С.С-гийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр М.Батсуурь
Шийдвэрийн огноо 2022.09.28
Шийдвэрийн дугаар 001/ХТ2022/0049
Хэргийн индекс 221/2022/0019/З
Маргааны төрөл хэм хэмжээний акт
Хуулийн зүйл, заалт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19(1) дүгээр зүйлийн 1, 19(2) дүгээр зүйлийн 1, 25 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэрт өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.06.17, дугаар: 18
Анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.06.17, дугаар:
Давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар: 001/ХТ2022/0049
Улаанбаатар хот


С.С-гийн нэхэмжлэлтэй,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                  Х.Батсүрэн

Танхимын тэргүүн:                Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                П.Соёл-Эрдэнэ

                          Ц.Цогт 

Илтгэгч шүүгч:                       М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:        А.Гантогтох  

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “... жирэмсний 31-32 долоо хоногтойд”, 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд” гэснийг тус тус хүчингүй болгуулах”,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г(цахим), Ө.Н нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан С.С-гийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “... жирэмсний 31-32 долоо хоногтойд”, 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд” гэснийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

         Давж заалдах журмаар гаргасан гомдол

 

2.  Нэхэмжлэгч С.С гомдолдоо:“Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.1-д Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалын талаар дурдсан. Тус тушаал нь НДСОТТтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 хэсэгт үндэслэсэн, харин НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлд огт үндэслээгүйд шүүх анхаарал хандуулсангүй. НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлийг үндэслээгүй атал тус зүйлд заасан харилцааг А/38 дугаар тушаалаар зохицуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн 191 дүгээр зүйл нь илүү өргөн харилцааг зохицуулсан бөгөөд тушаалаар хуулийн заалтыг бүхэлд нь журамлахгүй.

 

3.  Үндэслэх нь хэсгийн 2.2-т Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэгдсэн, хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/38 дугаар тушаал нь НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлд үндэслээгүй атал түүний үйлчлэлийг хязгаарлах зохицуулалт болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд нийцээгүй. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д заасан НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлд нийцээгүй, 60.1.2-т заасан хуулийн агуулга, хүрээг багасган хумьсан агуулгатай, 60.1.3-т заасан үндэслэл болгоогүй НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлийг журамласан, 60.1.5-д заасан жирэмсний чөлөө хэмээн хуульчилсан агуулгыг жирэмсний амралт хэмээн өөрчилсөн төдийгүй, НДСОТТтХ-д байхгүй 31-32 дахь долоо хоногт хэмээх явцуу ойлголтыг оруулж ирсэн, 60.1.6-д заасан НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлийн хүлээн зөвшөөрсөн заалт болох жирэмсний чөлөө авах хүртэлх хугацаа агуулгыг жирэмсний 31-32 дахь долоо хоног хүртэлх хугацаа мэтээр оруулж ирж хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон.

 

4.  Үндэслэх нь хэсгийн 2.3-т Эрүүл мэндийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/318 дугаар тушаалыг нь НДСОТТтХ-ийн 191дүгээр зүйлд заасан харилцаатай холбон дүгнэсэн. Тус тушаал нь дээрх хуулийн 191 дүгээр зүйлд үндэслээгүй, үндэслэл болгосон 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 78 дугаар тогтоолоор батлагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр” нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 314 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. Энд НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний чөлөөний талаар агуулга огт байхгүй. Жирэмсний амралтыг эрүүл мэндийн байгууллага олгох талаар дүгнэсэн байна, жирэмсний амралтыг эрүүл мэндийн байгууллага олгох эрхтэй, тэр нь жирэмсний чөлөөтэй ижил агуулгатай хэмээн хуульчлаагүй атал төсөөтэй хэрэглэн, явцууруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд “чөлөө” хэмээх ойлголтыг ажилтан, ажил олгогч талуудын зөвшлийн дагуу олгож болохыг тодорхой заасан.


5.  Үндэслэх нь хэсгийн 2.4-т “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д заасан 31-32 дахь долоо хоног нь НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлд заасан хугацаанаас өмнө бүрэлдсэн тохиолдлыг зааж, хуульд заасан хугацааны дунд завсардал үүсэх цаг хугацааны зурвас дахь тэтгэмж авах эрхийг зөрчихөөр байгаад анхаарал хандуулсангүй. Жирэмсний чөлөө авах хүртэлх хугацаанд нөхцөлдөх хуульд заасан шаардлагыг жирэмсний 31-32 дахь долоо хоног хэмээн явцууруулж, яг тэр 31-32 дахь долоо хоногт эрх үүсээгүй бол тэтгэмжийг олгохгүй байхаар журамласан нь НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлд нийцэхгүй бөгөөд хуулиар хориглоогүй агуулгыг оруулж, үйлчлэх хүрээг нь хумьсан.

 

6.  Үндэслэх нь хэсгийн 2.5-д дурдсан агуулга нь Эрүүл мэндийн байгууллагын үндэслэл, байгалийн шинжлэх ухааны агуулга бөгөөд НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйл нь нийгмийн шинжлэх ухааны агуулга байна. НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлд жирэмсний 31-32 дахь долоо хоногт эрх үүссэн байна хэмээн хуульчилсан мэтээр андуу дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

7.  Үндэслэх нь хэсгийн 2.6-д дурдсан агуулга нь НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлд огт байхгүй агуулга болох “жирэмсний 31-32 долоо хоногт эрх үүсэх” гэх ойлголтоор явцууруулсан нь хуульд нийцсэн хэмээн үзэх үндэслэл алга. Хуулиар хориглоогүй асуудлыг хориглосон зохицуулалтыг журмын 2.6, 4.8.2-т шигтгэн оруулж хуулийн агуулгыг өөрчилсөн.

 

8.  Захиргааны хэм хэмжээний актад тавигдах олон шаардлагыг биелүүлээгүй тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “... жирэмсний 31-32 долоо хоногтойд”, 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд” хэмээн хуулиар хориглоогүй асуудлыг хориглосон зохицуулалт оруулсан байх тул тус тус хүчингүй болгох үндэслэл байна. НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйл “Жирэмсний чөлөө авахаас өмнө” гэсэн заалтыг “Жирэмсний 31-32 долоо хоногоос өмнө” гэх агуулгаар өөрчилж хуулиас эрэмбийн хувьд давсан журам гаргасныг Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлд нийцэж байна хэмээн дүгнэх боломжгүй. Хуулиар хориглоогүй асуудлыг хориглосон зохицуулалтыг оруулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

9.  Нэг. Иргэн С.С-гаас “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “... жирэмсний 31-32 долоо хоногтойд”, 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд” гэснийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, давж заалдах шатны шүүх тус журмын 2.6 дахь заалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

10.   Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 8.3.2-т “агентлагийг өдөр тутмын удирдлагаар хангах, хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй”,  25 дугаар зүйлийн 2-т “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг, оршуулгын тэтгэмжийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн олгоно”, мөн зүйлийн З-т “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллагад тогтооно” гэж тус тус зааснаар Засгийн газрын агентлаг болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь хуульд зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг хууль тодорхойлсон хугацаанд төлсөн иргэн (даатгуулагч)-д тэтгэмж олгоход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянахад баримтлах журмыг нарийвчлан тогтоох эрхтэй.

11.   Энэ бүрэн эрхийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ыг шинэчлэн баталсан; уг журмын 1.1-д “... жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд эмнэлгийн хуудас олгох, мэдээллийн санд бүртгэх, хяналт тавих харилцааг зохицуулна” гэж, журмын “Хоёр. Эмнэлгийн хуудас бичих эрүүл мэндийн байгууллага” гэсний 2.6-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэн (даатгуулагч)-д эмнэлгийн хуудсыг жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн амаржих газар олгоно” гэж заажээ.

12. Мөн журмын 2.7-д “Төрөх хугацаанаас өмнө амаржсан иргэн (даатгуулагч)-д жирэмсний эмнэлгийн хуудсыг хяналтад авсан эрүүл мэндийн байгууллага ... олгоно”, 2.10-т “Тэтгэмжийн эрх үүссэн даатгуулагч эх хүүхдээ 196-аас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг энэхүү журмын 2.7-д заасан эрүүл мэндийн байгууллага олгоно” гэж тус тус заасан байна.

13. Дээрх зохицуулалтаас үзэхэд, жирэмсний тэтгэмж авахад бүрдүүлэх эмнэлгийн хуудсыг жирэмсний явц хэвийн үед журмын 2.6-д зааснаар хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага, харин бусад тохиолдолд буюу төрөх хугацаанаас өмнө амаржсан, 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн болон жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол хяналтад авсан эрүүл мэндийн байгууллага олгохоор журамд нарийвчлан тодорхойлжээ.

14.   Өөрөөр хэлбэл, журмын Хоёр дахь бүлэг зохицуулалт нь бүхэлдээ эмнэлгийн хуудас олгох байгууллагыг тодорхойлоход чиглэсэн бөгөөд “олгоно” гэсэн “үүрэг болгосон диспозиц”-оор хуульд заасан нөхцөл үүссэн л бол эмнэлгийн хуудсыг татгалзах сонголтгүйгээр олгохыг дурдсан захиргааны байгууллагад үүрэг болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19дүгээр зүйлийн 1-д заасан даатгуулагч иргэний эрхийг хангахад чиглэсэн зохицуулалт гэж үзэхээр байна.   

15.   Харин “жирэмсний 31-32 долоо хоног” гэж тогтоосон хугацааны хувьд, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/318 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Жирэмсэн эмэгтэйн үзлэг шинжилгээний товлол”-ыг дурдсан (хавтаст хэргийн 59 дэх тал); уг товлолоор жирэмсний хугацаанаас хамаарч ямар зорилготой үзлэгийг хийх, ингэхдээ юуг анхаарч хийх талаар заасан, үүнд, 28 долоо хоногтойд жирэмсний явц, ургийн өсөлт хөгжилтийг хянаж, жирэмсний өндөр эрсдэлийг илрүүлж, жирэмсний 32 долоо хоногтойд жирэмсний амралт олгохоор зохицуулсан; Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн тайлбарт “... Жирэмсний 5 дахь үзлэг 32 долоо хоногтойд хийгддэг. Энэ үед жирэмсэн эмэгтэй хөдөлмөрийн хуулиар жирэмсний амралт олгох хугацаа байдаг учир эмч жирэмсний үзлэг хийж жирэмсний явцыг үнэлэн төрөхийн өмнөх амралтыг олгодог ...” (хавтаст хэргийн 99 дэх тал) гэснээс үзэхэд жирэмсний 32 долоо хоногтой эхэд жирэмсний амралт олгох болон жирэмсний явцыг хянах зорилгоор шаардлагатай үзлэг хийх товлолыг тогтоосон өөрөөр хэлбэл, хэвийн жирэмсэн буюу хүндрэлгүй, төрөхөд аливаа эрсдэл үүсэхээргүй болсон гэж үзэж жирэмсний амралт олгох агуулгатай гэж үзэхээр байна.

16. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Жирэмсэн эмэгтэйн үзлэг шинжилгээний товлол”-д заасан жирэмсний амралт олгох хугацаатай уялдуулж, нийтлэг байдлаар “31-32 долоо хоногтой жирэмсэн эх”-д эмнэлгийн хуудсыг аль байгууллага олгохыг журамласан маргаан бүхий “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6 дахь зохицуулалт нь мэргэжлийн судалгаа, дүгнэлт, бодит нөхцөлд тохирсон бөгөөд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

17. Нөгөө талаас, эмнэлгийн хуудсыг аль байгууллага, жирэмсний хэд дэх долоо хоногоос олгож болох талаар тодорхойлсон энэ зохицуулалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын энэ хэсгийг хүлээн авах боломжгүй.

18. Хоёр. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 4.8.2-т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

19. Тодруулбал, маргаан бүхий журмын 4.8-д “Дараах тохиолдолд эмнэлгийн хуудас бичиж олгохгүй. Үүнд:” гээд 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд” гэж заасан бөгөөд үүний дагуу жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй бол эмнэлгийн хуудас олгохгүй байхыг буюу захиргааны байгууллагад хориглосон диспозиц байна.

20.   Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарыг хүртэл “Акаликоресорсэс” ХХК, 2021 оны 05 дугаар сараас 08 дугаар сарыг хүртэл “Эрнст энд янг ТМЗ” ХХК, 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарыг хүртэл “Бостонстар консалтинг ТМЗ” ХХК-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч дунд нь 9 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй; түүний гаргасан “жирэмсний болон амаржсаны амралт авах” хүсэлтийн дагуу “Бостонстар консалтинг ТМЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05/22 дугаар тушаалаар түүнд амралт олгосон (хавтаст хэргийн 90-91 дэх тал); үүнээс өмнө 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эмч Э.Ариунжаргалаас “... С.С нь одоо 36-37 долоо хоногтой тул ... журам ... тушаалын дагуу төрөхийн өмнөх 60 хоногийн листийг олгох боломжгүй  ...” гэсэн хариуг авсны үндсэн дээр 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн” гэх агуулга бүхий гомдол гаргахдаа 37-38 долоо хоногтой гэж дурдсан зэргээс үзэхэд жирэмсний тэтгэмж авах хүсэлт гаргах үед журмын дээрх заалтад дурдсан “31-32 долоо хоног” өнгөрсөн байжээ.

21. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд 5/-д “... хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19дүгээр зүйлийн 1-д “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй”, мөн хуулийн 192 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно” гэж тус тус заажээ.

22. Тодруулбал, “хүүхэд төрүүлэх, асрах” тохиолдолд эд мөнгөний тусламж авах нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний баталгаатай эдлэх эрх ба энэ эрх хэрэгжих урьдчилсан нөхцөлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн” гэж хууль тогтоогч тодорхой болгож, үүнээс өөрөөр аливаа хязгаарлалт тогтоогоогүй, хуулийн 192-т зааснаар хуулийн 191 дүгээр зүйлд заасан нөхцөл хангагдсан л бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж “олгоно” гэж салаа утгагүйгээр захиргааны байгууллагад үүрэг болгожээ.

23. Мөн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана”, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах;” гэж Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тусгасны зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх;”, 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх;” 60.1.6-д “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх;” гэж захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг тусгайлан хуульчилжээ.

24. Тодруулбал, өмнө дурдсанчлан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь хуульд зааснаар тэтгэмж олгоход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянахад баримтлах журмыг нарийвчлан тогтоох эрхтэй боловч энэхүү журам нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль болон агентлагийн үйл ажиллагааны үндсэн зарчим, тусгайлан (хэм хэмжээ тогтоох) эрх шилжүүлсэн хуулийн агуулга, зорилгод нийцэж, хуулиар хориглоогүй асуудлаар аливаа хориг, хязгаарлалт тогтоохгүй байх учиртай.

25. Гэтэл нэхэмжлэгч С.С-гийн хувьд жирэмсний чөлөө авахыг хүссэн (37-38 долоо хоногтой) үед хуульд заасан тодорхой хугацаанд шимтгэл төлсөн байх нөхцөл бүрэн хангагдсан байхад маргаан бүхий журамд жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй бол эмнэлгийн хуудас олгохгүй байхаар зохицуулсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн агуулга, зорилгод нийцээгүй, хууль тогтоогчийн тогтоосон хориглолтын хязгаартай холбоотой шаардлагыг хангаагүй байхын зэрэгцээ бодит байдалд хуулийн шаардлага хангасан (даатгуулагч) иргэн эмнэлгийн хуудас авч чадахгүйд хүрч, улмаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан “хүүхэд төрүүлэх, асрах тохиолдолд эд мөнгөний тусламж авах” үндсэн эрх зөрчигджээ.

26. Хэдийгээр жирэмсний чөлөө “олгох” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, Эрүүл мэндийн сайдын “Жирэмсэн эмэгтэйн үзлэг шинжилгээний товлол”-д зааснаар эрүүл мэндийн байгууллага болон ажил олгогчид хүлээлгэсэн үүрэг боловч энэ нь хөдөлмөрийн харилцааг түр зогсоож, хэдийд жирэмсний чөлөөгөө “авах” жирэмсэн ажилтны эрхийг шууд хязгаарласан зохицуулалт гэж үзэхээргүй байна.

27. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн  2.5-д “Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ”, 140 дүгээр зүйлийн 140.1-д “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно” гэж зааснаар жирэмсэн ажилтан өөрөө хүсвэл үүргээ бусад байдлаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, жирэмсний чөлөөгөө өөрөө тодорхойлж “авах” боломж нь хуулиар нээлттэй; мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19дүгээр зүйлийн 1-д “жирэмсний чөлөө авахаас өмнө” гэж буюу “олгох” бус, харин “авах” үеийг нөхцөл (гипотез)-д тодорхойлсон байхад  жирэмсний 31-32 долоо хоногоос хойш тэтгэмж авах эрх үүссэн даатгуулагч иргэнд эмнэлгийн хуудас олгохыг хориглосон журмын заалт хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.    

28. Давж заалдах шатны шүүх журмын 2.6 дахь хэсгийг “... жирэмсний 31-32 долоо хоногтойд жирэмсний тэтгэмж авах эрх үүсэхээр заасан гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, жирэмсний тэтгэмж олгох зохицуулалтын гол зорилго нь жирэмсэн бөгөөд хэвийн төрөхөд олгох бөгөөд хэрэв 31-32 долоо хоногтойд жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн л бол хэдийд ч хүсэлтээ гаргаж, тэтгэмжээ авах эрхтэй ...” гэж зөв дүгнэсэн атлаа журмын 4.8.2 дахь заалтаар жирэмсний чөлөө авах үед үүссэн иргэний тэтгэмж авах эрх ийнхүү зөрчигдсөн байхад нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй;  журмын уг заалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хуулийн зорилго, агуулга, бусад хуулийн холбогдох хуулийн зохицуулалттай уялдуулж системчилсэн байдлаар авч үзээгүй нь буруу болжээ.

29. Түүнчлэн, нэгэнт уг журмын 4.8.2 дахь заалт хүчин төгөлдөр үйлчилж, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх шууд зөрчигдсөн байхад давж заалдах шатны шүүх “... Хэрэв нэхэмжлэгч нь маргаан бүхий журмын хэрэгжилт хангагдаагүй, хариуцагчийг үндэслэлгүйгээр жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, тэтгэмжийг олгохгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу маргах эрхийг үүгээр хязгаарлахгүй ... маргаан бүхий журмын холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэхээргүй ...” гэж, өөр байдлаар эрхээ сэргээлгэх боломжтой гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь мөн үндэслэлгүй.

30. Тиймээс нэхэмжлэгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д заасан /болон/ НДСОТТтХ-ийн 191 дүгээр зүйлд нийцээгүй, 60.1.2-т заасан хуулийн агуулга, хүрээг багасган хумьсан агуулгатай, ... хуулиар хориглоогүй асуудлыг хориглосон зохицуулалтыг оруулсан ... /шүүх/ хуульд заасан хугацааны дунд завсардал үүсэх цаг хугацааны зурвас дахь тэтгэмж авах эрхийг зөрчихөөр байгаад анхаарал хандуулсангүй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй, энэ үүднээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий журмын 4.8.2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1, 192 дүгээр зүйлийн 1, 25 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С-гийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд” гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “... 2.6-д “... жирэмсний 31-32 долоо хоногтойд” гэснийг хүчингүй болгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж; мөн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... 47.1” гэснийг “... 47.2” гэж, “... үлдээсүгэй.” гэснийг “... үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.С-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Х.БАТСҮРЭН

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Д.МӨНХТУЯА

                          ШҮҮГЧИД                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                            Ц.ЦОГТ

                                                                                                            М.БАТСУУРЬ