
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 01 сарын 27 өдөр
- Дугаар: 001/ХТ2025/0008
- Улаанбаатар хот
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын
улсын байцаагч нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0639 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2024/0709 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Т, Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Б.Э нарыг оролцуулан, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх нь хэсгийн 6-д 64,728,465.95 төгрөгийн татвар, 25,891,386.38 төгрөгийн торгууль, 5,075,318.49 алданги, нийт 95,625,170.82 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Хариуцагч татварын улсын байцаагч нар нь “Т” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” *** дугаар нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна.
2.1.Дээрх актын тэмдэглэх нь хэсгийн 6-д “2020 онд 191,401,045.75 төгрөгийн, 2021 онд 455,883,613.73 төгрөгийн материалын зардлыг илүү тооцож татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2019.03.22) 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэж заасныг зөрчсөн гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Актын тэмдэглэх хэсгийн 6-д 2020 онд 191,401,045.75 төгрөгийн, 2021 онд 455,883,613.73 төгрөгийн материалын зардлыг “баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэж үзсэн. Гэтэл тус зардал нь худалдан авсан төлбөрийн баримт, касс, харилцах бараа материалын орлого, зарлагын баримт, ерөнхий журналууд зэрэг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр баримттай байсаар байхад зардалд тооцоогүй, үнэлээгүй нь хуулийн үндэслэлгүй. Татварын улсын байцаагч нар санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн гүйцэт үзэж нягтлаагүй, үнэлж дүгнээгүй энэ байдлаа татвар төлөгчийн зөрчил гэж үзэн актаар нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан” гэж,
4.Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... Хяналт шалгалт хийхэд татвар ногдох орлогоос хасагдах зардал шаардлага хангаагүй нь нотлогдсон. Гаалиар сэлбэг, бараа материал оруулж ирсэн гэх боловч анхан шатны баримт орчуулгагүй, гаалиар оруулж ирсэн мэдүүлэг байхгүй, цахим программд бүртгэгдээгүй, тээврийн зардал төлбөрийн баримтаар нотлогдохгүй байна. Иймд нөхөн ногдуулалтын актыг хүчин төгөлдөр гэж үзэж байна” гэж тус тус тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0639 дүгээр шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2024/0709 дүгээр магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0639 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Хариуцагч татварын улсын байцаагч Д.Т, Д.Б нараас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг дараах байдлаар буруу хэрэглэсэн. “Т” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай актаар тогтоосон 2018, 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 94,916,570.43 төгрөгийн материалын зардлыг илүү тооцож татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан нь 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй” гэснийг үндэслэж хасагдах зардалд хамруулж хуулийг хэрэгжүүлсэн.
7.2. 2020, 2021 оны 647,284,659.48 төгрөгийн зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт хуульчилснаар татвар ногдох орлогоос хасагдах зардал нь зохих шаардлагыг хангасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар, эсхүл импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан нөхцөлд татвар ногдох орлогоос хасаж тооцох боломжтой байсан ч татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12, 41.12.3-т “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн нотлох баримтыг татварын хяналт шалгалтад хамрагдаж байх хуулийн хугацаандаа гаргаж өгөх үүргийг хэрэгжүүлээгүй
7.3.“Т” ХХК нь БНХАУ-аас импортоор оруулж ирж байгаа бараа, техник хэрэгслээ тээвэр илгээмжийн компаниар дамжуулан хүлээн авахаар тохирч төлбөрийг карго компанийн захирлын хувийн данс руу шилжүүлсэн гэж байгаа боловч тээвэр илгээмжийн компанитай байгуулсан гэрээ байхгүй, гаалийн бүрдүүлэлтийг хэний нэр дээр хийгдсэн нь тодорхойгүй ба гаалийн татвар төлөөгүй үйлдлээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн ТУНС дэх хөндлөнгийн мэдээлэлд тухайн компанийн нэр дээр гаалийн мэдүүлэг байхгүй байсан.
7.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг магадлахдаа он, цаг хугацааны хувьд харилцан адилгүй байсан хуулийн хариуцлагыг хооронд нь харьцуулж шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байх тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хариуцагч улсын байцаагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж нотолгооны үүргийг хуульчилсан.
11.Энэ хэргийн хувьд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарны 06-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор “Аж ахуй нэгжийн хасагдах зардал нь агуулгын хувьд тухайн орлогыг олохтой холбоотой байх бөгөөд хэлбэрийн хувьд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан шаардлагыг хангасан байх ёстой, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай, нэхэмжлэгчийн зардлын баримтууд нь орлого олохтой холбогдож гарсан зардал мөн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй, баримт нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан шаардлагыг хангасан байхыг шаардах боломжгүй, харин гаалийн татвар төлснийг нотлох баримтыг шаардах боломжтой эсэхэд шүүх дүгнэлт өгөх хэрэгтэй, нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрт гаалийн бүрдүүлэлтийн хураамж, холбогдох татвар багтсан эсэх, ачаа тээвэрлэлтийг хариуцсан компани нь гаалийн бүрдүүлэлтийг хийж, зохих татварыг төлсөн эсэхийг (ялангуяа цар тахлын хязгаарлалтын үед) тодруулж шалгах нь ач холбогдолтой байна” гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
12.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт гэхээс илүүтэй импортын бараанд төлсөн гаалийн татварын хүрээнд хасагдах зардлыг нотлох баримт гаргаж өгөх, тодруулах боломжийг олгожээ.
13.Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс манай компани өөрөө гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, карго компани манай компанийн өмнөөс тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн татвар төлсөн байх ёстой гэж тайлбарлаж байх атлаа анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан хугацаанд гаалийн татвар төлсөн эсэхийг тодруулах зорилгоор нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нотлох баримтын эх сурвалжийг зааж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
14.Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс “шүүх нотлох зарчим”-ыг бүрэн хэрэгжүүлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэж өмнөх тогтоолтой адил үндэслэлээр дахин анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасан нь оновчгүй болжээ.
15.Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байсан тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2024/0709 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ