
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 05 сарын 22 өдөр
- Дугаар: 2024/ХШТ/72
- Улаанбаатар хот
З.З-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаар магадлалтай, З.З-д холбогдох 2306000001548 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.З, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, ... овогтой З-ын З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.З-г хүнийг алах гэмт хэрэг болон зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч З.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 06 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 13 жил 06 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 260 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.З-аас 99,000,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ж-д, 8,580,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Б-д тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.З-аас гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг гаргуулан хохирогч ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух ... овогт Б-ын Ж /РД:ИЮ88112462/-д ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож,
тогтоох хэсэгт “хохирогч Д.Б болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч З.З-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.З-ийн цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.З гаргасан гомдолдоо “... Миний бие Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ял хөнгөрүүлэх тухай гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Миний бие тус хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд анхны мэдүүлгээс эхлэн бүх шатанд хуулийн өмнө хэргийн бодит байдал, тухайн үед харсан, үзсэн, санаж, мэдэж байгаагаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Хэрэг гарах үед бид дөрвүүлээ архи ууж байгаад унтсан. Гэнэт сэрээд харахад миний дотны найз Б талийгаач Л-тэй зүй бус үйлдэл хийж байхыг хараад маш их цочирдолд орсон. Хүний алтан амь эрсдээд байхад (талийгаач Л-ийн хэрэгт) миний бие маш их харамсаж буй тул маргах зүйл байхгүй. Талийгаач Л, хохирогч Б нар нь хамт хэвтэж байгаад нэг газар, нэг хоромд гэмтэж хохирсон байдаг.
Гэтэл талийгаач Л-д гэмтэл учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлээд, хохирогч Б-д гэмтэл учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилсэн. Тус зүйлчлэлийг Эрүүгийн хуульд “зэвсэг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан” гэж заасан. Хэрэг гарах мөчид миний бие зэвсэг тусгайлан бэлдээгүй, засаж тохируулаагүй, дотны хоёр хүний зүй бус үйлдлийг гэнэт харж цочирдсоны улмаас хэрэг үйлдэгдсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилсэн хэргийг 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилж, ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж гаргасан гомдолдоо “Миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ДШМ/300 дугаартай магадлалыг эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч З.Зинад холбогдох эрүүгийн хэргийг хянаж хэлэлцээд шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр бүлгийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хүнийг үндэс угсаа, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, үзэл бодол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг ч мөн үл ойшоосон байна. Аливаа хуулийг шүүх байгууллага болон шүүгч нар ширхэгчлэн биелүүлэх үүрэгтэй гэж иргэн би бодож ирсэн нь том эндүүрэл болсон байна. Ид хийж бүтээх, залуу насандаа явсан дүүгээ бусдын гарт алуулсан би болон манай ах дүү, хамаатан садныхан маш их харамсан гашуудаж нэг хэсэгтээ хэцүү байсан ч цаг хугацааны аясаар сэтгэл санааны хямралтай байдал нь аядуу болж байтал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр биднийг сэтгэл санааны зовлонг сэдрээж дахин гүн хямралд орууллаа. Хүний амь нас ийм хямдхан болчихсон юм уу. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншихад хуулийг иргэдэд ялгамжтай хэрэглэж байгаа нь шууд ойлгогдож байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь нэг өдөр, нэг гэмт этгээдийн халдлагаас болж хохирсон 2 хүний сэтгэл санааны хохирлыг асуудлыг шийдвэрлэхдээ нэг хүнд нь сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчээс гаргуулж өгөхөөр шийдвэрлээд харин нөгөө хүнд нь болохоор өгөхгүй байхаар шийдвэр гаргаж байгаа нь хаанахын ямар ёс юм бэ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч нарт сэтгэл санааны хохирлыг олгохгүй гэж үзэж, хуулийг тайлбарлаж байгаа юм бол хохирогч Д.Б-д яагаад сэтгэл санааны хохирлын мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэр гаргаж байгаа юм бэ. Хохирогч Д.Б-д сэтгэл санааны хохирлын мөнгө гаргуулж өгөхөөр шийдвэрлэж байгаа юм бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надад ч гэсэн сэтгэл санааны хохирлын мөнгийг адилхан гаргуулж өгөх ёстой. Надад өгөхгүй юм бол хохирогч Д.Б-д адилхан л өгөхгүй байх учиртай юм биш үү. Нэг л үнэн гэж байдаг болохоос хоёр үнэн гэж байх учиргүй юм. Шүүх байгууллагын талаар хүмүүс янз бүрээр ярихад нь би үнэмшдэггүй байсан бөгөөд асуудал өөр дээр ирэхээр харамсалтай нь сая л ойлгож үнэмшдэг юм байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг намайг дорд үзэж доромжилсон үйлдэл боллоо гэж үзэж маш ихээр гомдож байна. Адилхан л хуулийн боловсролтой шүүгч нар хуулийг хоёр өөр янзаар тайлбарлаж хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байхаас гадна иргэд хохирох үндэс болж байна. Давж заалдах шатны шүүхийн хууль бус, иргэдээ ялгаварлаж үзсэн шийдвэрээс болж бид хохирч үлдэхийг огт хүсэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэлтэй зөв гарсан байх тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ДШМ/300 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг хэлсэн саналдаа “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаар магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна.
Харин анхан шатны шүүхээс гэм хорын хохиролд 8,580,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б-д олгохоор шийдвэрлэснийг хэвээр үлдээж, 99,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-д олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгосон. Иймд магадлалд гэм хорын хохиролд 8,580,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б-д олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт хэлсэн саналдаа “Үйлчлүүлэгчийнхээ хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх хууль эрх зүйн мэдлэггүй хүн байтугай эрх зүйч бид ч эргэлзэхээр шийдвэрийг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан.
Давж заалдах шатны шүүх Д.Б-ийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Б.Ж-д олгохгүй байхаар шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж хэлсэн саналдаа “30 нас ч хүрээгүй дүүгээ алдчихаад шүүхээс ийм шийдвэр гаргасанд маш гомдолтой байна. Би сэтгэл санаагаар маш их хохирсон. Одоо унтаж чадахгүй, хар дарж зүүдлээд нойрондоо муу, байнга эм ууж байна. Иймд энэ бүхнийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд прокурор Б.Мөнгөншагай хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн холбогдсон хэргийн тогтоогдсон үйл баримт, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчээс хохирогч нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-д 99,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий болсон. Мөн 8,580,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б-д олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгох байтал үүнийг орхигдуулсан байна.
Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахгүй байх үндэслэл нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Иргэний хуульд орсон нэмэлт өөрчлөлт буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ ч утгаараа Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй. Тэгэхээр хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн энэ гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийг олгох боломжгүй. Иймд анхан болон давж давж заалдах шатны шүүхийн шийдвэрт 8,580,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б-д олгосныг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгчээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан байна. Хэргийн тогтоогдсон үйл баримтаас харахад талийгаач Б.Л, шүүгдэгч З.З нар нь сүүлийн 3-4 жилийн хугацаанд дотно харилцаатай байсан. Уг харилцааны дундуур шүүгдэгч З.З-ийн найз буюу хохирогч Д.Б дотно харилцаа үүсгэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нь энэ асуудлыг хэрэг гарахаас тодорхой хугацааны өмнө мэдсэн ба маргаан үүсэж байсан, тэднийг шүрүүпээр гэмтээнэ гэсэн агуулгатай зүйл хэлж байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Тэгэхээр хардалтын шалтгаан тухайн үед гэнэт цочрон давчдах байдлаар үүсээгүй буюу өмнө үүсээд тодорхой хугацаанд үргэлжилж байсан байна. Хэрэг гарсан цаг хугацаа, гэрч Б.Т-н мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгчийн сэтгэцийн байдал хүчтэй цочрон давчидсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэгэхээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж заасан. Хутга хууль тогтоогчийн энэхүү тайлбарын зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарч буй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч З.З, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж нарын гаргасан гомдлыг үндэслэн З.З-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.Шүүгдэгч З.З нь 2023 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хорооллын ... дугаар байрны ... тоот орон сууцанд амь хохирогч Б.Л-г Д.Б-тай хардаж, нуруун тус газар нь нэг удаа хутгалж алсан,
мөн тухайн цаг хугацаа, газарт хохирогч Д.Б-г амь хохирогч Б.Л-тэй хардаж цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
3.Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч З.З-г хүнийг алах гэмт хэрэг болон зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 06 сар хорих ял, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жил хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 13 жил 06 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж дүгнэв.
4.Шүүгдэгч З.З-ийн гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаж үзэхэд тэрбээр хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хутга хэрэглэснийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” хэмээн тодорхойлж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.
5.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой уг хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.
Шүүгдэгч З.З нь 2023 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хүнийг алах болон хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр тооцож, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.
Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.З-аас гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-д олгуулах заалтыг хүчингүй болгосон атлаа мөн заалтын дээрх үндэслэлээр шүүгдэгч З.З-аас 8,580,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгоогүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулж, шүүгдэгч З.З-ийн “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийн зүйлчлэлийг 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-ын “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаар магадлалын тогтоох хэсэгт “шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч З.З, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ