
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 05 сарын 20 өдөр
- Дугаар: 001/ХТ2025/00103
- Улаанбаатар хот
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05011 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00426 дугаар магадлалтай,
Т-ийн нэхэмжлэлтэй
Б.Б-д холбогдох
Төрд учруулсан хохирол 22,932,271 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Б.Б-д холбогдуулан төрд учруулсан гэм хорын хохиролд 22,932,271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05011 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-оос 8,812,551 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,119,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 155,951 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00426 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05011 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Б-д холбогдох, төрд учирсан гэм хорын хохиролд 22,932,271 төгрөг гаргуулах тухай Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1.Маргаан бүхий үйл баримтын тухайд: Хариуцагч Б.Б нь У-ын даргаар ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/162 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь У-ын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Х-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иргэн М.Х нь дээрх Б/162 дугаар тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 38-ны өдрийн 128/ШШ2019/0778 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 111 дүгээр магадлал тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна.
Захиргааны дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Х-ийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/46 дугаар тушаалаар 8,812,551 төгрөгийг М.Х-д ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгосон.
Түүнчлэн У-ын дарга Б.Бийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор дээрх албан тушаалаас нь чөлөөлж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугар сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Д.Д-ыг дээрх албан тушаалд томилсон байна. Мөн иргэн С.Х-г захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу У-ын даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/506 дугаар тушаалаар эгүүлэн томилсон.
Иргэн С.Х-г захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил албан тушаалдаа томилогдсоны дараа захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлж, зохих бичилтийг нөхөн бичүүлэхээр шүүхэд хандсаны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/02107 дугаар шийдвэрээр С.Х-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч У-ын дарга, болон харьяалах нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэсэн. Иргэний хэргийн дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Х-ийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/82 дугаар тушаалаар 14,119,720 төгрөгийг М.Х-д ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон. М.Х-д захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нийт 22,932,271 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нөхөн олгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог бөгөөд М.Х-г төрийн албанаас хууль бусаар халах шийдвэр гаргасан этгээд нь У-ын дарга Б.Б юм.
4.2.Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “... 5.1-д Т нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн хохирлыг арилгасан албан байгууллага нь гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд буюу Х-ийн яам, эсхүл У-ын ерөнхий газар нь өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байгаа тохиолдолд Т уг байгууллагыг төлөөлөн объектив эрхийн хүрээнд шууд шүүхэд нэхэмжлэл гаргах, гэм хорын хохирол шаардах хууль зүйн боломж нь хязгаарлагдана...” гэж; “... 5.2-д Харин Т-ийн субьектив эрх нь зөрчигдөөгүй тул шууд шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, субьектив эрх нь зөрчигдсөн буюу нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох Х-ийн яам болон У-ын ерөнхий газар нь гэм хорыг буруутай этгээдээс шаардахаас зайлсхийсэн, түүнд нэхэмжлэл гаргах талаар сануулсан атал нэхэмжлэл гаргаагүй, ашиг сонирхлын зөрчил тогтоогдсон, тухайн байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан зэрэг нэхэмжлэл гаргах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн, энэ нь тогтоогдсон нөхцөлд Т нь хуульд зааснаар төрийн ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэл гаргах боломжтой ...” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
4.3.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”,498.5-т “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т... төрийн албан хаагчийг... хууль бусаар ... томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан гушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага ... төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.
У-ын дарга Б.Б нь 2019 оны Б/162 дугаар тушаалаараа Дархан-Уул аймаг дахь У-ын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Х-г төрийн албанаас халах шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Төрийн албан хаагч С.Х-д захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Х-ийн сайдын 2022 оны “Хөрөнгө хуваарилах тухай А/46 дугаар тушаалаар 8,812,551 төгрөгийг, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Х-ийн сайдын 2024 оны “Хөрөнгө хуваарилах тухай" А/82 дугаар тушаалаар 14,119,720 төгрөгийг, нийт 22,932,271 төгрөгийг тус тус олгосон нь баримтаар тогтоогдсон болно.
Давж заалдах шатны шүүх Т нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн хохирлыг арилгасан албан байгууллага болох Х-ийн яам болон У-ын ерөнхий газар нь гэм хорыг буруутай этгээдээс шаардаж нэхэмжлэл гаргаж өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан гэж буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Учир нь Т Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн төрийн албан хаагчийг төрийн албанаас халсныг шүүхээс тогтоосны дагуу төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу төрийн албан хаагч С.Х-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг У-ын ерөнхий газар олгоогүй тул тухайн хохирлыг арилгасан байгууллага гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Х-ийн яам нь ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор гарсан шүүхийн шийдвэрийн дагуу Төсвийн мөнгийг олгох шийдвэрийг гаргасан байгууллага юм.
Өөрөөр хэлбэл, У-ын ерөнхий газар болон Х-ийн яаманд ямар нэгэн хохирол учраагүй болно.
4.4.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийг ... хууль бусаар ... томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхийг гагцхүү Тд хуулиар олгосон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж заасны дагуу гэм хор учруулагч учирсан гэм хорын хооронд үр дагавар, шалтгаант холбоо тогтоогдож байх тул төрд учруулсан гэм хорыг хариуцагч Б.Б нь хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т “магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх” гэж зааснаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.05.08-ны өдрийн 001/ШХТ2025/00483 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 22,932,271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...хариуцагч нь У-ын даргаар ажиллаж байхдаа Дархан-Уул аймаг дахь У-ын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Х-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Уг шийдвэрийн дагуу Х-ийн сайдын 2022.03.10-ны өдрийн А/46 дугаар тушаалаар М.Х-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 8,812,551 төгрөг олгосон. Мөн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу сайдын 2024.03.28-ны өдрийн А/82 дугаар тушаалаар М.Х-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 14,119,720 төгрөгийг олгосон учир эдгээрийг албан тушаалтны хууль бус ажиллагаанаас төрд учирсан хохирол гэж үзэж байна” гэжээ.
Гагцхүү шууд санаатай, илтэд болгоомжгүй хоёрын аль нэг гэм буруугийн тухайд гэм хорыг хариуцан арилгах нь хуулийн агуулга. Нэхэмжлэгч хуульд заасан гэм буруугийн аль хэлбэрт үндэслэж байгаа нь тодорхойгүй.
Түүнчлэн ... нэхэмжлэгчийг төлөөлсөн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй буюу итгэмжлэлийн бүрэн эрх доголдолтой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...хариуцагч нь ажилтныг давтан зөрчил гаргасан эсэхийг нягтлан тогтоолгүйгээр илтэд болгоомжгүй байдлаар хандаж, төрийн албанаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулсны улмаас хариуцагчийн шийдвэр хууль бус болсон гэм буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 8,812,551 төгрөгийг хангах үндэслэлтэй. Монгол Улсын Засгийн газрын 2020.07.22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Б.Б-ийг У-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдсон, иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 14,119,720 төгрөгийг гаргуулах шалтгаант холбоо тогтоогдохгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар Т нь төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэхээр, 69 дүгээр зүйлийн 69.2, 69.2.1-д Зөвлөлийн дарга нь зөвлөлийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Иймээс Т, түүнийг төлөөлж дарга Б.Баатарзориг шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна...” гэж дүгнэжээ.
10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Т нь төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн хохирлыг арилгасан албан байгууллага нь гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд буюу Х-ийн яам, эсхүл У-ын ерөнхий газар нь өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байгаа тохиолдолд Т уг байгууллагыг төлөөлөн объектив эрхийн хүрээнд шууд шүүхэд нэхэмжлэл гаргах, гэм хорын хохирол шаардах хууль зүйн боломж нь хязгаарлагдана. Т-ийнсубьектив эрх нь зөрчигдөөгүй тул шууд шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, субьектив эрх нь зөрчигдсөн буюу нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох Х-ийн яам болон У-ын ерөнхий газар нь гэм хорыг буруутай этгээдээс шаардахаас зайлсхийсэн, түүнд нэхэмжлэл гаргах талаар сануулсан атал нэхэмжлэл гаргаагүй, ашиг сонирхлын зөрчил тогтоогдсон, тухайн байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан зэрэг нэхэмжлэл гаргах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн, энэ нь тогтоогдсон нөхцөлд Т нь хуульд зааснаар төрийн ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэл гаргах боломжтой. Гэтэл Т-өөс Х-ийн яам болон У-ын ерөнхий газарт уг хохирлыг барагдуулахыг шаардах талаар мэдэгдэж байсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул Т нь шууд шаардах эрхгүй...” гэсэн байна.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх Т-ийн шаардах эрхийн талаар зөрүүтэй дүгнэлт хийж шийдвэр гаргасан байх бөгөөд энэ талаархи нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хянан хэлэлцэв.
12.Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгов.
13.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Б.Б нь У-ын даргаар ажиллаж байхдаа 2019.04.10-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь У-ын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Х-г төрийн албанаас халсан нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0778 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 111 дүгээр магадлалаар тогтоож, М.Х-г Дархан-Уул аймаг дахь У-ын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн, улмаар энэхүү шийдвэр болон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/02107 дугаар шийдвэрийн дагуу ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 22,932,271 төгрөгийг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад олгосон нь тогтоогдсон байна.
14.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэжээ.
Захиргааны болон Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр М.Х-д ажилгүй байсан хугацааны олговрыг У-ын ерөнхий газраас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн боловч, шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Х-ийн сайдын 2022.03.10-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/46 дугаар тушаалаар 8,812,551 төгрөгийг, /хх-7, хх-10-24-р тал/ 2024.03.28-ны өдрийн А82 дугаар тушаалаар 14,119,720 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-115-р тал/
Дээрхээс үзвэл Х-ийн яам, түүний харьяа агентлаг болох У-ын ерөнхий газар гэм буруутай этгээдээс өөрт учирсан гэм хорын хохирол шаардах эрхтэй.
15.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2 “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэжээ.
Прокурорын тухай хуулиар мөн төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар прокурор нь захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж заасан.
16.Дээр дурдсан хуулиудаас үзвэл төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу шаардах эрхтэй этгээдэд тухайн хохирлыг арилгасан байгууллагаас гадна Т, эсхүл Прокурорын байгууллага шаардах эрхийг хэрэгжүүлж болохыг ийнхүү хуульчилжээ. Гэвч шаардах эрх бүхий этгээдүүд энэхүү шаардах эрхийг хэрхэн зохистой байдлаар хэрэгжүүлэх үндэслэл, шаардлагыг тайлбарлах шаардлагатай.
Эхний ээлжид эрх ашиг нь хөндөгдсөн этгээд нэхэмжлэл гаргах боломжтой боловч хуулиар эрх олгогдсон, Т-ийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгэх үндэслэлгүй.
Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглосон заалт зөрчигдсөн бол тухайн хууль бус шийдвэрээс үүссэн төрд учирсан хохирлыг шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхийг төрийн албаны талаархи чиг үүрэг бүхий Т-д зөвшөөрсөн гэж үзэх ба иймээс тус зөвлөл шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжтой.
Энэ ч утгаар шаардах эрх бүхий бусад этгээд нэхэмжлэл гаргаагүй ч Т нэхэмжлэл гаргах нь хууль зөрчихгүй.
17.Харин Прокурорын байгууллагын хувьд тус байгууллага нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой үндэслэл шаардлага үүсээгүй байхад шууд нэхэмжлэл гаргаж оролцох нь зохистой бус. Өөрөөр хэлбэл, төрийн тусгай чиг үүрэг бүхий Прокурорын байгууллага нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэм хор шаардахаас татгалзсан, зайлсхийсэн, сануулсаар байхад нэхэмжлэл гаргахгүй байгаа, эсхүл тухайн шаардах эрх бүхий байгууллага татан буугдсан зэрэг тодорхой шалтгааны улмаас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах этгээд байхгүй тохиолдолд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэхэмжлэл гаргах болохыг хуулиар зохицуулсан гэж үзнэ.
Дээр дурдснаас дүгнэвэл, давж заалдах шатны шүүх Т-ийг Прокурорын байгууллагатай адилтгаж нэхэмжлэлийг шүүхэд шууд гаргах эрхгүй гэж үзсэн нь дутагдалтай болжээ.
18.Т-ийн дарга Б.Б тус байгууллагыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба түүний бүрэн эрхийн талаар хариуцагч талаас маргасан байна.
Т нь аливаа шийдвэрийг гаргахдаа хамтын удирдлагын зарчмыг мөрдөж ажилладаг олонхоор хамтын шийдвэр гаргадаг байгууллага бөгөөд Зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг удирдан зохион байгуулах асуудал хамаарна. Харин Зөвлөл бүрэн эрхийн дагуу шийдвэрлэсэн асуудлыг зөвлөлийн дарга хэрэгжүүлэх тул тус зөвлөлийн дарга Б.Б шүүхэд нэхэмжлэл гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар заасан, иймээс анхан шатны шүүх Т-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэв.
19.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
20.Т нь төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй боловч төрд хохирол учирсанд хариуцагч гэм буруутай тохиолдолд нэхэмжлэл хангагдах учиртай байна.
Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргасан албан тушаалтны хууль бус шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байхыг хууль шаардана.
21.Хариуцагч Б.Б нь “... байгууллагыг төлөөлж шийдвэр гаргах эрх олгогдсон этгээдийн хувьд ажилтныг томилох, чөлөөлөх тушаалыг гаргаж байсан, тушаал эрх зүйн хувьд алдаатай болсныг шүүх тогтоосон нь хууль бусаар санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэх үндэслэл болохгүй” гэж маргасан байх боловч анхан шатны шүүх түүнийг гэм буруугийн илтэд болгоомжгүй хэлбэрээр төрд хохирол учруулсан гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Тухайлбал, хариуцагч Б.Б нь ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа түүнийг давтан зөрчил гаргасан гэж үзэх эсэхийг нягтлан тогтоолгүйгээр илтэд болгоомжгүй байдлаар хандаж, төрийн албанаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсны улмаас хариуцагчийн шийдвэр хууль бус болсон гэм буруутайг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэжээ.
22.Өөрөөр хэлбэл, ажилтан өмнө нь сахилгын зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байсан хэдий ч Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өмнө ногдуулсан шийтгэлийн шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн байжээ. Ажилтан сахилгын давтан зөрчил гаргасан эсэхийг нягталж, хянах боломжтой, энэ нь хууль хэрэглээний хувьд мэргэжлийн нарийн түвшингийн мэдлэг шаардахгүй атал илтэд болгоомжгүй байдлаар хандсанаас хууль зөрчсөн шийдвэр гаргасан.
Иймд гэм хорыг хариуцах үндэслэл болсон хариуцагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдсон гэж үзнэ.
23.Харин М.Х 2019.04.22-ны өдөр У-ын дарга Б.Б-ийн гаргасан Б/162 дугаар тушаалыг эс зөвшөөрч Т-д гомдол гаргасан нь хэргийн баримтад авагджээ.
Энэхүү гомдолд Т-өөс 2019.05.23-ны өдөр хариу албан бичиг өгөхдөө “...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “...тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан...дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4.2-т “сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна. Иймд таны гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй...” гэж мэдэгджээ. /хх-218-р тал/
Уг албан бичгээс үзэхэд Т нь Төрийн албаны хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг ялангуяа уг хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн нь хуульд нийцсэн эсэх асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг шийдвэрлэдэг мэргэшсэн байгууллагын хувьд М.Х-г сахилгын зөрчлийг давтан гаргаагүй гэж үзэх илтэд тодорхой байдал байхад түүнийг ажлаас халсан хууль бус шийдвэрийг тухайн цаг хугацаанд залруулаагүй байх бөгөөд залруулсан тохиолдолд хохирлын хэмжээ нэмэгдэхгүй байх боломжтой байсан гэж үзэхээр нөхцөл тогтоогджээ.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсаннөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан.
Иймээс хохирлын хэмжээ нэмэгдсэн байдлыг харгалзан төрд учирсан 22,932,271 төгрөгийн хэмжээгээр бус анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 8,812,551 төгрөгийн хэмжээгээр хохирлыг тооцон хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.
24.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00426 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН