Шүүгчийн нэр | Г.Алтанчимэг |
Шийдвэрийн огноо | 2024.04.02 |
Шийдвэрийн дугаар | 001/ХТ2024/00062 |
Хэргийн индекс | 156/2022/00207/И |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах гэрээ |
Хуулийн зүйл, заалт | Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 94.3 |
Шийдвэрлэсэн байдал | Шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2023.11.16, дугаар: 156/ШШ2023/00601 |
Анхан шатны шүүх | Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2024.01.18, дугаар: 226/МА2024/00001 |
Давж заалдах шатны шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
Н.Б-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 156/ШШ2023/00601 дүгээр шийдвэр,
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2024/00001 дүгээр магадлалтай,
Н.Б-ы нэхэмжлэлтэй,
Ч.А-д холбогдох
Үндсэн нэхэмжлэл: Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 63,000,000 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэл: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн 118,425,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлд илүү төлсөн 90,400,000 төгрөг буцаан гаргуулах, барилгын арчлалт, засан сайжруулалтанд гарсан зардал 31,390,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ч.Ад холбогдуулан Х аймгийн Ц сумын 4 дүгээр баг, Б О 3 гудамж, ** тоотод байрлах 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай Ү-1807000065 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Агийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, түрээсээс олох байсан орлого 63,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулсан ...хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг зээлээр худалдах-худалдан авах тухай аман хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн 118,425,000, барилгын арчлалт, засан сайжруулалтад гарсан зардал 31,390,000, зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 90,400,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Н.Баас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2.Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 156/ШШ2023/00601 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар Х аймгийн Ц сумын 4 дүгээр баг, Огзом 3-р дугаар гудамж 09 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Агийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Н.Баас 110,241,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Ад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн гэх 8,184,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 94.3-д зааснаар нэхэмжлэгч Н.Бы хариуцагч Ч.Агаас олох байсан орлого 63,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлага, хариуцагчийн засан сайжруулалтад гаргасан зардал 31,390,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 281.1, 282.1, 282.3-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлага, мөн зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох зээлэнд илүү төлсөн 90,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөг, хариуцагчийн төлсөн 995,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 709,155 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.
3.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2024/00001 дүгээр магадлалаар: Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 156/ШШ2023/00601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, өмгөөлөгч М.Ц нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2.-т тус тус заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байтал үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Талуудын хооронд хуульд зааснаар бичгээр болон бодит үйлдлээр зээлийн ямар ч харилцаа үүссэн гэх нотлох баримт байхгүй болно. Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 282 дугаар зүйлийн 282.3-т эаасныг анхаарч үзсэнгүй.
4.1.Хариуцагч Ч.Агийн зүгээс Д.Цг хамтран хариуцагчаар оролцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Н.Бы нэхэмжлэлтэй нэгтгэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасантай нийцээгүй. Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд хариуцагчийг сонгох эрхийг зөвхөн нэхэмжлэгч эдлэх юм.
Шүүх сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээний үүргийн хэмжээ, төлбөр төлсөн байдал, тооцоолол зэрэгт маргаантай байсан тул Д.Цд холбогдох зээлийн маргааныг энэ маргаантай хамтатган хэлэлцэх нь учир дутагдалтай байсан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасныг зөрчиж, гуравдагч этгээдийн асуудлыг энэ хэрэгт хамааруулан шийдвэрлэж, улмаар маргааны гол агуулгаас хальсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох учиртай. Тодруулбал, 2023.11.16-ны өдрийн шүүх хуралдаанаар Ч.Агийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдаж буй зээлийн харилцаа нь нэхэмжлэгч Н.Бтай бус, түүний эхнэр Д.Цтай үүссэн, түүнээс зээлийн мөнгөн хөрөнгийг авч, буцаан түүнд төлж байсан талаар тайлбарласан. Энэхүү тайлбарыг мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тайлбарладаг.
Түүнчлэн хариуцагч Ч.Агийн гаргасан зээлийн эргэн төлөлтийн тооцоолол гэх баримтад “нэхэмжлэгч Н овогтой Б-ы эхнэр Д овогтой Ц-аас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн байдал” гэсэн баримтыг хэрэгт хавсаргасан болохыг дурдаж байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 281.1, 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох зээлд илүү төлсөн 90,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтаар хэнд холбогдуулан гаргасан буюу Ч.Агийн тодорхойлсноор Д.Цгаас мөнгөн хөрөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа талаар огт дурдаагүй. Учир нь Н.Бы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Д.Ц нь хэргийн оролцогч бус этгээд юм. Хариуцагч Д.Ц нь ямар нэгэн хэргийн зохигчоор хэрэгт оролцсон эсэх нь давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой бус. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих зохицуулалт байхгүй, нэхэмжлэл эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хуульчилсан.
4.2.Шүүх хариуцагч Ч.Агийн Д.Цгаас авсан зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байсан. Шүүхийн шийдвэрээр зээлтэй холбогдох хэсгийг дүгнэсэн учир зээлийн тооцооллын асуудлаар гомдол гаргаж байна. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “...нэхэмжлэгч Н овогтой Б-ы эхнэр Д овогтой Ц-аас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн байдал...” гэсэн баримтад зээлийн эргэн төлөлтийг хэрхэн яаж төлсөн талаар дурдаж, түүний хавсралтаар банкны дансны хуулгыг гаргасан.
Тодруулбал, зээлийн тодорхой хэсгийг бэлнээр, дансаар гэж тайлбарлаж байхад шүүх тухайн баримтыг, нэхэмжлэгч Н.Бы Д.Цгийн дансны хуулгаас зээлийг тооцсон тооцоололтой харьцуулалгүйгээр дур мэдэн Н.Бы дансны хуулгаар зээлийн тооцооллыг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т заасантай нийцсэнгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн аль хэсгийг нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт, аль хэсгийг нь зээлийн гэрээний үүрэгт, аль хэсгийг нь Н дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан болохыг нарийн зааглаж, тодорхойлж чадаагүй байхад шүүх дур мэдэн данс руу орсон гарсан орлого, зарлагыг зээлийн төлбөр тооцоонд үнэлэх, цаашилбал үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний төлбөр тооцоонд үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.
4.3.Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тооцохдоо нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй. Шүүх зээлийн гэрээний тооцооллыг хийхдээ банкны дансны хуулгаас мөнгө орсон, гарсан гүйлгээг дур мэдэн үнэлсэн талаар гомдолд дурдсан. Тодруулбал, нэхэмжлэгч Н.Б хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд тухайн дэлгүүрээс хариуцагч Ч.А нь маргаан бүхий цайны газартаа зориулж хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авдаг, зээлдэг байсан, түүнчлэн түүний дансаар Д.Цтай байгуулсан зээлийг буцаан төлдөг байсан ба үүнийг шүүх нарийн зааглалгүйгээр дурын гүйлгээг түүвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгчээс өмнө гаргасан давж заалдах гомдолд хавсаргасан тооцоололд аль гүйлгээ нь Н дэлгүүрийн төлбөр тооцоо, аль нь зээлийн харилцаанд зориулсан гүйлгээ болохыг нарийвчлан тооцсон.
Өөрөөр хэлбэл, Н дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан төлбөр тооцоо, зээлийг буцаан төлсөнтэй холбоотой төлбөр тооцоог үндэслэл бүхий тооцож үзээгүй учир үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зөв тооцож чадаагүй. Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, мөнгөн хөрөнгийн зээл зэрэг олон төрлийн харилцааг зааглан ялгаж, тэдгээр харилцаа тус бүрийн гүйцэтгэлийг бүрэн дүгнэж чадаагүй нь процессын алдаатай шийдвэр гаргахад нөлөөлсөн. Угтаа хэргийн зохигчоор тооцоог нягтлуулан, хэн алины тооцоо үндэслэлтэй болохыг ялган зааглан, зөрүү гарвал түүнийг хуульд нийцүүлэн шүүх дүгнэх учиртай байсан. Мөн хэрэгт байхгүй баримтад үндэслэн үл хөдлөх хөрөнгийн үнэ төлсөн талаар тооцоолол хийсэн.
Түүнчлэн, үл хөдлөх хөрөнгийн үнэд шилжүүлсэн мөнгө гэсэн шүүхийн шийдвэрт бичигдсэн хүснэгтэн мэдээллийн 2018.11.15-ны өдрийн 2,737,000 төгрөг, 2018.12.15-ны өдрийн 2,737,000 төгрөг, 2019.01.15-ны өдрийн 2,373,000 төгрөг, 2019.02.15-ны өдрийн 2,737,000 төгрөг, 2019.04.15-ны өдрийн 2,420,000 төгрөг, 2019.05.15-ны өдрийн 2,737,000 төгрөг, 2019.06.15-ны өдрийн 1,000,000 төгрөг, 1,737,000 төгрөг, 2019.08.15-ны өдрийн 2,730,000 төгрөг, 2019.09.15-ны өдрийн 3,737,000 төгрөг, 2019.02.15-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2019.11.15-ны өдрийн 2,737,000 төгрөг, 2020.01.15-ны өдрийн 1,737,000 төгрөг, 2020.02.15-ны өдрийн 1,380,000 төгрөг, 620,000 төгрөг, 2020.04.15-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2020.06.15-ны өдрийн 2,000,000 төгрөг, 2020.08.15-ны өдрийн 2,737,000 төгрөгийн гүйлгээнүүд нь хэрэгт авагдсан хариуцагч Ч.Агийн дансны хуулгад байхгүй. Тодруулбал, хариуцагч Ч.А нь дээр дурдсан гүйлгээг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүйгээс гадна, шүүхийн шийдвэрийн хүснэгтэн мэдээллийн “хуудасны тоо” гэсэн хэсэгт бичигдсэн хэргийн хавтас, хуудасны тоогоор тулгавал тухайн гүйлгээг Ч.Агийн нэр дээрх данснаас бус, өөр этгээдийн дансаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгүүд байна. Гэтэл шүүх үүнийг Ч.Агийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар шилжүүлсэн гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4.4.Шүүхийн шийдвэрийн “...үл хөдлөх хөрөнгийн үнэд шилжүүлсэн мөнгө..” гэх хүснэгтэд дурдсанаар зарим гүйлгээний утга, мөнгөн дүнг огт анхаарч үзэлгүйгээр бүхэлд нь худалдах-худалдан авах гэрээний төлбөр гэж дүгнэсэн. Тодруулбал, 2019.02.15-ны өдрийн Э-с гэсэн утгатай гүйлгээ, 2019.04.15-ны өдрийн “а” гэсэн утгатай гүйлгээ, 2019.06.15-ны өдрийн “Н зоог” гэсэн утгатай 2 удаагийн гүйлгээ, 2019.08.15-ны өдрийн “Н зоог зээл” гэсэн утгатай гүйлгээ, 2019.10.15-ны өдрийн “зээл” гэсэн утгатай гүйлгээ, 2020.01.15-ны өдрийн “орлого” гэсэн утгатай гүйлгээг нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ч.Агийн Н дэлгүүрээс зээлж авсан бараа бүтээгдэхүүний үнэ болон Д.Цгаас авсан зээлийн эргэн төлөлт гэж тайлбарлаж маргадаг. Шүүх дээрх гүйлгээг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой үнийн дүнд оруулж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй.
4.5.Шүүхээс сар бүр төлж байсан 2,737,000 төгрөг нь үл хөдлөх хөрөнгийн үнэд төлж байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гээд шүүхийн шийдвэрийн 16 дугаар талд бичигдсэн хүснэгтэн мэдээллээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэгт дансаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нийтдээ 60,241,000 төгрөг гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагчийн тайлбарлаж буйгаар зарим саруудад 2,737,000 төгрөг төлөөгүй байхад шүүх түүнийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн мэтээр үнэлсэн. Тухайлбал, 2019.06.15-ны өдрийн гүйлгээ, 2019.09.15-ны өдрийн гүйлгээ, 2019.10.15-ны өдрийн гүйлгээ, 2020.04.15-ны өдрийн гүйлгээ, 2020.06.15-ны өдрийн гүйлгээ нь хариуцагчийн тайлбарт дурдсан үнийн дүнтэй тус тус таарахгүй байна.
4.6.Анхан шатны шүүх Н.Бы нэхэмжлэлтэй, Ч.Ад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч Н.Б болон түүний эхнэр Д.Цд холбогдуулан зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлд илүү төлсөн 90,400,000 төгрөг буцаан гаргуулах сөрөг шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Цг хамтран хариуцагчаар татаж, түүний хүлээх үүрэг, эдлэх эрх зэргийг танилцуулсан байдаг.
Гэтэл шүүх тухайн иргэний хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн “удиртгал” хэсэгт Д.Цгийн талаар, тогтоох хэсэгт дээрх сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэнд холбогдуулж гаргасан талаар огт дурдаагүй. Гомдлын 3.1-д дурдсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байсан.
4.7.Нэхэмжлэгч Н.Б нь 2022.04.11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч миний өмчлөлийн Х аймгийн Ц сумын 4 дүгээр баг, Б О 3 гудамж, ** тоотод байрлах, 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү...” гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар...үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Агийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү...” гэж өөрчилсөн байдаг.
Тодруулбал, хариуцагч Ч.А нь хууль бус хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоож, чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байсан. Гэтэл шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шүүхийн шийдвэрт огт дүгнээгүй. Харин давж заалдах шатны шүүхээс хариуцагч Ч.Аг шударга эзэмшигч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар зохицуулсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон атал энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ түүний хууль зүйн үндэслэлийн зарим хэсэгт дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ч.Агийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, 63,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон боловч шүүх гомдлын 3.2-т дурдсанаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэж гаргасан шаардлагыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан атлаа хууль бус эзэмшилтэй холбоотой 63,0,00,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Н.Б нь хариуцагчаас 63,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ч.А нь 2014.09 дүгээр сараас нэг жилийн хугацаатайгаар маргаан бүхий Х аймгийн Ц сумын 4 дүгээр баг, Б О 3 гудамж, 09 тоотод байрлах 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан бөгөөд 2015 онд түрээслэхээ больж байсан...Иймд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.Агаас 63,000,000 төгрөгийг гаргуулж Н.Бд олгож өгнө үү...” гэж тодорхойлдог. Иргэний хуулийн 492 дугаар 492.1, 492.1.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ. Нэхэмжлэгч талаас 63,000,000 төгрөг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээр дурдсан хуулийн зохицуулалтыг дурдаж, мэтгэлцсэн байтал үүнд дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, 2017.08.01-ний өдөр Н.Б болон Ч.А нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь хожим хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1,-д зааснаар “буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашигласантай холбоотой олсон орлого, үр шимийг Ч.А нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Энэхүү гомдлын 3.2.-т нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх буюу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүх дүгнээгүй талаар бичсэн. Шүүхийн шийдвэрийн 20 дугаар талд “...нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болох үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай шаардлага хангагдсан тул...” гэжээ. Улсын тэмдэгтийн хураамж хэрхэн шийдвэрлэж буй дүгнэлтийн хэсгээс нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага хангасан талаар мэдсэн. Шүүх нэхэмжлэгч Н.Бы хариуцагч Ч.Агийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлэхтэй холбоотой шаардлагыг дээр дурдсан шүүхийн шийлдвэрийн 20 дугаар талд дурдсанаар хангаж буй тохиолдолд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үр дагаврын асуудал яригдах учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг шүүхээс хангасан бол хариуцагч Ч.Агаас 63,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох байсан.
Нөгөөтэйгүүр, хариуцагч Ч.Агийн эзэмшил хууль бус биш, харин хууль ёсны гэж үзвэл, дээр дурдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил чөлөөлөгдөх учиртай. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, санхүүгийн тооцоолол алдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т тус тус зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.14-ний өдрийн 001/ШХТ2024/00303 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7.Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ч.Ад холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж, хохиролд 63,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Х аймгийн Ц сумын 4 дүгээр баг, Б О 3 гудамж, 09 тоотод байрлах 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид 135,000,000 төгрөгөөр худалдах, тэрээр 3 жилийн дотор цайны газрын орлогоороо мөнгийг төлөхөөр бид амаар тохиролцож, мөнгө төлөгдсөний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхээр болсон. 2017.08.01-нээс 2020.07.15-ны хооронд 72,451,200 төгрөг төлсөн. Гэвч Ковид цар тахлын улмаас улмаас үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулсан боловч хариуцагч нь 100,000,000 төгрөгөөр тохирсон гэж өөр үнэ хэлж маргаж байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжихдээ өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн зохицуулалттай. Бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус ба талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө. Иймд хариуцагч хууль бусаар миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа гэж үзэхээр байх тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. Өмнө нь хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийг сард 1,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан, 2017.08.01-ний өдрөөс хойш худалдах,-худалдан авах гэрээний дагуу нийтдээ 63 сарын хугацаанд эзэмшиж, ашиглаж ирсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслүүлсэн бол 63,000,000 төгрөгийн түрээсийн орлого олох байсан тул уг мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Миний бие тохиролцсоны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглан, үнийг төлж байсан тул шударга эзэмшигч юм. Үнийг 80,000,000 төгрөгөөр анх тохиролцсон боловч бэлэн мөнгөгүйгээс хэсэгчлэн төлөхөөр тохиролцсоны дагуу 100,000,000 төгрөг болгосныг би хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 135,000,000 төгрөг гэж огт яригдаагүй үнэ хэлж байна. 50,000,000 төгрөгийг орлогоороо төлсөн, энэ үед нэхэмжлэгч нь мөнгө хэрэг болоод байна, үл хөдлөхийн гэрчилгээг Х банкинд тавиад 50,000,000 төгрөгийн зээл авч үлдэгдэл мөнгөө гаргаад авъя, та зээл, хүүг төлчих, зээл төлөөд дуусмагц гэрчилгээг гаргаад өгье гэсэн, үүний дагуу би уг зээлийн төлбөрт Н.Бы данс руу сар бүр 2,737,000 төгрөг төлж байсан. 2020.08.15-ны өдөр гэхэд 68,425,000 төгрөг төлсөн, нийтдээ 118,425,000 төгрөг төлөөд гэрчилгээг шаардахад “таны хувиараа авсан зээлийг бүрэн төлсний дараа шилжүүлнэ” гэсэн. Уг зээлийг төлсөн байхад 10 хувийн хүү төл гэж дарамталсан. Одоо нэгэнт үл хөдлөх хөрөнгөө буцаан авъя гэж байгаа бол хүлээн зөвшөөрч байна, харин уг эд хөрөнгийн үнэд төлсөн төлбөр, барилгын арчлалт, засан сайжруулалт зэрэгт гарсан зардлыг бүрэн гаргуулж авах хүртэл буцааж өгөхөөс татгалзаж байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зэрэг явуулах тухай заалтыг шийдвэрт тусгаж өгнө үү. Мөн 63,000,000 төгрөгийг гаргуулах гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь би гэрээний дагуу хууль ёсоор эзэмшиж байсан учир нэхэмжлэгчид үр шимийг шаардах эрх үүсээгүй” гэжээ.
9.Хариуцагч Ч.А нэхэмжлэгч Н.Бд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хэлцлээр шилжүүлсэн 118,425,000 төгрөг болон барилгын арчлалт, засан сайжруулалтад гарсан зардал 31,390,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж “...гэрээг бичгээр байгуулаагүй, энэ хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус иймээс үл хөдлөх хөрөнгийн үнэ болон засвар хийсний зардлыг гаргуулна” гэсэн,
Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Н.Б болон Д.Ц нарт холбогдуулан 90,400,000 төгрөг гаргуулахаар шаардахдаа “ ... 8 удаагийн зээлийн гэрээгээр 58,000,000 төгрөг зээлж 148,900,000 төгрөгийг төлсөн. Гэтэл тэд нэмж хүү төл, төлөхгүй бол байрны гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлэхгүй гэснээс болж маргаан үүссэн. Зээлийн аль ч гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй, иймээс хүүд илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
10.Нэхэмжлэгч Н.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “...худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохтой холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрч байна, харин 118,425,000 төгрөг гаргуулах, барилгыг арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан 31,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй, 72,451,200 төгрөг төлсөн, нийт 63,000,000 төгрөгийн үр шимийг хүртэх боломж алдагдсан. 8 удаагийн зээлийн гэрээ нь Д.Ц, Ч.А нарын хооронд байгуулагдсан, би энэ гэрээнд оролцоогүй тул энэ зээлийн гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй. ” гэсэн байна.
11.Хариуцагч Д.Ц “зээлийн гэрээний асуудлыг тусдаа шийдвэрлэхийг хүсч байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзах нь хуульд нийцнэ” гэсэн тайлбар гаргасан.
12.Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь тогтоогдсон, харин үнийг нэхэмжлэгч 135,000,000 төгрөгөөр, хариуцагч нь 80,000,000 төгрөг гэж тус тус тайлбарладаг. Иргэний хуулийн 110 дугаар 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй хэлцлийг талууд хийсэнд маргаагүй, иймээс Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж мөн зүйлийн 56.5-д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх тул үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчид, нэхэмжлэгч нь мөнгийг хариуцагчид буцаан шилжүүлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнэд 72,451,000 төгрөг авсан гэж, хариуцагч нь 118,425,000 төгрөг өгсөн гэж маргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид 2017.08.01-ний өдрөөс 2018.07.17-ны хооронд 50,000,000 төгрөгийг, 2018.08.15-ны өдрөөс 2020.08.15-ны хооронд сар бүр 2,737,000 төгрөгийг төлж 60,241,000 төгрөг, нийт 110,241,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь сар бүрийн төлж байсан 2,737,000 төгрөгийг өөр зээлийн харилцаанаас үүссэн төлбөр гэж маргасан тул зохигчийн хооронд өөр зээлийн харилцаа үүссэн эсэх, энэ зээлийн харилцаанаас хэдэн төгрөгийг хэрхэн зээлүүлж, зээлийн гэрээний дагуу хариуцагч нь хэдэн төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар тогтоосноороо хэргийн бодит байдал тогтоогдоно гэж дүгнэж тооцооллыг хийж хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж банкнаас зээл авсан, энэ зээлийг сар бүр төлж байхаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон байх ба хариуцагчийн нэхэмжлэгчид үл хөдлөх хөрөнгийн үнэд сар бүр төлж байсан 2,737,000 төгрөгийг дансаар төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.
Хариуцагч Ч.А нь үл хөдлөх хөрөнгийг эзэмшихдээ хууль бусаар эзэмшээгүй буюу өмчлөгчийн зөвшөөрлөөр харилцан тохирч эзэмшдэг болсон ба тэрээр шударга эзэмшигч, энэ хугацаанд буюу 2017 оны 8 сараас эхлэн хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх хүртэл үр шимийг хүртэх эрхтэй байна, иймээс олох байсан орлого 63 сая төгрөг гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
Сөрөг шаардлагын хувьд хариуцагч нь мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн 118,425,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлага гаргасан, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрч, өгсөн авсанаа хэн хэндээ буцаан өгөх хүсэл зоригоо илэрхийлсэн боловч үнийн дүн дээр маргасан ба шүүхээс хэрэгт цугларсан баримтыг үнэлж, тооцож хариуцагчийн хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгчид төлсөн 110,241,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Б, түүний эхнэр Д.Ц нар нь Х банкны ****** тоот дансыг хамтран эзэмшдэг ба хариуцагч Ч.Ад зээлдүүлсэн нийт 58,500,000 төгрөгийг зээлдүүлсэнийг талууд маргаагүй. Энэхүү зээлүүлсэн мөнгө нь нэхэмжлэгчийн эхнэрийн данснаас хариуцагчийн дансанд шилжсэн боловч уг мөнгийг нэхэмжлэгчийн биш гэж маргахгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь 80,628,650 төгрөгийг дансаар шилжүүлж нэхэмжлэгчид төлсөн нь нотлогдсон гэж үзэв. Хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн зээлийн хүүг эргүүлж шаардахгүй учир энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Барилгын арчлалт, засан сайжруулалтад гарсан зардал 31,390,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаас хойш 2 жил өнгөрсний дараа буюу 2019 онд тухайн үл хөдлөх хөрөнгөө өргөтгөж, засвар үйлчилгээ хийсэн нь өөрийн бизнесийн үйл ажиллагааг сайжруулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилготой ба энэ хугацаанд тухайн хөрөнгийн үр шимийг хүртэж байсан. Засвар хийх зайлшгүй шаардлага үүсээгүй, мөн хийсэнээрээ эд хөрөнгийн үнэ хэрхэн нэмэгдсэн талаар тодорхойгүй тул энэ шаардлагыг хангах боломжгүй байна” гэж үзжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
13.Шүүхийн хууль хэрэглээ зөрүүтэй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд шийдвэр, магадлалын зарим дүгнэлт хуульд нийцээгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
14.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хэн алины зарим шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл болж байгааг залруулж зөвтгөөгүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ үүргийн хэлцэл болон өмчийн хэлцлийг ялгаж зааглаагүй, түүнчлэн гэрээний гол нөхцөл болсон худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зохигч хэрхэн тохиролцсон талаарх шүүхийн дүгнэлт тодорхой бус, нэхэмжлэгч бус этгээдийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцээгүйг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
15.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч Н.Б нь өөрийн өмчлөлийн Х аймгийн Ц сумын 4 дүгээр баг, Б О 3 гудамж, 09 тоотод байрлах 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Ад худалдахаар талууд амаар тохиролцож, уг хэлцлийн дагуу тухайн эд хөрөнгийг 2017.08.01-ний өдөр түүний эзэмшилд нь шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй. Харин нэхэмжлэгч эд хөрөнгийн үнийг 135,000,000 төгрөгөөр, хариуцагч 100,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж зөрүүтэй тайлбар гаргажээ.
16.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв дүгнэсэн боловч уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж, улмаар мөн зүйлийн 56.5-д заасныг баримталж хариуцагчийн эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх нь үндэслэлтэй гэж үзсэн нь дутагдалтай, мөн гэрээний үнийг хэд гэж үзэх талаар тодорхой дүгнээгүй байна.
17.Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж үздэг.
Худалдах-худалдан авах гэрээний хувьд худалдагдаж байгаа эд хөрөнгийн үнэ нь уг гэрээний гол нөхцөл болох ба энэ төрлийн гэрээний үнийг гэрээний талууд шууд тодорхой тохиролцож тогтоох эсхүл үнэ тодорхойлох арга, хэрэгслийн талаар хэлэлцэн тогтоох буюу эдгээр хоёр замаар үнэ тодорхойлогдоно.
Харин үнийг тогтоож тохиролцоогүй, эсхүл үнэ тогтоох арга хэрэгслийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй гэж үзэх ба энэ тохиолдолд тухайн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй юм.
18.Зохигч тохирсон үнийн хувьд зөрүүтэй тайлбар гаргасан байх тул шүүх хэргийн бусад баримтаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэний тайлбар нотлогдож байгаад үнэлэлт өгч, төлсөн төлбөрийн хэмжээнээс гадна гэрээний үнийг хэд гэж үзэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байжээ.
Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 135,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбар бусад нотлох баримтаар нотлогдоогүй, харин хариуцагчийн .. үнийг 100,000,000 төгрөгөөр тохирч, эхний 1 жилийн хугацаанд 50,000,000 төгрөгийг 21 удаагийн төлөлтөөр бэлэн мөнгөөр өгсөн, үлдэгдэл 50,000,000 төгрөгийн тухайд “...нэхэмжлэгч өөрт байсан үл хөдлөхийн гэрчилгээг барьцаалж 50,000,000 төгрөгийг банкнаас зээлсэн гэсний дагуу уг зээлд сар бүр 2,737,000 төгрөгийг 2 жилийн туршид төлж дуусгасан” гэх тайлбар нь зохигчийн хэн алины бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай гарын үсэг бүхий баримт, нэхэмжлэгчийн дансанд сар бүр 2,737,000 төгрөг шилжүүлж байсан баримтаар тогтоогдсон байна. Иймд худалдах-худалдан авах гэрээний үнийг 100,000,000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй.
19.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцлийн хувьд гэрээ байгуулагдсан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, хариуцагч үнийг төлж эд хөрөнгийг шилжүүлэн авах хүсэл зоригоо хэн аль нь бүрэн илэрхийлж тохиролцсон нь тогтоогджээ.
Иймд зохигчийн хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд гэрээ үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр гэж үзнэ.
Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй ба үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол хэлцлийг бичгээр байгуулж, өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасан. Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох бөгөөд энэ талаарх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан зохицуулалтыг хоёр шатны шүүх буруу хэрэглэж зохигч гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь алдаатай байна.
Зохигч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсоныг маргаагүй, гагцхүү нэхэмжлэгч талаас үнийг бүрэн төлөөгүй гэж, хариуцагч төлбөр бүрэн төлөгдсөн гэж маргаснаас хэн аль нь хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаахыг хүссэн байна.
20.Дээрхээс гадна нэхэмжлэгчийн хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан авах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өмчийн хэлцэл хийгдээгүй шалтгаанаар үүргийн хэлцлээс татгалзах гэж үзэх өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд үүссэн маргаан нь хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах агуулгатайг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
21.Хэдийгээр хариуцагч нь гэрээнд заасны дагуу худалдсан эд зүйлийн үнийг бүрэн төлсөн байх боловч эд хөрөнгийг буцаан авах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үнэд төлсөн мөнгөө авахаас татгалзаагүй, маргахгүй байгаа учир зохигчийн хэн алины хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үр дагавар үүсч байх ба нэхэмжлэгчээс 110,241,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчийн эзэмшлээс үл хөдлөх хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ. Иймээс дээрх дүгнэлт болон энэхүү хууль хэрэглээний талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
22.Нэхэмжлэгчийн хохиролд буюу олох байсан орлогод 63,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Энэ шаардлагын талаар шүүх дүгнэхдээ хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр буюу өмчлөгчийн зөвшөөрлөөр харилцан тохирч эзэмшиж байсан тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч бөгөөд эзэмшилдээ байх хугацаанд хөрөнгийг буцаан өгөх хүртэл үр шимийг хүртэх эрхтэй гэж Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 94.3-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нөгөө талаар, гэрээний нэг талын буруу буюу үүргийн зөрчлөөс нөгөө тал гэрээнээс татгалзсан бол хохирол шаардах эрхийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар зохицуулсан бөгөөд гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгч гаргасан, түүний гэрээнээс татгалзсанд хариуцагч буруугүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үнийг дутуу төлсөн гэх нөхцөл тогтоогдоогүй.
23.Анхан шатны шүүх нэхэмжлэгч бус этгээдэд холбогдуулж зээлийн гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Хариуцагч нь үндсэн нэхэмжлэл болох худалдах-худалдан авах гэрээтэй холбоотойгоор Н.Бд холбогдуулж сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа түүнд болон Д.Цд холбогдуулан зээлийн хүүд илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг шүүх хүлээн авахдаа энэ хэргийн оролцогч биш Д.Цг хариуцагчаар оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль заасан журамд нийцээгүй боловч хэргийн шийдэлд нөлөөлөөгүй, уг алдааг хяналтын шатны шүүхээс залруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл нь энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж заасан.
Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид холбогдуулж хариуцагч гаргах бөгөөд харин нэхэмжлэгч бус этгээдэд холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй. Иймээс Д.Цд холбогдох 90,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримталж хэрэгсэхгүй болгов.
24.Гэвч дээрхи 90,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг Н.Бд холбогдуулан шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж үзэх дараахь үндэслэл тогтоогдсон байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал үндсэн нэхэмжлэлтэй хамт, бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг хуулиар тогтоожээ.
Энэ хэргийн зохигчийн хооронд үүссэн маргаан нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн, сөрөг нэхэмжлэл нь зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой буюу 2 өөр төрлийн эрх зүйн харилцааны үүргийн асуудал байх боловч эдгээр гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөний тооцооллыг зохигчийн хэн алины банк дахь дансны мэдээллээс ялган зааглаж тогтооход буюу аль гэрээний үүрэгт хэзээ, хэдэн төгрөг шилжүүлснийг тусдаа нэхэмжлэлээр бус нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэгтгэн шийдвэрлэх нь зохистой, ач холбогдолтой байжээ. Иймд энэ нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэснийг буруутгахгүй.
Нөгөө талаар, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний тал биш гэж маргаж байгаа боловч хэргийн баримтаар түүнийг Д.Цгийн хамт зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзэх үндэслэл тогтоогдсон, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д заахдаа хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үздэг, энэ үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой сөрөг шаардлагыг зээлийн гэрээний нэг үүрэг гүйцэтгүүлэгчид буюу нэхэмжлэгч Н.Бд холбогдуулан шийдвэрлэхэд хууль зөрчихгүй байна.
25.Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зохигчийн хооронд үүссэн худалдах-худалдан авах болон зээлийн гэрээний тус тусын гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, төлбөр төлсөн байдлыг хэн алины банкны дансны хуулга буюу мөнгө шилжүүлсэн мэдээлэлд тулгуурлан тооцоолж зааглан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.
Тухайлбал, Н.Бд гуанз худалдан авахаар бэлэн өгсөн мөнгөний жагсаалт гэх 50,000,000 төгрөгийн баримт /1-р хх-18,193-р тал/, банкны зээлийн мөнгийг Н.Бы дансанд шилжүүлсэн гэх хариуцагчийн тооцооллын баримт, мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1-р хх-19-35-р тал/, хувиараа зээл авч байсны зээл, хүүгийн төлбөрийн тооцоолол гэх баримт, Ч.Агаас Н.Бы дансанд шилжүүлсэн дансны хуулга,/1-р хх-53-158-р тал/, Н.Бы Х банкнаас авсан зээлийн тодорхойлолт, тус банкны дансны хуулга /1-р хх-180-193-р тал/, хариуцагчийн хүсэлтээр Н.Бы Х банк дахь дансны мэдээлэл авсан баримт, сар бүр 2,737,000 төгрөг шилжүүлсэн тухай /1-р хх-234-249-р тал, 2-р хх-1-205-р тал/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хийсэн тоооцоллын баримт, /3-р хх-26-28-р тал/ нэхэмжлэгч Ч.Агийн гаргасан тооцоолол /3-р хх-80-81-р тал/ зэрэг хэргийн баримтад авагдсан байна.
Эдгээр баримтаар тогтоогдсон тооцооллын хүрээнд шүүх Н.Б болон Ч.А нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үнийн төлбөрт 110,241,000 төгрөгийг, Н.Б, Д.Ц болон Ч.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нийт 58,500,000 төгрөгийг зээлж, уг зээл болон зээлийн хүүд 80,628,650 төгрөгийг хариуцагч тус тус төлсөн гэж үзснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Зохигч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч нь хүлээн зөвшөөрч хүү төлсөнөө буцаан шаардах эрхгүйг шүүх дүгнэж, нэхэмжлэгчээс 90,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 199 дүгээр зүйлийн 199.3-т заасантай нийцжээ.
26.Хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаах болон үнэ гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зохигч “худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус” гэж, зээлийн гэрээний дагуу төлөгдсөн гэх 90,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “хүү төлөх учиргүй байснаас илүү төлснийг тогтоолгох” гэж тус тус тодорхойлсон гэж үзэхээр байхад шүүх эдгээрийг нэхэмжлэлийн шаардлага гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.
27.Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2024/00001 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 156/ШШ2023/00601 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д зааснаар Х аймгийн Ц сумын 4 дүгээр баг, Огзом 3-р дугаар гудамж 09 тоотод байрлах 157 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Агийн эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Н.Бд, нэхэмжлэгч Н.Баас 110,241,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Ад тус тус олгож, үүргийг талууд нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэйг дурдаж, сөрөг нэхэмжлэлээс худалдсан зүйлийн үнэд 8,184,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 94.3-д зааснаар Ч.Агаас олох байсан орлогод 63,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Бы нэхэмжлэлийн шаардлагыг, Н.Баас засварын зардалд 31,390,000 төгрөг гаргуулахыг хүссэн Ч.Агийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар Н.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 90,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн Ч.Агийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Д.Цд холбогдох нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай..
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Б 2024.02.14-ний өдөр төлсөн 661,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД