МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар: 001/ХТ2025/00130
Улаанбаатар хот

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00716 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 210/МА2025/00623 дугаар магадлалтай

Н.Т-ын нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00716 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Н.Т-ыг “Т” ХХК-ийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Т” ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,557,460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэмэгдэл хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 215,869 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 210/МА2025/00623 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00716 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Т-ыг “Т” ХХК-ийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Т” ХХК-аас 19,958,058 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгосугай” гэж, 3 дахь заалтын “...215,869...” гэснийг “257,740” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Т давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Талууд хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлсийг цагаар тооцож олгох талаар тохиролцоогүй. Гэтэл давж заалдах шатны шүүх ажлын хөлсийг цагаар тохиролцсон байна гэж дүгнээд ажлын цагийг 170 цаг байхаар тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэж бодолт хийсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Учир нь, ажилтан ажиллаж байх хугацаандаа ч 170 цаг ажил, үүрэг гүйцэтгэж, түүнд тохирсон цалин хөлс авч байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн ажилтан ажил олгогчийн гаргаж өгсөн автобус дээр ажиллахгүй, өөр автобус гаргаж өг гэх байдлаар маргаан үүсгэн ажлын байрыг орхин явж, бүтэн цагаар ажиллаж байгаагүй нь өөрийнх нь болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. ...нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах эрхтэй. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлстэй холбоотой гомдол гаргах дээрх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.

2024.07.10-2025.01.28-ны өдөр хүртэл ажиллаагүй хугацааг 141 хоногоор тооцож, анхан шатны шүүх тооцоолол хийсэн нь үндэслэлгүй. Учир нь, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажилтнаа ажилд эргүүлэн авч, хохирол төлбөрийг төлж эвлэрэх саналаа удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэн, шүүхэд хүргүүлж, 2024.10.24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Н.Т-ыг ажилд томилох тушаал гаргасан баримт хавтаст хэргийн 25-28-р талд байгаа. Тушаалыг нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлсэн, нэхэмжлэгч хүлээн авсан баримт хавтаст хэргийн 67-р талд байхад хоёр шатны шүүх энэ баримтад дүгнэлт хийгээгүй. Гэтэл нэхэмжлэгчийн тушаалыг хүлээж аваагүй, ажлын хуваарьт оруулаагүй гэх тайлбар гаргаж, шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Н.Т-доо 2024.10.24-ний өдрийн ажилд томилох тушаалын дагуу ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах нөхцөл байдал үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 31-р талд нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ өөрийн ажиллах автобусыг хүртэл сонгон эвлэрэх санал гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7-д ажилтны үүргийг тодорхойлсон. Ажилтны гаргасан “... шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл өгсөн” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг бүх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өглөө бүр тогтмол хяналт шалгалт хийж, хөдөлгөөнд оролцуулдаг болохыг анхаарч үзнэ үү. Иймд Н.Т-д 2024.07.10-2024.10.24-ний өдөр хүртэл цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т заасан аргачлалын дагуу тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.06.19-ний өдрийн 001/ШХТ2025/00643 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг даалгах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...2024.05.03-ны өдөр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээнд 170 цагийн ажил хийх, нэг цагийн хөлс 14,000 төгрөг, бас нэмэлт цалин өгөхөөр тохиролцсон. ...байгууллагын захиргаа 170 цаг ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй, 7 сарын 10-нд өглөө ажилдаа очиход чамайг ажлаас халж байгаа гэж хэлсэн. Ажлаас халсан тушаалыг 8 сарын 23-нд авсан. Би өөрийн хүсэлтээр халагдаагүй. Бүрэн бус техник ав гэдэг. 2024.10.21-ний өдрийн ажилд авсан гэх тушаал нь хэлбэрийн төдий гарсан. 2024.07.10-наас хойших үндсэн цалин 2,380,000 төгрөг, нэмэгдэл ажлын хөлсийг өдрийн 18,900 төгрөгөөр тооцож гаргуулна.” гэжээ.

Хариуцагч тал маргахдаа “... Н.Т 3 сард орж ирсэн автобусыг 6 сард гэмтээсэн, хуучин автобус дээр явахгүй гээд ажлаа хаяад явсан. 2,380,000 төгрөгөөр тооцож ажилгүй байх хугацааны цалин хөлсийг нь 10 сарын 21 хүртэл тооцож өгье гээд ажилд авах тушаал гаргаад мэдэгдэхэд ирээгүй. Энэ хугацааны цалинг өгнө. Нийтийн тээврийн стандартад нийцсэн автобусыг л явуулдаг. Энэ хүнийг өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа. Цаашид энэ хүнийг ажиллуулах боломжгүй. Илүү цагийн мөнгө олгох боломжгүй” гэсэн тайлбар гаргасан байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...“Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.07.21-ний өдрийн 70 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Компанийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтыг үндэслэн автобусны жолооч ажилтай Н.Т-ыг өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн байна.  Хэргийн баримтаар ажилтны зүгээс ажил олгогчид бичгээр эсхүл цахимаар ажлаас чөлөөлөгдөх агуулга бүхий хүсэл зоригийг илэрхийлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус. Түүнчлэн, 2024.10.24-ний өдрийн 103 дугаартай Ажилд томилох тухай тушаал гарсан хэдий ч ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй тул ажлаас халсантай адилтгаж үзнэ” гэж дүгнээд Н.Т-ыг ажилд эгүүлэн тогтоосон байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын тухайд “...Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар 2024 оны 5, 6, 7 дугаар сарын дундаж цалин хөлс нь 1,914,795 төгрөг байх бөгөөд үүнийг ажлын 21,5 өдрөөр тооцоход нэг өдрийн цалин хөлс 89,060 төгрөг. 2024.07.10-наас 2025.01.28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12,557,460 төгрөг /141х89,060 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэсэн ба харин “... гэрээгээр нэмэгдэл хөлс олгохоор тохиролцсон ч ажилтан ийм хөлс авах ажил үүргийг гүйцэтгээгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хангахаас татгалзах нь зүйтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.

8.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч “Т” ХХК нь шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй. ...шүүх нэхэмжлэгч Н.Т-ын дундаж цалин хөлсийг буруу тооцсон байна. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.3-т нэг цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт цагийн тоонд хувааж тооцно гэж заасныг баримталж 2024 оны 05, 06, 07 сард нэхэмжлэгчийн авсан цалин хөлснөөс нэг цагийн дунджийг тооцвол 18,411.49 төгрөг (2,022,998+2,632,770+1,088,618=5,744,386/312цаг) байх ба ажилгүй байсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрийг дуустал 6 сар 8 хоногийн хугацаанд 1084 цагаар (6сар*170цаг, 8хоног*8цаг) тооцоход 19,958,058 төгрөг болж байна. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9-д ажлын цагийг сард 170 цагаар тооцохоор заасан байх тул уг тохиролцоог үндэслэн ажилгүй байсан хугацааг тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийжээ.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг өөр өөрөөр тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч талаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй” гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно” гэж заасан.

11.Нэхэмжлэгч Н.Т-ыг “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.05.03-ны тушаалаар автобусны жолоочоор томилон ажиллуулж, түүнийг өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн тухай 2024.07.21-ний өдрийн тушаал гарсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл баримтаар тогтоогдоогүй тухай ижил дүгнэлт хийсэн нь зөв байна.

12.Хөдөлмөрийн гэрээний 1.5-д хөдөлмөрийн хөлсний хэмжээг 2,380,000  төгрөг гэж заасан, нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй. Харин нэмэгдэл ажлын хөлсийг өдрийн 18,900 төгрөгөөр тооцож гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо гэрээний 1.9-д заасан “сард 170 цаг, илүү цагийн хөлсийг бодож олгоно” гэснийг үндсэн цалин хөлсийг тооцох агуулгаар тайлбарласан нь үндэслэл муутай. Харин гэрээний уг заалтыг ажилтан энэ тогтоосон цагаас хэтрүүлэн ажиллах үед илүү цагийг тооцох хэмжээг тогтоосон гэж үзэхээр байна. Иймээс олговрын хэмжээг тогтоохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж хөлснөөс 1 цагийн хөлсийг тогтоон, ажилгүй байсан хугацааг цагаар тооцож, 6 сар 8 хоногийн хугацаанд 1084 цагийн хөлс гэж 19,958,058 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д нийцсэн гэж үзэхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

13.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үндэслэн нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлж, үүнээс нэг өдрийн цалинг тооцоолж, нийт 141 хоног буюу 2024.07.10-наас 2025.01.28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12,557,460 төгрөг /141 хоног*89,060 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгахгүй. Гэхдээ энэ төрлийн цалин хөлсийг тооцохдоо дундаж цалин хөлсийг тодорхойлох журмаар ажилтны авсан сүүлийн гурван сарын цалин хөлснөөс нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг тогтоон, ажилгүй байсан сараар гаргах,  сард хүрэхгүй байгаа хугацааны мөнгийг тооцохдоо нэг сарын цалингаас нэг өдрийн цалинг тогтоон, тухайн сар дахь ажлын хоногоор үржүүлэн гаргах нь зүйтэйг дурдвал зохино.  

14.Хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлын “…2024.07.10-2025.01.28-ны өдөр хүртэл ажиллаагүй хугацааг 141 хоногоор тооцож, анхан шатны шүүх тооцоолол хийсэн нь үндэслэлгүй. Учир нь, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажилтнаа ажилд эгүүлэн авч, хохирол төлбөрийг төлж эвлэрэх саналаа удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэн, шүүхэд хүргүүлж, 2024.10.24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Н.Т-ыг ажилд томилох тушаал гаргасан тул энэ хугацаагаар тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэснийг хангах үндэслэлгүй. Учир нь,  ажил олгогч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Нөгөөтээгүүр, хариуцагчийн гаргасан 2024.10.24-ний өдрийн нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал хэрэгжээгүй талаар шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна. 

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 210/МА2025/00623 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.18-ны өдөр төлсөн 259,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД