
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 05 сарын 09 өдөр
- Дугаар: 001/ХТ2025/0047
- Улаанбаатар хот
Төрийн өмчийн бодлого
зохицуулалтын газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/1018 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2025/0124 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2025/0172 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
3.Хариуцагчийн хариу тайлбар: “... Геологи судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ-ын дүрмийн 5.1.3-т зааснаар Геологийн албанаас ирүүлсэн саналыг үндэслэн маргаан бүхий тогтоолыг гаргасан. Хариуцагч захиргааны байгууллага тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох буюу хэн хэнийг төлөөлөх эрхтэйг шалгах эрхгүй байгууллага. Албан ёсны хэвлэмэл хуудаст, газрын үсэг зурж ирүүлсэн саналыг тухайн байгууллагын санал гэж үзнэ. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Үндэсний геологийн албаны хөдөлмөрийн дотоод журмын 2.7.1-д заасны дагуу Г.А-ийг төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурсан гэж үзэж байна” гэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргасан байна.
4.Гуравдагч этгээдээс: “... “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь шат дараатай арга хэмжээг үндэслэн Засгийн газрын 2022 оны 317 дугаар тогтоолд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаар тогтоолоор “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан нь үндэслэлтэй...” гэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ.
5.Хэргийн нөхцөл байдал:
5.1.Үндэсний геологийн албаны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/249 дугаартай албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай тогтоолоор батлагдсан Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ын 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн саналыг дэмжиж байгаа... гэх саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн байна.
5.2.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэж, мөн өдрийн 194 дугаартай тогтоолоор Геологи судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалыг жагсаалтыг шинэчлэн баталжээ.
5.2.1.Нэхэмжлэгч О.Д /бусад 3 хүний хамт/ уг тогтоолыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасныг уг тогтоол нь “... гадагш чиглээгүй, захиргааны актын шинжийг агуулгахгүй” гэх үндэслэлээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4693 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 0532 тогтоолоор уг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.3.Нэхэмжлэгч О.Д-аас 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай мөн тогтоол нь “Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:
6.2.Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.
6.2.1.“… Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Агентлагийг гадаад, дотоодод агентлагийн дарга төлөөлнө. Агентлагийн даргын даалгаснаар болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга агентлагийг төлөөлж болно гэж агентлагийг төлөөлөх эрх бүхий этгээдийг тодорхойлжээ.
6.2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалыг жагсаалтын талаар санал -албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А нь тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд биш байна. Иймд түүний гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/249 дугаартай албан бичгийг Үндэсний геологийн албаны санал гэж үзэх үндэслэлгүй.
6.2.3. ... Засгийн газрын агентлагийг төлөөлөх эрхгүй этгээд “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоонд оруулах өөрчлөлтийн саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн үндэслэлгүй байх бөгөөд улмаар уг саналыг үндэслэн гарсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай Геологи судалгаа-шинжилгээний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болохгүй.
6.2.4.Иймд, “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалыг жагсаалтыг шинэчлэн баталсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай тогтоол нь “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-д эрх зүйн харилцааг үүсгээгүй байна. ...” гэжээ.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:
7.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтийг хийжээ:
7.1.2.Гэтэл дээрх маргаан бүхий тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх.” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай тус тус нийцэхгүй байна.
7.1.3.Нэг захиргааны актад холбогдуулан “илт хууль бус акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа “эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх”-ээр дахин маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан энэхүү тогтоол гарсны улмаас тус байгууллагад ажиллаж буй ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой маргаан нь Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдахаар байна. Иймд О.Д-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
8.Хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга:
8.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүхүүд нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл, түүнд тавигдах шаардлага, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсгийг зөрүүтэй ойлгож хэрэглэсэн, ... анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2024/4693 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШТ2024/0532 дугаар тогтоол нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 тоот тогтоол Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн хангасан эсэх буюу дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын 1 дүгээр урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхэд дүгнэлт өгсөн юм. ... Нэхэмжлэгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаар маргаж буй зүйл нь заавал захиргааны акт байхыг шаардахгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3, 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөлийг хангасан, субсидиар буюу хоёрдогч зарчим үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хүчингүй болгох юм уу даалгах, актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хамгаалуулах оролдлого хийсэн боловч амжилтад хүрээгүй буюу маргаж буй зүйл нь захиргааны акт биш бөгөөд энэ тохиолдолд өмнө нь шийдвэрлэгдсэн асуудал гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь энэ талаар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
8.1.1. ... /өмнө гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол нь/ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 тоот тогтоол захиргааны акт мөн эсэхэд дүгнэлт хийсэн болохоос 194 тоот тогтоол Геологийн судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгэх эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь 194 дүгээр тогтоол нь захиргааны акт мөн эсэхтэй маргаагүй байхад нэхэмжлэлийн нэг зүйлд хамааралтай, урьд өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсгийг хэрэглэх үндэслэлгүй.
8.1.2. ... Нэхэмжлэгчийн зүгээс нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/1018 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2025/0124 дүгээр магадлалыг хүчингүй болгон хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
8.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 221/МА2025/0124 дүгээр магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй болсон.
8.2.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/Ш32024/4693 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлаад “... тогтоол нь байгууллагын дотоод бүтэц, албан тушаалыг тогтоосон дотогш чиглэсэн бөгөөд захиргааны актын гадагш чиглэсэн шинжийг агуулаагүй байна” гэж дүгнэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШТ2024/0532 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
8.2.2.Нэхэмжлэгч О.Д-ийн маргаан бүхий тогтоолыг Геологийн судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах онцгой эрх ашиг сонирхол байгаа учир нь түүнийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон эрхзүйн үндэслэл болсонд байгаа юм. Нэхэмжлэгч үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж марган шүүхэд хандаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд иргэний хэрэг үүссэн энэхүү хэрэг нь уг захиргааны хэрэг шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд түдгэлзсэн.
8.2.3.Нэхэмжлэгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдөр гаргасан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох’ нэхэмжлэлийн шаардлагаар маргаж буй зүйл нь заавал захиргааны акт байхыг шаардахгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3, 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөлийг хангасан, субсидиар буюу хоёрдогч зарчим үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хүчингүй болгох юм уу даалгах, актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хамгаалуулах оролдлого хийсэн боловч амжилтад хүрээгүй буюу маргаж буй зүйл нь захиргааны акт биш бөгөөд энэ тохиолдолд өмнө нь шийдвэрлэгдсэн асуудал гэж үзэх үндэслэлгүй юм.
8.2.4.Нөгөө талаар, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/Ш32024/4693 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШТ2024/0532 дугаар тогтоол нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 тоот тогтоол захиргааны акт мөн эсэхэд дүгнэлт хийсэн болохоос 194 тоот тогтоол Геологийн судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгэх эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь 194 дүгээр тогтоол нь захиргааны акт мөн эсэхтэй маргаагүй байхад нэхэмжлэлийн нэг зүйлд хамааралтай, урьд өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсгийг хэрэглэх үндэслэлгүй юм.
8.2.5.Мөн “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй зүйл нь заавал захиргааны акт байхыг шаардахгүй, мөн нэхэмжлэл гаргаж буй этгээд болон хариуцагч нарын хооронд хамааралтай байх албагүй, нэхэмжлэгчид онцгой эрх ашиг сонирхол байгаа тохиолдолд хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд тухайн маргааны зүйл нь нийтийн эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэлтэй эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гаргаж болохоор, захиргааны эрх зүйн онолын хүрээнд уг ойлголтыг хүлээн зөвшөөрдөг байхад давж заалдах шатны шүүхээс “шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, маргаан бүхий тогтоолтой холбоотой үйл баримтыг үнэлж, дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул дахин нотлохгүй* хэмээн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй болсон байна. ...” гэжээ.
9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2025/0172 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гомдол гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я-д 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цахимаар хүргүүлсэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хяналтын шатны шүүхэд ирж хэргийн материалтай танилцахдаа танилцав. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд тайлбар ирүүлсэн байна.
ХЯНАВАЛ:
11.Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
12.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан аль нэг үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь “тухайн нэхэмжлэлийн дагуу шүүхэд маргаан үүсгэх хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй” гэж үзэн маргааныг шийдвэрлэхээс татгалзаж буй агуулга юм. Өөрөөр хэлбэл, шүүх маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэдэггүй.
14.Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” эсхүл “уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” аль аль үндэслэл хангагдаагүй гэж үзэхээр байна.
15.Тодруулбал, нэхэмжлэгч О.Д нь бусад 3 хүний хамт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаар тогтоолыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж маргасныг шүүхээс “... уг тогтоол нь гадагш чиглээгүй, захиргааны актын шинжийг агуулгахгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэх үндэслэлд хамаарахгүй.
16.Өөрөөр хэлбэл, өмнө нь захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч О.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төрийн өмчийн хорооны тогтоолд холбогдуулан маргааны үйл баримтыг тогтоогоогүй, нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, харин маргааныг захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж, хянан шийдвэрлэхээс татгалзсан байна.
17.Иймд, нэхэмжлэгчээс одоо маргаж буй “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн хувьд “нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэж үзэхгүй.
18.Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “ ... уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл нь захиргааны хэргийн шүүх нэг ижил маргааныг нэг удаа эцэслэн шийдвэрлэх агуулгатай, энэ тохиолдолд хуулийн уг үндэслэл бүрдээгүй байна.
19.Нэхэмжлэгч О.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” маргаан нь “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаар үүсдэг маргаанаас тусдаа, нэхэмжлэлийн бие даасан төрөл бөгөөд эдгээр нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхээс дүгнэж шийдвэрлэвэл зохих хууль зүйн асуудал, тогтоогдвол зохих үйл баримт нь өөр өөр, нэхэмжлэгч өмнө нь захиргааны актыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, энэ тохиолдол нь тухайн этгээдээс “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж дахин маргах эрхийг хязгаарлахгүй юм.
20.Тодруулбал, нэхэмжлэгч өмнө нь гаргасан ижил шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин гаргаагүй, харин захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч шүүх “захиргааны акт биш” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан атлаа энэ удаад “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” шаардлага гаргасныг шүүх “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэж дахин хүлээн авахаас татгалзаж буй нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байна.
21.Иймд, дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй, давж заалдах шатын шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт өгөөгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээр хэлэлцээгүй асуудлаар хяналтын шатны шүүх эцэслэн дүгнэлт хийх боломжгүй тул хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх талаар гаргасан гомдлын үндэслэлийг хүлээж авахгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2025/0124 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ