МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар: 2025/ХШТ/07
Улаанбаатар хот

 

Ш.Б-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Гаймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол, Гаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар магадлалтай, Ш.Б-эд холбогдох 2416000840089 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, Ж.Дорждэрэм нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, онд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, овогт  Б.

 

Шүүгдэгч Ш.Б- нь Г аймгийн Ц газрын Б сумын хэсгийн төлөөлөгч буюу Төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Г аймгийн Б сумын төв Ц кобон байранд Б.Б- хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгасан, мөн эрүүдэн шүүж түүний баруун шанаа хэсэгт 2 удаа, цээж рүү 4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн 2 болон 3 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, зүүн 4 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Гаймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төрийн тусгай албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан “эрүүдэн шүүж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ш.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ш.Б-ийн нийт эдлэх ялыг 8,100,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-эд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Б-эд мэдэгдэж,

шүүгдэгч Ш.Б-ээс 443,200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батнасанд олгохоор шийдвэрлэжээ.

 

Гаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, Ж.Дорждэрэм нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг мөн хуулийн шүүгдэгчийг гэм буруутай тооцохдоо 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан газар цаг хугацаа, гэмт хэргийн сэдэлт зорилго гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан гэм буруугийн хэлбэр, 2.3 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудал эргэлзээгүй байдлаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байхыг хууль шаарддаг. Гэтэл Ш.Б-ийг гэм буруутайд тооцоход эргэлзээ бүхий нотлох баримт хэрэгт авагдсан байхад хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 

Иймд Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоол, Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29 ны өдрийн 2024 /ДШМ /33 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүх хуралдааны даргалагч шүүгч А.Энхбаатарыг тус шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16 тоот шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор томилсон. Даргалагч шүүгч А.Энхбаатар 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 242 тоот яллагдагчийг шүүхэд  захирамж гаргасан томилсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэсэн заалтыг зөрчсөн. Анхнаасаа хэргийг шийдвэрлэхдээ процессын хуулийг ноцтой зөрчсөн. Миний бие шүүгдэгчийн өмгөөлөгчөөр шүүхийн шатанд оролцсон. Хэргийн материалтай танилцаад хуульд заасан хугацааны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг зарлана гэж тооцоолж байсан ч хэргийг 4 хоногийн дотор шүүхэд шилжүүлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Хэргийн зүйлчлэлийн хувьд прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв шийдэж чадаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан эрүүдэн шүүх явцдаа хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн атлаа мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн гэж нэг үйлдэлд хоёр зүйл ангиар зүйлчилсэн. Үүнийг хууль зүйн алдаатай зүйлчлэл гэж бодож байна.

Өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаад хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Учир нь прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчиж нотлох ажиллагааг явуулсан. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэг болон бусад байдлаар тогтоогддог. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцоод, мэдүүлэг өгөхдөө “та шинжилгээгээ ямар объект, материалын хүрээнд гаргасан бэ” гэхэд “зөвхөн хохирогчийн томографикийг үндэслэж дүгнэлт гаргасан” гэсэн. Өөрөөр хэлбэл шинжээч шинжилгээний объекттой бүрэн танилцаагүй, хавтас хэрэгтэй танилцаж дүгнэлт гаргаагүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт хүлээсэн. Энэ нь эргэлзээтэй нөхцөл байдал, дахин шинжилгээ томилох нөхцөл байдал үүсэж байгаа юм. Хохирогч Ц байр буюу кобоноос зүгээр гарч яваа нь камерын бичлэгт харагддаг. Үүнээс хойш  1 цагийн дараа сумын эмнэлэгт хандаж, үйлчилгээ байсан. Энэ цаг хугацаанд гэмтэл учирсан юм уу, гэмтлийг хэдэн цагт авсныг нарийн тогтоолгохоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай.

Шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Өөрөөр хэлбэл хохирогч хэсгийн байрнаас гараад зэргэлдээ байдаг дэлгүүрээс архи согтууруулах ундааны зүйл зээлж авсан. Энэ талаар тухайн дэлгүүрийн худалдагч мэдэх байтал худалдагчаар мэдүүлэг аваагүй, зөвхөн Ш.Б-ийг яллах талын нотлох баримтыг цуглуулсан гэж үзэж байгаа. Тийм учраас нотлох баримтуудыг бүрэн гүйцэт шинжлэн судлуулж, тогтоосны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой.

Эрүү шүүлт тулгах явцдаа гэж үйлдлийг нь тодорхойлоод байдаг. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин барьж байгаад цагдаад шалгагддаг. Хохирогчийн зүгээс “би мөнгө өгье, миний эрхийг битгий хас” гэсэн агуулгаар хандаж, Ц хууль ёсны дагуу явуулж байсан ажиллагааг буюу зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг эсэргүүцдэг. Үүнтэй холбоотойгоор тухайн зөрчил гаргасан хүний зөрчлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх, зөрчлийг баталгаажуулах зорилгоор зодсон, гэмтэл учруулсан гэдэг ч хохирогч урьд нь мотоциклын осолд ороод хавирга нь хугарсан үйл баримт тогтоогддог. Энэ нөхцөл байдлуудыг тал бүрээс нь үнэн зөвөөр тогтоох ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтын шат руу буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Ш.Б-ийн хувьд Г аймгийн Б сумын төв Ц кобон байранд хохирогч Б.Б-ийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шалгах явцдаа драйгер үлээлгэхээс татгалзсан, тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэж хэргээ хүлээсэнгүй гэж эрүүдэн шүүсэн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Ш.Б- нь хохирогчийг өрөөндөө дуудаж тайлбар авахдаа цээж хэсэгт нь цохиж, гэмтэл учруулж байгаа үйлдэл нь Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгийн, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тодорхойлолтод хамаарч байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн бодит байдалтай нийцсэн. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд энэ гэмт хэргийн улмаар учирсан хохиролд үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан бол нийлмэл гэмт хэрэг” гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 4 хоногийн дотор хэргийг шүүхэд шилжүүлсэн шийдвэр гаргасан хууль зөрчөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “15 хоногийн дотор гэдэг нь энэ хугацааг хэтрүүлэхгүйгээр гэсэн хуулийн хугацааны дээд хязгаарыг тогтоож өгсөн, энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил биш” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Шүүх бүрэлдэхүүн томилох” тухай шийдвэрийг Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.3, 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргаагүй хянан хэлэлцсэн нь хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн нь зөрчилд хамаарахаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийн давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, Ж.Дорждэрэм нарын гаргасан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний дагуу шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ш.Б- нь Г аймгийн Ц газрын Б сумын хэсгийн төлөөлөгч буюу Төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой Г аймгийн Б сумын төв дэх Ц байранд зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдсон Б.Б- эрүүдэн шүүж түүний баруун шанаа руу 2 удаа, цээж рүү 4 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн 2, 3 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, зүүн 4 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтын сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч, бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт сөргөөр нөлөөлж, тэдний хуулиар олгогдсон болон заяагдмал эрхийг ямарваа нэгэн хэлбэрээр хасч хязгаарласан нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар нотлогдсон хэргийн үйл баримтад тулгуурлан төрийн албан хаагч хэрэг хүлээлгэхээр “Эрүү шүүлт тулгах”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт 8,100,000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх аливаа үйлдэл, түүний дотор хууль сахиулах үйл ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн байх, Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний үндсэн болон салшгүй эрхүүдийг ямагт хүндэтгэн хамгаалах ёстой.

 

Хүний эрхийг хуульд тусгайлан зохицуулснаас бусад тохиолдолд зөрчих, дордуулах, хязгаарлах зэргээс урьдчилан сэргийлэх нь хууль сахиулагчийн үндсэн үүрэг бөгөөд хүн бүр эрүү шүүлтээс ангид байх эрхтэй.

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид “эрүүдэн шүүх” ойлголтыг тодорхойлж хориглосон төдийгүй, энэхүү хориглолт нь түгээмэл харьяаллын шинж чанартайгаар хэрэгжиж байхаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 7 дугаар зүйл, Ромын дүрмийн 7 дугаар зүйл зэрэг олон улсын хүний эрхийг баталгаажуулсан эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олжээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б- нь хохирогч Б.Б- Г аймгийн Б сумын төвд байрлах “Индэрт” дэлгүүрээс Ц байранд аваачин “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд холбогдуулан шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин түүнийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж халдсан үйлдэл нь Монгол улсын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэсэн тодорхойлолтод хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Түүнээс гадна шүүгдэгч Ш.Б-ийн эрүү шүүлт тулгах явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь зөв болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, Ж.Дорждэрэм нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол, Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, Ж.Дорждэрэм нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                             С.БАТДЭЛГЭР

 

 ШҮҮГЧИД                                                  Б.БАТЦЭРЭН

 

                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                  Ч.ХОСБАЯР

 

                                                                                                   Б.ЦОГТ