
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ САХИЛГЫН ХЭРГИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2026 оны 05 сарын 01 өдөр
- Дугаар: 001/СХХТ2026/0003
- Улаанбаатар хот
*** дүүргийн
Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
шүүгч Д.Б-т холбогдох
сахилгын хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: Б.Амарбаясгалан
Э.Золзаяа
Ц.Оч
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СХМ/2026/0005 дугаар магадлал, Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ХТ/2026/0007 дугаар хяналтын тогтоолтой, *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох сахилгын хэргийг хэргийн оролцогч Д.Б-ийг оролцуулан сахилгын хэргийн хяналтын тогтоолд холбогдох шүүгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СХМ/2026/0005 дугаар магадлалаар: Сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр “Сахилгын зөрчил нотлох тухай” дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 56 дугаар зүйлийн 56.7, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Б-т “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
2.Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ХТ/2026/0007 дугаар хяналтын тогтоолоор: Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СХМ/2026/0005 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгч Д.Б-ийн гомдлыг хангахгүй орхисон байна.
3.Сахилгын хэргийн оролцогч Д.Б гомдолдоо:
3.1.Хариуцагч “С” ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2021/01704 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг удаа дараа гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 210/ШТ2023/00545 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1011/ШШ2021/01773 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2021/01704 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
3.2.Уг хэрэг *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б надад 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хуваарилагдсан ба уг хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад “С” ХХК-ийн төлөөлөгч Н.Г, түүний өмгөөлөгч Ц.Б-ээс гаргасан удаа дараагийн “биелэгдсэн шийдвэрийг цуцлах” тухай хүсэлтийг шүүгч миний бие шийдвэрлэсэн.
3.3.Удаа дараагийн хүсэлтүүдийг хангаагүй боловч хамгийн сүүлд гаргасан хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13247 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
3.4.2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг журамлахдаа, Сахилгын хорооны хуралдаан болон Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар сахилгын хэргийг хэлэлцэх хэмжээ, хязгаарыг тогтоогоогүй.
3.5.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргахдаа сахилгын хэргийн талаар дүгнэлт хийх эрх хэмжээ мөн зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан хүрээгээр хязгаарлагдахгүй.
3.6.Биелэгдсэн шийдвэрийг цуцлах хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т “Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж зааснаар шийдвэрлэхээр хуульчилсан гэж үзэхгүй байна.
3.7.Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гаргасан аливаа хүсэлтийг хангах, хангахгүй, зарим хэсгийг хангах зэргээр шийдвэрлэх нь Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн нийтлэг бүрэн эрх бөгөөд хүсэлтийг удаа дараа хангаагүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн асуудлыг талуудаас тодруулах, улмаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ажиллагааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамааруулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 49 дүгээр зүйлийн 1-д заасан “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэх заалтад нийцэх эсэх талаар дүгнээгүй.
3.8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлд заасан агуулга бүхий хүсэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх Улсын Дээд шүүхийн тайлбар, зөвлөмж, шүүхийн шийдвэрийг хянах замаар тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол байхгүй байна.
3.9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч “С” ХХК биелэгдсэн шийдвэрийг цуцлахтай холбоотой ямар ч баримт өгөөгүй атлаа хүсэлтээ яг хэвээр нь удаа дараа өгсөн, улмаар шүүгч биелэгдсэн шийдвэрийг цуцалсан байхад шүүгчийн энэхүү ажиллагааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дэх заалтад хамааруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгтэй холбон тайлбарлаж, сахилгын шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.10.Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т хамааруулж, сахилгын шийтгэл оногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт, Монгол Улсын дээд шүүхийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолд нийцсэн эсэхийг хянуулахаар гомдлоо гаргаж байна.
3.11.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг шүүгчийн ёс зүйн зөрчлөөс ялгаж дүгнэхгүйгээр буюу мэргэжилтэй холбоотой асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т хамааруулж байна. Хяналтын тогтоолыг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хянаж, хүчингүй болгож, надад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Сахилгын хорооны илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэнгээс гомдлыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:
4.1.Гомдол нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, шүүгч Д.Б нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаар дахин хянагдаж буй маргаан бүхий иргэний хэрэгт хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелэгдсэн шийдвэрийг цуцлуулах тухай 6 удаагийн хүсэлтүүдийг гаргахдаа шийдвэр, магадлалын дагуу зарим хэсэг биелэгдсэн гэх холбогдох баримтыг шүүхэд хүргүүлээгүй байх боловч шүүхээс уг үндэслэлээр бус харин “нэхэмжлэгч биелэгдсэн шийдвэрийн дүн болох 38,240,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа” гэх үндэслэлээр татгалзсан.
4.2.Мөн хариуцагчийн гаргасан 7 дахь хүсэлт нь урьд гаргасан хүсэлтийн агуулга, үндэслэлтэй адилхан бөгөөд ялгаатай зүйл байхгүй байхад шүүгч биелэгдсэн шийдвэрийг цуцалсан үйл баримт тогтоогдсон. Илтгэгч гишүүний зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргах” гэх шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд Шүүхийн сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолд шүүгч Д.Б-ийг уг сахилгын зөрчил гаргасан талаарх хууль зүйн дүгнэлтийг дэлгэрэнгүй тусгасан бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна.
4.3.Түүнчлэн, холбогдох шүүгч Д.Б-ийн гаргасан гомдол нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1-д заасан “Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг энэ хуулийн 110.3, 110.4, 110.6-д заасны дагуу мэдэгдээгүйн улмаас хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон”, 115.1.2-т заасан “энэ хуулийн 102.1-д заасан эрхийг эдлүүлээгүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон” гэх үндэслэлд хамаарахгүй байна.
4.4.Иймд хяналтын тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх тул шүүгч Д.Б-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хяналтын тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5.Дараах үндэслэлээр Сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолыг хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаав.
6.“С” ХХК-ийн төлөөлөгч Н.Г-аас *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Б-т холбогдуулан “Шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124, 182 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасан албадан гүйцэтгэх хуудас, захирамжийг хүчингүй болгох, биелэгдсэн шийдвэрийг цуцлах арга хэмжээ авах тухай хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа ноцтой зөрчиж байна” гэсэн өргөдлийг гаргасан.
7.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр дүгнэлтээр шүүгч Д.Б-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.23-т заасан шүүгчид хориглосон сахилгын зөрчил гаргасан гэж нотлох дүгнэлт үйлдсэн байна. Ингэхдээ хуулийн 50.1.23-ийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсгийг удаа дараа зөрчсөн гэжээ. Холбогдох шүүгчээс энэхүү үндэслэлд тайлбар гаргаж мэтгэлцсэн нь сахилгын хорооны хуралдааны тэмдэглэлүүдэд тусгагджээ.
8.Шүүхийн сахилгын хорооны магадлалаар 1) “хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр гаргахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлсэн буюу илэрхийлсэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үндэслэл болохгүй”, 2) “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг нь “илт тодорхой” хуулийн заалтад хамаарахгүй” гэж илтгэгч гишүүний нотлох дүгнэлт үйлдсэн үндэслэлийг үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэн байна.
9.Гэсэн хэдий боловч “шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь зөрчигдөж, энэ эрхээ сэргээлгэхээр 6 удаа шүүхэд хүсэлт гаргасныг хангахаас удаа дараа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг удаа дараа зөрчсөн” гэж нотлох дүгнэлтэд байхгүй, дүгнээгүй үндэслэлийг зааж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан гэж “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
10.Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолд мөн холбогдох шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг удаа дараа зөрчиж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргасан гэж дүгнэж, магадлалыг хэвээр үлдээсэн байна.
11.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д зааснаар сахилгын хэргийн оролцогч сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх” эрхтэй.
12.Сахилгын хэргийн оролцогч шүүгчээс сахилгын хорооны гишүүний нотлох дүгнэлтээр буруутгасан үндэслэлд “биелэгдсэн шийдвэрийг цуцлах асуудлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлд нарийвчилсан зохицуулалт байхгүй” гэж хариу тайлбар гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн талаарх холбогдох судалгаа, баримтуудыг нотлох баримтаар гаргуулжээ.
13.Тодруулбал, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгч “албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах, биелэгдсэн шийдвэрийг цуцлуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг 6 удаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсгийг зөрчсөн эсэх, хуулийн уг заалт “илт тодорхой заалт”-д хамаарах эсэх хүрээнд явагдсан байна.
14.Гэтэл сахилгын хорооны хуралдаанаар илтгэгч гишүүний дүгнэлтэд дурдагдаагүй, хэргийн оролцогчийн тайлбар гаргаж, мэтгэлцээгүй асуудлаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг зөрчсөн, уг заалт “илт тодорхой заалт”-д хамаарна гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.
15.Өөрөөр хэлбэл, сахилгын хорооны гишүүний нотлох дүгнэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.4 дэх хэсэг зөрчсөн гэж буруутгаагүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй, холбогдох шүүгч Д.Б нь сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл болгосон мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг удаа дараа зөрчсөн эсэхтэй холбоотой тайлбар гаргаж, мэтгэлцэх эрхээр хангагдаагүй байна.
16.Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан аливаа үндэслэлээр шүүгчийг буруутгаж байгаа бол энэ талаар шүүгчид мэдэгдэж, түүнд холбогдох тайлбарыг авах нь шүүхийн өмнө эрх тэгш мэтгэлцэх зарчмын агуулга илэрхийлэгдэх юм.
17.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8-д хяналтын тогтоолыг хянан хэлэлцээд 115.8.1-д хяналтын тогтоолыг хэвээр үлдээх, 115.8.2-т хяналтын тогтоолыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, 115.8.3-т сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаан, эсхүл хянан үзэх хуралдаанд буцаахаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас гаргах шийдвэрийн төрлийг, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т “энэ хуулийн 102.1-д заасан эрхийг эдлүүлээгүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон” гэж тогтоолыг хүчингүй болгох үндэслэлийг тухайлан заажээ.
18.Ийнхүү дээрх байдлаар Сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан сахилгын хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байх тул Шүүхийн сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолыг хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцааж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.3, 115.9-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.1-д заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СХМ/2026/0005 дугаар магадлал, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ХТ/2026/0007 дугаар хяналтын тогтоолыг тус тус хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаасугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.11-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Э.ЗОЛЗАЯА
Ц.ОЧ
Ц.ЦОГТ