Н.Э-д холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр С.Батдэлгэр
Шийдвэрийн огноо 2022.11.23
Шийдвэрийн дугаар 171
Хэргийн индекс 180/2022/0022/Э
Маргааны төрөл None
Хуулийн зүйл, заалт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4
Шийдвэрлэсэн байдал

Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.06.15, дугаар: 132
Анхан шатны шүүх Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.09.13, дугаар: 59
Давж заалдах шатны шүүх Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар: 171
Улаанбаатар хот


                                           Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, Д.Ганхуяг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр магадлалтай, Н.Э-д холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ял шийтгэлгүй Т овогт Э.

 

Н.Э нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын харъяат Ц.Г-ийн өөрийн хаваржаандаа үлдээгээд нүүсэн хар халзан зүсмийн сувай үнээг бэлчээр нутгаас нь машин механизм буюу улсын дугааргүй “Их хурд” загварын мотоциклийг ашиглан хулгайлж Ц.Г-д 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Н.Э машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж 59 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нар хамтран гаргасан гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийг Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хохирогч Ц.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө... би тухайн үед хаваржаанаасаа нүүхдээ хар халзан зүсмийн сувай үнээгээ хаваржиж байсан газраа орхиод буюу үлдээгээд явчихсан байсан... үхрээ байхгүй байгааг нь мэдээд хаваржаан дээрээ очиж үзэхэд харагдахгүй байсан... Ц гэх хүн надад танай үнээ чинь манай үхэрт нийлж хэсэг байж байгаад Эийн үхэр рүү нийлсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /26-172 дахь тал/, гэрч Т.Б-ийн... нөхөр бид хоёр хар халзан зүсний үхрээ хаваржаан дээр үлдээгээд ирсэн байна гэж бодоод хаваржаан дээрээ очиход тэр хавиар үхэр маань харагдахгүй байсан, тэгэхээр нь нөхөр бид хоёр манайхтай ойрхон нутагладаг Ц гэх айлаар орж хар зүсмийн сувай үнээгээ сураглахад Ц нөхөр бид хоёрт хандан танай үхэр манай үхэрт ирж хэсэг байж байгаад Н.Э-ийн үхэр рүү нийлчихсэн явж байна лээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /176 дахь тал/, гэрч Ц-ын...Н.Э Хурхын голын худгийн гүүрний зүүн талд байх гэрээс нь очиж авсан /31 дэх тал/, Э Г нарын хаваржаа хоорондоо их ойрхон байдаг миний бодлоор ойролцоогоор 500-600 метрийн зайд л байгаа болов уу гэж бодож байна, ямар ч байсан 1 км бол хүрэхгүй газарт л байгаа гэх мэдүүлэг /180 дахь тал/, гэрч Ц-ын... 2021 оны 7 дугаар сарын сүүлээр боловуу гэж бодож байна яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь сайн мэдэхгүй байна. Манай үхэрт нийлсэн үхрийг хэний үхэр болохыг нь тухайн үед би мэдээгүй, нэг тооны үхэр манай үхэртэй хэсэг байж байгаад байхгүй болчихсон байсан. Манай Биндэр сумын Г гэх хүн манайхаар үхрээ сураглаад ирэхээр нь Гний үхэр байсан болохыг мэдсэн. Г-ний нэг тооны үхэр манай үхрээс салж Н.Э гэх залуугийн үхэрт нийлсэн байсан /192 дахь тал/, гэрч Н.Т-ын... Э үхэртээ мотоциклтойгоо явсан гэж мэдүүлсэн, тэгтэл харин тухайн үед Эг үхэртээ явах гээд яг гэрээс гарахад нь үхрүүд өөрсдөө гэрийн гадаа хүрээд ирчихсэн байсан гэсэн, тэгэхээр нь Э явган үхрүүд дээрээ очоод үхрээ хашсан гэж байсан. Би энэ талаар сүүлд мэдсэн. Би тухайн үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө үхэртээ явахаар гэрээсээ гарсан болохоор нь мотоциклтойгоо л явсан байх л гэж бодсон гэх мэдүүлэг /187 дах тал/.

Мөн Н.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө... тухайн хар зүсмийн үхэр нь манай үхэрт нийлээд 7 хонож байсан бөгөөд тэр хар зүсмийн үхэр нь манай гэрийн гадаа манай үхрүүдтэй хамт ирсэн байхад нь явган явж гэрийн гадаах хашаанд хашиж барьж авч ажилласан гэх мэдүүлгийг өгдөг бөгөөд дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хохирогч Ц.Г-ний хар зүсмийн сувай үнээ нь Ц.Г-ний саахалт айл болох Ц-ын үхрээр сарниж байгаад Н.Э-ийн үхэртэй нийлээд 7 хонож байхад нь Н.Э өөрийн үхрээс барьж авч ажилласан буюу мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогддог.

Харин шүүгдэгч Н.Э Биндэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Г-ний өөрийн хаваржаандаа үлдээгээд нүүсэн хар халзан зүсмийн сувай үнээг тэдний хаваржааны бэлчээр нутгаас машин механизм буюу улсын дугааргүй “Их хурд” загварын мотоцикл ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Жич: гэрч Н.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 өөр мэдүүлэг өгдөг бөгөөд эхний мэдүүлэгтээ... Э ажиллах үхрээ аваад ирье гээд бэлчээр рүүгээ мотоциклтой яваад удалгүй хар зүсмийн шүдлэн юм уу хязаалан үхэр туугаад ирсэн гэх мэдүүлгээр намайг хохирогч Ц.Г өөрийн хаваржаандаа үлдээгээд нүүсэн хар халзан зүсмийн сувай үнээг бэлчээр нутгаас нь машин механизм буюу улсын дугааргүй “Их хурд” загварын мотоцикл ашиглан тууж ирсэн гэж үзэх үндэслэлгүй.

Гэрч Н.Т-ын эхний мэдүүлгээс дүгнэхэд миний бие өөрийн эзэмшлийн зуслангийн бэлчээрт манай гэрийн гадуур нь бэлчээрлэж явсан үхрүүдээ хураахдаа хохирогч Ц.Г хар зүсмийн сувай үхрийг өөрийн үхрүүдийн хамт мотоциклоор тууж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогддог. Манай эзэмшлийн зуслан дээр манай үхрүүдтэй хамт гэрийн гадуур бэлчиж байсан үхрийг өөрийн үхрээ хураахдаа хамт мотоциклоор тууж ирсэн гэх гэрч Н.Т-ын мэдүүлгээр миний үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийг үйлдэх санаа зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан бэлчээрт нь зорьж очиж өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан гэж хүндрүүлэн зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж хяналтын журмаар гомдол гаргаж байна” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна гэж гомдол гаргасан. Яагаад гэхээр машин механизм ашигласан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Гэрч н.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө Н.Э мотоциклоор бэлчээр лүүгээ явж үхэр авчирсан гэж мэдүүлэг өгдөг. Тухайн мэдүүлгээр мотоцикл ашигласан байж болзошгүй нөхцөл байдал харагддаг боловч өөрийнх нь эзэмшлийн малын бэлчээр дээр бэлчиж явсан үхэртэй нийлээд 7 хонож байсан үхрийг гэрийнхээ гаднаас мотоциклоор тууж ирсэн үйлдлийг машин механизм ашигласан гэж хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй гэж үзэж байна. Хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэсгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан гэж үзэхгүй. Гэрийн гаднаас мотоциклоор тууж ирсэн үйлдлийг нь тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний хувьд анхан шатны шүүхээс эхлэн энэ хүнийг өмгөөлж оролцсон. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг буруу шийдвэрлэсэн. Н.Э хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь буруу, анх гэрчээр байцаагдахдаа би н.Г ахаас 2-3 сарын өмнөх цалингаа аваагүй байсан, үхэр нь эзэнгүй явж байхад нь авч ашигласан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Энэхүү өмгөөлөгчгүй байцаасан гэрчийн мэдүүлэг дээр үндэслээд хулгай хийсэн гэж үзсэн. Хулгайн үйлдэл хийснийг нь нотлох баримт хэрэгт байхгүй. н.Г үхрийг алдагдаад н.Ц гэдэг саахалт айлынх нь үхэртэй нийлээд, дараа нь өөрийнх нь үхэртэй нийлээд 7-оос дээш хоног хоносон хойно ашигласан. Түүнээс хулгайн үйлдэл бол идэвхтэй үйлдэл хийж, авч ашигласан байдаг. Энэ хэргийн хувьд идэвхтэй үйлдэл хийхгүйгээр, тохиолдлын шинжтэйгээр алдуул малыг авч ашигласан байгаа. Үүнийг хохирогч  н.Г, н.Б нар нутаг  дээрээ бид нар үхрээ үлдээгээд ирснээ мэдэлгүйгээр 5-6 хоногийн дараагаар ирж хайсан гэдэг. Энэ айлтай саахалт байсан н.Ц өөрийн үхрүүдтэй нийлээд 7 хоноход хар халзан үхрийг нь таниагүй гэж ярьдаг. Дараа нь үхрийг 7 хоноод манай үхрээс салж алга болсон. Хүүхдүүдээсээ асуухад Н.Э-ийн үхэртэй нийлээд явж байсан гэж ярьсан гэдэг. 2020 оны 3 сар хүртэл Н.Э энэ хүний малыг маллаж байсан. Хохирогч н.Б, н.Г нар манай хар халзан үхрийг харсан үзсэн байх ёстой гэж мэдүүлэг өгөөгүй байдаг. Өөрийнх нь өр авлагадаа авсан гэдэг анхных нь гэрчийн мэдүүлгээр энэ хүнийг ялласан байдаг. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө энэ үхрийг хэнийх болохыг мэдэхгүй манай үхэртэй нийлээд 7 хоносон хойно авч ашигласан гэсэн үйлдлийг ярьдаг. Хулгайн гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Гэм буруугийн зарчмыг зөрчиж хуучин цагийн онолоор зүйлчилсэн гэж үзэж байна. Э нь идэвхтэй үйлдэл хийж хулгай хийгээгүй. Тээврийн хэрэгсэл ашигласан гэдэг нь Ц-ын үхэртэй 7 хоноод, ахиад 7-8 хоног өөрийнх нь үхрүүдтэй нийлсэн хойно, банкны өр зээлтэй байсан учир бусдын үхрийг ашигласан гэж байхад үйлдлийг нь буруу зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг гэж зүйлчилж өгнө үү гэж анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан саналаа дэмжиж байна гэв.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн иргэн Ц.Г-ийх 2021 оны 6 дугаар сарын сүүлээр, 7 дугаар сарын эхээр тус сумын Хуурай тохой гэх газар руу зусахаар нүүхдээ хар халзан зүсмийн сувай үнээгээ айлд үлдээгээд нүүж явсны дараа Н.Э нядалж, зарж борлуулан 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. Дээрх үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар “машин механизм ашиглаж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Н.Э үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогчид 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байна.            

Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг дээрх үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байнагэв.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

 

Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, тухайлбал, хохирогч Ц.Г, гэрч Т.Б, С.Ц, шүүгдэгч Н.Э нарын мэдүүлгээр Ц.Г-ийн хаваржаандаа орхиод нүүсэн хар халзан зүсмийн үхэр нь эхлээд С.Ц-ын, дараа нь Н.Э-ийн үхэр сүрэгт нийлсэн байсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг үхрийн талаар Н.Э нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюуцагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно.

 

Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа Н.Э өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн үхрийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй үхрийг /1,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн/ өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсныг /махалж борлуулсан/хоёр шатны шүүх бусдын малыг хулгайлах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, прокурор А.Золзаяа нарын гаргасан санал, дүгнэлтийг хангах боломжгүй гэж үзэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Н.Э гэмт үйлдлийн талаар ийнхүү хууль зүйн зөв дүгнэлт хийсэн атлаа түүнийг “машин механизм ашиглаж” бусдын малыг хулгайлсан гэж гэмт хэргийн объектив талын нэмэгдэл шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл муутай байна.

 

Учир нь “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг ба энэ нь хууль хэрэглээний жишигт тогтсон бөгөөд хэргийн нийгмийн аюулын түвшин, хэр хэмжээг ямагт ихэсгэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтооход гол нөлөө үзүүлдэг ойлголт юм.

 

Тэгвэл Н.Э нэгэнт өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн, түүний мэдэлд байсан бусдын үхрийг махалж борлуулах зорилгоор мотоциклээр тууж ирснийг “машин механизм ашиглаж” хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

     

Хяналтын шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан болон шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэхээс гадна шүүгдэгчээс хураасан мотоциклийг буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр магадлалд “Прокуророос Н.Э Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.”,

“Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Э 6 /зургаан/ сар хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулсугай.

 

2.Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, улсын дугааргүй, “И” загварын мотоциклийг Н.Э буцаан олгосугай.

 

3.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН