МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар: 2025/ХШТ/109
Улаанбаатар хот

 

Ч.Э-д

холбогдох хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар магадлалтай Ч.Э-д холбогдох эрүүгийн 2423000000083 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр З аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, З аймгийн А сумын Ч багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Ч-н Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 35 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-с оршуулахтай холбогдон гарсан зардалд 2.262.895 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 99.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д олгох, шүүгдэгч нь амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд 8.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсны төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 20 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг шүүх тогтоосон.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг тодорхойлох, нөхөн төлбөрийг гаргуулахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тусгайлан заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргасны эцэст нөхөн төлбөрийн хэмжээг Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баримтлан шийдвэрлэж байхаар хууль хэрэглээг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4 болон 19 дүгээр тогтоолоор тогтоосон.

Анхан шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаас өөрөөр хэрэглэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үл харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-с 99.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн. Энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гээд 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан.

Шүүгдэгч Ч.Э нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.4-т заасан журмыг шүүгдэгч Ч.Э-д хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хэлэлцэхгүй орхиж, давж заалдах шатны шүүх хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас харилцан зодолцох явцад үүссэн гэмт хэргийн бодит байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөрүүтэй буюу “Хөл дээр гишгэлээ шорон п... чинь” гэж хэлсэн үл ялих зүйлээр шалтаглан түүнийг зодож, хүнийг алсан” гэж дүгнэж анхан шатны шүүх эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.4-т заасныг хэрэглээгүйг буруутгах үндэслэлгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Т.М-н “Талийгаач Э сүүлийн нэлээн хэд хоног л архи ууж байгаа, надад “Хонь дурандаж байгаарай, ганц унь өлгөөд өгөх хүн байхгүй, муусайн Ч-н новшнуудыг ална” гэж хэлж байсан. Хэний тухай ярьж байгааг нь ойлгоогүй...” гэх мэдүүлэг гэрч С.А-н “...2024 оны 06 дугаар сарын 10-ны орчим байсан байх Э нь архи уучихсан аав ээжийгээ элдвээр хараагаад байхаар нь би “Ажил төрөл ихтэй байхад ахын дүү тэгж болдоггүй юм” гэсэн чинь миний хамар руу аяга аваад шидчихсэн...” гэх, Ч.Э-н “...би М-н гэрээс гарахдаа Э-н хөл дээр гишгээд түүн дээр уначихсан бөгөөд Э намайг “Шорон п... чинь хөл хугаллаа” гэхээр нь би “Чи яасан сүртэй п... вэ” гээд бид хоёр маргалдаад барьцалдаж аваад айлаас гарсан. Айлаас гараад бие биенийгээ хэд хэдэн удаа цохисон. Тэгээд ноцолдоод би доор нь ороод унасан. Би босох гээд хүчрэхгүй байсан бөгөөд бид хоёр бие биенийгээ хэд хэдэн удаа толгой руугаа цохилцсон. Би түүнээс “Одоо больё оо” гэж гуйсан боловч “Хуц чамайг ална аа” гээд дээр дарж суучихаад босохгүй байсан” гэх мэдүүлгүүд, талийгаачийг архи уухаараа догшин авиртай болчихдог талаар гэрч П.М , Ч.Н нарын мэдүүлгээр гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь тодорхой байдаг.

Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчим бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдаж байвал шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аливаа хүндрэл бэрхшээлгүй шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчид боломж олгосон хэм хэмжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Э-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмын хэрэглэх боломжгүй гэж дүгнэж байгаагаа үндэслэл бүхий тайлбарлахгүй байгаа нь “хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх” зарчимд үл нийцнэ. Түүний зэрэгцээ хуульд заасан нөхцөл, шаардлага хангагдаж байгаа тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэм хэмжээг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай байх зарчимд нийцэх юм.

Мөн давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглээгүйг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүгдэгч Ч.Э нь гэм буруугаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс эхлэн хүлээн зөвшөөрч, мэдүүлж ирсэн. Мөн бусад обьектив талын шалгуур болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол буюу оршуулгын зардлыг нөхөн төлж барагдуулсан, хувийн байдлын тухайд 52 настай, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан гэр бүлийн гишүүний хамт амьдардаг, анх удаа хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй, шүүгдэгчийн хүсэл зоригоор шүүх хуралдааныг хойшлуулах нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй зэрэг обьектив талын шалгуурыг бүрэн хангасан.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас бага ял оногдуулж өгнө үү. Объектив талын шинжийг хангаж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын процессын хэм хэмжээ нь яллагдагч, шүүгдэгчид адил үйлчлэх ёстой. Хэрэв Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан дээрх шаардлага хангасан байхад шүүх уг журмыг үндэслэлгүйгээр хэрэглэхээс татгалзвал “Хууль тодорхой байх, “Хуулийг хэн ч уншсан ойлгомжтой байх”, “Хууль тогтвортой байх”, “Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх, хууль бүгдэд тэгш үйлчлэх” гэсэн зарчмууд алдагдана гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, хуульд заасан үндэслэл журам хангагдаж байгаа тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай байх зарчимд нийцэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 20 дугаартай магадлалд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг зөв тодорхойлон өөрчлөлт оруулж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэх буюу шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас доогуур хэмжээний ял оногдуулж өгнө үү өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд үүнийг хэрэглээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх боломжгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуульд заасны дагуу гаргасан. Өөрөөр хэлбэл, Шүүх шинжилгээний тухай хуульд хор уршгийн зэрэглэлийг тогтоосон бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан. Шүүх хуулийг буруу тайлбарласан, Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарласан нөхцөл байдал байхгүй учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Э-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгчийн үйлдэл нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолтой холбоотой тайлбар хийхэд шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн эхнэр болох гэр бүлийн гишүүнд буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтоогдсон.

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэглэл харгалзахгүйгээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан буюу хууль шууд заасан хэм хэмжээг хэрэглэн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон нь хуульд нийцсэн байх тул буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.

Хэдийгээр хуульд нийцэж байгаа боловч шинжилгээ хийгдэж, зэрэглэл тогтоосон нь энэхүү хэрэгт ач холбогдолгүй болж, нөхөн төлбөрийг тогтооход шинжилгээний үр дүн болох тогтоосон зэрэглэлийг харгалзах, эсхүл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх ёстой эсэх нь эргэлзээ үүсгэж байна.

Иймд хяналтын шатны шүүхээс “Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох талаар дүгнэлт хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хэм хэмжээг шүүгдэгчид хэрэглэж, хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү, энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийсэнгүй” гэсэнтэй холбоотой тайлбар хийхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, эрх олгосон хэм хэмжээ байна. Анхан шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэх үед уг гэмт хэргийн улмаас учирсан эдийн хохирол буюу амь хохирогчийн оршуулгын зардал бүрэн төлөгдөөгүй байсан учир энэ талаар дүгнэлт хийх нь илүүц тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь үндэслэлтэй байна. Мөн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлгүй тул буруутгах үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн прокурорын дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн Ч.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, үйлдлийн арга, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн шалгаж, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлснээр шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг бодит байдлаар сэргээн тогтоож, хэргийг зөв зүйлчлэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.

 

3.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

4.Хэрэгт цугласан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 26-ны өглөө З аймгийн А сумын Ч багийн нутаг дэвсгэр “Н” гэх газарт зусаж байсан иргэн Т.М-н гэрийн гадна амь хохирогч Р.Э-н хөл дээр гишгэснээс шалтгаалан түүнтэй маргалдан, улмаар нүүр, толгой, цээж хэсэгт нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулан санаатай алсан хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэй тогтоожээ.

 

        5.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч Р.Э-г шүүгдэгч Ч.Э зодсоныг харсан гэрч Н.Д-н мэдүүлэг, түүнд зодуулахаас өмнө Р.Э-н биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан тухай гэрч С.О , Г.Б нарын болон амь хохирогч биедээ гэмтэл авсан байдалтай хэвтэж байсан талаарх гэрч П.М-н мэдүүлгүүдэд үндэслэн хоёр шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал, уг хэргийг хэн үйлдсэнийг сэргээн тогтоож, амь хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй уялдуулан тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны эцэст амь хохирогчийг үхэлд хүргэх гэмтэл авсан цаг хугацаа, учирсан хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, шүүгдэгч Ч.Э-н гэм буруугийн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

 

6.Хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэм буруу, оногдуулах ял, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсноос гадна шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

 

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн “...шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн…” гэх гомдлын тухайд дараах дүгнэлтийг хийлээ.

 

7.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

 

        Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

​            Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд тодорхойлон заасан, дээр дурдсан нийтлэг болон тусгайлсан үндэслэл, зарчмыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар найман жил хорих ялыг шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

 

         Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал билээ.

 

Хуулиар шүүхэд үүрэг болгосон зохицуулалтыг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”-д тооцож, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчилдөг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

 

        “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэдэгт дээр дурдсан үүрэг болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ба тусгай ангийн хэм хэмжээг болон гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг зохицуулсан заалт хийгээд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй тохиолдлыг хамааруулан авч үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

 

Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүх үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлд тооцдоггүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй…” хэмээн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар шүүхэд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрх зүйн үндсийг тогтоожээ.

 

Үндсэн хуулийн энэхүү заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд хууль тогтоогчоос сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг тооцохдоо шударга болон үндэслэл бүхий байх, нөхөн төлбөрийн хэмжээ төлөгдөхүйц байх зарчим, хохирол нь гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс хамааран хохирогчид учирсан хохирлын шинж чанар, түр эсхүл байнгын шинжтэй сэтгэл санааны хохирол, хор уршгийг арилгах төлбөрийн дээд, доод хэмжээг тогтоосон бусад орны жишиг зэргийг харгалзан Улсын Их хурлаас Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт нэмэлт оруулж, 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүд, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалтуудыг тус тус нэмснээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн.

 

Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь аливаа зөрчлийн улмаас үүсэх бөгөөд иргэний эрх зүй дэх “Гэм хор” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн “Хохирол, хор уршиг” гэсэн ухагдахуунаар илэрхийлэгдэнэ.

 

Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд нэхэмжлэгчийн шаардах эрх хангагдах урьдчилсан нөхцлүүд бүрдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байх, тухайн үйлдэл эсхүл эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь гэм буруутай байх гэсэн нөхцөл бүрдсэн үед түүний үр дагавар болох шууд бус хохирол буюу хор уршгийг арилгах үүрэг үүсдэг болно.

Бусдын амь насыг хохироосон гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгч Ч.Э-н хувьд учруулсан гэм хорыг арилгах үүрэг болон энэхүү гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу амь хохирогчийн гэр бүлийн гишүүд өөрсдийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрх үүссэн байна.

 

Түүнчлэн хувь хүний эрүүл мэнд гэх ойлголт нь биеийн, сэтгэцийн, нийгмийн гэх төрлүүдэд хуваагдаж, сэтгэцийн эрүүл мэнд нь гагцхүү сэтгэл мэдрэлээр хязгаарлагдахгүй, сэтгэхүй, сэтгэл хөдлөл, оюун санааны хувьд ямар нэг эмгэггүй байх явдлыг илтгэдэг. Хэрэв сэтгэцэд хор уршиг учирсан бол мөнгөн хэлбэрээр арилгуулах нь хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь зөрчигдсөн аливаа этгээдийн хувьд субьектив шаардах эрх мөн юм.

 

Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгахад сэтгэцийн хямрал, цочрол, өвчин шаналал, эсхүл байнга ба түр хугацааны хөгжлийн бэрхшээл үүссэн эсэх нь эн тэргүүний бөгөөд эргэлзээгүй тогтоосон байх урьдчилсан нөхцөл болох учиртай.

 

Амь хохирогч Р.Э нас барах хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан Г.А-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг нэхэмжлэхээ илэрхийлсээр ирсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99.000.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилжээ.

 

Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-н сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрснийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байгааг тодорхойлон дүгнэсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ... шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Бусдын санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд шүүх ямар нэгэн урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон дээрх хэм хэмжээг хэрэглэн амь хохирогчийн ар гэрт олгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцнэ.

 

8.Эдгээр үндэслэлээр бусдад зодуулсны улмаас хүний амь нас хохирсон энэ хэргийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-н сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэглэл харгалзахгүйгээр, түүний нэхэмжилснээр нөхөн төлөх төлбөрийн хэмжээг нарийвчлан тогтоосон Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, нийт 99.000.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Э-с гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр хяналтын шатны шүүхээс тогтов.

 

9.Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нь зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон гэр бүлийн гишүүнд бус, харин тэгш эрхийн зарчимд тулгуурлан ар гэрт нь олгож буй нэг удаагийн шинжтэй нөхөн төлбөр болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                      Б.БАТЦЭРЭН

 

        Ц.ОЧ

 

       М.ПҮРЭВСҮРЭН

 

       Ч.ХОСБАЯР