төлбөрийг ...” гэх ойлголтыг, тус зүйлийн 508.2-т заасан “... түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэснийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалаас “Г ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д нь хариуцагч “Г” ХХК болон эмч Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,143,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талийгаач Х-ийн амь насны хохиролд 50,000,000 төгрөг, талийгаач Х-ийн ирээдүйд олох байсан орлого 280,952,822 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13,600,000 төгрөг, нийт 344,552,822 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...амь хохирогч Х нь 1989.01.28-ны өдөр төрсөн, Швед улсад ажиллаж амьдарч байгаад 2016.05.08-ны өдөр эх орондоо ирсэн бөгөөд “Г” эмнэлэгт нурууныхаа зургийг авахуулахад нурууны мэдрэлийн ёзоор дарагдсан байна, мэс ажилбар хийлгэх шаардлагатай гэсэн. 2016.05.17-ны өдөр нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орж, мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зүрх зогсож, эмчлэгдэж байгаад 2016.05.18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшлийн шоконд орж нас барсан. ...хохирлыг хариуцагч нараас хуваан гаргуулна” гэжээ.

Хариуцагч “Г” ХХК “...шийтгэх тогтоолоор Б-ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан тул гэм буруутай нь тогтоогдсон этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд Б хариуцах ёстой, манай байгууллагад хамааралгүй. ...1,180,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхив гэж дүгнээд, ...”Г” ХХК-аас ямар нэг гэм хорын хохирол төлбөр гаргаагүй, дээрх шийдвэр хүчин төгөлдөр байх тул шаардах эрхгүй” гэж татгалзсан тайлбар гаргасан.

Хариуцагч Б “...”Г” эмнэлэгт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үед энэ хэрэг гарсан, ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс учирсан хохирлыг ажил олгогч хариуцна гэж заасан тул би энэ хэргийн хариуцагч биш” гэж маргасан.  

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйл, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч нараас тус тус 77,952,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188,647,822 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх энэ шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт болон хариуцагч нараас тус тус 31,048,750 төгрөг гаргуулахаар өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д, талийгаач Х нар 2007.07.18-ны өдөр гэр бүл болж, 2008.12.17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2009.10.09-ний өдөр хүү Б, 2013.07.30-ны өдөр хүү Б нар төрсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Д, Б, Б  нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Х-ийн хууль ёсны өвлөгч, өв залгамжлагч мөн тул 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Д нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

“Г” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч Б мэдээгүйжүүлэгтэй холбоотой харшил бий эсэхийг сорил тавьж шалгаагүй, харшилтай эсэх талаар асуумж асуугаагүйн улмаас нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орсон Х-ийн зүрх мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зогсож, эмчлэгдэж байгаад 2016.05.18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшлийн шоконд орж нас барсан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Б-ыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эмчээр ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах шийтгэл ногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б  нь гэм буруугийн талаар маргасан боловч дээрх шийтгэх тогтоолоос үзэхэд “...талийгаач нь эмийн хорт бодист харшилснаас хэт мэдрэгшлийн шоконд орж нас баржээ. “Г” эмнэлгийн эмч нар талийгаач Швед улсад мэдээгүйжүүлэлтийн үед урьд нь мэдээгүйжүүлэх тарианд мэдрэг байсныг асуумжаар тогтоогоогүй байна” гэж шинжээчийн дүгнэлт гарсан буюу Б-ын буруутай үйлдлийн улмаас Х-ийн амь нас хохирсон, үйлдэл ба хохирлын хооронд шалтгаант холбоотой тухай хоёр шатны шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т зааснаар үнэлжээ.   

Өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын амь нас хохирч, гэм хор учирснаар хариуцагч нарт хэн алинд нь уг гэм хорыг арилгах  үүрэг хуулийн дагуу үүсэх бөгөөд мэс заслын эмчилгээний үед амь нас нь хохирсон тохиолдолд эмчээс гадна тухайн эмнэлэг хамтран хариуцлага хүлээх ёстой гэж ихэнх улс оронд үздэг байна. Учир нь үйлчлүүлэгч эмнэлгийг сонгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаатай холбоотой тул “Г” ХХК хохирлыг хариуцах үүрэгтэй.

Эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр нэхэмжлэгч Д нь тогтоогдсон, тэрээр гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй, мөн хариуцагч Б нь гэмт хэрэгт холбогдох үедээ “Г”-т мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж байсан байх тул “Г” ХХК-ийг хариуцагчаар татсан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт нийцсэн тухай хоёр шатны  шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

1. Талийгаач Х-ийн амь насны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч нь талийгаач Х ийн амь насны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн “Хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан”-д талийгаачийн амь насны үнэ цэнийг 55,876,700 төгрөгөөр тогтоожээ.

Анхан шатны шүүх “Хүний амьд явах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрх бөгөөд хариуцагч Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан тул амь насыг хохироосон гэм хорын хохирлыг 50,000,000 төгрөгөөр тооцон шаардаж буй нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн агуулгатай байх тул шүүх нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэн энэ шаардлагыг хангасан.

      Давж заалдах шатны шүүх “... шүүх гэм хорын хохирлын хэмжээг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн амь нас хохироосон гэм хорын хохирлыг 50,000,000 төгрөгөөр үнэлж шаардсан нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийн гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн зохицуулалтад нийцэх эсэхийг дүгнээгүй, амь насны хохирол гэж шаардсаныг сэтгэл санааны хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул зөвтгөх шаардлагатай, амь насны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна” гэж дүгнэн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “амь насны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах” тухай гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Тэрээр гомдолдоо “... бусдын буруутай үйлдлийн улмаас 27 насандаа хань ижил, үр хүүхдүүдээ орхиод зуурдаар нас барсан амь хохирогчийг үл хүндэтгэсэнд гомдолтой байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр туулай, чандага 500 төгрөг, хандгай 12 сая төгрөг, аргаль 13 сая төгрөг, тахь 13 сая төгрөг, цоохор ирвэс 13 сая төгрөг гэж тогтоосон...”, “...шүүх хүний амь насыг туулайны дайтай ч үнэ хүрэхгүй гэж үзсэн нь буруу гэж бодож байна.  ... амь нас хохироосон гэм хорын хохирол болох 50,000,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү” гэжээ.

Иргэний хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахдаа “иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчим”-д тулгуурлана.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар гэм хор учруулах нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн нэг болох бөгөөд 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэсэн зохицуулалт байна.

Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэсэн байх бөгөөд үүнд “хүний амь нас”-ны ойлголт хамаараагүй байна.

Харин мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэжээ. 

НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон Монгол Улсын Үндсэн хуульд “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх”-ийг хуульчилсан бөгөөд уг баримт бичгүүдэд “төр иргэнийхээ эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг нь сэргээх үүргийг хариуцах” тухай заасан байдаг.

“Амь нас хохирох” гэдэг бол хамгийн хүнд төрлийн хохирол, Үндсэн хуулиар олгосон “амьд явах эрх зөрчигдөж” улмаар тухайн этгээдийн ирээдүй, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго, итгэл найдвар дуусгавар болж, гэр бүл, ойр дотныхонд нь нөхөж баршгүй хохирол учрах тухай тайлбарлах шаардлагагүй.

Мэдээж хүний амь нас юугаар ч хэмжигдэшгүй үнэ цэнэтэй хэдий ч “амь” хохирсон үед амь насны эдийн засгийн үнэлгээг гаргаж, гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх нь төрийн үүрэг юм. Ийм үнэлгээ улс орнуудад ихээхэн ялгаатай байх бөгөөд нийтлэг байдлыг үзвэл тухайн орны эдийн засгийн чадвар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, дундаж цалин, дундаж наслалт зэрэг олон хүчин зүйлүүдээс үнэлгээний хэмжээ хамаардаг байна.

Иймээс ч Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно" гэж хохирол, хор уршгийг ялгаж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохирол, хохирол учирсны улмаас үүсэх үр дагаврыг хор уршигт тооцож хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэж хохирогчийн эрхийг тодорхойлсон байна.

Түүнчлэн “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж, “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулжээ.

Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэргийн хохирогчид эмчилгээний болон оршуулгын зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг төрөөс нөхөн төлбөр олгохтой холбоотой зохицуулалт байх боловч үүнд “амь нас”-ны хохирлын асуудал багтаагүй байна.

“....эмнэлэгт нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орсон Х ийн зүрх мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зогсож, эмчлэгдэж байгаад 2016.05.18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшлийн шоконд орж нас барсан” тул түүний амь насны хохирлыг Д  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар гэм буруутай этгээдээс мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу шаардах эрхтэй.

Дэлхий нийтийн чиг хандлагын хувьд эд хөрөнгийн хохирлоос илүүтэйгээр эрүүл мэнд, амь нас, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх нь хүний эрхийн үндсэн асуудал болж байх бөгөөд хүний амь насны үнэлгээг суурь үнэ, хохирол болон алдсан боломж буюу ирээдүйд олох орлого гэсэн зүйлээр хэмждэг байна. Мөн тухайн хүний боловсролын  байдал, цалин хөлс болон бусад орлогын хэмжээ, нас гэсэн хүчин зүйлсийг харгалзан үздэг ажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч нь “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2019.11.08-ны өдрийн “Хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан”-г шүүхэд ирүүлсэн ба энэ тайланд “амь насны хохирол, ирээдүйд олох байсан орлого”-ыг нийт 336,829,522 төгрөг, үүнээс Х ийн амь насны үнэлгээг 55,876,700 төгрөг гэсэн  байна. /хх-101-111/

Нэхэмжлэгч Д нь амь насны хохирлын шаардлагын хэмжээг 50,000,000 төгрөгөөр нэхэмжилжээ. Хариуцагч нар нэхэмжлэгчийн энэ шаардлагыг үгүйсгэсэн боловч  няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байна.

Хариуцагч эмнэлэг нь хохирлыг шууд зардлаар тооцож 18 сая төгрөгийг оршуулгын зардалд олгосон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлага шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх “...Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийн гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн зохицуулалттай, ...амь насны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж дүгнэн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.

Энэ тогтоолын эхний хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.9, 8.5 дугаар зүйлийн 1,2 дахь заалт буюу Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хууль нь 2002 оны хууль байна.

Иймээс Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн “амь насны хохиролд 50,000,000 төгрөг” гаргуулах шаардлагыг хангах нь иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд нийцнэ.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч “Г” ХХК нь тухайн үед Монгол улсад бүртгэлгүй, хугацаа нь дууссан зарим нэг эм тариа хэрэглэсэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18 дугаар зүйл болон Эмнэлгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу дээрх хариуцлагыг хүлээхийн зэрэгцээ 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэсний дагуу амь нас хохирсон гэм хорын хохиролд нэхэмжилсэн 50,000,000 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах бөгөөд энэ тогтоол нь мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхэд саад болохгүй.

2. ...280,952,822 төгрөг гаргуулах шаардлага буюу “...Амь хохирогч Х ийн хүүхдүүд болох Б , Б  нарыг 18 нас хүртэл талийгаач ээжийнх нь сар болгон олж байсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг гаргуулах” шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн өв залгамжлагч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 508.2-т зааснаар дээрх төлбөрийг Х ийн асрамжид байсан хүү Б, хүү Б  нар авах эрхтэй гэж хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.                        

Нас барагч Х нь Швед улсад ажиллаж амьдарч байсан, Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл болон орлогын албан татвар төлдөггүй байсан, хэрэгт авагдсан баримтуудаар Х  нь 1 сард 20,000 швед крон буюу 241.76 төгрөгтэй тэнцэх ханшаар тооцвол 1 сарын 4,835,200 төгрөгийн орлоготой байсан байна.

Нэхэмжлэгч нь “Хүний амь насны хохирлын үнэлгээ”-г үндэслэж шаардлагаа багасгасан байх тул нас барагчийн сарын цалин, хөлс орлогыг 1,052,500 төгрөгөөр тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх 1,052,500 төгрөгийг төлбөр авагч Б, Б  нарт хуваарилж, 1 хүүхдэд 526,250 төгрөг ногдохоос тэжээгчээ алдсаны тэтгэвэрт олгогддог 77,500 төгрөгийг хасаж, 1 сард 1 хүүхдэд гаргуулах төлбөрийн хэмжээг 448,750 төгрөг гэж тогтоон хүү Б ийг 18 насанд хүртэл 11 жил 9 сар буюу нийт 141 сарын хугацаанд сар бүр 451,250 төгрөгөөр тооцож 63,273,750 төгрөг, хүү Б ийг 18 насанд хүртэл нийт 7 жил 11 сар буюу 95 сарын хугацаанд тооцож 42,631,250 төгрөг, нийт 105,905,000 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “...гэм хорын төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсгийг зөв хэрэглээгүй” гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь зөв боловч хүү Б д 24,996,875 төгрөг, хүү Б д 37,100,629 төгрөгийн, нийт 62,097,500 төгрөгийн гэм хорын хохирлыг хариуцагч нараас тэнцүү хувиар хуваан гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа тэжээгчээ алдсаны тэтгэмжид олгогддог 77,500 төгрөгийг хасаж тооцоогүй, мөн Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д заасныг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ.

Иймээс “тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хасаагүйгээр өөрчлөлт оруулсан” гэсэн хариуцагч Б-ын хяналтын шүүхэд гаргасан гомдлын энэ хэсгийг хангах нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т нийцнэ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д заасан “...төлбөрийг сар бүр төлнө” гэснийг хэрэглээгүй нь буруу байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.            

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасны дагуу 1,052,500 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж нэг хүнд ногдох хэсгийг тодорхойлбол 263,125 төгрөг байна. Үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 77,500 төгрөгийг хасахад нэг хүүхдэд сар бүр 185,625 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хариуцагч нарт үүсч байна. 

Иймээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д заасан хугацаанд хариуцагч “Г” ХХК болон  хариуцагч Б нараас  хүү Б, хүү Б нарт тус бүр 92,812 төгрөгийг сар бүр тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулна.    

  1. Өмгөөлөгчийн хөлс 13,600,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх “...өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан, өмгөөллийн хөлсөнд мөнгө төлсөн баримтгүй” гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байх бөгөөд энэ талаар гомдол гаргаагүй байна.

Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02399 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч “Г” ХХК-аас 50,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгож, хариуцагч “Г” ХХК болон хариуцагч Б нараас тус тус 92,812 төгрөгийг гаргуулж, хүү Б, хүү Б  нарт тус бүрт 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр олгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “Г” ХХК-аас 468,737.5 төгрөг, хариуцагч Б-аас 468,737.5 төгрөгийг” гэснийг “Г” ХХК-аас 517,468 төгрөг, хариуцагч Б-аас 267,468 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Г” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 313,194 төгрөг, хариуцагч Б-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 313,194 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

                                            ШҮҮГЧИД                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Б.УНДРАХ

                                                                                                    Х.СОНИНБАЯР

                                                                                                    Д.ЦОЛМОН