
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 05 сарын 27 өдөр
- Дугаар: 001/ХТ2025/00109
- Улаанбаатар хот
“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 310/ШШ2025/00039 дүгээр шийдвэртэй,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 218/МА2025/00003 дугаар магадлалтай,
“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8,144,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8,144,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 310/ШШ2025/00039 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “З” ХХК-ийн, “Д” ХХК-аас 8,144,000 (найман сая нэг зуун дөчин дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэргэсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,254 (нэг зуун дөчин таван мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 218/МА2025/00003 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 310/ШШ2025/00039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “З” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нээмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “З” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хариуцагч талаас хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан гэм буруу тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Шүүхээс гэм буруу тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тохиолдолд ямар учраас эрх бүхий албан тушаалтан, байгууллага гэм бурууг тогтоогоогүй талаар шинжлэн судалж дүгнэлт хийх шаардлагатай байсан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй.
Дундговь аймгийн Прокурорын газрын 2024.01.02-ны өдрийн 1/21 тоот бичигт “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд зөрчлийн хэрэгт ажиллагаа хийхээр зохицуулагдаагүй тул таны гаргасан хүсэлтийг хүлээн авч тухайн хэрэгт дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа авуулах боломжгүй байна. Та өөрт учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.” гэсэн байдаг. Мөн Дундговь аймгийн цагдаагийн газар 2024.03.04-ний өдрийн 40/939 тоот албан бичгээр дээрхтэй адил хариуг бидэнд өгсөн байдаг. Үүнээс үзэхэд Цагдаагийн байгууллага болон Прокурорын газар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн бодит байдалд нийцээгүй, дутмаг байдлаас үүдэн зөрчил үйлдсэн этгээдэд хариуцлага оногдуулах боломжгүй болсон нь харагдаж байна.
Мөн хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.10.30-ны өдрийн 3223 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг таамаглал мэтээр үнэлж магадлалд тусгасан байдаг.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” мөн хуулийн 172.2.4-т “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэж тус тус заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.05.15-ны өдрийн 001/ШХТ2025/00525 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8,144,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... “З” ХХК нь 0000 улсын дугаартай Тоёота ланд крузер-200 (Toyota land cruiser-200) маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч юм. Дундговь аймгийн 0000 нутаг дэвсгэрт 2023.03.15-ны өдөр 11 цагийн үед 0000 улсын дугаартай Хонда сивик (honda civic) маркийн тээврийн хэрэгсэл болон 0000 улсын дугаартай Тоёота ланд крузер-200 (Toyota land cruiser-200) маркийн тээврийн хэрэгсэл нь замын эвдрэл гэмтлээс болж мөргөлдсөн ба ... автозамын байгууламжийн засвар арчлалтыг хариуцагч “Д” ХХК нь 2021 оны 05 дугаар сараас эхлэн одоог хүртэл хариуцан ажиллаж байгаа гэдэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд дээрх зам тээврийн осолд буруутай болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, холбогдогч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Ослын улмаас манай компанийн өмчлөлийн 0000 улсын дугаартай Тоёота ланд крузер-200 (Toyota land cruiser-200) маркийн тээврийн хэрэгсэлд нийт 7,680,000.00 төгрөгийн хохирол учирсан нь “А” ХХК-ийн 2023.03.16-ны өдрийн 1010 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь тус хохирлын үнэлгээний хөлсөнд 464,000 төгрөгийг 2023.03.16-ны өдөр “А” ХХК-ийн 0000 тоот дансанд төлсөн.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “... Зөрчлийн хэргийн хувьд Дундговь аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад 2023.09.12-ны өдрийн 222 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д заасныг зөрчсөнөөр буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас Б болон “Д” ХХК-ийг торгох үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгосон. Энэ шийдвэр хүчин төгөлдөр байна. Хариуцагч талыг гэм буруутай гэж тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Ийм учраас манай компани энэ хэргийн хариуцагч биш. Иргэний хэрэг үүсээд 2 удаа шинжээч томилж 2024.09.16-ны өдрийн 2531 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024.10.30-ны өдрийн 3223 тоот дүгнэлтүүд гарсан байдаг. ...Эдгээр шинжээчийн дүгнэлтээр “Д” ХХК нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоогоогүй. ...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “... “Ц” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023.03.29-ний өдрийн 23/36 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.10.30-ны өдрийн 3223 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд замын эвдрэл гэмтэл тээврийн хэрэгслийн осолд нөлөөлж болох талаар тусгагджээ. Гэвч дээрх дүгнэлтүүд 2023.03.15-ны өдөр 11 цагийн орчимд Дундговь аймгийн 0000нутаг дэвсгэрт Ц.Д-ын жолоодож явсан Хонда сивик маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Г.Б-ийн жолоодож явсан Тоёота Ланд Круйзер-200 маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн зам тээврийн осол нь хариуцагч “Д” ХХК-ийн засвар, арчилгаа, үйлчилгээ хариуцан явуулдаг замын хэсгийн эвдрэл гэмтлээс шалтгаалан үүссэн гэдгийг нотлохгүй байна. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүснэ. Өөрөөр хэлбэл дээрх ослын үед нэхэмжлэгч “З” ХХК-ийн өмчлөлийн Тоёота ланд круйзер-200 маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хариуцагч “Д” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн улмаас гэм хор учруулсан шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба магадлалд “... Шинжээчийн дүгнэлтэд тухайн зам нь эвдрэл гэмтэлтэй тул тээврийн хэрэгслийн осолд нөлөөлж болох үндэслэлтэй гэсэн байх боловч осол гарсан газрын аль хэсэгт үүссэн ямар хэмжээний эвдрэл гэмтэл тухайн осол гарахад нөлөөлсөн болохыг нарийвчлан тогтоогоогүй тул зам эвдрэл гэмтэлтэй л бол осолд нөлөөлнө гэх таамаглалаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хариуцагч талаас хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан гэм буруу тогтоогдоогүй талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар зөрүүгүй дүгнэсэн боловч гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм бурууг зөв тогтоогоогүй, энэ талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд нийцсэн.
12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2023.03.15-ны өдөр 11 цагийн үед Дундговь аймгийн 0000 нутаг дэвсгэрт буюу Дундговь аймгийн төвөөс 15 км зайд Өмнөговь аймаг явах чиглэлийн улсын чанартай авто замд 0000 улсын дугаартай Тоёота ланд крузер-200 (Toyota land cruiser-200) маркийн тээврийн хэрэгслийн жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцад уг замаар урд нь явсан 0000 улсын дугаартай Хонда сивик (honda civic) маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь замын эвдрэл тойрон гарах үйлдэл хийж, 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн, Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас 0000 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг осол гарахад “Д” ХХК-ийг буруутай гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу Зам замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр захирал Х.Б-ыг 2023.05.19-ний өдрийн шийтгэлийн хуудсаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг зөрчилд холбогдогч гомдол гаргаж, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.12-ны өдрийн 2023/ЗШ/222 дугаар шийтгэврээр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухай үйл баримт тогтоогдсон байна.
13. Зохигч талууд дээрх зам тээврийн осол гарахад хариуцагч “Д” ХХК-ийг гэм буруутай эсэх асуудлаар маргасан ба анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.
14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
15. Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ хариуцагч “Д” ХХК-ийг замын эвдрэл гэмтлийг засах арчлах үүргээ биелүүлээгүйгээс осол гарч эд хөрөнгөд хохирол учирсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй.
16. Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материал болон зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, зөрчлийн хэргийн холбогдогч Ц.Д, гэрч Г.Б нарын өгсөн мэдүүлэг, зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд осол гарсан зам 7 метр өргөн зорчих хэсэгт 1.30м х 130м, 1.50м х 3.15м, 1.60м х 2.80м, 1.25м х 1м, 1.10м х 1.8метр тус тус хэмжээтэй эвдрэл гэмтэлтэй байсан, үүнээс шалтгаалж жолооч Ц.Д нь замын эвдрэлийг тойрч гарах үйлдэл хийх явцад осол гарсан буюу осолд замын эвдрэл гэмтэл нөлөөлсөн болох нь тогтоогджээ.
Тухайлбал, зөрчлийн хэрэгт холбогдогч Ц.Д “...11 цагийн үед Дундговь аймгийн төвөөр дайран өнгөрөөд аймгийн төвөөс баруун тийш Өмнөговь аймаг явж байх замд аймгийн төвөөс 15 км-т замын хагархай таараад тойрон гарах гэж байхад араас явсан Toyota land cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн гар талын арын губэр, гэрэл, хонго хэсгийг мөргөсөн. ...Би араас ирж байгаа тээврийн хэрэгслийг анзаараагүй урдаас сөрөг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгсэл байхгүй болохоор нь замын хагархайгаа хараад эвтэйхэн байдлаар тойрч гарах гээд сөрөг урсгал руу орж хагархай тойрсон.” гэж мэдүүлсэн, зөрчлийн хэрэгт Замын цагдаагийн газрын 2023.03.17-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон актад “...Тус зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь HONDA CIVIC маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.3 гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна гэсэн заалтыг зөрчсөн” гэж заасан боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон “Ц” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023.03.29-ний өдрийн 23/36 дугаар шинжээчийн дүгнэлт, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.10.30-ны өдрийн 3223 дугаар шинжээчийн дүгнэлтэд тус тус зааснаар “... замын эвдрэл, гэмтэл осолд нөлөөлсөн, тээврийн хэрэгслийн жолооч нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй...” гэж үзсэн.
Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Дундговь аймгийн Прокурорын газрын 2023.05.05-ны өдрийн 01 дугаартай “Дахин шинжилгээ хийлгүүлэх” тухай прокурорын тогтоолоор томилогдсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.05.16-ны өдрийн 2197 дугаар шинжээчийн дүгнэлт, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар томилогдсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.09.16-ны өдрийн 2531 дүгээр шинжээчийн дүгнэлтэд тус тус жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуултад авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй гэсэн үндэслэлээр хариулаагүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийн үзлэг, шинжилгээний хэсэгт “... 7 метр өргөн зорчих хэсэгт 1.30м х 130м, 1.50м х 3.15м, 1.60м х 2.80м, 1.25м х 1м, 1.10м х 1.8метр тус тус хэмжээтэй замын эвдрэл тэмдэглэгдсэн байх тул уг зорчих хэсгийн эвдрэл нь осолд нөлөөлж болно.” гэж тэмдэглэгдсэн байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд замын эвдрэл, гэмтлээс шалтгаалж осол гарсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Тодруулбал шинжээчийн дүгнэлтэд шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй шалтгаанаар жолоочийн гэм буруугийн талаар буюу жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж тогтоогоогүй боловч осол замын эвдрэл, гэмтлээс болсон талаар нийтлэг дүгнэсэн, энэхүү нөхцөл байдал хэргийн бусад баримтаар давхар нотлогдсон байна.
Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.09.12-ны өдрийн 2023/ЗШ/222 шийтгэвэрт “Ц” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023.03.29-ний өдрийн 23/36 дугаар шинжээчийн дүгнэлтийн талаар дүгнэхдээ шинжээчээр томилогдоогүй байгууллага дүгнэлт гаргасан гэж дурдсан хэдий ч уг дүгнэлтэд агуулагдаж байгаа мэдээлэл нь бусад нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдээгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй.
17. Хариуцагч “Д” ХХК нь авто зам, замын байгууламжийг барих, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, осол гарсан замын засвар, арчлалтыг хариуцан ажилладаг Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т заасан зам хариуцагч хуулийн этгээд болох нь тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй.
Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар зам хариуцагч нь авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.3.2-т зааснаар авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй байна.
Энд зааснаас үзэхэд авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын түвшинг сайжруулах зорилготой авто замын урсгал засварыг зам хариуцагч тогтмол гүйцэтгэх үүрэгтэй байх бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 3.1.9-д хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэдэгт замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг хамааруулахаар заасан.
18. Хариуцагч “Д” ХХК нь энэ хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутайгаас буюу түүний хариуцсан замын эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарах шалтгаан болж, улмаар нэхэмжлэгч “З” ХХК-ийн эд хөрөнгөд буюу Toyota land cruiser 200 VX V8 загварын машины урд буфэр хагарч буферын баруун мэдрэгч, нэмэлт гэрэл, хүрээ хагарсан, их гэрэл, гэрлийн никель хагарсан, баруун урд крыло чихигдэж овойж зам хугарсан, гэрлийн ус шүршигч, таг хагарсан, гэрлийн доод тогтоогч хагарсан, баруун урд крылоны ар суурь тахийж эвдэрсэн болох нь “А” ХХК-ийн 2023.03.16-ны өдрийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 1010 дугаар тайлан”-аар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан явдалд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэхүй шалтгаант холбоотой нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан 7,680,000 төгрөгийн хохирлыг хариуцагч хариуцан төлөх үүрэгтэй болно.
Харин нэхэмжлэгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ хийлгэх зорилгоор шинжээчид төлсөн зардал 464,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ шаардлага нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
19. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцагч “Д” ХХК нь гэм буруугүй болохоо нотлоогүй бөгөөд “Д” ХХК-ийн захирал Х.Б-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.09.12-ны өдрийн 2023/ЗШ/222 шийтгэврээр хүчингүй болгосон нь хариуцагчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Учир нь дээрх шийтгэвэрт “... Х.Б-од холбогдуулан зөрчлийн хэрэг нээгээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, хуулийн этгээдэд оногдуулахаар заасан торгох шийтгэлийг оногдуулсан нь эрх бүхий албан тушаалтан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг ноцтой зөрчсөн. ...” гэж хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй тул түүний гэм буруутай эсэхийг өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзэхгүй.
20. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 218/МА2025/00003 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 310/ШШ2025/00039 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК-аас 7,680,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “З” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 464,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “З” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 137,830 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “З” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.16-ны өдөр төлсөн 145,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА