
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 04 сарын 24 өдөр
- Дугаар: 2024/ХШТ/60
- Улаанбаатар хот
Ч.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 220 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар магадлалтай, Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох 2135000910185 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, ... аймгийн ... сумын ... ажиллаж байсан, ... овогтой Ч.Т,
2.Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, ... аймгийн ... сумын ... оор ажиллаж байсан, ... овогтой Д.А,
3.Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, ... аймгийн ... сумын ...-т ... ажилтай, ... овогтой С.Н.
Ч.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Д.А, С.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Т-ыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон”, мөн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д.А, С.Н нарыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Т-т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, С.Н нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
шүүгдэгч Ч.Т-ын цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон сольж, нийт нэг зуун таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Т-т оногдуулсан 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний нийт эдлэх торгох ялыг 19,895,000 төгрөгөөр тогтоож,
шүүгдэгч Ч.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 01 жил 05 сарын хугацаанд, шүүгдэгч Д.А, С.Н нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 02 жил 05 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч Ч.Т гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 6,500,000 төгрөгийг ... аймгийн ... сумын орон нутгийн хөгжлийн санд төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар” гэснийг “22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Н.Оюунчимэг, шүүгдэгч С.Н, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо:
“Нэг. Анхан шатны шүүх “Ч.Т нь ... аймгийн ... сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 оны төсвийн жилд хийж гүйцэтгэхээр тусгасан ажил болох 6,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг ... аймаг дахь ... ын дарга Б.Б-г хувийн зүгээс гуйж, ямар нэгэн үнэ хөлсгүйгээр байгууллагын трактораар гүйцэтгүүлсний дараа уг ажлыг “...” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн мэтээр холбогдох баримт бичгийг бүрдүүлж, тус компанийн захирал П.Э-аар дамжуулж төсвөөс 6,500,000 төгрөг гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдсон” гэж дүгнэж яллах талын нотлох баримтуудыг дурджээ.
Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “төвлөрсөн хогийн цэгийг дарж булах ажлыг ... гүүрийг засварлах ажил хийж байсан ковш трактораар хийлгэсэн гэж би сонссон” гэх эх сурвалж нь тодорхойгүй дамжмал нотлох баримт, шүүгдэгч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Засаг дарга Ч.Т надад хэлсний дагуу би ...ын тракторын жолоочтой уулзаж хогийн цэгийг дарж булуулах ажлыг хийлгэсэн. Би тухайн ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавьж, санхүүгийн тооцоог гаргаж өгч байсан” гэх хэрэгт харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч “...” ХХК-ийн захирал П.Э-ын “Ч.Т над руу утсаар яриад 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөнгө гаргуулж авсан” гэх бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа мэдүүлэг, гэрч Б.Б-ын “Т нь хогийн цэгийг дарж булах ажлыг амаар /биечлэн уулзаж гэж байгаа бололтой/ буюу утсаар яриад гуйгаад хийлгэж авч байсан” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Ч.Т шүүх хуралдаанд дээрх үйл баримт болсон гэх хугацаанд ... аймагт байгаагүй талаараа нотлох баримт болох ээлжийн амралт болон амралтын хугацааг сунгасан аймгийн Засаг даргын захирамжууд, эхнэр нь хүндээр өвдсөний улмаас Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан байсан талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Анхан шатны шүүх Ч.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан “нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үнэлэх” журмыг зөрчиж, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд ... аймагт шүүгдэгч Ч.Т нь байгаагүй гэдгээ нотолсон баримтыг үнэлээгүй, хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” хангалттай тогтоогдсон эсэхийг хяналгүй зөвхөн яллах талын нотлох баримтыг үнэлсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Ч.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “Ч.Т нь ... аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамжийн дагуу хийгдэх ажил болох ... аймгийн ... сумын ... ыг цахилгаан эрчим хүчээр хангах 71,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгүүлэхдээ худалдан ажиллагааны журмыг бүхэлд нь зөрчиж, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, гэрээ хэлцэл хийлгүйгээр “...” ХХК-ийн захирал Д.С-тэй амаар тохиролцож, тухай ажлыг 2019 оны 09-10 дугаар сарын үед хийж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон байна” гэж дүгнэжээ.
... аймгийн ... сумын ... ыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг 09-10 дугаар сарын үед Ч.Т амаар тохиролцон хийж гүйцэтгүүлсэн гэх үйл баримтыг нотлох 1 ширхэг ч нотлох баримт хавтаст хэрэг байхгүй бөгөөд гэрчүүд “тэр үед л хийгдсэн юм шиг байна лээ, сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлгийг бүгд өгсөн байдаг.
... аймгийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж 2019 оны 01 дүгээр сард гарсан боловч санхүүжилт нь оны сүүлчээр сумын дансанд орсон баримт хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл эрчим хүчний ажлыг 2019 оны 9-10 дугаар сард “...” ХХК-иар урьдчилан эрх бүхий ямар албан тушаалтан хийлгэсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн, жинхэнэ гэм буруутай этгээд нь ... сумын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудаар хаацайлан хуулийн хариуцлагаас гадуур үлдсэн гэж дүгнэж байна. Гэрч Д.С ч энэ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлдэггүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ өөр мэдүүлгийг шүүх хуралдаан дээр гаргадаг, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмаар мэдүүлгийн зөрүүг нягтлан шалгах ажиллагаа хийдэггүй, зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх мөн тэр баримтуудыг гарцаагүй үнэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
... сумын Засаг дарга Ч.Т нь “...” ХХК-д 71,500,000 төгрөгийн санхүүжилт олгохын тулд үнэлгээний хороо байгуулж, тендерийн материалыг нөхөн бүрдүүлж, “...” ХХК-ийг шалгаруулах тухай хууль бус үүрэг өгсөн нь Д.А, С.Н нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тендерийн бичиг баримтуудаар тус тус нотлогдож байна гэж шүүх дүгнэжээ.
Гэрч Д.А, С.Н нар нь Ч.Т-тай харилцан эсрэг сонирхолтой бөгөөд шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлгүүдээс нь харахад ямар үйлдэл хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаагаа ч ойлгосон эсэх нь тодорхойгүй нь асуусан асуултад хариулж байгаа байдлаас харагдаж байсан. Нөгөөтээгүүр Ч.Т үүрэг өгсөн гэж мэдүүлэг өгдөг ч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй, үнэлгээний хороонд ажилласан гэрч Ж.Э, С.Б нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Хэрэгт авагдсан тендерийн баримт бичигт 2 компани материалаа ирүүлж, “...” ХХК-ийг харьцуулалтын аргаар хамгийн бага төсөвт өртгөөр гүйцэтгэх тооцоололтой учир шалгаруулахыг үнэлгээний хорооны гишүүд дэмжсэн болох нь тэмдэглэлээс харагддаг.
Анхан шатны шүүх ... дарга Д.А, ... дарга С.Н нар нь нөхөн тендерийн бичиг баримтыг бүрдүүлсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн бөгөөд сумын Засаг дарга Ч.Т нөхөн бүрдүүлэхийг үүрэг болгосон гэх эсрэг сонирхолтой гэрч Д.А, С.Н нарын мэдүүлгээр Ч.Т-ыг гэм буруутайд тооцсон нь хууль ёсны, шударга ёсны зарчмыг зөрчиж, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна.
Шүүх “шүүгдэгч Ч.Т-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, мэдүүлгийн эх сурвалжаа хангалттай зааж чадаагүй” гэж дүгнэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан атал шүүх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна, мэдүүлэг зөрүүтэй байна” гэж дүгнэж гэм буруутайд тооцох нэг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөвхөн энэ хуульд заасан журмын дагуу явагдана” гэж заасныг зөрчиж шүүгдэгчийг үнэн зөв мэдүүлэг өгөхийг шаардсан мэт, хэргийн байдлыг нотлох үүрэгтэй мэт дүгнэсэн нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг зөрчсөн дүгнэлтийг шүүх хийжээ.
Ер нь анхан шатны шүүх хуралдаан шүүгдэгч Ч.Т-ын хувьд хүнд нөхцөлтэй явагдсан бөгөөд улсын яллагч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасных нь төлөө маш их дайралт, зүй зохисгүй үг хэллэгийг хэлж байсан. Шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгчийн хувьд мөн Ч.Т-ыг яллах талын байр сууринаас дүгнэлт хэлэх, асуулт асуух зэргээр дайралт хийж, шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч нарын зүгээс эрх зүйн байдлыг нь дордуулахгүйн тулд хохирол төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хохирлоо төлөх хүсэлтийг гаргахдаа Ч.Т нь хохирлын мөнгөө бүрдүүлэх зорилгоор завсарлага авч байгаа, гэтэл шүүх тэр боломжийг нь олголгүй цагдан хорих шийдвэр гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ч.Т нь элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон, биед нь одоо гуурс суулгасан байгаа, хоолны тусгай дэглэмтэй, байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай гэдэг үндэслэлийг хэлсэн боловч шүүх хүлээж аваагүй, гэм буруу дээрээ маргасных нь төлөө шүүх хүртэл хүний амьд явах эрх чөлөөнд зохисгүйгээр халдсан гэж үзэж байгаа.
... аймгийн ... сумын ... ыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг 2019 оны 9-10 дугаар сард “...” ХХК хийж гүйцэтгэчихсэн байсан гэх үйл баримт, тухайн үед Ч.Т нь “...” ХХК-ийн захирал Д.С-тэй урьдчилан тохиролцож хийлгэсэн гэх нотлох баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байхад, гарцаагүй нотлогдож байна гэж шүүх дүгнэсэн нь нотолбол зохих байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа эсэх, мөн нотлох баримтыг шүүх үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх зөвхөн хуульд тулгуурлан хуулийг хэрэглэж, дотоод итгэл үнэмшлээрээ дүгнэлт өгөх атал хэрэгт авагдаагүй, байхгүй нотлох баримтыг үнэлж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахад захирамжид заасан ажиллагааг хийлгүйгээр зарим гэрчийг дахин асуугаад шүүхэд ирүүлсэн байдаг. Шүүх нотолбол зохих байдлыг хангалттай нотлон тогтоогоогүй байгаа тул хийвэл зохих ажиллагаануудыг дурдаж хэргийг буцаасан атлаа шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаанууд хийгдээгүй байхад “нотлогдон тогтоогдож байна” гэж дүгнээд байгаа нь эргэлзээтэй.
Энэ хэргийн ард ... аймгийн ... сумын ... ыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг 2019 оны 9-10 дугаар сард “...” ХХК-иар хэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан хийлгэсэн нь тодорхойгүй үлдлээ.
Нөгөөтээгүүр ... аймгийн Засаг даргын эрх шилжүүлсэн төсөв нь 2019 оны 12 дугаар сард ... сумын тамгын газрын данс руу орж ирэх нөхцөл бүрдсэний дараа тендер сонгон шалгаруулалт зарласан нь хууль зөрчөөгүй. Төсвийн асуудал нь шийдэгдээгүй байхад тендер зарлавал бас л Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн буруутай үйлдэл болж гэмт хэрэгтэн болно. Төсөв шийдэгдсэний дараа тендер зарлахгүй бол дараагийн оны эхээр төсвийг буцаагаад татчихна. ... сумын албан тушаалтнуудад гарцаагүй нөхцөл байдал үүссэн үйл баримт харагддаг. ... аймгийн ... сумын ... боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах ажил хийгдсэнээр төр хохироогүй, нийтийн эрх ашигт тустай, энэ ажлын дундаас шүүгдэгч нар өөртөө болон өөрсдийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгоогүй, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгддэг, энэ гэмт хэргийн гол шинж нь “их хэмжээний хохирол учруулсан” байхыг шаарддаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь улсад учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн, шүүх төрд учруулсан хохирол байхгүй гэж дүгнэсэн атлаа гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул Ч.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хэлсэн саналдаа “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 220 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар магадлалыг зөвшөөрөхгүй байна. Ч.Т нарт холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ эх сурвалж нь тодорхойгүй дамжмал нотлох баримтуудыг үндэслэл болгож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт яллах талын нотлох баримтуудыг цуглуулсан. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг гарцаагүй үнэн гэдэг байдлаар үнэлж, хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хуралдааны явцад Ч.Т-ыг хэргээ хүлээ, үнэн зөв мэдүүлэг өг гэх байдлаар шүүхийн процесс ажиллагаа төвөгтэй явагдсанд өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр анхан шатны шүүхээс Ч.Т нарт холбогдох хэргийг 60 хоногийн хугацаагаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Гэтэл мөрдөгч болон прокуророос ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, урьд нь гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг хуулаад буцаагаад аваад ирсэн. Анхан шатны шүүхээс ажиллагаа дутуу гэж буцаахад эргээд ямар ч ажиллагаа хийгээгүй шүүхэд шилжүүлснийг шүүх нотлох баримт бүрэн, дүүрэн эргэлзээгүй нотлогдсон, шүүгдэгч Ч.Т-ыг гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хяналтын шатны шүүхээс Ч.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах саналыг гаргаж байна” гэв.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг хэлсэн саналдаа “Миний хувьд өмнөх шат шатны шүүх хуралдаан дээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх процессын хууль зөрчигдсөн” гэх үндэслэлүүдийг хэлж байсан.
Тухайлбал, Ч.Т-т холбогдуулсан хоёр үйлдлийн тухайд хэргийн газрын үзлэг хийж баримтжуулах боломжтой байсан. Мөрдөгч нь ядаж хогийн цэг дээр очиж зураг авах, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед трансформатор тавьж, хүчин чадал нэмэгдүүлсэн нь бодит байдлаараа байсныг зургаар баталгаажуулан авах боломжтой байсан. Тухайн үеийн ... нь одоо Олон улсын чанартай боомт болчихсон байгаа. Тус ... боомт нь нутаг дэвсгэрийн хувьд ... аймгийн ... суманд харьяалагдах боловч статусын хувьд шууд харилцах удирдлагатай гаалийн хяналтын цэгийн боомт юм. Энэ агуулгаараа ... аймгийн ... сумын иргэд ч гэсэн харьяалагдахгүй. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Улсын яллагч худалдан авах ажиллагаа хуульд заасан журмыг зөрчсөн гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан худалдан авах ажиллагаа явуулсан бичгийн нотлох баримтуудаас харахад сумын Засаг дарга эрхийнхээ хүрээнд худалдан авах ажиллагааны үнэлгээний хороог байгуулах захирамж гаргасан. Ингээд худалдан авах ажиллагааг үнэлгээний хороо зохион байгуулж тендер сонгон шалгаруулалтыг явуулсан. Ажил хүлээж авах комиссыг мөн Засаг дарга захирамж гаргаж байгуулснаараа буруутгагдаж байгаа. Энд нотлогдоогүй нэг зүйлийн талаар улсын яллагч яллах дүгнэлтдээ дурддаг. Энэ нь 09,10 дугаар сард ... боомтод өндөр хүчдэлийн цахилгаан эрчим хүчийг сайжруулах трансформаторыг суурилуулсан байна. Ингэхдээ Засаг дарга Ч.Т нь “...” ХХК-ийн захирал Д.С-тэй амаар тохиролцож, уг ажлыг урьдчилан хийлгэсэн гэх дүгнэлтийг хийгээд байгаа боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй. Компанийн захирал Д.С болон бусад гэрчүүд энэ талаар мэдүүлэг өгөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 71,500,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хэзээ хийсэн болохыг нотлон тогтоогоогүй. Гэтэл хэрэгт авагдаагүй нотлох баримтын хүрээнд шат шатны шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, харин 2 дахь хэсэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу бодит байдлаар хохирол учирсан байхыг заасан. Хоёр шатны шүүхээс улсын төсөвт 71,500,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Гэтэл төсөвт өртгийн ажил ... буюу /.../ гэж нэрлэгдэх боомтын эрчим хүчний ажил нь хийгдчихсэн. Эрчим хүч хэвийн хангагдсан нөхцөл байдалтай байсан. Тэгэхээр хүндрүүлэх бүрэлдэхүүний гол шинж болох төсөвт хохирол учирсан байх гэдэг нотлогдоогүй байдлын хүрээнд дүгнэлт хийгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн Л.Эрдэнэцэцэг өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс болон бусад хэргийн оролцогч нараас мэдүүлэг авахдаа хүний эрхийн зөрчил гаргасан, нөгөөтээгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой алдаанууд байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа буюу 60 хоногоор буцаах гэдэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрх бүхий албан тушаалтан нь 60 хоногоо хүлээгээд сууж байдаг. Шүүгчийн захирамжид дурдсан хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй, 60 хоногийн хугацааг тоолж хүлээгээд ганц нэг гэрч дуудан асууж, хэргээ буцаагаад шүүх рүү шилжүүлдэг. Шүүхээс хэргийг дахин буцаах хуульд заасан боломж байхгүй учраас хугацаа тулгаж нэмэлт ажиллагаа хийж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай байгаа болохыг хэлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Т-ыг гэм буруутайд тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байгаа тул түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар ... Д.А хогийн цэг булах ажлын зардлын тооцоог гараараа тооцоолж бичсэн баримт хэрэгт авагдсан. Энэ нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй байгаа ч гэсэн бас нэг харамсалтай зүйл нь Д.А, С.Н нар “бид нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байна” гэж шүүхэд мэдүүлдэг. Гэтэл тэдний хуульчид “хэрэв гэм буруу дээр маргавал хорих ял авна шүү” гэх үндэслэлээр тайлбарласан гэдгийг шүүгдэгч нар өөрсдөө хэлж байгаа. Энэ хоёр шүүгдэгч ямар хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаагаа ч ойлгохгүй эрүүгийн хариуцлага хүлээсэн нь харамсалтай байна. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах боломж байвал хэргийг прокурорт буцаалгаж нэмэлт ажиллагаа хийлгэх саналтай байна” гэв.
Тус шүүх хуралдаанд прокурор Б.Мөнгөншагай хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хуралдаанд өмгөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан тайлбартай холбоотой дараах тайлбар хэлье. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгүүдийг хийсэн. ... сумын хогийн цэг дээр ямар ажил хийгдсэн, Цахилгааны байгууламж хэрхэн баригдсан болохыг гэрэл зургаар баримтжуулж, бичгээр тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт авагдсан. ... боомт нь ... аймгийн ... суманд харьяалагдахгүй, харин хилийн зурвас газарт байдаг. Гэмт хэрэг гарсан газрыг тодорхойлохдоо давуу байдал олж авсан хуулийн этгээдийн ажил гүйцэтгэсэн газраар бус, тухайн давуу байдлыг олгосон нийтийн албан тушаалтны шийдвэр гаргасан газраар тогтоосон нь хуулийг зөрчөөгүй байна. Хогийн цэг дээр хийсэн ажлыг 09-10 дугаар сард хийж гүйцэтгэсэн талаар нэг ч нотлох баримт байхгүй, тухайн ажлыг гүйцэтгэсэн гэх “...” ХХК-ийн захирал ч уг ажлыг хийсэн талаар мэдүүлээгүй. “...” ХХК-ийн захирал Д.С нь ... сумын Засаг дарга Ч.Т хэлсний дагуу 09, 10 дугаар сард цахилгааны байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингээд 12 сард тендерийн материал бүрдүүлж өг гэсний дагуу материалыг бүрдүүлж өгсөн гэдгээ гэрчилж мэдүүлдэг. Энэ нь бусад гэрчийн мэдүүлгүүдээр давхар нотлогддог. ... сумын Засаг дарга нь 71,500,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг Төрийн болон төрийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийн этгээдүүд тендерт адил тэгш оролцох боломжийг олгох ёстой байсан. Гэтэл нэг хуулийн этгээдэд шууд давуу байдал олгож урьдчилан ажил хийлгүүлээд санхүүжилтийг нь олгох болохоороо тендерийн материалыг нөхөж бүрдүүлж аваад санхүүжилтийг олгосон. Энэ үйлдлээрээ шууд 71,500,000 төгрөгийн хэмжээгээр хохирол учруулсан. Харин учирсан хохирол нь эргээд төлөгдсөн эсэхэд хоёр шатны шүүхээс дүгнэлт хийсэн.
Төрийн өмчит хувьцаат компани буюу Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ гэх компанид тухайн байгууламжийг шилжүүлж өгсөн. Уг компани нь цахилгааны байгууламжийг аймгийнхаа иргэдийн цахилгаан хангамжийг сайжруулах ажилд зарцуулсан. Иймээс эргээд төрд энэ хөрөнгө зарцуулагдсан гэх дүгнэлтийг хийгээд, хохирол, хор уршиг арилсан гэх байдлаар дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүхээс материаллаг хохиролтой гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Ч.Т 6,500,000 төгрөгөөр хогийн цэг дээр ажил хийгдэх үед Улаанбаатар хотод ирсэн байсан гэж тайлбарладаг. Энэ ажил 7, 8 дугаар сард хийгдсэн, санхүүжилт нь 10 сард олгогдсон. Ч.Т нь тус ажлыг хийлгэхдээ ... аймгийн ... ны тракторын жолооч С.А гэх хүнийг шууд гуйгаагүй, түүний даргаар дамжуулсан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг эх сурвалжаа зааж чадаагүй, дамжмал шинжтэй нотлох баримтуудыг үнэлж, Ч.Т-ыг гэм буруутайд тооцсон гэх тайлбарын тухайд, шүүх дүгнэлтийнхээ эх сурвалжийг нэг бүрчлэн дурдсан. Шүүгдэгч Д.А, С.Н нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, тэдгээрийг давхар нотолж байгаа бусад баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг үнэлж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон.
Шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхгүйгээр буцаагаад шүүх рүү шилжүүлж, хэргийг шийдвэрлэсэн гэх тайлбарын тухайд, шүүхээс буцаасан үндэслэл нь цахилгааны байгууламжийг барьсан компанийн ажлыг хүлээж авсан ажлын хэсгийн хоёр гишүүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах, тендерийн материалд өрсөлдөгч “...” ХХК-ийн материалыг хэн хуурамчаар бүрдүүлж ирүүлснийг шалгаж тогтоох тухай хоёр үндэслэлийг гаргаж байсан. Энэ ажиллагаанууд нь хэргийг шүүхээс буцаахаас өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэж тогтоогдсон. Тухайн ажлын хэсэгт оролцсон гишүүд буюу С.Н, Д.А нарын өгсөн үүргийн дагуу гарын үсэг зурсан гэдгээ гишүүд бүгд хэлж мэдүүлдэг. Шууд санаатайгаар гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэл бүхий баримт цуглаагүй байсан тул яллагдагчаар татаагүй. Тухайн “...” ХХК-ийн тендерийн материалыг хэн бүрдүүлсэн талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Ч.Т нь ... аймгийн ... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сард ... аймгийн ... ын ковш тракторын жолооч С.А-ээр ... сумын төвлөрсөн хогийн цэгийн хогийг дарж булах, 6,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг үнэ хөлсгүй хийлгэсний дараа уг ажлыг гэрээний дагуу “...” ХХК-иар гүйцэтгүүлсэн мэтээр холбогдох баримтыг бүрдүүлж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/112 дугаар “Зардал гаргах тухай” захирамж гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “...” ХХК-ийн ХААН банк дахь **** тоот дансанд төсвөөс 6,500,000 төгрөг шилжүүлж, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн захирал П.Э-тай биечлэн уулзан, холбогдох гэрээ, төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудад гарын үсэг зуруулан, П.Э-аар “...” ХХК-ийн дансанд ... сумын орон нутгийн төсвөөс шилжүүлсэн 6,500,000 төгрөгийг бэлнээр нь гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон,
мөн шүүгдэгч Ч.Т нь ... аймгийн ... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ... боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах 71,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх хэмжээг ... аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамжийн дагуу хүлээн авч, уг ажлыг гүйцэтгүүлэхдээ Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулж, гэрээ байгуулахгүйгээр “...” ХХК-ийн захирал Д.С-тэй амаар тохиролцон, тухайн ажлыг 2019 оны 09-10 дугаар сарын үед “...” ХХК-иар хийж гүйцэтгүүлсний дараа уг ажлын хөлс 71,500,000 төгрөгийг төсвөөс гаргаж, “...” ХХК-д олгохын тулд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гаргаж, ... дарга Д.А, ... дарга С.Н нарт дээрх худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журамд нийцүүлж, холбогдох тендерийн бичиг баримтуудыг нөхөн бүрдүүлэх чиглэл өгснөөр шүүгдэгч Д.А, С.Н нар нь шүүгдэгч Ч.Т-ын үйлдлийг дэмжиж, нээлттэй тендер сонгон шалгаруулалтын материалуудыг нөхөн бүрдүүлж, тендерийн материалд хавсарган, Засаг дарга Ч.Т-т “...” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг өгсөн гэх баримтыг үйлдсэнээр Засаг дарга Ч.Т нь “...” ХХК-тай нөхөж гэрээ байгуулан, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төсвөөс 71,500,000 төгрөг гаргаж, “...” ХХК-д шилжүүлэн өгч, тус компанид давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
2.Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч ... Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” хэмээн заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийтлэг эрх, үүргийг тодорхойлсноос гадна Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон билээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Т-ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон 2 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан болохыг Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.А, С.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 4 жилийн хугацаагаар хасаж, 9,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд тэдэнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.
3.Шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан судалж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулснаас гадна шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Т-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг түүний үйлдсэн мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг төрлийн, хүнд гэмт хэрэгт нь нэгтгэн зүйлчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, 2022 оны 08 дугаар сарын 26-нд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хувийн байдлыг нь харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгож оногдуулсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар” гэснийг “22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг” гэж өөрчлөлт оруулсан нь шүүхийн шийдвэрийн агуулгад нийцжээ.
Шүүгдэгч Ч.Т нь ... боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах 71,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулахгүйгээр, уг ажлыг шууд “...” ХХК-тай хувийн журмаар тохиролцон гүйцэтгүүлсний дараа өөрийн удирдлагад ажилладаг шүүгдэгч Д.А, С.Н нарт сонгон шалгаруулалтын материалыг хуурамчаар бүрдүүлэх чиглэл өгч, “...” ХХК-д хууль бус давуу байдал олгосон гэмт хэргийн хохирлын хэмжээг шүүх тухайн компанид шилжүүлсэн 71,500,000 төгрөгийн үнийн дүнгээр тогтоож, хэргийг зүйлчилсэн нь зөв байна.
Энэхүү гэмт хэргийн хор уршиг нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашигласан буруутай үйл ажиллагааны улмаас төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын сонгон шалгаруулалтад бусад аж ахуйн нэгж тэгш, шударгаар өрсөлдөх боломж хязгаарлагдаж, улмаар нийтийн албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоос ангид, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, хуульд нийцүүлэн шударгаар хэрэгжүүлж чадна гэсэн олон нийтийн итгэл алдагдсанаар тодорхойлогдоно.
4. ... аймгийн ... сумын ... багт байрлах ... нь олон улсын боомт болсонтой холбогдуулан 2019 онд “...” ХХК-иас ... ыг цахилгаанд холбосон дэд станцууд, цахилгаан дамжуулах агаарын шугам, төмөр болон бетон шон зэрэг эд хөрөнгийг буулган, шинээр бүтээн байгуулалтын ажил хийгдсэнтэй холбогдуулан “...” ХХК-ийн урьд нь хийж гүйцэтгэсэн ажилд үнэлгээ хийх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан шүүх Ч.Т-ыг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.
5.Иймд шүүгдэгч Ч.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах талаар шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 220 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН