У.М-ийн нэхэмжлэлтэй, Б.Т-д холбогдох

Шүүгчийн нэр Г.Алтанчимэг
Шийдвэрийн огноо 2024.02.27
Шийдвэрийн дугаар 001/ХТ2024/00036
Хэргийн индекс 184/2023/04525/И
Маргааны төрөл Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хуулийн зүйл, заалт Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг
Шийдвэрлэсэн байдал

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2023.10.02, дугаар: 184/ШШ2023/03613
Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2023.12.15, дугаар: 210/МА2023/02153
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар: 001/ХТ2024/00036
Улаанбаатар хот


У.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/03613 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2023/02153 дугаар магадлалтай,

 

У.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй,

Б.Түмэнжаргалд холбогдох

 

Хүүхдийн тэтгэлгийн нөхөн төлбөрт 17,305,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удвалын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удвал, өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч Б.Түмэнжаргал, өмгөөлөгч Б.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч У.Мөнгөнцэцэг нь хариуцагч Б.Түмэнжаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах буюу 2002.01 дүгээр сараас 2018.07 дугаар сарыг дуусталх хугацааны хүүхдийн тэтгэлэгт 17,305,850 төгрөгийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/03613 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Түмэнжаргалаас төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлгийн нөхөн төлбөрт 17,305,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Мөнгөнцэцэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Түмэнжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 244,479 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2023/02153 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.02-ны өдрийн 184/ШШ2023/03613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Түмэнжаргалд холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлгийн нөхөн төлбөрт 17,305,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удвал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн буюу шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах зайлшгүй шаардлагатай байх тул нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалт болон ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “...шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах... ”, 172.2.3-д “...шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн...” заалтын үндэслэл бүрдсэн гэж үзэж хяналтын гомдлыг гаргаж байна.

4.1.Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т тус тус заасан ... шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, ... нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, ...шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн хуулийн заалт, мөн ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж зааснаар хэргийг нотлох баримтын хүрээнд үнэн зөв шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналгүйгээр шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн ач холбогдол болон хууль хэрэглээний хувьд ихээхэн эргэлзээтэй, үнэмшилгүй дүгнээд байгаад гайхаж байна.

Учир нь магадлалын хянавал хэсгийн 4.г-д дүгнэснээр бол хэрэгт 2016.05.27-ны өдрийн 92 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-ыг хүчингүй болсонтой холбоотой баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолын талаар талууд маргаан үүсгэсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, дээрх тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэгэнт дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх замаар хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм гэж нэхэмжлэлгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруугаар ойлгосон байдалтай дүгнэсэн байна. Мөн 4.д-д нөгөөтэйгүүр, талууд харилцан тохиролцон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байхаас гадна хариуцагч буюу тэтгэлэг төлөгч нь тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна гэжээ. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн утга болоод хэрэгг цугаларсан баримтыг буруу үнэлж зөвхөн хариуцагчийн нотлох баримтгүй тайлбарыг үндэслэлсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу миний ээж Ч.Удвал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчаар оролцож байх үед төлбөр төлөгч Б.Түмэнжаргал нь хүүхдийн тэтгэлгээс нийт 97,400 төгрөг төлсөн.

4.2.Би насанд хүрээгүй буюу бага насны хүүхэд байхад эцэг Б.Түмэнжаргал нь ийнхүү надад төлөх байсан тэтгэлэг төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, миний ээж Ч.Удвалд хэлэхдээ охиндоо нэг мөсөн газар шилжүүлж түүн дээрээ байшин барьж өгнө гэж амлаж, хуурч мэхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өргөдөл өгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан байсныг хожим мэдэж нэхэмжлэлийн шаардлага тодорхой гаргасныг давж заалдах шатны шүүх буруу шийдвэрлэсэн. Ер нь ч тэгээд давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль журмыг ноцтой зөрчсөн эсэх талаар болон анхан шатны шүүх өөр ямар хуулийг, эсхүл хуулийг хэрхэн яаж буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар огт тайлбар хэлээгүй нь шүүх практикт ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцлийг бий болгож, буруу жишиг тогтооход хүргэж магадгүйг эрхэм шүүгч нар анхаарах нь зүйтэй байна. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана” гэсэн заалтыг зөрчиж байгаа хэрэг бөгөөд хэргийг үндэслэлгүй, зөвхөн нэг талыг барьж шйдвэрлэж байгаагийн илрэл гэж үзэхээс өөр арга алга байна. Давж заалдах шатны шүүхийн энэ үйлдэл болоод магадлалыг хууль зүйн хувьд дүгнэвэл Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 44 дүгээр зүйлийн 44.1 зэрэг зүйлд заасныг зөрчиж байгаа хэрэг гэж ойлгогдож байгааг хэлэх хэрэгтэй.

4.3.Анхан болон давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.3-д заасан хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, дээд шүүхийн 2018.10.29-ний өдрийн №1 дугаартай зөвлөмжид “...Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно.”, мөн дээд шүүхийн 2016.05.10-ны өдрийн №2 дугаартай зөвлөмжид: “...Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн суурь юм” гэж зөвлөсөн тайлбаруудыг давж заалдах шатны шүүх огт анхааралгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон юм. Энэ мэтчилэн давж заалдах шатны шүүх хэргийг хэт хийсвэрээр шийдвзрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба ийнхүү дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удвалын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.02.07-ны өдрийн 001/ШХТ2024/00222 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ХЯНАВАЛ:

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

7.Нэхэмжлэгч У.Мөнгөнцэцэг нь хариуцагч Б.Түмэнжаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлэгт 17,305,850 төгрөгийг нөхөн гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг, “...Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001.11.12-ны өдрийн 999 дүгээр шийдвэрийг биелүүлээгүй хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн, 2016 онд ээж Ч.Удвалд тэтгэлгийн оронд газар өгнө гэсэн боловч өгөөгүй, иймээс төлөгдөөгүй тэтгэлгийн хэмжээгээр мөнгийг гаргуулна уу” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “... хүүхдийн тэтгэлгийн маргаан өмнө нь шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016.05.27-ны өдрийн 92 дугаартай тогтоолд төлбөрөө бүрэн төлсөн гэж дуусгавар болсон, газар өгөхөөр тохирсон, одоо өгөхөд татгалзах зүйлгүй, шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ.

 

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001.11.12-ны өдрийн 999 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрээр охин У.Мөнгөнцэцэгт эцэг Б.Түмэнжаргалаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн, У.Мөнгөнцэцэг нь 2000.07.26-ны өдөр төрсөн, одоо насанд хүрсэн, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2001.11.22-ны өдрөөс явуулсан боловч, ...97,400 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй,... шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч, авагч нар эвлэрч, газар өгөхөөр тохирч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон гэж маргах боловч эвлэрсэн гэдгийг нотлоогүй, мөн газрыг шилжүүлэн өгөөгүй тул хариуцагч үр хүүхдээ тэжээн тэтгэх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөгдөхгүй. 2016.05.27-ны өдөр төлбөр төлөгдсөн гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, У.Мөнгөнцэцэг насанд хүрсэн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх боломжгүй болсон нь тогтоогдсон. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн бол шүүх тэжээн тэтгүүлэгчийн нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болохоор заасан. Хариуцагч хүүхдийн тэтгэлгээс 1 удаа 2002 онд 97,400 төгрөгийг төлсөн, газар шилжүүлж борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах боломж олгоогүй зэрэг нь түүнийг хүүхдээ тэжээн тэтгэхээс зайлсхийсэн гэж үзэх хангалттай үндэслэл болно. Иймд хариуцагч Б.Түмэнжаргалаас 2002 оны 01 дүгээр сараас 2018 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны хүүхдийн тэтгэлэгт 17,305,850 төгрөгийг нөхөн гаргуулан нэхэмжлэгч У.Мөнгөнцэцэгт олгон шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн агуулгаар дүгнэсэн.

 

9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2001.11.22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2016.05.27-ны өдрийн 92 дугаар тогтоолоор “төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн” гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Төлбөр төлөгч Б.Түмэнжаргал нь өөрийн эзэмшиж буй газрын эрхийг шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлэгт тооцон өгөхөөр төлбөр авагчтай харилцан тохиролцсоныг хэн аль нь тайлбарласан. Нэхэмжлэгч У.Мөнгөнцэцэг нэхэмжлэлийн үндэслэлээ “... газрыг бодитоор хүлээн аваагүй, мөн тухайн газар нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй, тог татах боломжгүй, 3,000,000 төгрөгөөс илүү зарагдахгүй тул газрыг авахгүй” гэх агуулгаар, хариуцагч Б.Түмэнжаргалын хувьд “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн газрыг өгнө гэж эвлэрсэн, одоо ч газрыг өгөхөд татгалзах зүйлгүй, тухайн газар нь анхнаасаа эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан, ... нэхэмжлэгч өөрөө шилжүүлж авахгүй байгаа ...” гэж тус тус тайлбарласан байна. 2016.05.27-ны өдрийн 92 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын талаар талууд маргаан үүсгэсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэгэнт дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх замаар хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, нөгөөтэйгүүр, хариуцагч буюу тэтгэлэг төлөгч нь тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.” гэж дүгнэсэн байна.

 

10.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг өөрөөр тогтоож, улмаар зөрүүтэй шийдвэр гаргасан талаархи нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

11.Хэргийн баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001.11.12-ны өдрийн 999 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Түмэнжаргалыг 2000.07.26-нд төрсөн охин У.Мөнгөнцэцэгийн эцэг болохыг тогтоож, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар  шийдвэрлэсэн, дээрх шийдвэрийн дагуу 2001.11.22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан, энэ хугацаанд хариуцагч нь 2002 онд 97,400 төгрөг төлснөөс өөрөөр шүүхийн шийдвэрт заасан сар бүр төлөх төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй байсан нь тогтоогджээ.

Тухайн үед явуулж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгчийн 2016.05.27-ны өдрийн 92 дугаар тогтоолоор “төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн” гэх үндэслэлээр дуусгавар болгосон тухай баримт хэрэгт авагдсан байх боловч хүүхдийн тэтгэлэг төлөгдөөгүй буюу шүүхийн шийдвэр биелэгдээгүй талаар зохигч маргаагүй байна.

 

12.Анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад У.Мөнгөнцэцэгийг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл  сар бүр төлөх тэтгэлгийн төлөгдөөгүй хэсэгт хариуцагч Б.Түмэнжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 21–р хороо, Ар гүнт шархад гудамж-1-35 тоот гэсэн хаягт байршилтай өөрийн эзэмшлийн газрыг шилжүүлэн өгөхөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад харилцан тохиролцсон эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үндэслэл, түүний хууль зүйн үр дагавар, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх, үндэслэлтэй эсэх, улмаар хариуцагчийг хүүхдийн төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэж нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийн талаар өөр өөр дүгнэлт хийсэн байна.

 

13.Давж заалдах шатны шүүх, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоох үүргээ бүрэн биелүүлээгүйгээс Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

14.Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “тэтгэлэг төлөгч тэтгэлэг  төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын  нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно” гэж заасан.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн, Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоолоор  тэтгэлэг төлөгч ажил, хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран, тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргаагүй явдал нь хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан “тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн” гэсэн ойлголтод хамаарна гэж тайлбарласан байна.

 

15.Хариуцагч Б.Түмэнжаргал нь 2001 оны шүүхийн шийдвэрт заасан сар бүр тэтгэлэг төлөх үүргээс зөвхөн 1 жилийн буюу 2002 онд 97,400 төгрөгийг төлж, үүнээс хойш хүүхэд насанд хүрсэн / У.Мөнгөнцэцэг нь 16-18 настайдаа суралцаж байсныг хариуцагч маргаагүй/ 2018.07.26-ны өдөр хүртэл хугацаанд уг үүргээ биелүүлээгүй, харин хариуцагч нь 2016 онд өөрийн эзэмшиж байсан газрын эрхийг хүүхдийн тэтгэлэгт тооцон өгөхөөр төлбөр авагчтай харилцан хүсэл зоригоо илэрхийлж байсныг зохигч маргаагүй. Гэвч энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэж, талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эвлэрэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хэдэн төгрөгийн хуримтлагдсан тэтгэлэгт, ямар үнэлгээ бүхий газрыг хэзээ, хэрхэн шилжүүлэх талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нэгдмэл шийдэлд хүрч тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Иймээс газар өгөхөөр тохиролцсон, мөнгө гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч У.Мөнгөнцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удвалын өргөдөлд хариу өгсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 202.08.04-ний өдрийн 3/2737 тоот албан бичигт “...талууд харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул гүйцэтгэх бичиг баримтыг дуусгавар болгосон,...” гэсэн боловч тухайн албан бичгийн үндэслэл болсон хүсэлт хэрэгт авагдаагүй байна.

Иймд талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд харилцан тохиролцож эвлэрсэн, энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй.

 

16.Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2016.05.27-ны өдрийн 92 дугаар тогтоолд “... төлбөрөө бүрэн төлсөн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасныг баримталж Б.Түмэнжаргалд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэсэн хэдий ч төлбөр төлөгдөөгүй болох нь тогтоогдсон.

Түүнчлэн, дээр дурдсан Банкны төлбөр барагдуулах газрын 2023.08.04-ний өдрийн 3/2737 тоот албан бичигт ...тэтгүүлэгч хүүхэд насанд хүрсэн тул тэжээн тэтгүүлэх үүрэг дуусгавар болсон, гүйцэтгэх баримт бичгийг сэргээх боломжгүй гэжээ.

Эдгээрээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, уг ажиллагааг үргэлжлүүлэн явуулах хууль зүйн боломжгүй нь тогтоогдсоноос гадна шийдвэр гүйцэтгэх байгууллага “төлбөр бүрэн төлөгдсөн” үндэслэл зааж ажиллагааг дуусгавар болгосон нь бодит бус байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй, “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолын талаар талууд маргаан үүсгэсэн гэх байдал тогтоогдоогүй, тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэгэнт дуусгавар болсон ажиллагааг сэргээх замаар хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах чиг үүрэг бүхий байгууллага уг үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхэд хандаж тэтгэлгийг нөхөн гаргуулах  шаардлага гаргах эрхтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.

 

17.Хариуцагч нь нэгэнт 2002 оноос эхлэн хүүхдийн тэтгэлэг төлөөгүй, 2016 оноос хойш санал болгосон  газраа өгөх санаачилга гаргаж  шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, энэ цаг хугацаанаас хамаарч хүүхэд насанд хүрсэн эдгээр нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн үндэслэлд хамаарна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нь хуульд нийцэхгүй байна.

 

18.Иймээс анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн, хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн үүргийг 2001 оны 11 сараас эхлэн 2018 оны 7 сар хүртэл тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн, сар бүрээр тооцсон шийдвэр гүйцэтгэгчийн тооцооллыг үндэслэн 17,403,250 төгрөгөөс төлөгдсөн 97,400 төгрөгийг хасч, нийт 17,305,850 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч У.Мөнгөнцэцэгт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

19.Дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2023/02153 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/03613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 -т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                    

ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

 

                                                                        Н.БАЯРМАА

 

   Д.ЦОЛМОН