МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар: 001/ХТ2024/00229
Улаанбаатар хот

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01021 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01073 дугаар магадлалтай,

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

“МД” ХХК-д холбогдох

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 436,582,730 төгрөг гаргуулах, даатгалын гэрээний 3.1.4, 3.1.7 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн өмгөөлөгч Г.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Б.Б нь “МД” ХХК-д холбогдуулан Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 436,582,730 төгрөг гаргуулах, даатгалын гэрээний 3.1.4, 3.1.7 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01021 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч “МД” ХХК-аас 46,582,730.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-ний 3.1.4 болон 3.1.7 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МД” ХХК-аас 390,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01073 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т тус тус зааснаар хариуцагч “МД” ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 46,582,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “МД” ХХК-аас төлсөн 461,150 төгрөг, гуравдагч этгээд Ч.Д-с төлсөн 390,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулахаар гомдол гаргаж байна.

4.1.Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас даатгагч болон даатгуулагчийн хоорондын даатгалын гэрээг хүчин төгөлдөр эсэх, даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлээгүй. ...Даатгагч Даатгалын тухай хуулийн 9.1.6 дахь хэсэг, Ипотекийн үйл ажиллагааны журмын 4.5 дахь хэсэг, 3-р хавсралтад заасны дагуу даатгалын гэрээний нөхцөлийг танилцуулаагүй, баримтжуулаагүй бөгөөд энэхүү үйл баримтад маргаагүй. Түүнчлэн зуучлагч банктай байгуулсан хамтран ажиллах гэрээг гаргаж өгөөгүй. Тиймээс Ипотекийн үйл ажиллагааны журмын 5.4.2-т заасны дагуу даатгуулагчид учирсан хохирлыг даатгагч хариуцах зохицуулалттай тул бид гуравдагч этгээдээс нэхэмжлээгүй. Гэтэл дээрх үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, дүгнээгүй. Мөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг өөрөөр буюу нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхээсээ татгалзсан, хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлсэн тул нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй хэмээн дүгнэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц-ийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.03-ны өдрийн 001/ШХТ2024/01051 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

7.Нэхэмжлэгч Б.Б нь охин Б.О-н хууль ёсны өвлөгчийн хувьд “МД” ХХК-аас амь насны даатгалын нөхөн төлбөрт 46,582,730 төгрөгийг гаргуулах, “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-ний 3.1.4 болон 3.1.7 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан ба гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлээсээ татгалзжээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “... миний охин Б.О “Х банк” ХХК-тай 2021.11.29-ний өдөр “Ипотекийн зээлийн гэрээ” байгуулж, 46,600,000 төгрөгийг, 300 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн байсан ба мөн өдөр “МД” ХХК-тай “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ” байгуулж, гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгуулж /1хх 12-15/, даатгалын хураамж төлсөн байсан, гэтэл даатгалын гэрээний хугацаанд буюу 2022.08.14-ний өдөр Б.О нь Ч.Д-н буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж нас барсан, энэ үед зээлийн гэрээний үлдэгдэл үүрэг 46,582,730.13 төгрөг байсан, даатгалын тохиолдол үүссэнээс гадна даатгалын компани даатгуулагчийг мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, ...мэдүүлгийн маягт бөглүүлсэн нь тодорхойгүй...” гэж тодорхойлжээ.

 

Б.Б нь “МД” ХХК-д даатгалын нөхөн төлбөр олгох хүсэлтийг гаргасан боловч даатгагч 2023.01.13-ны өдрийн 01/12-03 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн /1хх 11/, улмаар С-д гомдол гаргасан ба тус хорооны 2023.03.03-ны өдрийн 9/877 тоот албан бичгээр “...даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр болох зээлийн үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгуулагчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй” гэсэн хариу өгсөн байна. /1хх 9-10/

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно.” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх” гэж зааснаар Б.Б нь “МД” ХХК-д холбогдуулан уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд талаар шүүх хуулийн дагуу дүгнэжээ.

 

8.Хариуцагч “МД” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэм буруутай этгээд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол байгаа..., нэхэмжлэгч нь иргэний журмаар даатгалын нөхөн төлбөр шаардах эрхгүй, гэм буруутай этгээд хохирлыг бүрэн барагдуулснаар даатгагч нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэсэн үндэслэлийг заасан.

 

9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нэхэмжлэгчид бүрэн төлсөн, нэхэмжлэгч нь миний өгсөн 105,000,000 төгрөгөөс оршуулгын зардал, нас барагчийн цалингийн зээл, өр төлбөр гээд 47,000,000 гаруй төгрөгийг зарцуулсан, даатгагч нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх нөхцөл үүссэн гэж хариуцагчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

 

10.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба хоёр шатны шүүх гэм буруутай этгээд гэм хорыг нөхөн төлснөөр даатгагч үүргээсээ чөлөөлөгдсөн эсэх талаарх үйл баримтыг өөр өөрөөр дүгнэж, холбогдох хуулийг хэрэглэсний улмаас зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

 

11.Давж заалдах шатны шүүхийн “...гуравдагч этгээд Ч.Д нь хохирогчийн ар гэрт нийт 105,000,000 төгрөгийг төлсөн, үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь буяны ажил, зарим зардалд нийт 47,000,000 төгрөгийг зарцуулсан, улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Ч.Д-с нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан тухайгаа шүүхэд илэрхийлсэн, шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзээд Ч.Д-д тэнсэн харгалзах ял оногдуулсан..., өөрөөр хэлбэл даатгуулагчийн хууль ёсны төлөөлөгч нь гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн байх тул даатгагч нь нөхөн төлбөрийг олгохоос татгалзах эрхтэй..., анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээрээ хохирлыг бүрэн төлсөн гуравдагч этгээд Ч.Д нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөрийг МД” ХХК-д дахин төлөх нөхцөл байдлыг үүсгэхээр байгаа нь шударга ёсонд нийцэхгүй...” гэх дүгнэлт Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д нийцээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул магадлалыг хүчингүй болгоно.

 

12.“Х банк” ХХК нь Б.О-тай 2021.11.29-ний өдөр “Ипотекийн зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр 46,600,000 төгрөгийг, 300 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, мөн өдөр “Барьцааны гэрээ” байгуулан, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн Ү-22****** дугаартай, *** дүүргийн ** хороо ** гудамж ** тоот хаягт байршилтай, 41,54 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалжээ. /1хх 100-107/

 

Мөн 2021.11.29-ний өдөр Б.О нь “МД” ХХК-тай “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ” байгуулж, гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгуулсан /1хх 12-15/, даатгалын хураамж төлсөн, даатгалын гэрээний хугацаанд буюу 2022.08.14-ний өдөр Б.О нь Ч.Д-н буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж, нас барсан, энэ үед зээлийн гэрээний үлдэгдэл үүрэг 46,582,730.13 төгрөг байсан” үйл баримт тогтоогджээ.

 

12.1.Талууд даатгалын гэрээ байгуулагдсан, даатгуулагч даатгалын хураамж төлсөн, даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болсон үйл баримтыг маргаагүй, гагцхүү гэм буруутай этгээдийн төлсөн 105,000,000 төгрөгт даатгалын нөхөн төлбөр (зээлийн үүрэг) багтсан эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна.

 

12.2.Нэхэмжлэлийн үндэслэл болох “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-ний 2.2-т “Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувиар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно” гэж, 2.12.1-д “Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгээр” даатгалын нөхөн төлбөр олгохоор тус тус заажээ.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Даатгуулагч Б.О нь 2022.08.14-ний өдөр Ч.Д-н буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж, нас барснаар даатгалын тохиолдол бий болсон, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.24-ний өдрийн 2022/ШЦТ/794 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн (хх 36-39) байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Ч.Д-д холбогдуулан ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон бөгөөд оршуулгын зардал болон бусад хохирлоо бүрэн төлүүлж авсан учир Ч.Д-д оногдуулах ялыг тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан, шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч Ч.Д нийт 105,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэжээ.

 

12.3.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.” гэж заасан.

 

Даатгуулагчийн амь насыг хохироосон гэм буруутай этгээд Ч.Д нь зээлийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу хариуцах этгээд биш болохоос гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн 105,000,000 төгрөгт нас барагчийн зээлийн үүргийг оруулж төлсөн гэх үйл баримт ч тогтоогдоогүй байх тул “гэм буруутай этгээд нөхөн төлбөр төлснөөр үүргээс чөлөөлөгдсөн” гэх даатгалын компанийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ нь даатгалын тохиолдол бий болоход зээлийн үүргийг барагдуулах зорилготой буюу зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй байх эрсдэлийг даатгасан гэрээ байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаар гэм буруутай этгээдээс шаардан нэхэмжлэх гэм хорын төрөлд хохирогчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл хамаарахгүй учир Ч.Д үүрэг хүлээдэггүй байна.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг нь даатгагч даатгалын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авах зохицуулалт мөн хэдий ч ийнхүү шилжүүлэн авах шаардах эрх нь гэм хорын эрх зүйн шаардах эрхтэй байх учиртай. Тодруулбал, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд ... шаардах эрх түүнд шилжихээр зохицуулснаас үзвэл энэ зүйл, заалтын дагуу шаардах эрх шилжихийн тулд даатгуулагч, түүнд учирсан гэм хорыг буруутай этгээдээс шаардах эрхтэй байх урьдчилсан нөхцөл тавигджээ.[1] Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хорын төрөлд хохирогчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг хамаарахгүй, гэм хорын эрх зүйн шаардах эрх байхгүй учир гуравдагч этгээд нь үүрэг бүхий этгээд биш бөгөөд зээлийн үүргийг хохирол гэж сайн дураараа төлсөн үйл баримт ч тогтоогдоогүй байна.

Энэ утгаар “...гэм буруутай этгээд 105,000,000 төгрөг өгснөөс 47,000,000 гаруй төгрөг зарцуулагдаад үлдэх мөнгө нь зээлийн үүргийг төлөхөд хангалттай байсан, гэм буруутай этгээд хохирлыг бүрэн төлсөн учир үүргээс чөлөөлөгдөнө...” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байв.

 

13.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ” хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ биелүүлэх ёстой.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01073 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.16-ны өдөр төлсөн 390,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                 Н.БАЯРМАА

 

                         ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                               П.ЗОЛЗАЯА

 

                                                                               Д.ЦОЛМОН

 

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД

 

[1] Монгол даатгал” ХК ба Ж.Энхболд, 137/2023/00410/и, УДШ, (Иргэний хэргийн танхим), 001/ХТ2024/00126, х7.