Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх сахилгын хэрэг

Шүүгчийн нэр Ч.Хосбаяр
Шийдвэрийн огноо 2023.06.28
Шийдвэрийн дугаар 001/СХХШТ2023/0004
Хэргийн индекс
Маргааны төрөл Нээлттэй сануулах
Хуулийн зүйл, заалт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7
Шийдвэрлэсэн байдал

хяналтын тогтоолыг хэвээр үлдээх;

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.01.05, дугаар:
Анхан шатны шүүх Сахилгын хороо
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.01.05, дугаар:
Давж заалдах шатны шүүх Сахилгын хороо

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар: 001/СХХШТ2023/0004
Улаанбаатар хот


Шүүгч Н.Д, О.О нарт холбогдох

сахилгын хэргийн тухай


Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Ч.Хосбаяр, шүүгч Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, сахилгын хэргийн оролцогч Н.Д, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Д.Алтансүх, сахилгын хэргийн оролцогч О.О-ийн өмгөөлөгч Д.Отгонбат нар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар

 

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар магадлал, мөн хорооны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр хяналтын тогтоолтой, шүүгч Н.Д, шүүгч О.О нарт холбогдох хэргийг сахилгын хэргийн оролцогч Н.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцээд

 

                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан шүүгч О.О-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулж, шүүгч Н.Д-д холбогдох нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар хяналтын тогтоолоор илтгэгч гишүүний эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаажээ.


Сахилгын хэргийн оролцогч Н.Д гаргасан гомдолдоо:“...Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолын надад холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийн 115.1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах эрхээр хангаагүй тухай:

 Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох...” гэж иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан.

 Гэтэл хянан үзэх хуралдаанд шүүгч намайг биечлэн оролцох, өөрийгөө өмгөөлөх, үг хэлэх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхийг эдлүүлэлгүй хяналтын хуралдааныг хийсэн. Хянан үзэх хуралдааны даргалагч, гишүүд “нэг бол итгэмжлэгдсэн төлөөлөгч эсхүл өөрөө тус хуралдаанд оролцох ёстой, өмгөөлөгч оролцох учиргүй” гэх шаардлагыг тавьсан. Ингээд миний бие аргагүй эрхэнд өөрөө хуралдаанд оролцохоос татгалзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараа оролцуулсан.

 Шүүгч миний бие өөрөө хуралдаанд оролцож, тайлбар гаргах хүсэлтэй байсан, мөн өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцааг өмгөөлөгчөөс авах хүсэлтэй байсан боловч уг эрхийг маань хуралдааны гишүүд эдлүүлээгүй. Мөн Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасан эрх, үүргийн хүрээнд аль ч байгууллагад төлөөлөх” гэж өмгөөлөгчийн эрхийг заасныг Шүүхийн сахилгын хороо зөрчиж, өмгөөлөгч нарын хуулиар олгосон мэргэжлийн үйл ажиллагааны эрхийг ялгаагүй зөрчсөн.

 Хоёр. Сахилгын хэргийн баримт хуулбарлан авах эрхээр хангаагүй тухайд:

 Намайг анх илтгэгч гишүүн нь шууд ажил дээрээ дуудаад сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг гардуулангуутаа “тайлбар авна” гэж тушаасан. Үүнээс хойш миний сахилгын хэргийн баримтуудыг хуулбарлан авах хүсэлтэй байгаа тухайгаа холбогдох референтэд мэдэгдсэн боловч сахилгын хэргийн баримтууд нууцын зэрэглэлд хамаарч байгаа тул хуулбарлан авах боломжгүй, зургийг нь дарж болохгүй зөвхөн танилцаж, тэмдэглэл хийх эрхтэй гэж шаардлага тавьсан. Миний өмгөөлөгч нар ч гэсэн дээрх хүсэлтийг гаргахад хангалтгүй, тэмдэглэл л үйлдэх боломжтой гэж тайлбар тавьсан. Зөвхөн тэмдэглэл үйлдэж авсан талаар мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, сахилгын хороо Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-т “өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж заасан эрхийг эдлүүлээгүй болно. Түүнчлэн хяналтын тогтоолд дурдсан үндэслэлүүд бүхэлдээ илт буруу дүгнэлт хийгдсэн, гишүүний бичсэн эсэргүүцэл нь сахилгын хэргийн оролцогч миний эрхийг илэрхий дордуулахуйц үндэслэл дурдсаныг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Иймд сахилгын хорооны хяналтын тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар гаргасан тайлбартаа: “...Сахилгын хэргийн оролцогч Н.Д-гийн гомдлыг хүлээн авах боломжгүй. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д зааснаар сахилгын хэргийн оролцогч гэж сахилгын зөрчилд холбогдох шүүгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэлдэг. Мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.8-д зааснаар сахилгын хэрэг шалгах ажиллагаа сахилгын хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай байна. Шүүгч Н.Д нь Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өдөр 3 жилийн хугацаатайгаар О.Мягмарсүрэнд, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар Д.Алтансүхэд тус тус итгэмжлэл олгосон, мөн өмгөөлөгч Д.Алтансүх, О.Мягмарсүрэн нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан нь сахилгын хэрэгт авагдсан.

Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанд даргалагч нь шүүгч Н.Д-гээс хуралдаанд өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нараа оролцуулах эсэхийг тодруулсан бөгөөд шүүгч нь өөрийн өмгөөлөгч нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө оролцуулан тайлбар гаргах эрхийг олгосон. Иймд шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах эрхийг хангаагүй гэх гомдол нь үндэслэлгүй.

Сахилгын хэргийн оролцогч Н.Д нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сахилгын хэргийн материалтай танилцаж, өөрийн гар утсаар хэргийн материалын зургийг авсан бөгөөд тухайн хэрэгт “Мобиком” ХХК-аас нууц тэмдэг дарж ирүүлсэн хувь хүний нууцад хамаарах хувийн мэдээлэл, баримтууд байсан тул шүүгч Н.Д-гээс нууц задруулахгүй байх баталгаа авч хэрэгт хавсаргасан.

Түүнчлэн шүүгч Н.Д болон түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сахилгын хэргийн материалтай танилцаж, амаар болон бичгээр тайлбар гаргаж, байсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох тул сахилгын хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна” гэжээ.

           

Сахилгын хэргийн оролцогч Н.Д-гийн өмгөөлөгч Д.Алтансүх хуралдаанд хэлсэн саналдаа: Гомдлыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т заасан үндэслэлээр гаргасан. Сахилгын хорооны хяналтын хуралдааныг гишүүдийн зүгээс шүүгч өөрөө оролцох, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах шаардлагыг тавьсан. Миний бие Н.Д-гийн өмгөөлөгчөөр оролцохоор Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд тухайн хуралдаанд өмгөөлөгчөөр оролцохыг хүссэн боловч шаардлагын дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Энэ үед манай үйлчлүүлэгчийн хувьд өөрөө тайлбар гаргах, мэдүүлэг өгөх эрх нь хязгаарлагдсан учир Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т заасан үндэслэлээр хяналтын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т заасны дагуу шүүгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх саналыг илтгэгч гишүүн гаргасан. Гэтэл тухайн үндэслэл нь Шүүхийн тухай хуулийн аль зүйл, заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй бөгөөд Шүүхийн сахилгын хороо үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Нэгэнт сахилгын хорооны хяналтын хуралдаанд зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаад манай үйлчлүүлэгчийг оролцуулахгүй байгаа үйлдэл нь маш ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар аливаа этгээд, иргэн өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Гэтэл энэ эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хязгаарлаж буй үйлдэл нь зохимжгүй буюу Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Сахилгын хороо шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно” гэж заасныг зөрчиж байна. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан амаар тайлбар гаргах эрхийг хязгаарласан зөрчил гаргасан. Иймд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр хяналтын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн сахилгын хэргийн оролцогч Н.Д-гийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сахилгын хэргийн оролцогч Н.Д-гийн хувьд хяналтын тогтоолын өөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэдэг үндэслэлээр буруутгаж магадлалыг хүчингүй болгосон гэж ойлгож байна. Сахилгын хэргийн материалтай танилцахад “Ч.Т” ХХК болон “Д.Г” компанийн нэхэмжлэлтэй хэргүүд Н.Д шүүгчид хуваарилагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй учир тухайн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан А.Ц гэдэг хүнийг танихгүй, утсаар яриагүй. Н.Д-гийн шүүгчийн туслахын дугаараар ярьсан гэх зүйлийг хэлээд байгаа боловч А.Ц гэдэг хүнийг мэдэхгүй, танихгүй учир үүнтэй холбоотой тайлбараа өгсөн. Нөгөө талаас 3-4 удаа утсаар ярьсан гэх мэдээлэл бий. Тухайн үед Байгал орчин, аялал жуулчлалын сайд солигдож байсан юм билээ. Түүнчлэн н.Х гэх хүн Н.Д шүүгчид хуваарилагдсан хэргийн оролцогч биш учир хэргийн оролцогчтой харилцсан гэх ойлголт байхгүй. Иймд хяналтын тогтоолын Н.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                                                                      

                                                                     ХЯНАВАЛ:

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанд гаргасан шүүгч Н.Д-гийн гомдолд дараах хууль зүйн дүгнэлтийг өгсөн болно.

 

Нэг. Хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах эрхээр хангаагүй гэх хэсгийн тухайд:

 

Сахилгын хэргийн хуралдаанд өмгөөлөгчийн оролцох эрх, үүргийг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар зохицуулаагүй тул зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд оролцуулж, ингэхдээ холбогдох шүүгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль нэгний тайлбар, хүсэлтийг авах тухай сахилгын хорооны дүгнэлт нь Монгол Улсын хэд, хэдэн хууль тогтоомжоор олгогдсон хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаж буй талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар, мөн оны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар сахилгын хэргийн хуралдааны тогтоолуудаар нэгэнт дүгнэсэн билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа” авах нь хүний баталгаатай эдлэх эрхийн нэг бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн хувь хүн түүнийгээ хамгаалуулах, сэргээлгэхээр өмгөөлөгчийн туслалцаа авах эрхийг эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журамласан хуулиудаас гадна  Өмгөөллийн тухай, Хууль зүйн туслалцааны тухай зэрэг хуулиудаар тодруулан баталгаажуулсан ба хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй)-д буруутгагдаж буй хүний хувьд өмгөөлөгчийн туслалцаа авахыг хүссэн тохиолдолд уг эрхийг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан ямар нэгэн байдлаар хязгаарлах, эсхүл хориглох нь эдгээрт нийцэхгүй талаар урьд тогтсон.

 

Харин энэ сахилгын хэргийн хувьд Сахилгын хорооноос хянан үзэх хуралдааныг нээлттэй явуулахдаа холбогдох шүүгч Н.Д-г байлцуулан, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Д.Алтансүх нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуралдаанд оролцуулж, тайлбар, хүсэлтийг авах бололцоогоор хангасан нь шүүгч Н.Д-гийн Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах эрхийг илтэд хязгаарласан гэж үзэхээргүй байна.

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өмгөөлөгч нар байх бөгөөд ийм тохиолдолд шүүгч Н.Д-гийн хууль зүйн туслалцаа авах эрх нь хангагдсан, тухайлбал өмгөөлөгч нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоноос ялгаатай үр дагавар үүсгэхгүй тул түүний хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Харин сахилгын хорооны зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд оролцуулан холбогдох шүүгчийг хуралдаанд оролцуулаагүй (оролцогчоор) нь Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг тайлбарласан нь мөн хуулийн үзэл баримтлал, зорилгод нийцээгүй, оновчтой бус байх боловч хуулийг дээрх байдлаар хэрэглэсэн нь зөвхөн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн тохиолдолд Сахилгын хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийн 115.1.1, 115.1.2-т тусгасан үндэслэл бий болсон нь хянан үзэх хуралдааны шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, сахилгын хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад хүргэсэн эсэхийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас хянан үзсэний эцэст хяналтын тогтоолыг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ гэж ойлгох бөгөөд ийм нөхцөл байдал энэхүү хэрэгт тогтоогдсонгүй.

 

Хоёр. Сахилгын хэргийн баримт хуулбарлан авах эрхээр хангаагүй тухайд:

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд сахилгын хэргийн оролцогч Н.Д нь хэргийн материалтай танилцсан (1 дүгээр хавтаст хэргийн 149, 170 дугаар хуудас)-аас гадна тэрээр өөрийн гар утсаар хэргээс нотлох баримтын зургийг дарж авсан талаар илтгэгч гишүүний тайлбарт тусгагдсан байх бөгөөд шүүгч Н.Д нь “хэргийн материалтай танилцсан, бусад этгээдийн нууцтай холбоотой ямар нэгэн баримтыг хуулбарлаагүй. Хэрэв баримтад нууц баримт байгаа бол аливаа хэлбэрээр задруулахгүй” гэх нууцын баталгааг өгчээ.

 

Түүнчлэн, сахилгын хэргийн оролцогч Н.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нотлох баримт хуулбарлан авах тухай хүсэлтийг сахилгын хороонд гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул сахилгын хорооны зүгээс хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах, хуулбарлан авах эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд холбогдох шүүгч Н.Д-гийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны тогтоолыг хэвээр үлдээв.

 

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8 дахь хэсгийн 115.8.1-д заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, сахилгын хэргийн оролцогч шүүгч Н.Д-гийн гаргасан гомдлыг хангахаас татгалзсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Н.БАЯРМАА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

 

                                                                                         Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧИД                                                   Д.БАТБААТАР

 

    М.ПҮРЭВСҮРЭН