
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 12 сарын 18 өдөр
- Дугаар: 2024/ХШТ/139
- Улаанбаатар хот
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Ү.Б-ын өмгөөлөгч Д.Урансувд, Д.Цолмон, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Батболд, С.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар магадлалтай Б.Б-д холбогдох 1921 00308 0145 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... аймгийн ... сумын Засаг даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ...-ийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б-ын Б /РД: ... /.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь нийтийн албан тушаалд буюу Дорнод аймгийн ... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтыг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Т” ХХК-тай Дорнод аймгийн ... суманд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” 06 дугаартай гэрээ байгуулан, “Т” ХХК-д 2000м.куб элсийг ... сумын нутаг дэвсгэр “М элсний карьер” гэх газраас олборлох эдийн бус ашигтай байдал болон 125.579.200 төгрөгийн ашиг орлого олох эдийн давуу байдлыг бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Б.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Б-ы байгаль орчинд учруулсан хохирол 30.000.000 төгрөг, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2.188.172 төгрөг, “Т” ХХК-ийн хууль бусаар олсон ашиг орлого 125.579.200 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 30.000.000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, иргэний нэхэмжлэгч нь нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2.188.172 төгрөг, “Т” ХХК-ийн хууль бусаар олсон ашиг орлого 125.579.200 төгрөгийг иргэний хариуцагчаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Давж заалдах шатны шүүхээс гомдлуудыг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар надаас 30.000.000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж ...” хэмээн өөрчилсөн нь миний эрх зүйн байдлыг хэт дордуулсан шийдвэр болжээ гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалын аль аль нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 234-249 дүгээр хуудсанд байх “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээг “хуулбар үнэн” даруулж, нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байдаг. Энэхүү гэрээнүүд нь төрийн албаны залгамж халааг, төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зорилго бүхий, мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, тогтоолоор 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар хурлын 3 дугаар тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар хуудас, Сумын 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай/-ын 1.1.7-д 3.000.000 төгрөг төлүүлэхийг баталсан байна. Өөрөөр хэлбэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын төлбөрийг орон нутгийн төсөвт ийм байдлаар төвлөрүүлэхийг зөвшөөрч баталсан байна. Үүнээс гадна 1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудаст ... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 08 дугаар сарын 01-ний 12 дугаартай тогтоол, түүний хавсралтаар “М” элс хайрганы карьерт 9 га талбайд олборлохыг зөвшөөрч баталсан байна. Эдгээр нөхцөл байдлуудаас гадна гэрч Б.О, Д.Б нарын мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 30-31, 34-35, 185-186, 220-222, 223-225/-ээр шүүгдэгч Б.Б нь анхнаасаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад хохирол учирсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан үйлдэл гаргасан хэдий ч түүний үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул миний үйлдсэн гэмт хэргийн шинжийн нийгмийн хор аюул нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр энэ асуудлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Дорнод аймгийн прокурорын газраас удаа дараа шалгаж, хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй хэмээн хааж байсан үйл баримт тогтоогдож байна. Гэтэл бодит байдал дээр өмнөх Засаг дарга Ж.Ё-ын гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зөрчсөн үйл ажиллагааг явуулсан байна гэж ойлгогдохоор байна. Учир нь, Дорнод аймгийн прокурорын газрын болон Авлигатай тэмцэх газраас уг гомдолтой холбогдуулан асуудлыг шалгахдаа надаас нэг ч удаа тайлбар, мэдүүлэг аваагүй, уг асуудлыг хааж шийдвэрлэснээс хойш уг шийдвэрийг хэн, хэзээ, хэрхэн, юуны учир хүчингүй болгосон талаар, мөн чухам яагаад 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш нэг ч удаа дуудаж уулзаагүй, тайлбар мэдүүлэг авч асуудлыг тодруулаагүй хэрнээ 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэнэт “Яллагдагчаар татсан тогтоолоо гардаж ав” гэж дуудаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимтай нийцэхгүй, ямар хэрэгт яллагдаж байгаагаа огт мэдэхгүй явж байгаад ямар ч гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй байхад гэнэт яллагдагчаар татаж байгаа нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн, хууль зөрчсөн үйлдэл байна гэж хардахад хүрч байна. Учир нь, анх энэ асуудлаар гомдол гаргаж явсан З нь таалал төгссөн бөгөөд уг гомдлыг нь хуулийн дагуу шалган шийдвэрлэж, прокурорын шийдвэр нь хүчин төгөлдөр байсаар байхад уг шийдвэрийг ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, шинээр гаргаж өгсөн баримтыг шалгах шаардлагатай хэмээсэн байгаа нь илтэд ашиг сонирхлын зөрчил үүссэн бай болзошгүй байна. Яагаад гэвэл Засаг дарга Ж.Ё-ын гаргаж өгсөн баримтууд нь Засаг даргын Тамгын газрын тэмдэг дарагдсан гэрээ, дансны хуулга нь Засаг даргын үйл ажиллагаатай огт хамааралгүй, нотариатын тухай хууль зөрчсөн, өөр аж ахуйн нэгж, байгууллагын дансны хуулгыг хууль бусаар олж авсан, уг гэрээнд “элс” гэдэг нэг ч үг байхгүй байсаар байхад элс ашигласан, олборлосон үйл ажиллагаатай шууд холбон тайлбарлаж, гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Дээрээс нь 2 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд хавсаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж, энэ асуудал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Тиймээс энэхүү хэргийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр надад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Б.Б-ын хувьд 2012 он хүртэл Дорнод аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2012-2016 оны хугацаанд Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялагдаж төрийн албанаас гарч хувийн малаа харж 5 жил малчны хөдөлмөр эрхэлж байсан. 2016 оны орон нутгийн сонгуулиар Б.Б-ын удирдсан Ардчилсан нам ялалт байгуулж 2017 оны 01 дүгээр сард бүхэл бүтэн 5 жилийн хугацаанд огт төрийн алба хашаагүй байж байгаад Дорнод аймгийн ... сумын Засаг даргаар томилогдсон байдаг.
Нэгдүгээр хавтаст хэргийн 61 дэх хуудсанд сумын 2018 оны төсөв батлах тухай Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, /хх 67/ дахь хуудсанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 03 дугаартай нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргад сум орон нутгийн төсөв бүрдүүлэх үүргийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалаас орлого төвлөрүүлэх үүрэг авсан байдаг.
Нэгдүгээр хавтаст хэргийн 235-248 дахь хуудсанд байх 12 ширхэг элс ашиглуулах тухай гэрээ байх бөгөөд энэ гэрээнээс 6 гэрээ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш байгуулагдсан гэрээ байдаг. Дээрх гэрээний загвараар мэргэжилтнүүд гэрээ боловсруулж, талууд гарын үсэг зурж ирсээр түүнийг нь эрх бүхий албан тушаалтан баталсаар өдийг хүрсэн байдаг.
Энэ хэрэг 6 жил гаруйн хугацаанд прокурорын шатанд 2 удаа хэрэгсэхгүй болж, анхан шатны шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/667, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/667 дугаартай захирамжуудаар 2 удаа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцааж байсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн заалтыг огт биелүүлэлгүй ирсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Б-ыг гэм буруутайд тооцож, ял халдаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Заавал миний үйлчлүүлэгч Б.Б-д гэм буруу ял зэм халдаахыг хүсвэл гэрээ байгуулсан хугацаанд гэрээний хэрэгжилтийг шалгаагүй, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тухай шинэчлэн гарсан хууль тогтоомжийг судлаагүй хэн нэгэн очоод дураараа ухаж сэндийлээд авчихдаг байгалийн ил элс шороог өмнө нь хийсэн гэрээ хэлцлийн дагуу гэрээг нь байгуулж сум орон нутгийнхаа төсвийг бүрдүүлье гэсэн сэтгэхүйгээр албан тушаалдаа хайнга хандаж, алдаа дутагдал гаргасан санамсар болгоомжгүй үйлдэл гэж дүгнэгдэхээр юм. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх боловч хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болох ёстой юм.
Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нөгөө аж ахуйн нэгжээсээ хэдэн төгрөгийн ашиг хонжоо олох нь зах зээлийн зарчим юм. 125 сая ч битгий хэл 125 их наяд тухайн компани хувь хүн олсон ч энэ нь Б.Б-д ямар ч падгүй зүйл шүү. Харин тэр ашиг олсон гэх мөнгөнөөс нь Б.Б хувьдаа гулгуулчихаад сууж байсан бол өөр хэрэг.
Гэтэл энэ хэргийн яг ямар оролцогч нь тодорхойгүй /Хятадын компаниас 125 сая төгрөгийн гэрээг авч ирж нотлох баримт цуглуулахыг нь харахаар мөрдөгч прокурор мэт, тухайн нотлох баримтаа тамгын даргаараа /иргэний нэхэмжлэгчээрээ/ нотариатын тамга батлуулсан байхыг нь харахаар хууль бус нотлох баримт бүрдүүлэгч мэт, байнга гомдол бичээд байхыг нь харахаар хохирогч мэт/ өрсөлдөгч намын дарга бөгөөд өмнөх сумынх нь Засаг дарга буюу энэ гэрээг анхлан боловсруулж, байнга энэ гэрээгээрээ бусдад элс хайрга шороо олборлуулж байсан Ж.Ё гэх даргын гэрээний загвараар суманд төсөв бүрдүүлснийх нь төлөө ингэж жадлан бүлэх нь арай л харгис хэрцгий зүйл юм.
Ер нь энэ гэрээг Ж.Ё, орлогч А, Г нар ялгаагүй л баталж байсан хэрнээ бүгд хариуцлага хүлээх битгий хэл шалгуулж ч байгаагүй. Тиймээс хүний амьдралыг золигт гарган улс төржиж байгаа нөхдүүдийн таалалд нийцүүлэхийн тулд тулд шударга шүүхийн алх чанга дуугаар буух нь тун харамсалтай байна.
Б.Б нь дээрх гэрээний загвараар хариуцсан мэргэжилтнүүдийн боловсруулсан гэрээг сумын Засаг даргын хувьд баталсан үйлдлийг хийсэн байгаа юм. Ингэхдээ Б.Б-ын хувьд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 1 сарын хугацаатай элс ашиглуулах тухай гэрээг “Т” ХХК-тай байгуулсан байх ба уг үйлдэл нь өөрөө гэмт хэргийн шинжгүй үйлдэл юм. Учир нь гэрээ байгуулсан энэ 1 сарын хугацаанд “Т” ХХК нь огт элс олборлох үйл ажиллагаа явуулаагүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Харин гэрээний хугацаанаас хэзээ хойно холбогдох этгээдүүд буюу М, У, М, М гэх этгээдүүд дураараа элс олборлосон асуудал нь хангалттай тогтоогдсон. Иймд Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.
Хавтаст хэргийн 104 дэх хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “Т” ХХК нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байгаа. Мөн уг шийтгэлийг “Т” ХХК нь биелүүлсэн байдаг. Энэ зөрчилд авсан арга хэмжээ хүчин төгөлдөр болоод байхад л Б.Б-д ял оногдуулж, хохирол гаргуулж шийдвэрлэж байгаа нь огтоос хууль ёс, шударга ёсонд нийцэмгүй зүйл юм.
Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, 11.2.5-д заасныг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно гэж заасан байгаа. Энэ зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгохдоо баримтлах ерөнхий шаардлагыг зааж өгсөн. Энэ нь Б.Б-ын хийж хэрэгжүүлэх үйлдэлтэй ямар ч хамааралгүй асуудал юм.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлд тухайн аймгийн засаг даргын бүрэн эрхийг заахдаа харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ашиглалт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэж үзээд байна.
Гэтэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ. Бид үүнийг А лиценз гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн гэрчилгээтэй адил эрх олгосон үнэт цаасан дээр хэвлэгдэж зөвшөөрөл олгогдож байгаа баримт бичиг юм. Ийм зөвшөөрлийг огт олгоогүй гэдэг нь тодорхой байх тул Б.Б-д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Миний бие хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Залуу хүний урам, эр зоригийг мохоож 6 жил энэ асуудлаар явж байна. Манай сумын онцлог нь төсвөө өөрөө бүрдүүлэх ёстой байдаг. Сумын Засаг дарга гэдэг хүн тэр сумын сайн сайхны төлөө албан хаагчдын цалинг тавихын төлөө орлого олох бүх боломжийг хайж байдаг. Улс аймгаас ямар нэгэн татаас авдаггүй. Одоог хүртэл өөрсдийнхөө бололцоогоор хөрөнгөө олдог. Тухайн үед ийм алдаа гаргасан. Өмнөх Засаг даргын олон жил ийм гэрээг байгуулж ирсэн байсан. Миний зүгээс үүнийг нягталж шалгаагүй хайнга хандсандаа гэмшиж байгаа” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Миний бие энэ хэрэгт шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцсон. Нөхцөл байдлын тухайд ... сумынхаа төсөвт миний үйлчлүүлэгч өмнө яг 2011 оноос хойш хийдэг байсан 9 төрлийн гэрээний хамгийн сүүлийн гэрээг батлуулсан байгаа. Б.Б-ын хувь 2012 он хүртэл Дорнод аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2012-2016 оны хугацаанд Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялагдаж төрийн албанаас гарч, малчин хийж байгаад 2016 оны орон нутгийн сонгуулиар Б.Б-ын удирдсан Ардчилсан нам яллалт байгуулж, 2017 оны 01 дүгээр сард ... сумын Засаг даргаар томилогдсон. Энэ үед 2018 оны 07 дугаар сард “Т” ХХК-аас элс ашиглах хүсэлт ирсэн. Энэ хүсэлтийг шийдвэрлэхийн тулд өөрт нь зөвлөх ёстой, мэдээллээр хангах эрх бүхий албан тушаалтанд хандахад өмнөх засаг дарга нарын хийдэг байсан гэрээг ашиглаад зөвхөн батлав гэдэгт гарын үсэг зурсан. Энэ нь гэхдээ 1 сарын хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл байгуулсан. Энэ талаар гомдлын үндэслэлүүдийг дэлгэрэнгүй бичсэн. Миний үйлчлүүлэгчийн оролцогчийн эрхийг хангаагүй. Энэ талаар С.Чинзориг өмгөөлөгчийн хэлсэн тайлбартай санал нэг байна. Гэрээний хугацааг 1 сарын хугацаатай байгуулсан. 125.000.000 төгрөгийн асуудалд “Т” ХХК болон бусад компаниудын ашиг болж байгаа нь Б.Б-ын хувьд ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй. Тухайн сумынхаа төсөвт оруулахаар тусгасан. Өөртөө ямар нэгэн хэлбэрээр хувьдаа завшсан нөхцөл байдал байхгүй. Өөрөөр хэлбэл компани гэдэг маань ашгийн төлөө байгууллага тухайн компани хэдэн төгрөгийг ашиг олж татвар төлж байгаа нь Б.Б-тай ямар ч холбоогүй байхад тухайн компанид 125.000.000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 30.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь буруу. Яагаад гэвэл тухайн асуудал нь иргэний шүүхээр шийдвэрлэгдээд явах ёстой. Энэ бол зөрчлийн хэргээр шалгагдаад гарч ирсэн тоо юм. Үүнийг шийдвэрлэхдээ буруу ерөнхийдөө өөрийн хийх ёстой үйлдлийг хийж зохих ёсоор биелүүлсэн. Яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх үндэслэх хэсэгт Түгээмэл тархацтай ашиг малтмалын тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж багаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно гэж заасан байгаа. Энэ зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгохдоо баримтлах ерөнхий шаардлагыг зааж өгсөн. Энэ нь Б.Б-ын хийж хэрэгжүүлэх үйлдэлтэй ямар ч хамааралгүй асуудал юм. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд тухайн аймгийн Засаг даргын бүрэн эрхийг заахдаа харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ашиглалт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэж үзээд байна. Энэ нь өөрөө буруу юм. Гэтэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ. Гэтэл Б.Б-ын баталсан гэх гэрээний сарын хугацаатай ашиглуулахаар баталсан. Энэ гэрээг өмнө нь 8 удаа байгуулсан хэр нь ганцхан Ардчилсан намын засаг дарга гарч ирээд ганц гэрээ батлахад гэмт хэрэг гэж үзэж байгаа нь зохисгүй байна. Б.Б А лиценз гэдэг юм уу Б лиценз гэдэг зүйлийг олгоогүй тул энэ хэргийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй. Үүнд:
Нэгдүгээрт. Манай үйлчлүүлэгчтэй холбогдуулаад хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт зарчмыг үгүйсгэсэн. Өөрөөр хэлбэл тухайн оролцогчийн эрхийг хангаагүй. Тухайн үндсэн гомдлыг талийгаач Э.З гаргаж явж байгаад таалал төгссөн. Энэ хууль зүйн факт бий болсноос хойш ямар нэгэн байдлаар Б.Б гэдэг хүнтэй холбоотой асуудлаар прокурорын шийдвэр хүчингүй болгох буюу хэрэг бүртгэх мөрдөн байцаалтад хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг ямар үндэслэлээр сэргээж явуулсан нь хавтас хэрэгт авагдаагүй, тодорхойгүй. Зөвхөн нэмж тодруулах шаардлагатай үндэслэлээр хэргийг сэргээж явуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн гомдолтой холбогдуулан гомдол гаргах эрх бүхий этгээд эсхүл сонирхогч талуудын идэвхтэй үйлдэл байхгүй. Өв залгамжлагч нарын зүгээс болон эрх залгамжлагч нарын зүгээс гомдол, хүсэлт авагдаагүй. Мөн манай үйлчлүүлэгчээр ямар нэгэн байдлаар гэрчээр тайлбар, мэдүүлэг аваагүй. Урьд хэрэгсэхгүй болгосон хэрэгт өгсөн мэдүүлгийг үндэслээд яллагчаар татсан байгаа. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Учир нь манай үйлчлүүлэгчид өөрт нь ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа мэдэх, тайлбар мэдүүлэг өгөх үндсэн эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Тийм учраас хууль зүйн хувьд ноцтой зөрчлүүдийг гаргаж явсан учраас хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжгүй байна гэж харж байна. Дээрээс нь хавтас хэрэгт зайлшгүй шалгаж тогтоовол зохих зүйлийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогүй. Элсний карьерын ажиллуулсан асуудал байдаг юм уу. “Т” ХХК нь элсний карьер ажиллуулсан зүйл байна уу. Тэнд нь хятад хүмүүсийн нэр явж байгаа. Эдгээр хүмүүсийн орчуулагч нар байгаа. Энэ хүмүүсийн мэдүүлгийг заавал авах ёстой байсан. Бодит байдлыг тогтоож чадаагүй. Иймэрхүү байдлаар гомдол гаргасан. Манай үйлчлүүлэгчийн зүгээс огтоос гэм буруугүй гэсэн тайлбарыг хэлээгүй. Гэхдээ би үүнд алдаа гаргасан байна. Яагаад гэвэл урьд нь Дорнод аймгийн ... сумын иргэдийн хурлаас гаргасан тогтоолыг үндэслээд Засаг дарга Ж.Ё яг Б.Б-ын гаргаж байсан гэрээний загвараар гэрээг баталж бусад аж ахуй нэгж байгууллагатай түгээмэл тархацтай ашигт малтмалаас орлого төвлөрүүлэх гэрээг байгуулж явж байсан. Энэ талаар хууль ёсны дагуу байна уу, үгүй байна уу гэдгийг Б.Б мэдэхгүй учраас байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.О-аас тодруулж асуухад “Манай өмнөх Засаг дарга Ж.Ё-ын үед энэ гэрээний загвараар гэрээ байгуулж байсан. Энэ гэрээний загвараар ашигт малтмалаас орлого төвлөрүүлэх боломжтой” гэдгийг илэрхийлсэн. Энэ талаарх мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан байгаа. Энэ талаар давж заалдах гомдолд тодорхой дурдсан байгаа. Үнэхээр гэрчүүдийн мэдүүлгээр Б.Б өөрөө санаачлаад “Т” ХХК-д давуу байдал олгоод энэ асуудлыг шийдвэрлээд байсан зүйл байхгүй. Өмнөх гэрээний загвар ашиглаж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэсэн талаар хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн шатанд ч илэрхийлсэн. Энэ нь тухайн албан тушаалтан хайнга хандсан. Энэ асуудлыг яг хуулийн дагуу байгаль орчны түгээмэл тархацтай ашигт малтмалыг хэрхэн яаж ашиглах талаарх хууль зүйн үндэслэлийг бүрэн гүйцэд судалж, эцсийн шийдвэрийг гаргах ёстой байсан боловч албан тушаалдаа хайнга хандаж, энэ асуудал дээр байгаль орчны байцаагчийн зөвлөсөн гэрээг ашиглаж баталж гаргасан байгаа. Үүнд өөрийнх нь буруутай үйлдэл байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Манай үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа гэмт хэргийн зүйлчлэлийг эргэж харах хэрэгтэй. Авлига албан тушаалын гэмт хэрэг биш байна. Үүнд нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан байж болзошгүй. Гэхдээ энэ гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Анхан шатны шүүх Б.Б-аас ямар нэгэн хохирол, төлбөр гаргуулахаар шийдвэрлээгүй бол давж заалдах шатны шүүхийн магадлалд 30.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ ямар учиртай 30.000.000 төгрөгийг вэ гэвэл иргэний нэхэмжлэгчтэй холбоотой зүйлийг шууд иш татаад оруулаад ирсэн. Гэтэл энэ иргэний нэхэмжлэл нь хоёр тусдаа асуудал юм. Энэ хоёр тустай асуудлыг нийлүүлээд нэг юм шиг ойлгуулаад явж байгаа нь нэгдүгээрт эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болчхоод байхад давж заалдах шатны шүүхээс хохирол, хор уршиг гэж үзээд ингэж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр болсон байна. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоох шаардлагатай байдаг. Энэ зарчим алдагдсан байна гэж харж байгаа юм. Манай үйлчлүүлэгчийн хувьд мөн давуу байдал олгосон “Т” ХХК-ийн зүгээс зохих ёсны төлбөрийг төлсөн байдаг. Бодит байдал дээр хэдий хэмжээний элс олборлосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоож бодит байдал дээрээ байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж хохирол хор уршиг учирсан байна гэж үзэж байгаа бол зайлшгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэх ёстой. Гэтэл энэ газар нь анхнаасаа сүйтгэгдсэн байсан шинжээч томилох боломжгүй. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй учраас хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй. Ял шийтгэл оногдуулж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл анги нь тохирохгүй байна. Тийм учраас манай үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ү.Бөхчулууны өмгөөлөгч Д.Урансувд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хоёр шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай гомдлын агуулга хэллээ гэж бодож байна. Гомдлын агуулгын үндэслэл буюу хоёр шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа үндэслэлийн талаар тодорхой дурдаж чадахгүй байна гэж хэлмээр байна. Э.З гэх хүний гомдолтой холбогдуулаад дараагийн эрх залгамжлагч үүсээгүй байхад ямар үндэслэлээр шалгаад байгаа юм бэ гэх тайлбарыг хэллээ. Энэ маргааны зүйл нь төрийн буюу нийтийн эзэмшлийн газар байгаа. Энэ газартай холбогдуулаад Э.З иргэдийн төлөөлөгчийн хувиар гомдол гаргаж байсан. Энэ хүн өөрөө гэрчээр асуугдсан болохоос биш хэргийн холбогдогч болж орж ирээгүй учраас Э.З-ын гаргаж байгаа гомдол түүнийг нас барснаар шалгагдах ёсгүй гэдэг нь зүйд нийцэхгүй байна. Хоёрт хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж ярьж байна. Хэргийн бодит тодорхой байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр дэмжиж оролцож байгаа гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл нийтийн эзэмшлийн газар тодорхой хэмжээний газарт хохирол учирсан байгаа. Б.Б-ын шийдвэртэй холбоотой байгаль орчинд 30.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Мөн “Т” ХХК-ийн хууль бусаар олсон ашиг орлого 125.579.200 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг үлдээсэн учраас бидний зүгээс гомдол гаргаагүй. Хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ү.Б-ы өмгөөлөгч Д.Цолмон хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гаргасан. Давж заалдах шатны шүүхээс Б.Б-ын гэм буруутай үйлдлээс байгаль орчинд учирсан хохирол шалтгаант холбоотой учраас 30.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамааралгүй. Хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Б.Б нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй “Т” ХХК-д 2000 м.куб элс Дорнод аймгийн ... сумын нутаг “М элсний карьер” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр авч ашиглах давуу байдлыг гэрээгээр бий болгон байгаль экологид 30 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нотлогдсон байна. Шүүгдэгч нь урьд ажиллаж байсан сумын Засаг дарга нарын жишгээр гэрээг байгуулж, сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан төсвийн дагуу орон нутгийн төсөвт 2.000.000 төгрөгийн орлого оруулсан, хууль тогтоомжийг нарийн судлаагүй, албан үүргээ хэрэгжүүлэхдээ хайнга хандсан гэх боловч түүний үйлдлийг хайнга хандах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй үйлдэл байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалтны өөрт нь олгогдсон албаны чиг үүргийн хүрээнд буюу хийх ёстой үйлдлийн хүрээнд авч үзэхээр байна. Мөн нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх учиртай. Гэтэл шүүгдэгч нь сумын Засаг даргын албан үүргийг хэрэгжүүлэхдээ аймаг, нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон “түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, ашиглуулах” тухай эрх мэдлийг хэрэгжүүлж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн хийх ёсгүй үйлдэл хийсэн байх тул хайнга хандах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгуулахтай холбоотой асуудлыг анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг иргэний нэхэмжлэгчид нээлттэй үлдээсэн, давж заалдах шатны шүүхээс хохирлыг гаргуулах нь зөв гэж үзсэн боловч шүүгдэгч Б.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шүүхийн өмнөх шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцуулахаар тусгай зөвшөөрөлгүй элс ашиглах эрх олж авсан “Т” ХХК-ийн захирал Б.О-ийг иргэний хариуцагчаар татсан, тус хуулийн этгээд хууль бус үйл ажиллагаа явуулж, байгаль экологид хохирол учруулсан тул хохирол болон нөхөн сэргээх зардлыг хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иргэний хариуцагчаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учирсан хохирлын 30.000.000 төгрөгийг, мөн нөхөн сэргээлтийн зардал 2.188.172 төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаад хоёр шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн болно.
2.Хяналтын шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ дараах дүгнэлт, тайлбарыг хийж байна.
2.1.Шүүгдэгч Б.Б “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан үйлдэл гаргасан ...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд “... албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар болгоомжгүй үйлдэл гэж дүгнэгдэхээр юм. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ...” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч “хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” гэж шууд тодорхойлон заасан.
Албан тушаалтан хайнга хандах гэдэгт өөрт нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдлүүд, чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа явуулсан боловч зүй ёсны шаардлагыг хангаагүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг хамруулдаг байна.
Энэ гэмт хэргийн заавал байх объектив шинж нь хууль тогтоомжоор өөрт нь олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааны хүрээн дэх үйлдэл, эс үйлдлийг хийж, үүний улмаас тодорхой хохирол бий болсонтой холбогддог.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, “хийх ёсгүй үйлдлийг хийх”, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцжээ. Субъектив шинжийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгох гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Конвенцуудад албаны чиг үүргийн хувьд хуулиар зөвшөөрөгдөөгүй, эсхүл хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн өөртөө, бусдад хууль бус давуу байдал олгосон санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэх талаар заажээ.
“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн дурдсан шинжийг дээрх Конвенцуудын үзэл санаа, зохицуулалтын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд хуульчилсан байдаг.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, харьцуулан дүгнэлт хийхэд:
иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Б-ы “... Б.Б нь Засаг даргаар ажиллаж байхдаа гэрээгээр “Т” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал олборлуулсан. ... тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулсан. ... хийх ёсгүй үйлдлийг хийсэн ...” /2 дугаар хавтаст хэргийн 118 дугаар тал/,
иргэний хариуцагч Э.Г-ын гэрч, иргэний хариуцагчаар мэдүүлсэн “... Засаг дарга “Төлбөр хураамжаа төлөөд 2.000 м.куб элсийг гэрээ байгуулаад ашиглах боломжтой” гэсний дагуу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сумын байгаль хамгаалагч Б.О, манай компанийг төлөөлж манай эхнэр Б.О нар гэрээ байгуулж, сумын Засаг дарга Б.Б гэрээг баталсан. ... Гэрээний дагуу элс М даваа гэх газраас авч, “Т” ХХК-д нийлүүлсэн. ...” /1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
гэрч Б.О-ын Засаг дарга Б.Б-ын өгсөн үүргийн дагуу гэрээний төслийг бэлтгэн гэрээг байгуулж, Б.Б баталсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар тал/,
гэрч Д.Б-ий “... Сумын байгаль хамгаалагч Б.О, “Т” ХХК-тай 2018 оны 07 дугаар сард түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 06 дугаартай гэрээг байгуулж сумын Засаг дарга Б.Б баталсан. Энэ гэрээний дагуу М уурхай гэх Оросуудын үйл ажиллагаа явуулж байсан эвдэгдсэн талбайгаас 2.000 м.куб элс бэлтгэж “Т” ХХК руу нийлүүлсэн байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь 2014 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж хэрэгжиж байна. Энэ хуулиар аймгийн Засаг даргын бүрэн эрхэнд харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно. Тусгай зөвшөөрөлтэй компани нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах эрх үүснэ. “Т” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй учраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайргыг олборлож болохгүй. Уг хуулиар сумын Засаг дарга аж ахуй нэгжтэй түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах гэрээг байгуулж болохгүй. ...” /1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал/,
гэрч И.Э-ийн “... Гэрээ байгуулсан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасан ... хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Тухайн сум нь Хөдөө аж ахуй, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын 1998 оны А/121/88 дугаартай хамтарсан тушаалыг үндэслэн гэрээг байгуулсан. Энэ сайдын тушаал нь хүчингүй болсон бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай үл нийцэж байсан. Тиймээс энэ зөрчлийг арилгуулахаар сумын Засаг дарга Б.Б-д зөрчлийг арилгуулах, цаашид зөрчлийг гаргуулахгүй байх, таслан зогсоох албан шаардлагыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн. ...” /1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дүгээр тал/ гэсэн мэдүүлгүүд,
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ыг дуусталх хугацаанд барилгын зориулалтаар 2000 м.куб түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элсийг ашиглах тухай Дорнод аймгийн ... сумын байгаль хамгаалагч Б.О, “Т” ХХК-ийг төлөөлж Б.О нарын байгуулж, тус сумын Засаг дарга Б.Б-ын баталсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12-05-031-26 дугаартай “Зөрчил, дутагдал арилгуулах тухай” албан шаардлага /1дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал/,
“Т” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай Дорнод аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газарт хандаж “2.000 м.куб элсийг аж ахуйн болон барилгын зориулалтаар авах”-аар гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал/,
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2/1867 тоот “Т” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй тухай 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар:
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтад харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр байхад Дорнод аймгийн ... сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Б нь хуульд зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Т” ХХК-аас ирүүлсэн 2.000 м.куб элс ашиглах тухай хүсэлт гаргасныг тус сумын байгаль хамгаалагч ажилтай Б.О-д гэрээний төсөл боловсруулахыг даалгасны дагуу Б.О нь өмнө нь байгуулж байсан гэх гэрээнүүдтэй ижил төстэй байдлаар гэрээг боловсруулан “Т” ХХК-тай хүсэлтэд дурдсанаар 2.000 м.куб хэмжээ бүхий элсийг 1 сарын хугацаанд барилгын зориулалтаар ашиглаж, ашигласны төлбөр 2.000.000 төгрөгийг төлөх нөхцөл бүхий “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэрээ байгуулж, Б.Б нь тус гэрээг баталж, “Т” ХХК-д элсийг ашиглах, борлуулах боломж үүсгэн давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн дээр дурдсан шинжийг бүрэн хангаж байна.
Дорнод аймгийн ... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр тухайн оны төсөвт төвлөрүүлэх орлого хэмээн “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр”-т 3.000.000 төгрөг төвлөрүүлэхээр баталсан, мөн урьд тус сумын Засаг даргаар ажиллаж байсан этгээдүүд нь үүнтэй адил байдлаар гэрээ байгуулан, бусдад түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах зөвшөөрөл олгож байсан зэрэг нь шүүгдэгч Б.Б-ын өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлэн бусдад санаатай давуу байдал бий болгосон гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, түүний гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоос “хайнга хандсан гэмт хэргийн шинжтэй” гэх хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
2.2.Шүүгдэгч Б.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... надаас нэг ч удаа тайлбар, мэдүүлэг аваагүй, уг асуудлыг хааж шийдвэрлэснээс хойш уг шийдвэрийг хэн, хэзээ, хэрхэн, юуны учир хүчингүй болгосон талаар, мөн чухам яагаад 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш нэг ч удаа дуудаж уулзаагүй, тайлбар мэдүүлэг авч, асуудлыг тодруулаагүй хэрнээ 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэнэт “Яллагдагчаар татсан тогтоолоо гардаж ав” гэж дуудаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимтай нийцэхгүй, ямар хэрэгт яллагдаж байгаагаа огт мэдэхгүй явж байгаад ямар ч гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй байхад гэнэт яллагдагчаар татаж байгаа нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн, хууль зөрчсөн. ... шинээр гаргаж өгсөн баримтыг шалгах шаардлагатай хэмээсэн байгаа нь илтэд ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй. ...” гэжээ.
Хэргийн материалыг судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-аас 2019 оны 04 дүгээр сарын 22 /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал/, 08 дугаар сарын 19 /1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр тал/, 09 дүгээр сарын 25-ны өдөр /1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар тал/, 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар тал/ тус тус гэрчээр мэдүүлэг авсан байна.
Мөн мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох зорилгоор гэрчээс мэдүүлэг авах, баримт бичигт үзлэг хийх, мэдээлэл баримт бичиг гаргуулах зэрэг хуульд заасан бусад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба Дорнод аймгийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4/422 дугаар тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 194-196 дугаар тал/-оор “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн боловч Э.З-ын гаргасан гомдлоор дээд шатны прокуророос уг тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянаад хэрэгт хийгдвэл зохих зарим мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй, хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дугаар тал/
Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгосны дагуу үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчөөс хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал дахин гаргасныг прокуророос хянаад 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/317 дугаар тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 28-30 дугаар тал/-оор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэснийг Дорнод аймгийн ... сумын Засаг дарга Ж.Ё-аас хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 32 дугаар тал/ гаргасны дагуу дээд шатны прокурор хэргийг хянаад “нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай” үндэслэлээр прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон /2хх 44-45/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйл /Мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагаанд гаргасан гомдлыг хянах/, 30.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзвэл дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлт, эсхүл мөрдөн байцаалт явуулахаар харьяаллын дагуу шилжүүлж болно” гэж заасантай нийцэж байна.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш мөрдөгч хуульд заасан арга, хэлбэрээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цугларсан нотлох баримтуудыг үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд яллагдагчаар татах саналыг прокурорт гаргаж, прокурор саналыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шийдвэр гаргадаг.
Иргэн З.З-аас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаас хойш мөрдөгч нь шүүгдэгч Б.Б-аас дөрвөн удаа гэрчээр мэдүүлэг авсан, мөн хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу шаардлагатай гэж үзсэн бусад мөрдөн шалгах ажиллагааг явуулж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн, Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах хүрээнд тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан хэлбэрээр шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь тэдгээрт хуулиар хүлээлгэсэн үүрэг болно.
2.3.Шүүгдэгч Б.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Засаг дарга Ж.Ё-ын гаргаж өгсөн баримтууд нь Засаг даргын Тамгын газрын тэмдэг дарагдсан, гэрээ, дансны хуулга нь Засаг даргын үйл ажиллагаатай огт хамааралгүй, нотариатын тухай хууль зөрчсөн, өөр аж ахуйн нэгж, байгууллагын дансны хуулгыг хууль бусаар олж авсан, уг гэрээнд элс гэдэг нэг ч үг байхгүй байсаар байхад элс ашигласан, олборлосон үйл ажиллагаатай шууд холбон тайлбарлаж, гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэжээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж буй шалтгаан нөхцөл, хүчин зүйлсийг тогтоон түүнийг арилгах, таслан зогсооход чиглэгдсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн, зохион байгуулалтын арга хэмжээний эрх зүйн үндсийг тогтоосноос гадна энэхүү арга хэмжээнд төрийн иргэн, хуулийн этгээд, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог тодорхойлсон.
Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтаар “хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах”, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтаар “байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах талаар тодорхой арга хэмжээг авах” үүргийг бүх шатны төрийн байгууллагад хүлээлгэжээ.
Иймд Дорнод аймгийн ... сумын Засаг дарга Ж.Ё нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/70 албан бичгээр Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болох нотлох баримт болгон гэрээний хуулбар, төлбөр төлсөн баримт, эрх зүйн зөрчилтэй гэрээ хийхдээ байгаль хамгаалагч Б.О-ыг ашигласан байж болзошгүй гэх баримтуудыг хавсарган тус аймгийн прокурорын газарт гарган өгч, дээрх хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн явдлыг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн, гомдолд дурдсан “өөр аж ахуйн нэгж, байгууллагын дансны хуулгыг хууль бусаар олж авсан” гэх Дорнод аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газраас “Хуулбар үнэн” гэх дардас дарсан баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин Засаг дарга Ж.Ё-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц, хүний эмзэг болон хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан, задруулсан гэж үзвэл хуульд зааснаар эрх бүхий байгууллагад гомдол гарган шалгуулах эрх нээлттэй болно.
2.4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Өмнөх сумынх нь Засаг дарга буюу энэ гэрээг анхлан боловсруулж, байнга энэ гэрээгээрээ бусдад элс хайрга шороо олборлуулж байсан Ж.Ё гэх даргын гэрээний загвараар суманд төсөв бүрдүүлснийх нь төлөө ингэж жадлан бүлэх нь арай л харгис хэрцгий зүйл юм. Ер нь энэ гэрээг Ж.Ё, орлогч А, Г нар ялгаагүй л баталж байсан хэрнээ бүгд хариуцлага хүлээх битгий хэл шалгуулж ч байгаагүй. Тиймээс хүний амьдралыг золигт гарган улс төржиж байгаа нөхдүүдийн таалалд нийцүүлэхийн тулд тулд шударга шүүхийн алх чанга дуугаар буух нь тун харамсалтай байна. ...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон.
Дээрх зохицуулалт нь гагцхүү прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт заасан, шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн яллагдагчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл, хэсгээр зүйлчилсэн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар тогтоосон хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаарлагдах буюу эдгээр шийдвэрүүдэд дурдагдаагүй хүн, хэргийн талаар шүүх шүүн таслах ажиллагаа явуулах боломж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарлагдмал болно.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ... эрхгүй” болохыг дурдаж байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “Ер нь энэ гэрээг Ж.Ё, орлогч А, Г нар ялгаагүй л баталж байсан хэрнээ бүгд хариуцлага хүлээх битгий хэл шалгуулж ч байгаагүй” гэх асуудлын тухайд Дорнод аймгийн прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4/903 дугаар албан бичгээр “... Ж.Ё Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтыг зөрчиж “Ш” ХХК-тай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” 06 дугаартай гэрээ байгуулан “М элсний карьер” гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон ...” гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Б.Б-д холбогдох 1921 00308 0145 дугаартай хэргээс Ж.Ё-ын байгуулсан гэх гэрээнүүдийг хуулбарлан 17 хуудас материал хүргүүлсэн байна.
2.5.Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, 11.2.5-д заасныг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ. Бид үүнийг А лиценз гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн гэрчилгээтэй адил эрх олгосон үнэт цаасан дээр хэвлэгдэж зөвшөөрөл олгогдож байгаа баримт бичиг юм. Ийм зөвшөөрлийг огт олгоогүй гэдэг нь тодорхой байна. ...” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, хоёр дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” хэмээн газар, түүний хэвлийг хамгаалах эрх зүйн үндсийг тогтоосон бол бусад хуулиар ашигт малтмалыг хайх, ашиглах, олборлох, орчныг хамгаалахтай холбоотой асуудлыг нарийвчлан хуульчилсан.
Тодруулбал, байгальд тархсан байдал, ашигт малтмалын онцлог шинж чанар, хэрэгцээнээс хамаарч Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Усны тухай хууль зэрэг хуулиудаар зохицуулдаг байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад элсийг түгээмэл тархацтай ашигт малтмалд хамааруулан хуульчлан тодорхойлсны дагуу элсийг хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тус хуулиар тодорхойлно.
Хуулийн дөрөвдүгээр бүлэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэл, журмыг дараах байдлаар хуульчилсан байна. Үүнд 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд “зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь” ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах, 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5 дахь заалтуудад аймаг, нийслэлийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянаж, тусгай зөвшөөрөл олгох бүрэх эрхийг хэрэгжүүлэх, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3 дахь хэсгүүдэд аймаг, нийслэлийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авмагц шаардлага хангаж байгаа эсэх талаар анхан шатны шүүлт хийж, өргөдөл гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор багтаж байгаа эсэх, тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал ашиглахыг хориглосон, бусад талбайтай давхцаж байгаа эсэх, хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх зэрэг асуудлыг тодруулсны эцэст ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх, 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 10 өдөрт багтаан хуульд заасан байгууллага, албан тушаалтанд энэ тухай мэдэгдэх, төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэхээр тус тус зохицуулжээ.
Хэргийн 1 дүгээр хавтасны 139 дүгээр талд авагдсан Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/1867 дугаар албан бичигт тодорхойлсноор тус аймгийн Засаг даргаас “Т” ХХК-д хуульд зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй байхад ... сумын Засаг дарга Б.Б нь “Т” ХХК-ийг төлөөлсөн Э.Г-аас “Элс ашиглах” талаар амаар гаргасан хүсэлтэд “Элс ашиглах боломжтой” талаар хариу өгч, улмаар хүсэлтээ бичгээр гаргасны дагуу гэрээ байгуулах замаар элсийг ашиглуулж, өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэн “Т” ХХК-д элсийг ашиглах давуу байдал бий болгосон байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгох ёстой байтал шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас сумын Засаг дарга олгосон асуудал нь гэмт хэргийн шинжгүй мэтээр тайлбарлан маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
2.6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нөгөө аж ахуйн нэгжээсээ хэдэн төгрөгийн ашиг хонжоо олох нь зах зээлийн зарчим юм. 125 сая ч битгий хэл 125 их наяд тухайн компани, хувь хүн олсон ч энэ нь Б.Б-д ямар ч падгүй зүйл шүү. Харин тэр ашиг олсон гэх мөнгөнөөс нь Б.Б хувьдаа гулгуулчихаад сууж байсан бол өөр хэрэг. ...” хэмээн элсийг худалдан борлуулж олсон орлогыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй талаар дурдсан бөгөөд гомдлын энэхүү хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан бөгөөд энэхүү албадлагын арга хэмжээг хэрэглэх урьдач нөхцөл нь ашиг, орлого олсон этгээдийн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдсон байх учиртай.
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчаас Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, “Т” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт /Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон/-д зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ /1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр тал/ байна.
“Т” ХХК-ийн тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон үйлдэл нь гэмт хэргийн бус зөрчлийн шинжтэй тул олборлосон элсийг цааш худалдан борлуулж олсон орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамааруулах, хураан авах боломжгүй юм.
3.Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
4.Шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
5.Мөн шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримталж, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцжээ.
6.Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын гомдлоор хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг гаргуулсан нь хуульд нийцсэн байх боловч уг хохирлыг хариуцах этгээдийг буруу тодорхойлж, хохирлыг шүүгдэгчээс гаргуулсан нь алдаатай болжээ.
Учир нь, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах, гэм хорыг хариуцах этгээдийг заасан бөгөөд хохирол хариуцах этгээдийг түүний гэм буруу буюу хууль бус үйлдэл, эс үйлдэлтэй холбож өгсөн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт гэм хор учруулсан этгээдийн үйлдэл, эс үйлдэл нь хууль бус байхыг шаардах бөгөөд үүнд хууль, журамд заасныг зөрчсөн, хориглосон үйлдэл хийсэн байхаас гадна өргөн утгаар нь авч үзвэл ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн байх тохиолдлыг ч хамруулдаг.
Харин тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт эд хөрөнгийн гэм хорыг арилгах зохицуулалтад үйлдэл нь хууль бус байх болон хариуцагч этгээд гэм буруутай байх талаар дурдаагүй буюу гэм хорын хариуцлага нь тухайн үйл ажиллагааг явуулсан этгээд үүнээс ашиг орлого олж, давуу байдлыг нь хүртэж буй утгаар үүнтэй холбоотой хохирлыг гэм буруугаас үл хамааран арилгах ёстой гэсэн үзэл баримтлалд суурилсан байдаг.
“Т” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй атлаа Дорнод аймгийн ... сумын байгаль хамгаалагч Б.О-тай байгуулж, Засаг дарга Б.Б-аар батлуулсан “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ”-ний дагуу элс ашиглаж, бусдад худалдан борлуулан ашиг орлого олж, давуу байдлыг нь хүртсэн тул “Т” ХХК нь хохирлыг хариуцан арилгавал зохих этгээд болно.
Түүнчлэн, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 119-143 дугаар тал/-ээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашигласны улмаас байгаль орчинд 30.000.000 /гучин сая/ төгрөг учирсан, нөхөн сэргээх ажлын зардал нь 2.188.172 /хоёр сая нэг зуун наян найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөгөөр тогтоогдсон байх тул гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээхдээ гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу эдгээрийг бүхэлд нь “Т” ХХК-аас гаргуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... шүүгдэгч Б.Б-аас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 30.000.000 төгрөгийг гаргуулан ...” гэснийг “... иргэний хариуцагч “Т” ХХК-аас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 30.000.000 /гучин сая/ төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал 2.188.172 /хоёр сая нэг зуун наян найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Б.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ