МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар: 001/ХТ2023/00244
Улаанбаатар хот

 

                                                                         “М”  ХХК-ийн

                                                   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/03345 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 210/МА2023/01811 дүгээр магадлалтай,

 

“М”  ХХК-ийннэхэмжлэлтэй,

“ОП”  ХХК, А  нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,009,561,360 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батаагийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Д.Оргил, Г.Ганбат, хариуцагч “ОП”  ХХК-ийн өмгөөлөгч Э.Тунгалагтуяа, хариуцагч А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номинзул, түүний өмгөөлөгч С.Жавхлан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.”М”  ХХК нь “ОП”  ХХК, А  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,009,561,360 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/03345 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ”ОП”  ХХК-аас үндсэн зээл 604,649.75 евро, хүү 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүү 3,523.75 евро, нийт 785,848.86 евро буюу 3,009,455,360 төгрөг, нотариатын зардал 106,000 төгрөг, нийт 3,009,561,360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М”  ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ОП”  ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд,

 2.1.  “ОП”  ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000000, ГД-000540000 дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Өгөөмөр хаягт байрлах, 2,313 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолборын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 2.2. “ОП”  ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Аржанчивлан суурин, “ОП”  ХХК-ийн өөрийн байранд байх 15 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж,

 2.3. ХБНГУ-ын mbH Materailborse Handels-und Verwertungsgesellschaft mbH компаниас худалдан авсан хонины ноосон био бордооны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж,

 2.4. “ОП”  ХХК-ийн 100 хувийн эзэмших эрхийн 250 ширхэг хувьцаа,

 2.5. А ийн эзэмшлийн ГД:0001078618, НТД:4104055707, УБД:Э-1423000568 дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Аржанчивлан суурин, үр тариа бордооны үйлдвэр хаягт байрлах, 60,000 м.кв талбайтай, жимс, жимсгэний усалгаагүй тариалан зориулалттай, 15 жил эзэмших эрхтэй газар эзэмших эрх бүхий хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ОП”  ХХК-аас 15,205,757 төгрөг, хариуцагч “ОП”  ХХК, А  нараас 70,200 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 210/МА2023/01811 дүгээр магадлалаар:  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/03345 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нийт 3,009,561,360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М”  ХХК-д олгосугай” гэснийг “... нийт 2,556,499,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М”  ХХК-д олгож, үлдэх 453,062,310 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...175.1-т...” гэснийг “...175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5” гэсэн дугаарлалтыг хасч, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...15 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж” гэснийг “...BG LL-1-5000 маркийн түүхий ноосны туузан дамжуулагч, IE3-W41R маркийн түүхий ноос хэрчигч, таслах машин, 400/24 VDC маркийн ноос цуглуулах, бутлах, сэмлэх, хуваарилах машин, BG LL-2-4000 маркийн ноос хуваарилан тээвэрлэх туузан дамжуулагч, TL700-246 маркийн ноос шахаж нягтруулах пресны машин, BG LL-3-6000 маркийн шахмал үрэл дамжуулагч тууз, BG LL-4-7000 маркийн шахмал үрэл дамжуулагч, 2 үйлдэлтэй дамжуулагч тууз, том шуудай савлах төхөөрөмж, BG LL-5-6000 маркийн шахмал үрэл дамжуулагч тууз, BG LL-6-7000 маркийн шахмал үрэл дамжуулагч тууз, TL700-247 маркийн шахмал үрэл нягтруулан преслэх машин, BG LL-7-2000 маркийн шахмал үрэл дамжуулагч тууз, 3200351709023 үрэл сэгсрэгч, ялгагч машин, дамжуулагч туузнуудын сууринууд, 808972 цахилгаан холболтын зураг төсөл, автомат удирдлагын самбар зэрэг машин, тоног төхөөрөмж” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...15,205,757 төгрөг...” гэснийг “...12,940,445 төгрөг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “ОП”  ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч А ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч “ОП”  ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 2,792,033 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч А өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М”  ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ОП”  ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 210/МА2023/01811 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхэд талуудын маргасан асуудал болох нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж шүүхэд хандсан, шүүхэд хандсанаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн асуудал болон хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой тул зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл байсан эсэх асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, шийдвэр нь хууль хэрэглээний хувьд зөв гэж нэхэмжлэгч нь үзэж байгаа тул тус асуудлаар гомдол гаргаагүй болно. Харин дараах асуудлаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах (ИХШХШтХуулийн 172.2.1)

Талуудын хооронд үүссэн харилцаа нь банк, эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа мөн. Түүнчлэн, хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгчээс шүүхэд хандаж зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан маргаан үүсгэсэн бөгөөд эрх зүйн харилцааны хувьд тус маргаан нь нэхэмжлэгч ийнхүү зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа нь Иргэний хуульд заасан гэрээ цуцлах журамд нийцэх эсэх тухай маргаан юм. Уг маргааны агуулгад үндэслэн шүүхээс нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцалж гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа нь Иргэний хуулийн холбогдох заалтуудад нийцэж байгаа эсэхийг зөв дүгнэснээр талуудын хооронд үүсэх үүргийн хэмжээг тогтоох асуудыг шийдвэрлэх шаардлагатай.

Ингэхдээ тус үүргийн хэмжээг тогтоохдоо талуудын хооронд мөнгөн тэмдэгт нь мөн банк бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцааны онцлогоос хамаарч Монгол Улсын мөнгөн тэмдэгт биш тул Шүүхийн шийдвэр биелэгдэхүйц байх шаардлагыг хангах үүднээс төгрөгөөр илэрхийлэх шаардлагатайг зохицуулсан процессын эрх зүйн зохицуулалт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийг хэрэглэх нь буруу байна. Харин тус асуудлыг зохицуулсан материаллаг эрх зүйн зохицуулалт болох Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг үндэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хууль хэрэглээ нь зөв байна.

Түүнчлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ асуудлаар мөн “М”  ХХК-ийн нэхэмжлэлтэй хоёр өөр иргэний хэрэгт мөн хоёр өөр шийдвэрийг гаргаад байна. Тодруулбал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхээр “М”  ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Монгол драй милк” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2023 оны 05 сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 210/МА2023/00990 дугаартай магадлалд энэ асуудлыг шийдвэрлэхдээ мөнгөний ханш нь өөрийнх нь үнэ цэнэ тул төлбөр төлөх үеийн ханшаар тооцох учиртай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хугацааг хариуцагчийн үүргээ гүйцэтгэх үе гэж тодорхойлохгүй юм. Хариуцагчийн үүрэг үүсэх үе нь гэрээгээ тохиролцсон хугацаанд төлбөр төлөх үе юм. Энэ үед ам.долларын ханш буюу үнэ цэнд хэрхэн өөрчлөлт орсон талаар талууд маргаагүй, баримт гаргаж өгөөгүй. Харин 1 ам.долларын төгрөгтэй харьцах харьцаанд өөрчлөлт орсон нь түүний үнэ цэнд өөрчлөлт орсон гэж дүгнэхгүй, харин төгрөгийн үнэ цэнэ буурсан гэж дүгнэнэ. Талууд гэрээг төгрөгөөр тодорхойлоогүй тул төгрөгийн үнэ цэнэ буурсан байдал гэрээний үүрэгт нөлөөлөхгүй болнохэмээн дүгнэж “М”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хамгийн сүүлд нэмэгдүүлсэн өдрийн ханшаар тооцон хангаж шийдвэрлэснийг 2023 оны 10 сарын 05-ны өдөр Улсын дээд шүүхээс хянан хэлэлцэж магадлалын тэр хэсгийг хэвээр үлдээсэн болно.

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх маргаж буй талуудын хооронд үүссэн үүргийг төгрөгөөр илэрхийлэхдээ нэг нь материаллаг эрх зүйн зохицуулалт хэрэглэсэн байхад нөгөө нь процессын эрх зүйн зохицуулалт хэрэглэж үүргийн хэмжээг тогтоосон, мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мөн адил маргаанд хоёр өөр байдлаар шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүү” гэж үзэж байгаа тул Улсын дээд шүүхээс энэхүү анхан болон давж заалдах шатны шүүхүүд хоорондын болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын нэг ижил маргаанд хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа хууль хэрэглээний зөрүүг арилгаж өгнө үү.

Ийнхүү хууль хэрэглээний зөрүүг арилгахдаа талуудын хооронд үүссэн маргаанд “М”  ХХК нь гэрээг цуцлах шаардлагыг гаргасан нь Иргэний хуулийн гэрээг цуцлах журамд нийцсэн эсэх асуудлаарх маргаан болохыг анхаарч анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг гэрээгээр тохирсон хугацаагаар биш бүхэлд нь шаардсан шаардлагыг гаргасан нь Иргэний хуульд заасан журамд нийцсэн байна хэмээн дүгнэсэн тул гэрээний үүрэг гадаад валютаас төгрөгт шилжих хугацааг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийг баримтлан үүрэг үүссэн өдөр буюу тус гэрээг цуцлах нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгааг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоон шийдвэрлэж өгнө үү.

4.2. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн (ИХШХШтХуулийн 172.2.3)

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудыг нэмэгдүүлэх тухай бүрд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хариуцагчид танилцуулж хуульд заасан хугацаанд тайлбар гарган мэтгэлцэх боломжийг олгон шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотой тайлбар гаргахдаа зөвхөн тухайн гэрээг байгуулахдаа талуудын хооронд хийсэн тохиролцоо нь төгрөг эсхүл евро байсан талаар л маргаж тайлбар татгалзлаа гаргаж байсан. Мөн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад хариуцагч нь цар тахалтай холбоотой үүргийн зөрчил үүссэн учир гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй тухай мэтгэлцэж энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа мөн л валютын ханшийг хэрхэн тооцох, үүрэг хэзээ үүсэж, хэзээ төгрөгт шилжих асуудлаар гомдол гаргаагүй бөгөөд мөн л анхан шатны шүүхэд мэтгэлцэж байсан үндэслэлээр л давж заалдах гомдлоо гаргасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж буй шаардлагыг шийдвэрлэхдээ хариуцагчийн валютын ханшийн асуудлаар маргаагүй, гомдол гараагүй байдалд дүгнэлт хийлгүй банк, эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний үүргийг гадаад валютаас төгрөгт шилжих хугацааг процессын эрх зүйн зохицуулалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны чухал зарчим болох “талуудын идэвх санаачилгад” үндэслээгүй шүүх өөрийн дураар тогтоосон шинжтэй шийдвэр болсон.

Энэ нь Улсын дээд шүүхийн 2017 оны 06 сарын 09-ний өдрийн 01 дугаар зөвлөмжид “диспозитив зарчим” хэмээн тодорхойлж “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагдана” хэмээн тайлбарлаж улмаар мөн зөвлөмжид “Мэтгэлцэх зарчим”-ыг “Хэрэг хянан шийдвэрлэх бүх шат мэтгэлцэх хэлбэрээр явагдана. Зохигч эсрэг байр сууриа хамгаалж сөргөлдөх хэлбэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхнээсээ дуустал явагдаж талууд өөр өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байр сууртай байна гэж тайлбарласнаас өөрөөр тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд зохигч мэтгэлцэх болон нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаарх тайлбарыг гагцхүү гаргах үндсэн зарчим иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэх тул давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг нь гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх хүрээгээр хязгаарлагдана” гэсэнтэй зөрчилдөж байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 17 дугаар тогтоолын 5.3 дахь хэсэгт давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа гомдол гаргасан талын эрх ашгийг дордуулахгүй байх зарчим баримтлах нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг “хянан үзэх”, “шийдвэр гаргах” гэсэн хоёр хандлагаар авч үзнэ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс талуудын анхан шатны шүүхэд ч огт маргаагүй асуудлаар буюу хариуцагч нь валютын ханшийг хамгийн сүүлд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан өдрөөр тооцохыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан бөгөөд энэ асуудлаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа дурдаагүй болохыг анхаарч үзэлгүйгээр талуудын огт мэтгэлцээгүй асуудлаар хянах чиг үүргээ хэрэгжүүлээд зогсохгүй түүнийгээ үндэслэж хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдсэн байна. Энэ нь гомдлын эхний хэсэгт дурдсан хууль хэрэглээний алдааг гаргахад хүргэж улмаар гомдлыг бүхэлд нь хянан үзэх талаар гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар тайлбарласан тайлбарыг өөрөөр хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.3-т “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасныг тус тус үндэслэн мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т “магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулах” гэж заасныг удирдлага болгон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 210/МА2023/01811 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.


 

5. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.12.17-ны өдрийн 001/ШХТ2023/01416 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

7. Нэхэмжлэгч “М”  ХХК нь “ОП”  ХХК, А  нарт холбогдуулан анх зээлийн гэрээний үүрэгт 757,708.88 евро буюу 2,451,188,226.80 төгрөг, нотариатын зардал 106,000 төгрөг, нийт 2,451,294,226.80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийг 2023.04.06-ны өдрөөр тооцон нийт 3,009,561,360 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

 

Хариуцагч “ОП”  ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... дэлхий нийтэд үүссэн Ковид-19 цар тахлын улмаас бордоо авах гэрээ цуцлагдаж, “М”  ХХК-ийн хэргийн дуулиан, ОХУ-ын дайнаас шалтгаалж 2021 онд хийгдэх гэрээнүүд зогссон. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас хойшхи хугацааны хүүг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Эхний зээлийн гэрээг төгрөгөөр байгуулсан. Үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж зээлийг төлүүлсэн, нийт 2,395,013,333 төгрөг төлөх ёстой” гэж,

 

хариуцагч А  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад “ОП”  ХХК-ийн барьцаа хөрөнгүүд хүрэлцээтэй, хэрэв хүрэлцэхгүй тохиолдолд дараа нь А ийн барьцаа хөрөнгүүдэд халдах учиртай. Үйлдвэр цаг хугацаандаа ашиглалтад орсон боловч Ковид-19 цар тахал, дайны нөлөөгөөр экспорт хийх боломжгүй болсон өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээг өөрчлөх байсан, давагдашгүй хүчин зүйлийг харгалзан үзэж, эхний зээлийг төгрөгөөр авсан тул төгрөгөөр тооцуулах, хүү, тооцооллын талаарх хариуцагч “ОП”  ХХК-ийн татгалзлыг дэмжиж байна” гэж тус тус тайлбар гаргасан.

 

8. Анхан шатны шүүх хариуцагч тус бүрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “...Ковид-19 цар тахлын үед зээлийн төлбөр төлөх хугацааг зээлдэгчийн хүсэлтээр өөрчилж байсан тул зээлийн гэрээний үүрэг, түүний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. “ОП”  ХХК нь нэхэмжлэлээр шаардсан зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч “ОП”  ХХК-аас үндсэн зээл 604,649.75 евро, хүү 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүү 3,523.75 евро, нийт 785,848.86 еврог Монголбанкны 2023.01.14-ний өдрийн зарласан еврогийн албан ханш 3,829.56 төгрөгөөр тооцож, 3,009,455,360 төгрөгөөр тооцох нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт нийцнэ... нотариатын зардал 106,000 төгрөг, нийт 3,009,561,360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М”  ХХК-д олгох нь зүйтэй...” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа; “...Анхан шатны шүүх ... зээлдэгчийн төлөх үүргийг нэхэмжлэлийн шаардлагаа хамгийн сүүлд ихэсгэсэн 2023.04.06-ны өдрийн албан ёсны ханш 3,829.56 төгрөгөөр тооцож, хариуцагчаас 3,009,455,360 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулж, нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тухайн үеийн ханшаар үүргийг тооцно. Ийнхүү тооцоход (757,708.88 х 3,235) + (15,112.02 x 3,660.23) + (13,027.96 x 3,829.56) = 2,556,393,050 төгрөг гарч байна. Иймд  “ОП”  ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,556,499,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М”  ХХК-д олгож шийдвэрт өөрчлөлт оруулна… гэж дүгнэжээ.

 

10. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.3-т заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн” гэсэн үндэслэл заасан боловч гомдлоос анхан ба давж заалдах шатны шүүхийн зарим эрх зүйн дүгнэлт зөрүүтэй буюу шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймээс энэ үндэслэлээр хяналтын шатны шүүх дүгнэлт хийв.

 

11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М”  ХХК нь“ОП”  ХХК-д 2017.08.31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106 тоот Зээлийн гэрээгээр “хонины ноосон био бордооны үйлдвэрийн төслийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх” зориулалтаар 1,230,894,000 төгрөг буюу 428,788 еврог жилийн 7,75 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай зээлдүүлэх, 2019.02.13-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02 тоот Зээлийн гэрээгээр 221,212 еврог жилийн 7,75 хувийн хүүтэй, 2 жил 7 сарын хугацаатай зээлдүүлэх, “ОП”  ХХК нь тохирсон хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон.              

Улмаар 2019.02.13-ны өдөр, 2019.11.12-ны өдөр, 2021.06.28-ны өдөр тус тус дээрх зээлийн гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацаа, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байна.

 

12. Дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2017.08.31-ний өдөр Б-МП-ГЭ 2017-109 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, 2019.02.13-ны өдөр БГ-МП-ҮХХ 2019-03 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, БГ-МП-ХХ 2019-04 тоот Барьцааны гэрээ, 2021.06.28-ны өдөр БГ-МП-ХУ 2021-15 тоот Хувьцаа барьцаалах гэрээ-г тус тус байгуулж, “ОП”  ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, машин, тоног төхөөрөмж, хувьцаа, А ийн эзэмшлийн газар эзэмших эрх зэргийг тус тус барьцаалсан,  2019.02.27-ны өдөр, 2021.06.28-ны өдрүүдэд дээрх барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгө нэмсэн байна.

 

13. Талуудын хооронд байгуулагдсан З-МП-ЗҮ 2017-106 тоот болон  ЗГ-МП-ЗҮ 2019-02 тоот зээлийн  гэрээний 3.1.1-д  гадаад валют буюу евро зээлдүүлэх, зээлдэх талаар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг еврогоор төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч “ОП”  ХХК зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан болон зээлийн мөнгөн хөрөнгө 650,000 еврог хүлээн авсан, 2017.08.31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106 гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 93,515.89 евро, 2019.02.13-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02 гэрээ түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,294.40 евро, нийт 108,810.29 евро төлсөн үйл баримтад маргаагүй байна.

 Хариуцагч “ОП”  ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2020.09.01-ний өдрөөс хойш байнга зөрчсөн, уг зөрчлийг арилгах талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч “М”  ХХК-аас хариуцагчид удаа дараа хүргүүлж байсан үйл баримт тогтоогдсон.

14. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд гадаад валют буюу евро зээлдүүлэх гэрээ байгуулагдсан, түүнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээнүүд байгуулагдсан үйл баримт, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж гэрээ цуцлах хуульд заасан үндэслэл, нөхцөл бүрдсэн үйл баримтад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2. 453 дугаар зүйлийн 453.1-т заасан шаардлагад нийцжээ.

15. Гагцхүү хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг тогтоохдоо анхан шатны шүүх валютын ханшийг нэхэмжлэлийн үнийг хамгийн сүүлд шаардлагаа нэмэгдүүлсэн өдрөөр тооцсон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргасан болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлсэн өдөр тус бүрээр валютын ханшийг тооцож, зээлдэгчийн үүргийн хэмжээг тогтоосон.

16. Анхан шатны шүүх хариуцагч “ОП”  ХХК нь нийтдээ  2 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 604,649.75 евро, хүү 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүү 3,523.75 евро, нийт 785,848.86 евро төлөх үүрэгтэй болохыг зөв дүгнэсэн боловч зээлдэгчийн еврогоор хүлээх үүргийг төгрөгт шилжүүлэхдээ хамгийн сүүлд шаардлагаа нэмэгдүүлсэн 2023.04.06-ны өдрийн албан ёсны ханш 3,829.56 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглэсэн үндэслэлээ шийдвэртээ заагаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

“Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн зохицуулалт монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид шууд хамааралтай биш, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт болохоос гадна төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнөх үүрэгт буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө, гэрээний хугацаанд үүрэг үүсэх үеийн ханшийг тооцох зохицуулалт болно. Хариуцагч “ОП”  ХХК нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дуусахаас өмнөх үүрэгт Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан ханшийн зохицуулалтыг хэрэглэх талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.

Харин зохигчийн хооронд гадаад валютын зээлийн гэрээ хийгдэж зээлдэгч гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үүргээ биелүүлэх үе буюу төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах үед тухайн гадаад валют монгол төгрөгтэй ямар харьцаатай байна тэр хэмжээгээр төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх учиртай.

 

17. Нэхэмжлэгч “М”  ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэхэмжлэлийнхээ үнийн дүнг зээлийн гэрээний дагуу еврогоор тодорхойлж, тухайн шаардлага гаргах үеийн  валютын ханшаар монгол төгрөгт шилжүүлэн, уг үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх бөгөөд энэ зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцохоор заасныг нэхэмжлэл гаргах үеийн болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх үеийн ханшаар гэж ойлгох нь зөв болно.

 

18. Тийм учраас давж заалдах шатны шүүх процессын хуулийн хэрэгжилтийг хангаж, давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “...785,848.86 евро буюу ...нийт 2,556,499,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 453,062,310 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-т заасан “...анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн..., давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу...” гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.  

 

19. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь хүчин төгөлдөр тул хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Харин давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр биелэгдэхэд тодорхой ойлгомжтой байх шаардлагын үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг оруулсан нь үндэслэлтэй.

 

20. “М”  ХХК-аас давж заалдах, буюу хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхгүй. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 173 дугаар зүйлийн 173.3-т “ …гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ” гэж заасан бөгөөд уг 57 дугаар зүйлийн 57.1 заалт нь анх нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамжийг төлүүлэхтэй адил агуулгаар тусгагдсан. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д заасны дагуу  “М”  ХХК-аас гаргасан нэхэмжлэл, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх  тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...хяналтын гомдлыг хүлээн авахаас татгалзах...” тухай тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 210/МА2023/01811 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                       

ШҮҮГЧИД                                                                        Н.БАТЗОРИГ

 

                                                                                       Н.БАЯРМАА

 

                  Д.ЦОЛМОН

 

                  Х.ЭРДЭНЭСУВД