Г.А-д холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр М.Пүрэвсүрэн
Шийдвэрийн огноо 2024.02.28
Шийдвэрийн дугаар 2024/ХШТ/23
Хэргийн индекс 106/2023/0576/Э
Маргааны төрөл None
Хуулийн зүйл, заалт 15.1.3
Шийдвэрлэсэн байдал

Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2023.09.25, дугаар: 748
Анхан шатны шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2023.12.14, дугаар: 1198
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар: 2024/ХШТ/23
Улаанбаатар хот


 

Г.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 748 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1198 дугаар магадлалтай, Г.А-д холбогдох 2005020620865 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ......-д мэдээгүйжүүлгийн их эмч ажилтай,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дугаар сарын .....-ны өдрийн .... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д  зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Г.А

 

Шүүгдэгч Г.А нь .....-ийн мэдээгүйжүүлгийн их эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зүүн хөлийн шилбэнд хадсан түгжээт хадаасыг авах мэс засалд орохоор төлөвлөгдсөн өвчтөн М.М-т нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийх стандартын 6, 10-т заасан мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэг, хяналт хийх, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтаар баталсан мэдээгүйжүүлгийн эмчийн мэс заслын өмнөх үзлэг хийх, үзлэгийн хуудас бөглөх, хагалгаанд орохын өмнөх харшлын асуумж авах зэрэг хийвэл зохих эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор хэрэгжүүлэлгүй мэдээгүйжүүлэх тариа хийсний улмаас өвчтөн М.М-т эмийн харшил буюу эмийн бодисын хэт мэдрэгшлийн шоконд орж олон эрхтний дутагдлаар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.А-г эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хяналтын бүсийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар иргэний хариуцагч ......-өөс гэм хорын хохиролд 5,963,600 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 90,300,000 төгрөг, нийт 96,263,600 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-д олгож, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад хэг нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинж нь эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой. Улсын дээд шүүхийн тайлбараар зохих ёсоор биелүүлээгүй гэдэг ойлголт нь хууль зүйн ойлголт бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ... стандарт, удирдамж, технологийг зөрчсөн, дагаж мөрдөөгүй үйлдэл, эс үйлдэхүйг эргэлзээгүй нотолж тогтоосон байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй байхад шүүх “... Мэс заслын өмнөх үзлэг, мэдээгүйжүүлгийн явц, сэрээх үеийн хяналтын хуудас бөглөөгүй, мэс заслын өмнөх үзлэг хийгээгүй нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Мэдээгүйжүүлэгч эмч нь дээрх хяналтын болон мэдээгүйжүүлгийн хуудасгүйгээр мэдээ алдуулалт хийх ямар ч боломжгүй бөгөөд мэс заслын эмчийн өвчний түүхээс тусад нь уг хуудсыг бөглөж, хэрэглэсэн бодис, түүний тун, амин үзүүлэлтийн тэмдэглэл хийж мониторын мэдээллийг уг хуудаст цаг, минутаар тэмдэглэж мэс заслыг дуусгадаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өвчтөн М.М-ийн 22815 дугаартай өвчний түүхийг хуулбарлан авахдаа мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудсыг аваагүй орхисон бөгөөд уг дутуу материалыг шинжээч нарт хүргүүлж дүгнэлт гаргуулсан нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмыг ноцтой зөрчсөн. Үүнийг давж заалдах шатны шүүх магадлалдаа хүлээн зөвшөөрч дүгнэсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргаж өгсөн албан ёсны хуулбар хуудсыг нотлох баримтаар тооцоогүйг зөв гэж үзсэн. Шүүгдэгч нь шинээр нотлох баримт гаргаж өгөх эрхтэй бөгөөд шүүх уг нотлох баримтыг эргэлзээтэй гэж үзвэл дахин шалгах, эсхүл прокурорт даалгавар бичиж шалгуулж, бэхжүүлж цуглуулах үүрэг хүлээлгэх ёстой атал шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөх нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдлыг буруу тогтоосон шийдвэр гаргахад хүргэсэн.

Өвчтөнөөс харшилтай эсэх талаар асуумж аваагүй, харшлын сорил тавих үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 22815 дугаартай өвчний түүхэнд “Асуумж” гэсэн хэсэгт “байхгүй” гэж тэмдэглэснийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаартай дүгнэлт /Хэргийн 1-р хавтасны 58-60/-ийн 5 дахь хэсэгт “мэдээгүйжүүлгийн эмч мэдээгүйжүүлэлт хийхийн өмнө харшилтай эсэх талаар асуумж авах ёстой. Үүнийг хийгээгүй байна” гэж илтэд буруу дүгнэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй №103 дугаартай дүгнэлтэд “мэдээгүйжүүлгийн хуудас байхгүй тул ...” гэсэн нь урьд дурдсан өвчний түүхийг хуулбарлан авахдаа орхигдуулсан мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудсыг шинжээч нарт ирүүлээгүй болохыг нотолсон. Уг 103 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Л.Г өөрийн нарийн мэргэжлийн асуултад хариулсан дүгнэлтдээ “... 4/Хагалгаа мэдээгүйжүүлгийн өмнө харшлын анамнез авсан байна. Энэ тухай өвчний түүхэнд тэмдэглэжээ. 5/Мэдээгүйжүүлгийн өмнө тухайн эмэнд харшилтай эсэхийг тодорхойлох сорил тавих заалтгүй” /Хэргийн 1-р хавтасны 217/, дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Өвчний түүхүүдэд мэдээгүйжүүлгийн картыг /хуудас/ хэргийн хавтсанд хийгээгүй байх тул өвчний түүхийн хавсралт хэсэгт хадгалагддаг мэдээгүйжүүлгийн картыг хувилж хавсаргах нь зүйтэй” /Хэргийн 1-р хавтасны 218/ гэж бичсэн нь шинжээч нараар дүгнэлт гаргуулахдаа уг карт /хуудас/-ыг хүргүүлээгүй болохыг баттай нотолсон байдаг. Дээрх 103 дугаартай дүгнэлтээр Г.А-г гэм буруутай гэж үзэх үндэслэл, гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн атал шүүх зөв дүгнэлт хийгээгүй.

Мэс засал хийхийн өмнө мэдээ алдуулалт хийх эм тариаг /хэд хэдэн эмийн бодис хавсарч хийдэг/ заавал сорил тавьж хэрэглэх талаар эмчилгээний стандарт байхгүй, энэ тухай нарийн мэргэжлийн шинжээч нар дүгнэлт гаргаж, мэдүүлэг өгсөн атал шүүх сорил тавиагүйгээс өвчтөн хохирч нас барсан гэж буруу дүгнэлт хийсэн. Шүүх хуралдаанд шинжээч Л.Г, Ц.Г нарыг оролцуулах хүсэлтийг хүлээн авсан боловч шинжээч нарыг ирээгүй байхад шүүх мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн хувьд Г.А-г урьд гэмт хэрэг үйлдэж Өршөөлийн хуульд хамрагдаж байсан хувийн байдалд шүүх үндэслэн үнэлэлт дүгнэлт өгч, тодорхой хэмжээгээр нөлөөлөн шийдвэрлэсэн гэж үздэг.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, цаашид мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батдулам хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч “... мэдүүлгийн хуудсыг бөглөх үүрэггүй, би коридорт таараад харшилдаг эм, тариа бий эсэхийг асуухад өвчтөн байхгүй гэж хэлж байсан” гэж мэдүүлсэн. Анхнаасаа асуумж аваагүй болох нь нотлогддог. Мөн эмчилгээ эрхэлсэн .......-ийн эмнэлгийн эрх бүхий хүмүүсийг гэрчээр асуухад анх эмнэлэгт хэвтүүлэх үедээ мэс заслын өмнөх асуумж аваагүй болохыг нотолсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шинжээчийн дүгнэлт гаргах тухайн цаг хугацаанд мэргэжлийн хяналт татан буугдах нь нэгэнт тодорхой болсон байсан. Шинжээч томилох гэсэн боловч манайхан амралтаа авсан гэх шалтгаанаар шинжилгээ хийгээгүй. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас таван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг бүрэлдэхүүн томилсон. Тус таван бүрэлдэхүүнтэй багийн хүмүүс нь доктор, профессор цолтой ба мэдээгүйжүүлэлтийн талаар нарийн мэргэшсэн салбар тус бүрээс орсон. Энэ хүмүүс хороондоо саналын зөрүүтэй. Гэхдээ хамгийн сүүлд эцэслэсэн дүгнэлтэд “4.Өвчтөнд мэдээгүйжүүлэлтээс өмнө хийгдвэл зохих асуумжийг 2018 онд мэс засал хийх үед авсан байх ба 2020 оны 22815 тоот дугаартай дахин хэвтэх үеийн өвчтөний түүхэнд асуумж бөглөөгүй байна. Мөн мэдээгүйжүүлэлтийн хуудас байхгүй тул мэдээгүйжүүлгийг тариа, тун хэмжээний талаар дүгнэлт хийх боломжгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тийм учраас түүнд маргаан байхгүй. Нотлох баримтаар нотлогдож байгаа учраас шүүх бүрэлдэхүүн шинжээчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь зүйтэй байна. Ар гэрийнхэнд нь “өвчтөн эмчилгээг даалгүй нас барчихлаа” гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс энэ нь хохирол, хор уршиг учирсан учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.А-г эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, заавар, стандарт зэргээр “эрүүл мэндийн ажилтан нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” үүрэгтэй бөгөөд мэдээгүйжүүлэлтийн эмчийн мэс заслын өмнөх үзлэг хийж, хуудсыг бөглөөгүй, хагалгаанд орохын өмнөх харшлын анамнезын талаар асуумж авах зэрэг хийвэл зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн М.М нас барсан үйл баримт тогтоогдсон. Энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Харин шийтгэх тогтоолд дурдагдсан зарим асуудлыг тодруулан тайлбарлах нь зүйтэй. Үүнд:

1.Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц сэрээх үеийн хяналтын хуудсыг гаргаж өгсөн бөгөөд үүнийг хэн, хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн болох нь тодорхойгүй байна. Учир нь эхний шинжилгээ буюу талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар ажилласан шинжээч эмч ........-д байрлан холбогдох бичиг баримттай танилцаж, үзлэг оношилгоо хийсэн, 2 дахь шинжилгээг гаргуулахаар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгч Д.Хосбаярын тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү томилсон бөгөөд тогтоолын хамт талийгаачийн өвчтөний түүх, холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн байдаг. Эдгээр баримт бичигт дээрх хяналтын хуудас байхгүй байсан талаар 3 удаагийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудад дурдагдсан байдаг. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөгч, прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй учраас шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон гэж гомдол гаргадаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа хийснээс хойш 3 жилийн дараа буюу шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс гэмтлийн эмнэлгийн дардас бүхий 1 хуудас баримт гаргаж өгсөнтэй танилцахад тухайн үед яагаад хэрэгт байхгүй байсан, хэрэг шалгагдах явцад яагаад шүүгдэгч гаргаж өгөөгүй, үнэхээр өвчтөнд мэдээгүйжүүлэлт хийгдэхээс өмнө тус баримтыг үйлдсэн бол талийгаачийн гарын үсэг яагаад байхгүй байгаа зэрэг эргэлзээг мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.А-ын гэрчээр өгсөн “тухайн үед би хяналтын хуудас бичээгүй, өвчтөнтэй коридорт таарсан” гэсэн мэдүүлэг нь тайлж байх тул уг хяналтын хуудсын эх сурвалжийг тодруулах шаардлагагүй, шүүхээс тус баримтыг нотлох баримтаар үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

2.Шүүгдэгч Г.А урьд 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй, хориглосон заалтад хамаарахгүй. Харин шүүгдэгчийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарах боловч шүүхээс түүнд хорих ял оногдуулаагүй, түүнчлэн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй зэрэг нөхцөл байдал нь тус хуулийн 4.1 дүгээр зүйлд хамрагдах боломжгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

3.Шийтгэх тогтоолд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зорилгоор иргэний хариуцагч ......-өөс 90,300,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарахгүй. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарахгүй тул шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн Г.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2.Хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар ........-ийн мэдээгүйжүүлэгч их эмч Г.А нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зүүн шилбэнд хадсан түгжээт хадаас авах мэс засал хийхээр төлөвлөгдсөн өвчтөн М.М-т Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3, Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийх стандартын 6, 10, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтын дагуу мэс заслын өмнөх үзлэг хийх, үзлэгийн хуудас бөглөх, хагалгаанд орохын өмнөх харшлын асуумж авах зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүйгээр мэдээгүйжүүлэх тариа хийсний улмаас өвчтөн М.М эмийн харшил буюу эмийн бодисын хэт мэдрэгшлийн шоконд орж олон эрхтний дутагдлаар нас барсан үйл баримт нотлогдсон талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс Г.А-г өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна гэж хяналтын шүүх дүгнэв.

 

3.Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ санаатай зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд үүний улмаас хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан байх шалтгаант холбоог агуулна.

Гэм буруугийн хэлбэр нь хүндэтгэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйдээ санаатай, харин хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжтэй байна.

Мэс заслын өмнөх мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээнд “Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг MNS6204:2010” стандартыг мөрдөж ажиллах бөгөөд мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээгүйжүүлэх явц, үр дүнгийн талаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэдээгүйжүүлгийн эмчийн мэс заслын өмнөх үзлэг, мэдээгүйжүүлэлтийн явц, сэргээх үеийн хяналтын хуудас”-т тэмдэглэхээр заажээ.

 

“Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг MNS6204:2010” стандартын 6 дугаар зүйлд мэдээгүйжүүлгийн эмчийн үзлэг хийх асуудлыг зохицуулсан байх ба 6.1-д “... Өвчтөнийг урьдчилан үзэж ASA ба бусад эрсдэлийн зэргийн ангиллаар үнэлж дүгнэсэн байна”, 6.2-т “Биеийн ерөнхий байдал, дагалдах өвчнүүдийг илрүүлэн дүгнэхийн хамт төлөвлөж байгаа мэдээгүйжүүлгэд өвчтөн яаж хандахыг тандана”, 6.4-д “Өвчтөн хагалгааны ба мэдээгүйжүүлгийн үед ямар байдалтай байх, юу мэдэрч болохыг бүрэн тайлбарлаж өгөх хэрэгтэй” гэж тус тус зааснаас гадна мөн стандартын 9 дүгээр зүйлд зааснаар мэдээгүйжүүлэх бодисын харшил нь хориглох заалтад багтсан байна.

 

Гэрч, мэдээгүйжүүлгийн сувилагч Я.Э-ийн “... тухайн үед ажил үүргийн хуваарийн дагуу өвчтөний гарын шуунд уян зүү тавьж, даралт үзсэн. Унтуулгын эмч Г.А орж ирэхээр нь нугасанд тарих бупивакайныг эмчид өгсөн. Эмч Г.А тарианаас соруулж өвчтөнийг өндийлгөж суулгаад нугасанд хийсэн... Тариа хийхээс өмнө сорил тавиагүй. Сорил тавихгүйгээр өөрөөс нь асуумжаар мэдэх боломжтой ...” /Хэргийн 1-р хавтасны 28-р тал/, яллагдагч Г.А-ын “... маргааш хагалгаанд орохоор төлөвлөсөн өвчтөн М-тэй коридорт тааралдаад “Өмнө нь хэзээ хагалгаанд орсон, ямар нэгэн хүндрэл байсан уу” гэж асуухад “Хоёр жилийн өмнө хагалгаанд орсон, харшил байхгүй, хагалгааны дараа дотор муухай оргиод бөөлжсөн” гэж хариулсан... өвчтөн хагалгааны өрөөнд орж ирэхэд судсанд уян зүү тавьж, хагалгааны талбайг ариутган нугасны L3-L4 түвшинд бупивакайн хийсэн. Тарьсны дараа өвчтөн орь дуу тавьж, таталт өгсөн ...” /Хэргийн 2-р хавтасны 112-р тал/, “... шинжилгээ бүрэн эсэхийг хянаж дүгнэлт хийнэ, мэдээгүйжүүлэг хийхдээ арьсан доор тариаг тарьж сорил тавьдаг байгаа. Урьд хагалгаанд ороход ямар нэгэн хариу урвал илэрч байгаагүй гэж өөрөө хэлсэн учраас сорил тавиагүй ...” /Хэргийн 1-р хавтасны 18-р тал/, “... тухайн үедээ харшилтай эсэх талаар асуумж аваагүй ...” /Хэргийн 1-р хавтасны 138-р тал/, гэрч, .......-ийн чанарын албаны дарга Б.Б-ын “... М.М гэх эмэгтэй нас барсан асуудлаар чанарын албанаас талийгаачийн өвчний түүхийг хянаж үзсэн. Эмч Г.А мэдээгүйжүүлгийн хуудсыг яагаад бөглөөгүйг хэлж мэдэхгүй. Өвчний түүхийг харлаа, мэдээгүйжүүлгийн хуудас байхгүй байна” /Хэргийн 2-р хавтасны 20-р тал/ гэсэн мэдүүлгүүд болон өвчний түүх, удаа дараагийн шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр шүүгдэгч Г.А нь нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийх стандартын дагуу өвчтөнийг биеэр үзэх, эрүүл мэндийн байдлыг тандах, харшлын асуумж авах зэрэг үүргээ хэрэгжүүлэлгүй, хохирогч М.М-ийг хоёр жилийн өмнө хагалгаанд орох үед хүндрэл гараагүй гэдэгт тулгуурлан шууд мэдээгүйжүүлэг хийж албан үүрэгтээ хэт хайнга, хариуцлагагүй хандсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын “... Г.А-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зааснаас үзвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг зөвхөн хуулиар эрх олгогдсон албан тушаалтан цуглуулж, бэхжүүлнэ.

 

Харин хэргийн оролцогч болох яллагдагч, хохирогч, тэдгээрийг төлөөлөх эрх бүхий хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хувьд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий гэж үзсэн баримтаа мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөх эрхтэй бөгөөд мөрдөгч, прокурор хүлээн авч хэрэгт хавсаргах үүрэгтэй байна. Ийнхүү хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг мөрдөгч, прокурор хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу бэхжүүлэх, эх сурвалжийг магадлах, түүнчлэн тухайн баримтад агуулагдаж буй мэдээлэлтэй холбоотой шинэ нотлох баримт цуглуулах зэрэг хуульд заасан ажиллагаа хийгдэх учиртай.

 

Дээрх байдлаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх явцад хэргийн оролцогчийн оролцоог хангасан нь шударга ёсны зарчимд нийцэх боловч гагцхүү нотлох үүргийн хүрээнд шүүхийн өмнөх шатанд хэрэгжихээр хуульчлагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгөх эрхтэй гэж гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Г.А-оос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн “Мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэргээх үеийн хяналтын хуудас” нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цугларсан байх тул хоёр шатны шүүх нотлох баримтаар тооцоогүй нь зөв байна.

   

5.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

 

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтийн дагуу иргэний хариуцагч .......-өөс сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 90,300,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг байна. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журам тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.

 

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

 

Нэгэнт хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байхад хоёр шатны шүүх “... хуулийг буцааж хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж гэм хорын асуудлыг шийдвэрлэжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсан тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгохоор тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 748 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар иргэний хариуцагч ........-өөс хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 90,300,000 төгрөг гаргуулсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1198 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД                                               С.БАТДЭЛГЭР

 

М.ПҮРЭВСҮРЭН

 

Ч.ХОСБАЯР

 

Б.ЦОГТ