
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 11 сарын 19 өдөр
- Дугаар: 2025/ХШТ/115
- Улаанбаатар хот
Ж.Д, М.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, иргэний нэхэмжлэгч П.О, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Н-ын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн, шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1319 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 901 дүгээр магадлалтай Ж.Д, М.М нарт холбогдох 2403 00300 1116 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1986 оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, **-ийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, М овгийн Ж-ийн Д (РД: **);
2.Монгол Улсын иргэн, 1980 оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Х” ХХК-д жолооч ажилтай, ам бүл **, **-ийн хамт ** аймаг ** сумын ** дугаар баг, **-ийн ** дугаар хэсгийн ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овгийн М-ын М (РД: **).
Холбогдсон хэргийн талаар:
1.Ж.Д нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Айцын давааны хойд талын замд “Toyota Crown” загварын 00-00 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг урсгал сөрж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөний улмаас “Hino” загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урдаа явж байсан “Kia Bongo” загварын 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөснөөс “Kia Bongo” загварын 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд орж “Daewoo” загварын 00-00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Kia Bongo” загварын 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан,
2.М.М нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Айцын давааны хойд талын замд “Hino” загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож яваагүйн улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй ... байх хэмжээний хоорондын ... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас урдаа явж байсан “Kia Bongo” загварын 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөснөөс “Kia Bongo” загварын 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд орж “Daewoo” загварын 00-00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Kia Bongo” загварын 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Ж.Д, М.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч М.М, Ж.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч М.М-ийн зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, шүүгдэгч Ж.Д-ийн зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Д энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Х” ХХК-аас нийт 13.456.911 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.249.311 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.О-д 4.375.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.О (Яаралтай Түргэн тусламжийн төв)-д 6.832.600 төгрөг тус тус олгуулах,
хохирогч Л.Г, иргэний нэхэмжлэгч Э.Э нар нь хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, 901 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ийн зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар, шүүгдэгч М.М-ийн зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тус тус тогтоосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Шүүгдэгч Ж.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хувиараа “Э” ХХК-ийг үүсгэн байгуулан, хөдөө орон нутагт өөрийн машинаар ачаа тээвэр (түлш) хийн амьдралаа авч явдаг, энхэр, гурван хүүхэдтэй зэрэг хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Д-д 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй. Тиймээс энэ нөхцөл байдалд хяналтын шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүдэгч Ж.Д-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж, түргэний тэрэгтэй мөргөлдсөн. Үүний улмаас “Hino” загварын тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Учир нь, шинжээчийн дүгнэлтээр “ослын үндсэн шалтгаан бол Ж.Д-ийн эсрэг урсгал руу орсон үйлдлээс болсон” гэж тогтоосон. Гэтэл М.М-д адил хэмжээний ял оногдуулсан байгаа нь шударга бус байгааг хяналтын шатны шүүх харгалзан үзэж, шийдвэр гаргахдаа ялыг ялгамжтай байдлаар оногдуулж өгнө үү. Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол төлбөрийг тээврийн хэрэгсэл эзэмшигч “Х” ХХК-аас гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгагдсан. М.М-тэй холбогдуулан шүүхээс түүнд ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй. Тиймээс М.М-г шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийн ялын дээд хэмжээ 3 жил хүртэлх хорих ялтай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаалах, албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдэлд хамаарна. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. М.М-ийн хувьд бага насны 4 хүүхэдтэй, түүний эхнэр ажилгүй бөгөөд хүүхдээ хараад гэртээ ажилгүй суудаг, зорчих эрхийг хязгаарлах ял хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлбэл тухайн оршин сууж байгаа нутаг дэвсгэрээс гарах боломжгүй болно. Өнөөдрийн эдийн засгийн байдал хямралтай, ажил олж хийхэд хүндрэлтэй байгаа нөхцөл байдал болон шүүгдэгч М.М-ийн ар гэр, хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрт хяналтын шатны шүүх дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Н-ын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Манай компанийн ажилтан М.М нь “Х” ХХК-ийн тээврийн хэрэгслээр үүрэг гүйцэтгэж байхдаа зам тээврийн осол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, М.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг гараагүй учраас тухайн хохирол төлбөрийг “Х” ХХК хариуцах боломжгүй гэж маргаж оролцсон. Маргаж оролцсон үндэслэл нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн осол нь “Toyota Crown” загварын 00-00 УЕЕ улсын дугаартай машиныг жолоодон явсан Ж.Д Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасныг зөрчиж, урсгал сөрсөн нь гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон гэдэг шинжээчийн дүгнэлт байгаа. Харин манай ажилтан М.М-ийн зүгээс техник хоорондын зай бариагүй буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил гаргасан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарсан болохоос биш тухайн осол гарах үндсэн шалтгаан Ж.Д-ийн үйлдлээс болж гарсан учраас энэ хохирол төлбөрийг “Х” ХХК хариуцахгүй, гэм буруутай этгээд болох Ж.Д-оор хариуцуулах ёстой гэсэн дүгнэлт тайлбар хэлсэн боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, тухайн хохирол төлбөрийг тавь тавин хувиар шийдвэрлэж, хуульд зааснаар иргэний хариуцагч “Х” ХХК-д М.М-ийн учруулсан хохирол төлбөрийг хариуцах ёстой гэдэг байдлаар 13.456.911 төгрөгийг хариуцуулсан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг осол шүүгдэгч Ж.Д-ийн буруутай үйлдлээс болж гарсан тул тухайн хохирлын тавь тавин хувиар гаргуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, “Х” ХХК-ийн эзэмшлийн 00-00 УБХ улсын дугаартай “Hino” загварын автомашинд 2.910.000 төгрөгийн хохирол учирсан нь эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол төлбөрийг эрүүгийн журмаар хянан хэлэлцэхгүй гэж орхигдуулсан нөхцөл байдал байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ж.Н-ын зүгээс гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ гэсэн тайлбараа хэлсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “Х” ХХК нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байхад тухайн 2.910.000 төгрөгийг эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэхдээ хэлэлцэхгүй орхигдуулсан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж заасан байдаг. Гэтэл шүүгдэгч Ж.Д, М.М-ийн гэм буруутай үйлдлийг тогтоосон байхад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхигдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд хяналтын шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... Шүүдэгч Ж.Д нь суурин доторх замд зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хангалтай хэмжээний хүрэлцэхүйц зай байгаа эсэх, бусдад саад учруулахгүй байх нөхцөлийг хангаж явах үүргээ биелүүлээгүй нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүгдэгч М.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсох болон тоормослох үед мөргөхгүй байх хэмжээний зай авч явах үүргээ биелүүлээгүй, зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэсэн дүгнэлтээр тогтоогдсон үйлдлээс болж бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон бусад оролцогч нарыг оролцуулан нотлох баримтуудыг бүх талаас нь хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон болон үүрэг болгосон хэм хэмжээг болгоомжгүй зөрчсөн үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нь хохирогчийн биед учирсан хүнд гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон. Учир нь, 2 дугаар хавтаст хэргийн 148 дугаар талд “би урсгал сөрөөгүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд аюулгүй байсан” гэж мэдүүлсэн байдлаас нь үзэхэд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалтыг энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалт нь заавал хэрэглэх заалт биш бөгөөд шүүхэд эрх олгосон заалт юм” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хэргийн материалтай танилцахад гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болон гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн үйлдэл бүхий шүүгдэгч нарт ижил хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хууль нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнд тохирохгүй буюу шударга ёсны зарчимд нийцэхгүй, ял ялгамжгүй байна. Мөн анхан шатын шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Х” ХХК нь гэм буруутай этгээдүүдээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв” гэж шийдсэнээ тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй тул нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. Иргэний хариуцагч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч болон шүүгдэгчид хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорын нөхөн төлбөрийн асуудлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах дүгнэлт гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Ж.Д, М.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3.Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн хяналтын журмаар гаргасан “... шүүгдэгч Ж.Д-ийг 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнд дараах тайлбар, дүгнэлтийг өгч байна.
Шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Айцын давааны хойд замд 00-00 УЕЕ улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтад “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 00-00 УБХ улсын дугаартай “Hino” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан М.М нь урдаа явж байсан 00-00 УНЧ улсын дугаартай “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслийг мөргөснөөр тус машин эсрэг урсгалд орон, өөдөөс ирж байсан 00-00 УАР улсын дугаартай “Daewoo” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Kia Bongo” тээврийн хэрэгслийн жолооч Л.Г-ийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Д-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байна.
Энэ нь тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялын доод хэмжээ байгаагаас гадна шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзсэн болно.
Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий анги дахь ялыг хөнгөрүүлэх болон тэнсэх институцийн зохицуулалтын хүрээнд өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсээгүй, оногдуулсан ялыг хөнгөрүүлээгүйг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
4.Харин тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн шүүхийн зарим эрх зүйн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, осолд холбогдсон жолооч нарын үйлдэл, эс үйлдэхүйд объектив дүгнэлт хийснээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэхэд хүрсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
5.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн субъект нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмээр биелүүлэхээр хүлээсэн үүрэгтээ хайнга хандсан нь бий болсон үр дагаврын үндэс болсон байх учиртай. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, үйл явдлын өрнөл, дараалал, осолд холбогдсон жолооч нарын Замын хөдөлгөөний дүрэм дэх хэм хэмжээг зөрчсөн эрэмбэ, хэр хэмжээ зэрэгт цогц байдлаар үнэлэн дүгнэлт өгөх ба осолд холбогдсон үндэслэлээр жолоочийг буруутгаж болохгүй юм.
Болгоомжгүй гэмт хэрэгт үйлдлийнх нь үр дагаварт аливаа хэлбэрээр нөлөөлсөн байсан ч субъект хууль, хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ бүрэн, зохих түвшинд биелүүлэхэд саад болохуйц шалтгаан үүссэн нь өөрийнх нь хайхрамжгүй хандсан, хөнгөмсгөөр найдсан үйлдэл, эс үйлдэлтэй холбоотой бус бусдын хууль бус үйл ажиллагаанаас улбаатай бол шалтгаант холбоогүй гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болно.
6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад автотехникийн шинжээчийн “шүүгдэгч М.М-ийн жолоодон явсан 00-00 УБХ улсын дугаартай “Hino” загварын тээврийн хэрэгсэл нь 75.34 км/цаг хурдтай явж байсан байх боломжтой” гэх (2 дугаар хавтаст хэргийн 58-66 дахь тал), мөн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн Тээврийн салбарын ““Hino” загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дүгээр заалт буюу “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй ... байх хэмжээний хоорондын ... зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөн” гэх (2 дугаар хавтаст хэргийн 92-94 дэх тал) дүгнэлтүүд гарсан нь түүнийг тус гэмт хэрэгт буруутгах үндэслэл болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болгосон бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Д нь 00-00 УЕЕ улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явж байгаа эгнээнээсээ гаран эсрэг урсгал сөрж, замын ачааллын нөхцөл, хөдөлгөөний дагуух үзэгдэлт, хөдөлгөөний эрчим зэргийг харгалзалгүйгээр урдаа яваа хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх хөдөлгөөнийг хийж, хохирогч Л.Г-ийн жолоодон явсан “Kia Bongo” загварын 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, түүний араас зорчин явсан “Hino” загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд аюул, саад учруулах бодит нөхцөл үүсгэсэн байна.
Үүнээс үүдэн Ж.Д-ийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн өөдөөс ирж байсан “Kia Bongo” загварын 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Г нь огцом тоормослосноор араас нь М.М-ийн жолоодон явсан “Hino” загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, улмаар Л.Г-ийн жолоодон явсан “Kia Bongo” загварын тээврийн хэрэгсэл эсрэг урсгалаар иргэний нэхэмжлэгч П.О-ийн жолоодон ирж явсан “Daewoo” загварын 00-00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол гарцаагүй гарах үндсэн шалтгаан нөхцөлийг бүрдүүлжээ.
7.Шүүгдэгч М.М-ийн хувьд Замын хөдөлгөөний дүрэм дэх жолоочид үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг зөрчсөн боловч осол гарах зайлшгүй шалтгаан болоогүй, түүний эс үйлдэл нь осол болон түүний улмаас учирсан хор уршигтай гэм буруугийн бодит хамааралгүй, дангаараа тухайн хор уршгийг буй болгох дотоод бодит боломж байгаагүй гэж үзнэ.
Харин шүүгдэгч Ж.Д-ийн хууль бус үйлдлийн улмаас ийнхүү осол гарч, хохирол учрах, хохирлын хэмжээ нэмэгдэхэд М.М-ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь нөлөөлсөн байна гэж дүгнэн, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгахаар шийдвэрлэлээ.
8.Шүүгдэгч М.М-г цагаатгасантай холбогдуулан хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг шүүгдэгч Ж.Д-оор хариуцан төлүүлэх агуулга бүхий өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулахаар тогтсон бөгөөд зарим төрлийн хохирлын хэмжээнд хоёр шатны шүүх алдаатай тооцоолол хийснийг дор дурдсан үндэслэлээр зөвтгөн өөрчилж байна.
8.1.Хохирогч Л.Г-ийн жолоодон явсан 00-00 УНЧ улсын дугаартай “Kia Bongo” загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, эвдрэлийн үнэлгээг “Ашид Билгүүн” ХХК-аар хийлгэсэн зардал 840.000 төгрөгийг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс төлсөн (1 дүгээр хавтасны 141 дэх тал) байх тул уг зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-оос нэмж гаргуулан, нийт 7.672.600 төгрөг (6.832.600+840.000) иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
8.2.Мөн иргэний нэхэмжлэгч П.О-ийн жолоодон явсан 00-00 УАР улсын дугаартай “Daewoo” загварын тээврийн хэрэгсэлд ослын улмаас 8.050.000 төгрөгийн хохирол учирсан (1 дүгээр хавтаст хэргийн 173 дахь тал), энэхүү хохирлын үнэлгээг хийлгэхэд 520.000 төгрөгийн зардал, нийт 8.570.000 төгрөгийг гаргуулан олгох ёстой байтал, 8.700.000 төгрөг хэмээн тооцооллын алдаа гаргасныг зөвтгөн залруулж, Ж.Д-ийн төлсөн 4.375.000 төгрөгийг хасаж, түүнээс үлдэх 4.195.000 төгрөгийг гаргуулав.
9.Харин хохирогч Л.Г, иргэний нэхэмжлэгч Э.Э нар нь өөрт учирсан гэм хорын болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэхэд М.М-ийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин, осол гарч хохирол учрахад шууд бусаар нөлөөлсөн үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нь харгалзан үзэх асуудал болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1319 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 901 дүгээр магадлалаас шүүгдэгч М.М-д холбогдох заалтыг хүчингүй болгож, Тээврийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ж.Д-оос 14.116.911 (арван дөрвөн сая нэг зуун арван зургаан мянга есөн зуун арван нэг) төгрөг гаргуулж, 7.672.600 (долоон сая зургаан зуун далан хоёр мянга зургаан зуу) төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.О (Нийслэлийн түргэн тусламжийн төв)-д, 2.249.311 (хоёр сая хоёр зуун дөчин есөн мянга гурван зуун арван нэг) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, 4.195.000 (дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга) төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.О-д тус тус олгосугай” гэж өөрчилсүгэй.
3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “… шүүгдэгч Ж.Д энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй …” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ