
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 10 сарын 30 өдөр
- Дугаар: 2024/ХШТ/125
- Улаанбаатар хот
Б.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир, хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Га, хохирогчийн өмгөөлөгч Л.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 915 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох 2306000002186 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 онд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг баримтлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, Б.Б
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-ыг онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 10 жил хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Га нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 1,827,700 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, бусад зардалд 8,230,449 төгрөг, сэтгэл санааны хохиролд 92,400,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Г-д олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... гэм хорын хохирлоо...” гэснийг “... гэмт хэргийн хор уршгийн хохирлоо ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Мөрдөн байцаагч ямар ч шалтгаангүйгээр энэ хэрэгт хамааралгүй хүнийг эрүүдэн зодож нүдэн, худал үгээр айлган сүрдүүлж, огт байгаагүй, явчихсан хүнийг байсан болгож, хараагүй хүнийг харсан болгож, хуулийг онц ноцтойгоор зөрчиж хуурамч мэдүүлэг авсан нь тогтоогдсон байдаг. Мөн хэргийн газарт огт үзлэг хийгээгүй. Хохирогч гэх Г нь өөрөө өөрийгөө үнэртэй усны шилээр цохисон. Би огт гар хүрээгүй. Камерын бичлэгийг шүүж хэн нь үнэн, хэн нь худал хэлээд байгааг тогтоох хэрэгтэй. Мөн “өөрийгөө цохисон үнэртэй усных нь шил байгаа, түүнийг авч шинжилгээнд оруулах хэрэгтэй” гэж хэлсэн боловч мөрдөн байцаагч нь огт тэр ажлуудыг хийж гүйцэтгээгүй.
Мөн куртикнийхээ цахилгааныг янзлуулах гээд оёдлын газарт очоод хаалгыг нь татаж үзээд хаалттай болохоор буцаад гарсан төдийд буруутан болгож, хийгээгүй зүйлийг хийсэн болгож, аваагүй зүйлийг минь авсан болгож шүүх өнөөдөр надад 2 жилийн ял оноосонд дэндүү гомдолтой байна. Тэр оёдлын газрын хаалганы гадна бариул дээрээс хоёр мөр олдсоны нэг нь Б-ынх, харин нөгөө хурууны хээ хэнийх болох нь тогтоогдоогүй. Гэтэл дотор талаас нь ямар ч нотлох баримт, гар хурууны хээ олдоогүй. ... Ямар ч нотлох баримтгүйгээр зөвхөн хохирогч, гэрчийн мэдүүлгээр явсаар анхан шатны шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд намайг буруутайд тооцож, бүхэл бүтэн 12 жилийн хорих ялыг, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн.
Мөн миний бие, өмгөөлөгчийн хамт анхан шатны шүүхийн тогтоолыг эсэргүүцэж гэм буруугүйгээ дахин тогтоолгохоор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч өргөдөл, гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн гаргасан байр суурийг дэмжиж ялыг минь хэвээр үлдээсэнд миний бие туйлын их гомдолтой байна. Би өнөөдөр яг ямар хэрэг хийсэн болоод хоёрын хоёр шүүх байгууллагаас намайг ингэж яллаж байгаа юм бэ? Ямар ч хүн харсан бүх зүйл тодорхой ойлгомжтой байдаг. Мөрдөн байцаагч нь өнөөдөр хүнийг эрүүдэн зодож, айлган сүрдүүлж, худал мэдүүлэг авсан байхад прокурор яг юунд хяналт тавьж байсан юм бэ? Яагаад өнөөдөр нэг ч камерын бичлэг байхгүй гээд бүх бичлэгийг устгасан бэ? Эсвэл бичлэгийг бидэнд үзүүлэхгүйгээр яагаад нуусан бэ? Учир нь бүх зүйл тодорхой. Хэрвээ өнөөдөр мөрдөн байцаагч нь авсан бичлэгээ ил болгоод гаргаад ирэх юм бол мэдээж өөрөө буруудах болно. Яагаад гэвэл миний хэлсэн зүйлс бүгд үнэн болж камерын бичлэгт хэн нь хамгийн түрүүнд явсан, юу юу болсон гээд камерын бичлэгтэй миний өгсөн мэдүүлэг 100% тохирч нийлэх ёстой байсан. Камерын бичлэг дээр хамгийн түрүүнд Ба нь явсан болоод Г, М 2 цааш явж байгаа юм. Г нь анхан шатны шүүх хурал дээр “би машины урд хэзээ ч суугаагүй” гэж хэлдэг шүү дээ. Гэтэл Г нь буцаж ирээд машины урд орж сууж байгаа юм. Тэгээд намайг цохиж, мөн өөрийгөө цохиж машинаас унасан. Өөрөө сандал олоод сууж байгаа юм. Мөн намайг дагаад араас орцонд орж байгаа юм. Тэгээд хамгийн гол нь хэн түргэн тусламж, цагдаа дуудав. Г тэр байрнаас яаж гарч явсан, яг хэдэн цагт явав. Мөн би буцаж гарч ирж байгаа Г-ыг айж байгаа гээд л бүх зүйл тодорхой байх байсан. Гэтэл хохирогч гэх хүний аав нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал дээр “Б хэлж байна л даа, камерын бичлэг л гэх юм, үнэхээр тэр бичлэг нь байлаа ч гэсэн хэрэгт ач холбогдолтой ч юм уу, үгүй ч юм уу би эргэлзэж л байна” гэдэг. Камерын бичлэг хамгийн их ач холбогдолтой. Миний амь амьдралыг минь шийдэх хамгийн гол чухал зүйлийг минь санаатайгаар байхгүй болгож нуун дарагдуулаад хамгийн гол нотлох баримтыг минь үгүй болгоод, ямар ч нотлох баримт байхгүйгээр зүгээр л шууд энэ миний хүүхдийг тийм болгосон гэж би үзэж байна гэж дайрдаг шүү дээ.
Г “...боль гэж хэлэхэд нь Б, М-ийг 2-3 удаа цохиж харагдсан. Тэгээд миний нүд юм харахгүй байна гэж хэлэхэд Б, М хоёр намайг хоёр талаас сугадан нэг орцонд оруулж хаясан” гэдэг. Гэтэл гэрч М “...намайг байхад тийм зүйл огт болоогүй, би Г-ыг одоо харь” гээд явуулсан гэдэг шүү дээ. Өнөөдөр үнэхээр шударга шүүх гэж байдаг бол би тэр чин үнэнээр шүүдэг тэр л шүүхийг чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдөж байна. Огт хийгээгүй хэргийнхээ төлөө, үнэнээ хэлсний төлөө би өнөөдөр ямар ч амьдралгүй, ямар ч ирээдүйгүй болсон. Хэн сайн жүжиглэж чадсан нь ялж, хэн нь үнэн шударгаар явсан нь ялагдаж үлддэг хорвоо юм байна. Яг үнэндээ өнөөдөр тэр хүүхэд зүв зүгээр явж байгаа гэж бодохоор миний дээрээс тэнгэр нураад ирэх шиг л болдог. Би өнөөдөр эхнэр, хүүхэдтэй болж үрийн зулай үнэрлэж, элэг бүтэн болж сайхан амьдрах гээд явж байтал хүнд итгэмтгий, тусч, энэрэнгүй, цайлган цагаахан сэтгэл рүүгээ үнэхээр муухайгаар ус цацуулж, эдгээр хүмүүст үнэхээр их дээрэлхүүлэн доромжлуулан хараалгаж зүхүүлэн барин амь амьдралаараа тоглуулан барин эхнэр, үр хүүхэд, эцэг, эхээсээ салан тусгаарлагдаж байгаадаа үнэхээр их гомдож байна.
Анх шүүхээс миний хэргийг нүдэнд харагдаж гарт баригдах хангалттай нотлох баримт алга гэж үзэж хэргийг минь прокурорт буцаасан байдаг боловч С прокурор ямар ч нэмэлт ажил хийлгээгүй. Мөн дахин хийгдэх ёстой байсан нэмэлт ажиллагаануудыг хийлгээгүй. Тэдгээр нь 1.Тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийлгэх ёстой байсан. 2.Г-ын өөрийгөө цохисон үнэртэй усны шил нь байгаа гэж өчнөөн хэлсэн боловч тэр үнэртэй усны шилийг шинжилгээнд өгч болох байсан ч тийм ажиллагааг хийлгээгүй. 3.Мөн гэрч Ба-ийг эрүүдсэнд ямар ч ажиллагаа хийгээгүй. Гэрч Ба нь өөрөө л “би буруу зүйл хийсэн байна, тэр цагдааг ингэж мэдүүлгийг худлаа зохиож байхгүй байхад байсан болгоод, хараагүй байхад хүнийг харсан болгоод дээр нь хүнийг өчнөөн зодож, айлгаж, дарамталсанд гомдолтой байна, миний энэ мэдүүлгээс болоод өнөөдөр гэмгүй сайхан ах минь хэрэгт орохоор болчихсон байна” гээд Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж эцэг эхтэйгээ очиж мэдүүлэг өгсөн байдаг. 4.Мөн энэ улсын яллагч яагаад нэг ч камерын бичлэг байхгүй гээд яваад байдгийг яагаад шалгаж болдоггүй юм бэ? Одоо бүр улсын яллагч нь барин тавин энэ Б би тэгж хэлээгүй л гэх байх гэж хэлж байгаад худлаа ярьж хүн гүжирдэх боллоо. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал дээр С прокурор хэлдэг шүү дээ. Намайг маш муухайгаар гүжирдсэн. Б над дээр ирж яллах дүгнэлт гардаж авахдаа Г нь зүв зүгээр усны тэрэг түрээд ус аваад явж байсан гэж хэлсэн. Одоо аягүй бол би тэгж хэлээгүй л гэх байх гэж прокурор маань худал хэлсэн. Яг үнэндээ гэвэл прокурор намайг дуудаж яллах дүгнэлт танилцуулж гардуулж өгөхөд нь би тэгж хэлж байсан.
Би Г-ыг үнэхээр сохорсон юм болов уу гээд очиж уулзъя гээд гэрийнх нь үүдэн дээр нь очоод хашааны хаалганы дээгүүр нь харахад Г зүв зүгээр нэг байшингаас гараад нөгөө байшин руугаа орж байсан, бүр харуй бүрий болсон байхад шүү. Наад хүүхэд чинь зүгээр л байгаа юм биш үү дахиж шалгуулмаар байна гэхэд миний үгийг үг гэж тоохгүйгээр өөдөөс “тэр Ба-ийн Авлигатай тэмцэх газрын хариу андуурагдаж ирсэн байна лээ шүү, Ба нь 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй байсан болохоор тэр хэрэг нь тэгээд хаагдсан шүү, одоо чиний хэргийг шүүх рүү явуулъя даа” гэж хэлээд намайг явуулсан байдаг. Хэрвээ тэр прокурорын надад яллах дүгнэлт гардуулж өгсөн өрөөний камер дуу дүрс нь байдаг бол хэн нь үнэн, хэн нь худал хэлээд байгааг нь дахин шалгуулмаар байна. Хэрэв Г нь ус түрээд явж байсан гэж бодоход би эхлээд утсан дээрээ зургийг нь аваад ч юм уу, эсвэл бичлэг хийгээд баримтжуулна шүү дээ. Би шууд Г дээр яваад очно шүү дээ. Чи яагаад худлаа сохроогүй байж сохорсон болж жүжиглэж хүнийг цагдаад өгдөг юм бэ гээд шууд яваад очно шүү дээ. С прокурорын хэлсэн үгэнд ямар ч утга учир авцалдаа алга. Логик тал дээр ч мөн амьдрал дээр ч гэсэн шал худлаа зүйлээр хүн гүжирдэж хийгээгүй хэргийг минь хүчээр хийсэн болгож харагдуулах гэсэн үнэхээр арчаагүй оролдлого гэж би үзэж байна.
Мөн С прокурорыг би яагаад тэгж худал хэлэх болсон шалтгааныг нь тайлбарлаж хэлэхэд энэ С прокурор нь тэр хохирогч гэх Г-той хамаатан садан, ах дүүгийн харилцаа холбоотой болох нь тодорхой гэж би үзэж байна. Учир нь надад нэг өдөр гэрч Ба хэлж байсан. Б ах аа шүүх хурал дээр гэрчээр орохоор очиход энэ прокурор ах над руу аймар муухай хараад байхаар нь би бүр гайхаад сууж байхад шүүх хурал хойшилж би гэртээ ирээд тэр прокурор яагаад над руу тэгж муухай хараад байсан юм бол оо? гэж бодоод байтал нэг л өмнө нь харсан үзсэн хүн шиг байсан, тэгсэн гэнэт санаанд орсон, намайг бага байхад цагаан сараар би Г-ынд ороод Г-той хамт тоглож байхад энэ прокурор ах Г-ынд ирж өвөө эмээтэй нь золгоод байж байсан хүн яг мөн, би бүр ямар харсан хүн бэ гээд гайхаад байсан юм гээд гэнэт санасан талаараа надад хэлж байсан. Энэ бол үнэн шүү. Энэ зүйлийг би шүүх хурал дээр хэлнэ гэж бодож байсан боловч тухайн үед сандарсандаа болоод энэ зүйлээ хэлэхээ мартчихсан байсан болохоор эцсийн үгэндээ хэлж байна. Би хэнийг ч буруутгах гэсэнгүй, би хэнийг ч худлаа гүжирдэх гэсэнгүй, энэ бүхэн үнэн зүйл юм шүү. Тийм болохоор л энэ прокурорыг би өдий хүртэл ямар ч нэмэлт ажиллагааг хийлгэхгүй бүр анхнаасаа намайг эрэн сурвалжилж санаатайгаар гэрчийг эрүүдэж дарамтлуулж худал мэдүүлэг авхуулсан. Хэргийн газарт үзлэг хийлгээгүй, гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг гаргуулаагүй. Мөн тэр камерын бичлэгийг нуун дарагдуулсан. Өнөөдрийг хүртэл тэдгээр хүн эрүүдэж дарамталж хууль бус мэдүүлэг авсан мөрдөн байцаагч нарыг өмгөөлж хамгаалсаар ирсэн. Зөвхөн хохирогч гэх хүний үгээр л явж ямар ч нотлох баримтгүйгээр өнөөдрийг хүртэл намайг яллаж буруутгаж гэм буруутайд тооцож, давж заалдах шатны шүүх хурал дээр ямар ч ичих булчирхайгүйгээр энэ одоо би тэгж хэлээгүй л гэх байх гэж хэлж байгаад худал хэлж хүн гүжирдэж өөрийн ажлаа хамгаалж ах дүүсээ өмгөөлж, ямар ч гэм буруугүй хүнийг хүчээр яллаж хүч чадлаа гайхуулж, хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж чадаж байгаад миний бие туйлын гомдолтой байна.
Монгол хүн эрх, эрх чөлөө тусгаар тогтнолоо эрхэмлэн нандигнан хайрлаж хамгаалах ёстой байдаг учир миний бие уурын мунхгийг гээн хаяж, үйлийн үрийг үргэлж бодож санаж үр удмаа дээдлэн, эцэг эхээ хайрлан хүндэлж биширч, үнэнч шударгаар өр нимгэн сэтгэлээр явсны минь хариуд бусдын атаат санаанд, өст бодолд хорлогдож, төрсөн үр, хайрт эхнэр, ачтай буурал аав ээжийгээ ах эгч нараа санахын зовлонг эдэлж, арай чүү өдөр хоногийг би элээн сууна. Энэ миний эцсийн захидал, энэ миний эцсийн итгэл найдвар. Эрхэм хүндэт, эрхэм дээд шүүгч ах эгч нар минь та бүхэн минь миний хэлэх үгнээс нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэгт би итгэж найдаж байна. Нарт хорвоод надад хийсэн гэм нүгэл үгүй. Хэрэв надад хийсэн гэм нүгэл бий бол тэрийг зөвхөн бурхан л гэрчлэх байх. Энэ амьдралын их дээд сургуулийг би их олон зүйл дээр үзэж туулсан. Би бага залуу байхдаа зодоон цохион хийж, хэрэг төвөгт орж шоронд орсон минь үнэн. Гэлээ гэхдээ би тэр шоронг нэг ч удаа энэ бол шорон шүү гэж бодож байгаагүй. Харин өөртөө би өдөр болгон энэ бол миний амьдралын их дээд сургууль минь юм байна шүү гэж хичээж мэрийж гэм буруугаа ухамсарлаж, ажил хөдөлмөрт суралцаж ааш авираа засаж, ахиж амьдралд алдах эрхгүй шүү гэж өөртөө би ахин дахин хэлж сануулж өдий хүртэл явж ирсэн байдаг билээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 08 сарын 28-нд надад магадлал ирсэн. Би өөрт ирсэн магадлалыг уншиж танилцахад үг үсгийн алдаа маш их. Мөн миний гаргасан гомдлыг маш дутуу бичсэн гол гол хэсгийг минь танан үг хасаж утгыг нь алдагдуулан бичиж ирүүлсэн байна. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал дээр улсын яллагчийн хэлсэн ярьсан намайг гүжирдэж худал хэлсэн нь буюу “Одоо энэ Б аягүй бол би тэгж хэлээгүй гэх байх” гэж хэлж байгаад намайг илтэд гүтгэж гүжирдсэн үг өгүүлбэрийг яагаад дутуу оруулсан юм бэ? Мөн хохирогч гэх Г-ын аав нь буюу хууль ёсны төлөөлөгчийнх нь хэлсэн ярьсан үг өгүүлбэр мөн дутуу. Хууль ёсны төлөөлөгч нь хэлдэг. “Энэ Б камерын бичлэг яачхав аа, яагаад тэр камерын бичлэг байхгүй байгаа юм бэ л гэх юм. Яг үнэндээ тэр камерын бичлэг нь байлаа ч энэ хэрэгт гол ач холбогдолтой ч юм уу би эргэлзэж л байна” гэж хэлдэг үг өгүүлбэрийг дутуу оруулсан байна. Мөн тэр хохирогч гэх Г нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал дээр дахин жүжиглэдэг. Бүр илтэд худал хэлдэг шүү дээ. Ямар ч нотлох баримтгүйгээр хэлдэг. Анхан шатны шүүх хурал болсноос 2 сарын дараа “Ба над руу залгаж найзыгаа уучлаарай гээд уйлж ярьсан. Би Баас зугтаад гэртээ очиж чадахгүй байна гэж над руу ярьсан” гэдэг. Би хоригдсон байсан хүн шүү дээ. Ба надаас тэгж айж зугтах, гэртээ ч очиж чадахгүй явах үндэслэл огт байхгүй. Би бүхэл бүтэн 1 жил гадуур байсан хүн. Ба нь намайг хадам ээжтэйгээ дэлгүүртээ ажиллаад байж байхад хаа нэг орж ирдэг байсан. Тэгэхдээ надад хэлдэг байсан. “Ах аа санаа зоволтгүй дээ тэр Г сохроогүй ээ худлаа жүжиглэж байгаа юм. Үнэн ялна даа ах аа Г ингэж муухай зан гаргасныхаа хариуг авна даа ах аа” гээд инээгээд явж байсан хүүхэд юу боллоо гэж намайг хилс хэргээр яллагдаад хоригдсон байхад гэртээ ч орж чадахгүйгээр хоригдсон надаас айгаад явж байх вэ дээ. Энэ Г түүний хууль ёсны төлөөлөгч болон энэ улсын яллагч нарын эцсийн хууль бус аргаа барсан үнэн арчаагүй оролдлого нь юм болов уу гэж би дотроо бодож байна. Яагаад шүүх өнөөдөр хавтаст хэргийн материал нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хоорондоо зөрүүгүй гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж үзэх болов. Яагаад?... Бүхэл бүтэн Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ гэж үзэв. Өнөөдөр бүхэл бүтэн Нийслэлийн давж заалдах шатны шүүх маань яг юун дээр хяналт тавьсан юм бэ? Өнөөдөр хүн эрүүдэж худал мэдүүлэг авсан нь тогтоогдсон байхад яагаад тэр талаар ярихгүй байгаа юм бэ. Гэрчийн худал өгч эрүүдүүлсэн мэдүүлэгт тулгуурлан өнөөдөр надад хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж бүр цаашлаад Монгол Улсын шүүх яагаад надад бүхэл бүтэн 12 жилийн ял оноож байгаа юм бэ? Өнөөдөр тэр гэрчийн мэдүүлэг худал болох нь 2 шатны шүүхээр тогтоогдсон байхад яагаад миний яллагдагчаар татагдсан мэдүүлгийг хүчингүй болгож, хийлгэвэл зохих ажиллагаануудыг дахин хийлгэж, зайлшгүй дахин тогтоолгох ёстой асуудлуудыг дахин тогтоолгохгүй байгаа юм бэ? Мөн М-тэй нийлэн Г-ыг орцонд оруулж хаясан зүйл огт байхгүй байхад яагаад намайг яллаж буруутгаж байгаа юм бэ? Өнөөдөр бүх тэр камерын бичлэг дээр ил тод байх байтал яагаад тэр бичлэгүүдийг байхгүй болгов гэдэг дээр яагаад өнөөдөр бүхэл бүтэн Монгол Улсын шүүх байгууллага маань хяналт шалгалт тавьдаггүй юм бэ? Прокурорын эрх мэдлийн асуудал, мөн хууль зөрчиж хүн дарамталж, айлган сүрдүүлж, байцаалт мэдүүлэг авдаг хэргийн гол ач холбогдол бүхий дүрс бичлэгийг санаатайгаар байхгүй болгодог, мөрдөн байцаагч нар нь хэтэрхий нэг талыг баримтлан намайг хүчээр буруутгаж, иргэн Г-д үйлчилсэнд миний бие туйлын гомдолтой байна. Иймд эрхэм хүндэт Төрийн Дээд шүүгч ах, эгч нартаа хандаж эцсийн үгээ хэлэхэд би энэ хэргийг хийгээгүй болохоо ахин дахин чин сэтгэлээсээ амлаж тангараглаж байна. Хэрэгт минь гол ач холбогдолтой ажиллагааг нөхөн гүйцэтгэх ажлуудыг хийлгэж хэргийг минь дахин мөрдөн байцаалтын шатанд шилжүүлэн үнэн зөвөөр нь чин шударгаар дахин шалгуулж өгнө үү гэж та бүгдээсээ чин сэтгэлээсээ хичээнгүйлэн гуйж байна... гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
1.Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасан.
Тухайн өдөр хэргийн газар хохирогч Г.Г, шүүгдэгч Б.Б нараас гадна гэрч Б.Ба, Д.М нараас өөр хүн байгаагүй. Гэтэл гэрч Ба-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг худал болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд гэрч Ба байгаагүй, шүүгдэгч Б-ыг Г-ын биед гэмтэл учруулахыг хараагүй, тэр хоёрыг салгах үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх гэрч Ба-ийн дээрх мэдүүлгийг хэрхэн үнэлж, дүгнэсэн талаараа шийтгэх тогтоолд огт дурдаагүй.
Харин анхан шатны шүүх хохирогч болон гэрчийн мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад гэрч Д.М-ийн мэдүүлгийг гуйвуулж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. /шийтгэх тогтоолын 16 дугаар хуудасны 3 дахь догол мөр/
Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс илт зөрүүтэй байдаг. Гэтэл гэрч Д.М нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Г-ыг миний хажууд цохиж зодоогүй, маргалдаад байхаар нь салгаад хохирогч Г-ыг чи ч гэсэн одоо харь гээд, шүүгдэгч Б-ыг одоо ингээд харьчих байх гээд явсан” гэсэн мэдүүлгийг тогтвортой өгдөг. Түүнээс Г-ыг цохиж зодож байсан улмаар болиулах гэтэл Б миний биед халдсан гэсэн юм огт ярьдаггүй. /1 дүгээр хх-ийн 25-26/
Хохирогч Г-ын мэдүүлгийг шүүх үнэн зөв тогтвортой өгсөн гэж үнэлж байгаа бол гэрч М, шүүгдэгч Б-тай хамт хохирогчийг 2 талаас нь сугадаж орцонд оруулсан үйлдэл хийжээ. Мөн хохирогч Г-ын нүдэн дээр шүүгдэгч Б нь дарж нүдийг сохолсон болохыг мэдсэн атлаа анхны тусламж үзүүлээгүй зэрэг эрх зүйн үр дагаврууд үүсэж байна.
Гэрч, хохирогчийн мэдүүлэг илтэд зөрүүтэй байхад анхан шатны шүүх гэрч М-ийн мэдүүлгийг Г-ын биед халдаж, цохиж зодож байсан улмаар М нь Б-ыг болиулах гэтэл Б нь М-ийн биед халдсан үйл баримт хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлогджээ гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Хэрэв шүүх хохирогч Г.Г-ын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж байгаа бол гэрч М-ийн мэдүүлгийг үгүйсгэж няцаасан дүгнэлт хийх ёстой байтал шууд ийнхүү гуйвуулж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг шууд бус дамжмал нотлох баримт юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг гарсан цаг хугацаанд хэргийн газарт байгаагүй, түүний мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй гэж өмгөөлөгчийн хувьд саналаа хэлсэн боловч үүнийг няцааж үгүйсгээгүй атлаа уг мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Анхан болон давж заалдах шатны шүүх шинжлэн судалсан нотлох баримтуудыг няцааж, үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, мөн шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
2.Хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй байдлаар тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
Миний үйлчлүүлэгч Б.Б-ыг онц харгис хэрцгий аргаар бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Онц харгис хэрцгий гэдэгт субъект өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдэж, удаан хугацаанд тарчлааж, зовоох аргыг сонгож хийсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрнэ. Хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогчид учирсан олон тооны гэмтлүүдийг онц харгис хэрцгийгээр учруулъя гэж ухамсарлаж, үр дагаврыг урьдчилан харж, санаатайгаар үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэтэл шүүх “нүд харахаа болиод маш ихээр өвдөж эхэлсэн... үүнээс болж сэтгэл санаа гутраад маш хэцүү байна” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэн ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, онц харгис хэрцгийгээр хүнд гэмтэл учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчид хүнд гэмтэл учруулахын өмнө олон тооны шарх үүсгэж удаан хугацаанд тарчлаан зовоож гэмтлүүдийг учруулсны эцэст хүнд гэмтлийг авснаар гэмт хэрэг төгсдөг. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд онц харгис хэрцгийгээр хүнд гэмтэл учруулсан гэдгийг дүгнэхдээ хохирогч нүд юм харахаа болиод маш их өвдөлт мэдэрсэн гэж мэдүүлснийг үндэслэн хохирогчид учирсан гэмтлийг онц харгис хэрцгийгээр учруулсан, ингэхдээ бие махбодын болоод сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэж дүгнэсэн нь гэмт хэргийг үйлдэх явцдаа гэмт хэрэгтний сэтгэхүйн хувьд үйлдэлдээ хандсан байдал түүнийгээ хүсэж үйлдсэн үйлдлээрээ төгсгөсөн байдал гэмт үйлдэлтэй нь тохирч байгаа эсэх дээр хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй.
Шүүхээс гэмт хэргийг төгссөн хойно буюу хохирогчид учирсан гэмтэл, гэмт хэргийн хор уршгаар нь гэмт хэргийг бие махбодын болоод сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн учраас онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль ёсны зарчим болон гэм буруугийн зарчмыг алдагдуулсанд гомдолтой байна.
3.Гэмт хэргийн хохирол, хор уршгийг талаар: Уг гэмт хэрэг нь 2023 оны 05 дугаар сарын 13-нд гарсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг нь Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Цаг хугацааны хувьд сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр болоогүй байхад гэмт хэрэг гарсан тул хоёр шатны шүүх ... шүүгдэгч Б.Б-аас 1,827,700 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгох, бусад зардалд 8,230,449 төгрөг, сэтгэл санааны хохиролд 92,400,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Г-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.Миний үйлчлүүлэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хохирогч Ц.О-ийн өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр Б.Б-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдсон гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтэд хаалганы гадна талаас илрүүлсэн гарын хээ нь шүүгдэгч Б.Б-ын гарын хээтэй таарч байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр зөвхөн гарын хээ нь Б.Б-ынх болохыг тогтоосон болохоос Б.Б-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн хаалганы гадна талаас олдсон гарын хээг үндэслэн хүнийг хулгайлах гэмт хэрэг хийсэн гэж дүгнэх нь учир дутагдалтай юм. Иймээс Б.Б-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
5.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргасан. Шүүгдэгч Б.Б нь шүүхэд хандаж эцсийн үг хэлэхдээ “би хийгээгүй хэргийнхээ төлөө ял шийтгэл сонсох гэж байгаадаа үнэхээр харамсаж байна” гэж хэлснийх нь төлөө шүүхээс 10 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх, шүүхэд хандаж мэдүүлэг өгөх, эцсийн болгож үг хэлэх эрхээ эдэлснийх нь төлөө ял шийтгэлийг хүндрүүлэн шийтгэсэн гэж үзэхээр байна. Хэдийгээр ял шийтгэлийг оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч улсын яллагчийн ялын саналыг нэмсэн үндэслэлээ заагаагүй хэтэрхий нэг талыг барьж субъектив хандаж байгаад гомдолтой байна.
Иймд шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэж, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогч Г.Г хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Б.Б болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол ямар ч үндэслэлгүй. Хүнийг ид хийж бүтээх залуу насанд ямар ч амьдралгүй болгосон Б.Б бол хүн биш. Би сэтгэл санааны хувьд хохиролтой, маш их гомдолтой байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Л.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний хувьд хэрэг бүртгэлтийн шатнаас хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон. Б.Б нь хохирогчийг жүжигчин мэргэжилтэй учраас сохорсон болж жүжиглэж, өөрийг нь хүнд гэмт хэрэгт холбогдуулсан мэтээр шүүхийн хэлэлцүүлэг болон бүх шатны шүүхэд гомдолдоо дурдсан байдаг. Г.Г-ын хувьд жүжигчин мэргэжилтэй, амьдралд дөнгөж хөл тавьж байсан залуу хүн. Ямар ч хүн бусдыг гэмт хэрэгт гүтгэхийн тулд хамгийн гол эрхтэн болох нүдээ гэмтээхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд гаднын хатуу биетийн нөлөөгөөр бус гараар гэмтэл учруулж нүдийг сохолсон болохыг тогтоосноос гадна анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж энэ талаар тодруулсан. Г.Г сохорсон болж жүжиглэснийг шинжээч баталсан мэтээр тайлбарлаж буй нь шүүгдэгчийг ямар ухамсартай хүн болохыг харуулж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Б.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон байна. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Харин 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарсан хэрэгт сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Иргэний хуульд заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгө хэлбэрээр гаргуулах заалтыг буцаан хэрэглэх боломжгүй юм. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийн сэтгэл санааны хохиролд төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулж, хохирогчийн хувьд өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувьд энэ хэргийг үйлдээгүй, хохирогч өөртөө гэмтэл учруулсан, машинаас хоёр удаа нүүрээрээ унахдаа гэмтэл авсан байх боломжтой гэх байр суурийг илэрхийлдэг. Гэвч тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр ямар нэгэн хатуу зүйлийн үйлчлэлээр бус хүний гар буюу мохоо зүйлийн үйлчлэл, даралтаар үүссэн байх боломжтойг тогтоосон байна. Мөн хэрэгт ямар ач холбогдол бүхий хяналтын камерын бичлэг, хаана байгаа талаарх үндэслэлийг тодорхой дурдахгүйгээр гомдол гаргажээ.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хүний нүдэн дээр өөрийн гараар дарж хоёр нүдийг бүрэн хараагүй болгох түвшинд маш хүчтэй өвдөлт мэдрүүлж дарсан үйлдэл нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед олон тооны гэмтэл, шарх сорви тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэргийн хувьд хэргийн газрын үзлэгээр хаалга цөмөрсөн бөгөөд хаалганаас шүүгдэгчийн гарын хээ илэрсэн. Тийм учраас хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хоёр шатны шүүхийн шийдвэр мөн үндэслэл бүхий болжээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн сэтгэл санааны хохирол гаргуулсан заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3.Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр байрны гаднах автомашины зогсоолд байрлуулсан ... УББ улсын дугаартай “Toyota Hiace” загварын тээврийн хэрэгсэл дотор хохирогч Г.Г-той маргалдан зодохдоо нүдэн дээр нь гарын хуруугаар, биеийн жингээр дарж хоёр нүдний бүрэн хараагүйдэл бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсны зэрэгцээ баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, дагзны хуйх, зүүн чих, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, хоёр бугалгад цус хуралт, эрүү, зүүн өвдөгт зулгаралт зэрэг бусад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,
2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны ..... дугаар орцны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг Ц.О-ийн оёдлын газарт нууцаар, хууль бусаар нэвтэрч 165,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
4.Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлээс үзвэл хууль тогтоогч гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг гэмт хэргийн үндсэн шинжээр, харин гэмт этгээд тухайн үйлдэл, эс үйлдэхүйг хийх болсон санаа зорилго, сэдэлт, сонгож хэрэгжүүлсэн арга, хэрэгсэл, хохирогчийн хувийн онцгой нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.
Тухайлбал, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа тохуурхан доромжилж, эсхүл бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовиур үзүүлж үйлдсэн, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан зэрэг хүндрүүлэх шинжээс гадна Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудыг эш татаж хуульчилжээ.
Гэмт хэргийн дээрх хүндрүүлэх шинжээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хохирогчийг зориуд тарчлаан зовоох зорилгоор олон тооны шарх, гэмтэл учруулах, эд эрхтнийг тайрах, огтлох, түлэх, шатаах, хөлдөөх, эрүүл мэндэд хортой эм бэлдмэл, бодис хэрэглүүлэх болон эдгээртэй адил төстэй харгис хэрцгий арга хэрэглэснийг ойлгоно. Харин Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн” гэдэгт удаан хугацааны турш хоол ундгүй байлгах, осгоох, эрүүл мэндэд аюултай, хортой нөхцөлд байлгах зэргээр өвтгөн шаналгасан, зовж зүдрэхээр нөхцөлийг зориуд бүрдүүлсний улмаас эрүүл мэндийн хүнд хохирол учирсныг ойлгохоос гадна нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагавар, хохирол, хор уршгийн шинж чанараар мөн тодорхойлогдож болно.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчийг зодох явцдаа хоёр нүдийг хуруугаараа, биеийн хүчээр дарж бүрэн хараагүй болгосон нь онц харгис хэрцгий шинжтэй бөгөөд уг гэмтлийн шинж байдал, үр дагавар нь хохирогчийг бие махбод, сэтгэл санааны шаналал, зовиурт автуулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй тул хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
5.Хэргээс үзэхэд хохирогч нарын мэдүүлэг, хохирогч Г.Г, шүүгдэгч Б.Б нарын дунд маргаан болсныг гэрчилсэн Д.М-ийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 25-26 дахь хуудас/, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 657 тоот дүгнэлт /1-р хавтаст хэргийн 73-77 дахь хуудас/, хоёр нүдний хараагүйдэл гэмтэл нь гарын хуруугаар үүсгэгдсэн ба үнэртэй усны шил болон автомашинаас унах үед энэ гэмтэл учрах боломжгүй талаар тайлбарлан мэдүүлсэн шинжээчийн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 20 дахь тал/, хулгайлах гэмт хэргийн газарт үзлэг хийхэд хаалга цөмөрч, цоож эвдэгдсэн, гадна хаалганаас гарын алганы хээ илэрсэн талаарх тэмдэглэл, уг гарын алганы хээ шүүгдэгчийнх болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-ын хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдлаар хүнд хохирол санаатай учруулсан болон бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан гэм буруутай үйлдлүүд нь хөдөлбөргүй нотлогдсон, эдгээр нотлох баримтууд хоорондоо ноцтой зөрүүгүй байх тул шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гомдолд дурдсанчлан хэргийг прокурорт буцаах, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэрч Б.Ба-ийн өгсөн мэдүүлгийн хувьд хэргийг нүдээр харсан, хараагүй гэх зэргээр зөрүүтэй мэдүүлдэг боловч түүнийг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө явсан, хэрэг үйлдэгдэх үед байгаагүй нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон учраас хоёр шатны шүүх дээрх гэрчийн мэдүүлгүүдийг шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
6.Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар 10 жил хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял тус тус шийтгэж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
7.Харин анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба энэ талаар өмгөөлөгч Г.Тамирын гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.
Хуулийн үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчлөн найруулж, холбогдох бусад зүйл, хэсэг, заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомжийг судалж үзэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан болно.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгаагүй бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчим үйлчилнэ.
Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасан хугацаагаар ойлгох бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилцаанд үйлчлэх талаар тухайлан заагаагүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд шинээр батлагдсан хууль буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй юм.
8.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамирын хяналтын журмаар гаргасан гомдлоос “... сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, гомдлын бусад хэсэг болон шүүгдэгч Б.Б-ын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаас “... сэтгэл санааны хохиролд 92,400,000 төгрөгийг ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 915 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамирын хяналтын журмаар гаргасан гомдлын “... сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хангаж, бусад хэсгийг болон шүүгдэгч Б.Б-ын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ