
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 03 сарын 25 өдөр
- Дугаар: 001/ХТ2025/00059
- Улаанбаатар хот
“Б” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103/ШШ2024/00636 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2025/00087 дугаар магадлалтай,
“Б” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй
Нт холбогдох
Алданги 1,586,877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ТӨХК нь хариуцагч Нт холбогдуулан дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 1,586,877 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103/ШШ2024/00636 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Нт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2022 оны 01, 02 дугаар сарын халаалтын төлбөр хугацаандаа төлөөгүй алданги 1,586,877 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2025/00087 дугаар магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103/ШШ2024/00636 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Н” ТБАГУТҮГ-аас 1,586,877 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ТӨХК-д олгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,340 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40,340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч “Б” ТӨХК нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа манай байгууллагаас гадна, О, С болон манай Н гэх төрийн 3 байгууллагад холбогдуулан тус тусад нь нэхэмжлэлүүд гаргасан. Энэ хэрэг маргаанууд шийдвэрлэгдээд бүгд “Б” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч байгууллага дээрх шийдвэрүүдийг бүгдийг хүлээн зөвшөөрөөгүй давж заалдах гомдол гаргасан.
Дээрх 3 байгууллагуудтай холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр ижилхэн давж заалдах шатны шүүхэд хянагдсан боловч О болон С-д холбогдох шийдвэрийг хэвээр үлдээсэн атлаа ганц манай байгууллагад холбогдох иргэний шийдвэрийг өөрчлөн манай байгууллагаар алданги төлүүлэхээр шийдвэрлэж байгаад гомдолтой байгаа бөгөөд адил төрийн байгууллагууд яг ижил нотлох баримтуудыг гаргаж өгсөн байхад өөр өөр шийдвэрлэж байгаа нь давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаж хуулийг зөрүүтэй хэрэглэж байна гэж үзээд магадлалыг дахин хянуулах хүсэлттэй байна.
Миний бие бусад адилхан байгууллагуудын нягтлангуудтайгаа холбогдож тус шүүхийн магадлалыг хуулбарлан авч уншиж танилцсан бөгөөд миний хувьд О болон манай Н-т холбогдох хэргүүдийг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүх хуралд орсон бүрэлдэхүүн нь ижилхэн байсан. Гэтэл яагаад өөр өөр шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар хууль хэрэглээний зөрүүтэй гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.03.06-ны өдрийн 001/ШХТ2025/00236 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч “Б” ТӨХК нь хариуцагч Нт холбогдуулан алданги 1,586,877 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...хариуцагч нь 2022 оны 01, 02 сарын дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг хугацаа хэтэрч төлсөн учраас 139 дүгээр цэцэрлэгтэй байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах, Дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээний 6 дугаар зүйлийн 6.9-д зааснаар 2022 оны 1 дүгээр сарын алданги 669,025 төгрөг, 2 дугаар сарын алданги 917,852 төгрөг, нийт 1,586,877 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,
Хариуцагч тайлбартаа: “...2022 оны эхэнд Төсвийн тухай хуулиудын шинэчлэлтэй холбоотой 2022 оны 01, 02 дугаар сард зөвхөн цалингийн зардал гарч, 03 дугаар сараас тогтмол зардлууд төлөгдсөн. ...бид санаатай төлбөрийг хоцроогоогүй, төрийн сангаас олгосон төсөвт алданги төлөх мөнгө суугаагүй учраас дулааны зардлыг хугацаанд нь төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Хариуцагч Н нь төрөөс санхүүждэг төсвийн байгууллага, ...2022 оны татварын орлогын төвлөрүүлэлт 01, 02 дугаар саруудад тасарснаар хариуцагч байгууллага халаалтын зардлыг хугацаандаа төлж чадаагүй болох нь хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Засаг даргын тамгын газрын 2022.03.29-ний өдрийн 05/19, 2023.12.04-ний өдрийн 05/55 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна. ...хариуцагч нь халаалтын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй явдалд үүрэг гүйцэтгэгч талаас шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн зөрчил нь үйлдэл эс үйлдэхүй, гэм буруу, хор уршиг, шалтгаант холбоог агуулах бөгөөд хариуцагч талын хувьд ...халаалтын зардлаа төлөхгүй байх гэсэн субьектив санаа зорилго байхгүй, халаалтын зардал төсөвт орж ирсэн байхад санаатай зориуд төлөөгүй гэм буруутай үйлдэл байхгүй байна. Иймд гэрээний үүргийн зөрчлийн нэг шинж үгүйсгэгдсэнээр хариуцагчид хариуцлага тооцох үндэслэлгүй...” гэж дүгнэсэн бол,
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “...талууд гэрээний 6.9-д ...алданги тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалттай нийцжээ. ...төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн талаар зохигч маргаагүй, ...үүний улмаас алданги төлөх үүрэг үүссэн. Анхан шатны шүүх ...Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022.03.29-ний өдрийн 05/19, 2023.12.04-ний өдрийн 05/55 дугаартай албан бичгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх ба дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шийдвэрийн үндэслэл болох учиргүй. Иймд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь хариуцагч байгууллагын буруугаас болоогүй гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. ...нэхэмжлэгч байгууллагын 2022 оны 3 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэх баримтад тусгагдсанаар талууд гэрээний үүргийг дүгнээд 17,105,637 төгрөгийг хариуцагч байгууллагын зүгээс төлөхөөр тогтож, гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байх ба уг дүнд 1,586,877 төгрөгийн алданги орж тооцогдсон байна. Иймд ...хариуцагч байгууллагыг алданги төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэнэ. ...Дээрхийг нэгтгэвэл, хариуцагчаас алданги 1,586,877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ...” гэж дүгнэжээ.
9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтын талаар адил дүгнэлт хийсэн боловч алданги төлөх эсэх үндэслэлийн талаар ялгаатай дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байна.
Нэхэмжлэгч “Б” ТӨҮГ нь хариуцагч Нт холбогдуулан хэрэглэсэн дулааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул гэрээний заалтыг үндэслэн хугацаа хэтэрсэн хоногт алданги тооцож, 2022 оны 01, 02 дугаар сарын төлбөрийн алдангид 1,586,877 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагчаас төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь өөрөөс нь шалтгаалаагүй нөхцөл байдалтай холбоотой гэж маргасан байна.
10. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн 2022.03.29-ний өдрийн 05/19, 2022.12.04-ний өдрийн 05/55 дугаартай баримтууд нь Багануур дүүргийн Засаг даргын тамгын газраас “Б” ТӨХК-д илгээсэн “...төсөвт байгууллагын санхүүжилт бүрэн олгогдоогүйгээс зарим байгууллагын түлш, халаалтын зардалд өр үүсээд байгаа тул алдангиас чөлөөлүүлэхийг хүссэн...” агуулгатай байх ба дээрх баримтад дүүргийн Засаг даргын тамгын газрын Хуулбар үнэн дардас дарагдсан байх бөгөөд тус баримтад дүүргийн Засаг даргын тамгын газар, Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Оюунцэцэгийн тоон гарын үсэг буюу дардас дарагдсан, огноо, цаг хугацаа бичигдсэн байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10-т тоон гарын үсэг бүхий цахим баримтыг тоон гарын үсгийн эзэмшигч үйлдээгүй талаар үндэслэл бүхий тодорхой шалтгаан дурдснаас бусад тохиолдолд уг цахим баримтын жинхэнэ эсэх талаар маргахгүй гэжээ.
Анхан шатны шүүх хуралдааны явцад зохигч дээрх баримтын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй байтал давж заалдах шатны шүүх тус цахим баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр үнэлэхгүй орхигдуулсан нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.
Иймд хариуцагчийн татгалзлыг нотолсон баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэн, улмаар хариуцагч нь татгалзлаа нотлоогүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгоно.
12. Хариуцагч нь төсвийн байгууллага, Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон татварын орлогын төвлөрүүлэлт 2022 оны эхний саруудад тасарснаас төсөвт байгууллагуудын санхүүжилт бүрэн олгогдоогүйгээс тэрээр 2022 оны эхний 2 сарын дулааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үйл баримт тогтоогдсон талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.
Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв боловч хариуцагчийн төлбөр төлөхгүй гэх субьектив санаа тогтоогдоогүй гэх үндэслэл заасан нь учир дутагдалтай, улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс энэ талаар залруулж, дүгнэнэ.
13. Зохигчийн хооронд Дулааны эрчим хүчээр хангах, Дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулагдсан, дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв. Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Гэрээний 6.6-д хэрэглэгч буюу хариуцагч байгууллага хэрэглэсэн дулааны төлбөрийг хангагчаас өгсөн нэхэмжлэлийн дагуу тухайн сарын 15-ны дотор урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг тухайн сардаа багтаан төлөх үүрэг хүлээсэн ба 6.9-д хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хожимдуулсан хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн дүнд 0.5 хувиар тооцон алданги ногдуулахаар тохиролцжээ.
14. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд анзын гэрээг бичгээр хийнэ, алданги нь анзын нэг төрөл бөгөөд хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-т тус тус тодорхойлжээ.
Алданги төлөх талуудын тохиролцоо Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах эрхтэй боловч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хариуцагч гэм буруутай эсэхээс хамааран нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх нь шийдвэрлэгдэнэ.
15. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтаар тодорхой нөхцөл байдлын улмаас хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд тухайн нөхцөлд хариуцагч гэм буруугүй бол хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул тэрээр хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагыг хүлээхгүй гэж үзнэ.
Хариуцагч нь төсвийн байгууллага тул төсвөөс олгогдсон санхүүжилтийн хүрээнд төлбөрийг төлөх боломжтой ба 2022 оны 01, 02 дугаар сард байгууллагад хэрэглээний зардлын санхүүжилт олгогдоогүйгээс дулааны хэрэглээний төлбөрийг тухайн сард нь төлж чадаагүй, хэрэглээний санхүүжилт орсон 3 дугаар сард төлсөн үйл баримт тогтоогдсон ба нэгэнт санхүүжилт олгогдоогүй тохиолдолд төлбөрийг төлөх боломжгүй юм.
Ийнхүү төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, тэрээр хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээх үндэслэлгүй тул алданги төлөх үүрэггүй болно.
16. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2025/00087 дугаар магадлалыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103/ШШ2024/00636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД