Д.Б, С.Е нарт холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр М.Пүрэвсүрэн
Шийдвэрийн огноо 2024.04.17
Шийдвэрийн дугаар 2024/ХШТ/54
Хэргийн индекс 106/2023/0054/Э
Маргааны төрөл Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
Хуулийн зүйл, заалт 10.6.1
Шийдвэрлэсэн байдал

Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2023.10.18, дугаар: 821
Анхан шатны шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.01.31, дугаар: 166
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар: 2024/ХШТ/54
Улаанбаатар хот


Д.Б, С.Е нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа, шүүгдэгч С.Е, түүний өмгөөлөгч Б.Солонго, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 821 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 166 дугаар магадлалтай, Д.Б, С.Е нарт холбогдох 2203003160362 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Е, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч, халдвар судлаач мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Т” эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Б,

 

2.Монгол Улсын иргэн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Т” эмнэлгийн дарга ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.Е

 

“Т” эмнэлгийн дарга С.Е, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Д.Б нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан стандарт, ажлын байрын тодорхойлолтод заасан хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, хариуцах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Ц тус эмнэлэгт ковидын шинжилгээ өгч байхдаа шатны гарцыг хулдаасаар битүүлсэн байдлыг анзааралгүй түшсэний улмаас шатны уруу унан тархиндаа хүнд гэмтэл авч, нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Б, С.Е нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.Е нарт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, уг ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хариуцагч болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Өмгөөлөгчийн зардалд 5,000,000 төгрөг, насны зөрүү 2,750,000 төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, оршуулгын зардалд 25,015,534 төгрөг төлсөн болохыг дурдаж, сэтгэл санааны хохирлыг Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа, шүүгдэгч С.Е, түүний өмгөөлөгч Б.Солонго, иргэний хариуцагчийн төлөөлөгч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Е-ийн өмгөөлөгч Б.Солонго хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3-т заасныг зөрчсөн. ...Ковид цар тахлын үед иргэн Д.Ц нь “Т” эмнэлэгт ковидын шинжилгээ өгөхөөр ирсэн. Ийнхүү ирэхдээ иргэний үнэмлэхгүй байсан тул сувилагч бүртгэлээс харж шинжилгээг нь аваад гаргасан. Гэтэл амь хохирогч шинжилгээ өгсөн хүн буцаж орохыг хориглосон байхад иргэний үнэмлэхээ барьж буцаад эмч рүү орох гэж дугаарлан зогсож байсан хүмүүсийн хажуугаар явж байгаад шатны хонгил руу унаж тархиндаа хүнд гэмтэл авсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Гэтэл яллах дүгнэлтэд “шинжилгээ өгөөд гарч явахдаа шатны хөндий рүү унаж, ГССҮТ-д эмчлэгдэж байгаад нас барсан” гэж зөрүүтэй дүгнэж эмнэлгийн дарга, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерийг гэм буруутайд тооцсон. Энэ хэрэг нь зүгээр нэг хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэрэг биш бөгөөд ковид цар тахлын үед болсон, байгууллагын ажилтан биш үйлчлүүлэгчид холбогдох хэрэг байсан.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэснийг зөрчин эрх зүйн төөрөгдөлд орж хэргийг буруу мөрдсөн, түүнийг хянаж засах үүргээ прокурор биелүүлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх алдааг залруулаагүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсангүй.

Уг хэргийг хөдөлмөр хамгааллын журмын эсрэг гэмт хэрэг гэж үзсэн нь буруу бөгөөд тэд Монгол Улсын Үндсэн хуулийн ямар заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна вэ гэдэг талаас нь анхаарч, хянаж үзнэ үү. Мөн хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал манай үйлчлүүлэгч С.Е-ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.1, 28.1.2-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж буруутгасан. Үйлчлүүлэгч маань байгууллагын захирал, эзэн, ажил олгогч биш. Тухайлбал 2 дугаар хавтаст хэргийн 231 дэх талд У-ын даргын А/61 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Т эмнэлгийн дүрэмд “Т эмнэлэг нь У-ын зохион байгуулалтын бүтцэд хэлтсийн статустай ажиллана” гэж заасан. Мөн дүрмийн 3.4-т “Т эмнэлгийн дарга ... хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер... -ыг У-ын даргын тушаалаар томилох буюу өөрчилнө” /2хх-232/ гэж тус тус заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа хүнийг “ажил олгогч” гэж ойлгоно” гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгч ажил олгогч биш, хэлтсийн дарга бөгөөд Д.Б-г томилох, чөлөөлөх эрхгүй ажилтан юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зорилт нь ... ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд амь хохирогч нь ажилтан биш учраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж үйлчлэхгүй. Үүнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг ойлгоно” гэснээр нотлогдож байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлд тухайн хуулийн үйлчлэх хүрээг заасан. “Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараах этгээдэд үйлчилнэ” гэж заасан байх бөгөөд үүнд “үйлчлүүлэгч” хамаарахгүй байхад уг хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

3.Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно”, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус заасан. Эдгээр шаардлагыг Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017 стандарт хангаагүй болохыг 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/292 дугаартай албан бичиг нотлох бөгөөд уг албан бичигт прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болж буй МNS 5095:2017, MNS 4968:2000 стандартууд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болохыг баталж байна.

Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн. Уг хуулийн 5.1.4-т зааснаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах зарчим барьж байсан. Мөн Гамшгийн тухай хуулийн үйлчлэл уг цаг хугацаанд байсан ба Гамшгаас хамгаалах комиссын үүрэг даалгаврын дагуу ажиллаж, тухайн шинжилгээ авах төвийг түр хугацаагаар барилга байгууламжид өөрчлөлт оруулах нөхцөл, боломж, цаг хугацаагүйгээр боломжийнхоо хэрээр бэлэн болгож, маш түргэн шуурхай ажиллуулж байсан гэдгийг онцгой анхаарч үзэх хэрэгтэй. Тухайн цаг хугацаанд “хаалга хийх, өөр газар байршуулах” гэх мэт зүйлсийг хийх боломжгүй байсан болно. Автобусанд түр цэг байгуулаад хүртэл ажиллаж байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч С.Е хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг гэж үзсэн нь учир дутагдалтай ... Улсын яллагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлийг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон. Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр У-н дарга нь ажил олгогч юм. Амь хохирогч Д.Ц У-ын нэгдсэн эмнэлэгтэй хөдөлмөрийн гэрээтэй ажилтан биш, миний бие ажил олгогч биш байхад шүүхээс ял оноож бидний эрх зүйн байдлыг илт дордуулж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Тодруулбал амь хохирогч нь хөдөлмөрийн гэрээтэй ажилтан биш байхад ажилтан, олгогчийн хоорондох хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг баримтлан “ажилтны эрүүл мэндэд” хохирол учруулсан гэж ял оноож байгаа нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.

2.Шүүхүүд хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Улсын яллагчаас биднийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, болгоомжгүй хэлбэр болон “...золгүй тохиолдол...” ямар шинжээрээ төсөөтэй ба ялгаатай, аль тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон чөлөөлөх талаар ямар ч дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэлээ. Яллагдагч бидний хувьд энэхүү хэргийг “...золгүй тохиолдол...” гэж үзэж байгаагаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд дээрээ тодорхой дурдаж байсан. Уг эрүүгийн хэрэгт шүүх, прокуророос хариулт авахыг хүсэж буй гол асуулт маань ч энэ байсан. Гэтэл шүүхүүд хэрэгт авагдсан яллагдагч, гэрч, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдийг өрж тавьснаас өөр хууль зүйн дүгнэлт хийсэнгүй.

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт...” гэжээ. Яллах дүгнэлтэд дурдсан стандартууд нь “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлээгүй болохыг нотолсон баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан. Үүнээс үзэхэд шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх үндэслэлийг зөрчсөн байна.

Уг хэрэг нь онц байдал зарласан үед болсон. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “гамшиг”-ийн нөхцөл байдлын цаг хугацаанд болсон. ... эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд зориулагдаагүй хэсгийг ковидын шинжилгээ авах түр цэг болгох онцгой комиссын шийдвэр гарсан болохыг шүүгч анхаарсангүй. Мөн талбайд энэ хэрэг учрал болсон. ... Миний бие “Т” эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчлөх эрх хэмжээгүй хөдөлмөрийн гэрээний ажилтан юм.

Сантехникийн хонгилын агаар солилцох урсгалыг хаах боломжгүй бөгөөд зориулалтыг өөрчлөх нь доод хонгилд бохирын хий хуримтлагдах улмаар сантехникийн ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэх тул бидэнд ийм шийдвэр гаргах эрх байхгүй билээ. Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол, магадлалд цагаатгасан өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шүүхийн шийтгэх тогтоол, магадлал буруу гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчин эрх зүйн төөрөгдөлд орж, хэргийг буруу мөрдсөн, түүнийг хянаж засах үүргээ прокурор биелүүлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх тэдний алдааг залруулаагүйгээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гарсангүй. Уг хэргийг хөдөлмөр хамгааллын эсрэг гэмт хэрэг гэж үзсэн нь буруу болсон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн ямар заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль вэ гэдгийг шүүгчид анхаарсангүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараах этгээдэд үйлчилнэ” гэж заасан бөгөөд энэ харилцаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах...” эрхийг хангахад чиглэсэн хууль билээ. Гэтэл улсын яллагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлийг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь эрх зүйн төөрөгдөл бөгөөд бидний авч үзэж буй энэ тохиолдолд амь хохирогч нь ажилтан биш тул Д.Б, С.Е нарт ял оногдуулж хэлмэгдүүлсэн. Харин амь хохирогч нь ажилтан биш тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэснийг зөрчсөн эсэхийг эхлэн тогтоох ёстой байсныг хуульчид анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ба прокурорын хяналт, шүүхийн үйл ажиллагаа хууль ёсны үндэслэл бүхий байхын тулд эрх зүйн харилцаагаа зөв ойлгох, хэрэглэх замаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн, шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах... ямар хэрэгт холбогдсоноо мэдэх” эрхийг хангаагүй. Өөрөөр хэлбэл, хүнийг “ажилтны эрүүл мэндэд” хохирол учруулсан гэж ял сонсгож байгаад “аюулгүй орчинд амьдрах эрхийн эсрэг” гэмт хэрэгт ял оноохыг хууль зүйн ноцтой алдаа гэж үзнэ.

2.Хоёр шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн.

2.1.Шүүхийн дүгнэлтээс үзэхэд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “... түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт...” гэх нөхцөл байгаагүй. ...Яллах дүгнэлтэд иш татсан хуулийн хүчин төгөлдөр болсон ямар ч захиргааны хэм хэмжээний актаар дурдагдаагүй болно. Яллах дүгнэлтэд дурдсан стандартууд нь “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлээгүй талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67.3-т зааснаар ... тус хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй юм.

2.2.Мөн “хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас” гэсэн нь үндэслэлгүй. Уг хэрэг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан гамшгийн үед болсныг шүүгч анхаарсангүй. Ковид цар тахлын үед хүнийг дэлхий ертөнцөд оршин тогтнох боломжийг авч үлдэхийн тулд ердийн хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоож, үйлчилгээний байр талбайн зориулалтгүй сантехникийн зориулалттай хонгилыг ковидын шинжилгээ авах цэг болгох онцгой комиссын шийдвэр гарсан болохыг шүүгч анхаарсангүй. Энэ нөхцөлд хэлцэл гэж яригдахгүй. Мөн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд зориулагдаагүй талбайд энэ хэрэг учрал болсон. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.3-т зааснаар ...барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх үүрэг хүлээлгэсэн тул Д.Б, С.Е нар нь Т эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчлөх эрх хэмжээгүй, хөдөлмөрийн гэрээний ажилтан юм. Сантехникийн хонгилын агаар солилцох урсгалыг хаах боломжгүй бөгөөд зориулалтыг өөрчлөх нь доод хонгилд бохирын хий хуримтлагдах улмаар сантехникийн ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэх тул тэдэнд ийм шийдвэр гаргах эрх байхгүй билээ. Иймд хууль зөрчсөн хэлцэл гэж байж болохгүй. Түүхэнд “... хэрвээ тэгсэн бол ...” гэсэн ойлголт байж болохгүй бөгөөд болж өнгөрсөн үйл явдалд өөрийн таамгийг дэвшүүлэн хэргийг шүүдэг шүүгч байж болохгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг дүгнэх үүргээ зохих ёсоор биелүүлсэнгүй. Иймд ... Д.Б, С.Е нарыг цагаатгаж, “У”-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

1.Шүүхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэрүүд буруу гарч намайг хэлмэгдүүлсэн.

1.1.Т эмнэлэг нь Улаанбаатар хотод өөрийн эдэлбэр газарт 6 тусдаа 1-4 давхар барилга байгууламжтай, С аймгийн С өртөөнөөс Д аймгийн З өртөө болон бусад салбар зам дагуу 13, нийт 30 орчим салбар нэгжтэй, 400 орчим ажилтантай томоохон байгууллага юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /цаашид ХАБЭА гэнэ/ үйл ажиллагааг байгууллагын даргын тушаалаар баталсан 9 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл хариуцан ажилладаг. Зөвлөлийн 9 хүний чиг үүргийг У-ын даргын тушаалыг үндэслэн боловсруулж байгууллагын дарга хянаж, баталж, мөрддөг. Энэ олон объектыг зөвлөлийн гишүүд, захиргааны ажилтнууд хуваарилан авч, баталсан графикийн дагуу сар, улирлаар үзлэг шалгалт хийж, илэрсэн дутагдлыг арилгуулж, тус тусдаа хариуцан ажилладаг. Байгууллагын даргын тушаалаар баталсан ажлын дотоод зохион байгуулалт, тушаал, журамд зааснаар хэн гэдэг ажилтан тухайн сард ковидын шинжилгээний түр цэгт үзлэг хийх хуваарьтай байсныг шалгаагүй. Тэр сард миний бие хяналт хийх үүрэггүй байсан. Манай эмнэлгийн 30 гаруй тасаг, нэгжийн 300 гаруй өрөө тасалгаа, 20 гаруй орц гарц, шат довжоо, нийслэл, хөдөө, орон нутагт байрлалтай тасаг, нэгж, ажлын байр зэрэг бүх объектыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан нэг ажилтан хянаж шалгаж ажиллах ямар ч боломжгүй учир энэ бүх ажил, үүргийг маш тодорхой хуваарилсан байдаг. Уг хуваарийн дагуу шинжилгээний цэг байгуулан хариуцан ажиллах чиг үүргийг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Д-д ноогдож байсан бол Поликлиникийн барилга байгууламжид шинжилгээний цэг байрлан, барилга байгууламжийн хэвийн байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Х, шинжилгээний цэгт ажиллах ажилтанд өдөр тутмын зааварчилгаа өгөх үүргийг Лабораторийн тасгийн эрхлэгч Х.Ө, харин эдгээр албан тушаалтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулах, халдвар авахаас сэргийлж ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах үүрэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанд ноогддог гэх мэтээр бүх үйл ажиллагааны ард эзэн байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  ажлыг нэг хүн хийдэггүй, энэ ажил тогтолцоогоор явдаг.

1.2.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1832 тоот шүүгчийн захирамжаар ... хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. Энэ захирамжид дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр шийдвэрлэж, шүүхэд хэргийг нэг мөр болгон шилжүүлэхийг улсын яллагч, хяналтын прокурор цаашид анхаарах нь зүйтэй гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх захирамжийг хэвээр үлдээсэн.

1.3.Мөн дараагийн шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгасан. Гэтэл прокурор Г.Нандин-Эрдэнэ нь Т эмнэлгийн дарга С.Е-ийг хэрэгт яллагдагчаар татсанаас өөр ямар ч нэмэлт ажиллагаа хийлгүй, хэрэгт ач холбогдолгүй мэдүүлгүүд болон анхны удаагийн гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийг өрж тавиад, анхан шатны шүүхэд дахин шилжүүлж, туйлын хайхрамжгүй, хариуцлагагүйгээр хандсан.

1.4.Хоёр шатны шүүх нэмэлт ажиллагаа хийгдээгүй байхад хэргийг хүлээн авч “дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна” гэж дүгнээд намайг гэмт хэрэгтэн гэж ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2, 1.7, 1.9, 1.10-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2.“Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдээгүй хууль бус стандартыг үндэслэн надад ял оноосон. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандарт нь Захиргааны ерөнхий хуулийн 59.1, 67.1, 67.2-т заасан заалтуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус захиргааны эрх зүйн акт учраас эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй. Үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь гамшиг, онцгой
байдлын үед энэ гэмт хэрэг гарсныг анхаараагүй бөгөөд хэргийг ковидын үеийн
хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлээгүй.

3.1.Амь хохирогч Д.Ц-ын ковид илрүүлэх шинжилгээ өгсөн түр цэгийн байршил нь барилгын анхны зураг төслөөрөө галын үндсэн гарц тул, газар хөдлөлт, гамшиг ослын үед эмнэлгийн ажилтнууд, үйлчлүүлэгч нар гадагш гарах зориулалттай. Ийм гарцыг битүүмжлэн хаах нь огт боломжгүй. Барилгын тухай хуулийн 46.1.3-т “барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийн ... зориулалтыг өөрчлөхгүй байх” гэж хуульчилсан байдаг. Энэхүү барилга, инженерийн шугам сүлжээний хэвийн бус байдал нь надад хамаарахгүй юм. Он удаан жил ашигласан, хуучин, элэгдэл, эвдрэлтэй бохирын шугам сүлжээнд бүрэн засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас бохир байнга шүүрч, үнэр, уур нь дээш цоргин тэр хэсгийн агаарт тархаж, улмаар агаар дуслын замаар дамжин түр цэгээр үйлчлүүлж байгаа хүмүүс болон эмнэлгийн ажилтнуудад ковид болон бусад халдварт өвчнийг дамжуулах, тараах бүрэн боломжтой, өндөр эрсдэлтэй болоод байсан. Ийм өндөр эрсдэлтэй ашиглах боломж тун багатай байршил гэдгийг шийдвэр гаргах холбогдох албан тушаалтнууд бүгд мэдэж байсан ч эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд зориулагдаагүй хэсгийг ковидын шинжилгээ авах түр цэг болгох эсэхийг У-ын Шуурхай удирдлагын штабын бүрэлдэхүүнд гишүүнээр орсон эмнэлгийн удирдах албан тушаалтнууд болон халдвар судлаач, лабораторийн эмч нар сонгосон. Миний бие энэ комиссын бүрэлдэхүүнд ордоггүй. Сонгосон энэ байршлыг У-ын Шуурхай удирдлагын дээд шатны гишүүд газар дээр нь хянан тус цэгийг ажиллуулах боломжтой хэмээн үзсэн тул үйл ажиллагаа явуулахад миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарь, ковидын үед ажиллах журам, бодит нөхцөл байдалд үндэслэн эрсдэлээс хамгаалах бүхий л шаардлагатай арга хэмжээг авсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зураг, гэрчийн мэдүүлгүүд, миний тайлбар, холбогдох нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог боловч анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит үнэнийг тал бүрээс бүрэн тогтоож чадаагүй, надад хамааралгүй, миний эрх хэмжээний биш бүх хариуцлагыг надад хамаатуулан ялласан.

3.2.Амь хохирогч Д.Ц-ын унасан хэсэгт хаалга хийж битүүмжлэх боломжгүй. Учир нь тэнд шугам хоолой, кабель, өндөр хүчдэлийн шит, холбоо, цахилгаан, интернэтийн утас, сүлжээ байрладаг, инженер, техникийн ажилтнууд, галын байцаагч, цахилгаанчин, мужаан, сантехникийн слесариуд саадгүй чөлөөтэй байнга орж гарч байх шаардлагатай, нөгөө талаас хаалга хийж битүүмжилбэл хонгилын агаар солилцох урсгал хаагдаж, хонгилд бохирын хий хуримтлагдан инженер техникийн ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсэх юм. Тийм учраас аж ахуйн менежер Б.М хулдаасан хаалт хийлгэсэн. Хулдаасан хаалтын наагуур нь насанд хүрсэн хүний бүсэлхийн түвшний өндөртэй төмөр сараалж угаасаа байсан. Ийм нөхцөлд миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан Ковидын шинжилгээний түр цэгийн орчинд ажилтан, үйлчлүүлэгч нарыг аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, санамж байршуулж өөрийн боломж, эрх хэмжээний хүрээнд хариуцсан үүргээ биелүүлсэн. Тухайлбал хулдаасан дээр А4 хэмжээтэй цаасан дээр “АНХААР. НАЛЖ, ТҮШИХИЙГ ХОРИГЛОНО, УНАХ ЭРСДЭЛТЭЙ” гэсэн үгсийг компьютерын font size 72 буюу үсгийн хэмжээг хамгийн томоор бичиж, анхааруулах улаан өнгөөр бичиж харааны түвшинд байрлуулсан. Гаднаас ковидын шинжилгээ өгөхөөр орж ирэх хэсэгт насанд хүрсэн хүний харааны түвшинд “АНХААР. 1,5 МЕТР ЗАЙ БАРЬ” гэсэн тэмдэглэгээг шинжилгээ авдаг өрөөний хаалган дээр мөн нааж, нийт 2 газарт байрлуулсан. Дээрх 2 зааврыг баримталсан тохиолдолд шатны дэргэд үйлчлүүлэгч зогсохгүй байхаар зориуд зай хэмжээг тааруулж, стандарт хэвлэмэл зориулалтын тэмдэглэгээ, санамжийг байрлуулсан. Мөн шат дагуулж “АНХААР, БҮДРЭХЭЭС СЭРГИЙЛ” гэсэн тэмдэглэгээг хананд байрлуулсан. Үүнийг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэрч Н-гийн мэдүүлгээр амь хохирогч нь ковидын шинжилгээ өгөөд гарч явсны дараа дахин орж ирэхдээ дугаарлаж байсан хүмүүсийн дэргэдүүр хүчлэн зөрж өнгөрөхдөө гараараа хулдаасан хаалтыг тулж унасан гэдэг. Энэ нь хүмүүсийн дэргэдүүр хүчлэн зөрж өнгөрөхдөө шахалдсаны улмаас тэнцвэр алдаад хулдаасыг гараараа тулсан уу, эсвэл биеийн эрүүл мэндийн байдал тавгүйтсэний улмаас хулдаасыг налж унасан уу гэдэг эргэлзээтэй. Ковидын үед үйлчлүүлэгчид бүх нийтээрээ 1,5 метрт зай барьж үйлчлүүлэх үүрэгтэй. Хэрэв амь хохирогч хүмүүсийн хажуугаар хүчлэн зүтгээгүй бол амь эрсдэхгүй байх боломжтой байсан уу гэх мэтийг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар хянан үзэж, эргэлзээтэй, бүрхэг байдлыг арилгаж, нэг мөр нотолж тогтоогоогүй байж хулдаас тавьж үйлдвэрлэлийн осол гаргасан гэж хүчээр надад ял тулгасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шинжээч А.У уг хэргийг үйлдвэрлэлийн осол биш гэж үзээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хамрах хүрээгээр шийдвэрлэхгүй гэсэн шинжээчийн албан ёсны дүгнэлт гаргасан. Амь хохирогчийн ар гэрийнхэн өндөр настай амь хохирогчийг харгалзан дэмжээгүй. Байдал ийм байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар гэмт хэргийг хэн, хаана, яаж үйлдсэнийг бүрэн хөдөлбөргүй тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2, 1.7, 1.9, 1.10-т заасныг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэрүүд буруу гарч намайг хэлмэгдүүлсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Ж.Нарантуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс гадна хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүй шийдвэр гаргасан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлд тухайн хуулийн үйлчлэх хүрээг заасан бөгөөд “үйлчлүүлэгч” гэдэгт хамаарахгүй байхад уг хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн 2203003160362 дугаартай хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн мэдүүлэг, /1хх-31, 3хх-9, 5хх-74/, иргэний хариуцагч Х.Э-ийн мэдүүлэг /1хх-39/, гэрч Д.Э-ы мэдүүлэг /1хх-56/, гэрч С.Б-ын мэдүүлэг /1хх-83/, гэрч Б.М-ийн мэдүүлэг /1хх-89/, гэрч Н.Ц-ын мэдүүлэг /1хх-89/, гэрч Б.Б-ын мэдүүлгүүд /1хх-103/ болон тамга тэмдэггүй шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар манай үйлчлүүлэгчийг буруутгах боломжгүй юм. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Б-г холбогдох хууль тогтоомж, стандарт болон ажлын байрны тодорхойлолтод заасан ... үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, прокуророос нэг талыг барьж яллан улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Д.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд миний үйлчлүүлэгчийн зүгээс ихээхэн гомдолтой байгааг дурдах нь зүйтэй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг ноцтой зөрчсөн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Д.Буянзаяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

1.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Д.Б-гийн хувьд Т эмнэлэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажилладаг байсан бөгөөд одоо тэтгэвэрт, эрдэм шинжилгээний ажил, эмч, эрүүл ахуйн чиглэлээр суралцдаг оюутан, залууст багшилж давхар ажил хөдөлмөр эрхэлж байгааг товчхон дурдаж байна.

Амь хохирогч иргэн Д.Ц 2022 оны 05 сарын 30-ны өдөр Т эмнэлэгт ажил эхлэх цагаас өмнө ... ковидын шинжилгээ өгч гараад дахин шалтгаан тодорхойгүй буцаж орох явцдаа дараалал үүссэн хүмүүсийн хажуугаар давхарлаж орж хаалтыг налж унан ухаан алдсаны улмаас 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эмчлүүлж байгаад нас барсан нь иргэн үйлчилгээ авч байхдаа амь насаа алдсан гэнэтийн тохиолдол болсон. Шүүгч нар өөрсдийн үзэмжээр буюу үйл явдалд хэт анхаарлыг хандуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй бол гэмт хэрэг гэж үзэхгүй гэдэг зорилго, шалтгаан нөхцөлийг харгалзаж үзсэнгүй. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, захиргааны хэм хэмжээний акт – эдгээр хуулийн зүйл, заалтад үндэслэн гарсан байх бөгөөд гадагш чиглэсэн байх гэх захиргааны актын үндсэн шинжийг хангасан байхыг шаарддаг. Гэтэл холбогдох үйл явдалд нотлох баримтаар амь хохирогчид хөдөлмөрийн харилцаа үүсээгүй болно. Болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг хангахгүйгээр бусдын амь нас хохирсон үйл явдал болсон талаар эргэлзээ үүсэж хүний амь хохирсон болохоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Д.Б хариуцна гэдэг ойлголтоор прокурорууд яллах дүгнэлт үйлдэж шат шатны шүүх шийдсэн байгааг анзаарч үзнэ үү.

Нарийвчилсан хуулиуд тухайн харилцаагаа зохицуулна гэж онол болон хууль хэрэглээний талаас тогтсон ойлголт байдаг. Гэтэл иргэнд чиглэсэн үйлчилгээ, иргэний үүрэг болон салбарын онцлог, салбарын хуулийн үйлчлэл хэрэгжих бөгөөд Д.Б-гийн өмгөөлөгчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хууль, өвчтөн-эмч- эмнэлгийн байгууллагын хоорондох харилцааг зохицуулах Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн үйлчилгээний чанар аюулгүй байдалтай холбоотой холбогдох асуудал хариуцсан сайдын тушаал, стандартын дагуу шинжээч томилуулж уг хууль, дүрэм, журам, стандартад үндэслэж шалгах талаар хүсэлт, гомдлыг шат шатанд гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг мэдсээр байж зүйл, хэсэг, заалтын зөрүү бус хуулиудыг андуурч, зөрүүтэй хэрэглэсэн. Мэдээж хуульчийн хувьд байж болох үндэслэлийг тал бүрээс нь гаргасан хэдий ч мөрдөгч, прокурор, шүүгчид хэт нэг талыг барьж хөдөлмөрийн харилцаа түрүүлж үүссэн байхыг заавал шаарддаг хууль, дүрэм, журмаар Д.Б-д ял оноож байгаад туйлаас гомдолтой байна.

Тухайн эмнэлгийн дотоод журам болон бусад тушаал шийдвэр, хөрөнгө төсөв зарцуулалтыг хийх эрх бүхий албан тушаалтан биш байх бөгөөд баталдаг тамга, тэмдэг эзэмших эрхгүй. Мөн ажлын байрны хэвийн нөхцөлийн ажлын байранд хатуу стандартууд мөрдөгддөггүй. Тухайлбал уул уурхай, барилгын салбарын хувьд хуулиар эрсдэлтэй ажлын байранд тооцогдох тул заавал мөрдөх стандарт байдаг ба ажилтан бус этгээдийг ойр орчим болон үйлдвэрлэлийн талбай руу нэвтрүүлдэггүй. Тухайн осол гарсан байгууллага нь эмнэлгийн байгууллага, гэхдээ “ковидын түр” цэгийн шинжилгээний хэсэг болох бөгөөд эмнэлгийн бүтэц зохион байгуулалт ковидын түр цэг байгуулах шийдвэрийг гаргах албан тушаалтанд Д.Б чиг үүргийн хүрээнд хамааралгүй юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3-т заасан чиг үүргийг зөрчсөн гэж үзэх бол Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдээгүй болох нь нотлох баримтуудаар харагдана.

Шүүхийн практикаас дүгнэж үзэхэд ажил олгогчтой аливаа хохирогч нь хөдөлмөрийн харилцаа гэрээний болон гэрээний бусаар үүссэн байж энэ төрлийн хуулиуд, стандарт дээр үндэслэж ял оноосон байдаг. Гэтэл уг хэргийн амь хохирогч өвчтөн, үйлчлүүлэгч бөгөөд тухайн хүнтэй албан тушаалын хувьд Д.Б харилцаа холбоо үүсгэх боломжгүй юм.

Тээврийн прокурорын газар Д.Б-г гэм буруутай гэж шүүхээс эцэслэн шийдэгдээгүй байхад зарласнаас болж олон нийтийн дунд уг асуудал яригдаж ялангуяа Хөдөлмөрийн харилцаа үүсдэг газрууд анхаарал хандуулж байгаа. Д.Б нь хуулийн байгууллагаар шалгуулсан цагаас хуулиар хамгаалагдсан эрхүүд маш ноцтой зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн хэргийг тээврийн прокурорын газар харьяалан шийдсэнээс үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй. Тээврийн прокурорын газрын хяналтад эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тээврийн хөдөлгөөнөөс үүдэлтэй гэмт хэрэгтэй төсөөтэй хэрэглэж, хуулийг өөрөөр тайлбарлаж хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж алдаа гаргасан гэж үзэж байна.

2.Бид эрдэнэт хүний амь нас хохирсонд үнэхээр харамсаж байна. ...Б.М-ийг хууль ёсны төлөөлөгч гэдгийг нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох төрсөн хүүхдүүд Ц.Б, Д.Б нар байсаар байхад Б.М төлөөлж оролцох шалтгааныг баримтаар тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл хууль бусаар томилогдсоноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Гэсэн хэдий ч  У иргэний хариуцагчаар татагдаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг олгосон. Өмгөөлөгчийн зүгээс мэргэжлийн байгууллага буюу барилга байгууламжийн бүтээц хийц зохион байгуулалтыг маш сайн мэддэг тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилуулах, мөн амь хохирогчийн өнчин тархины уйланхай нь үхлийн шалтгаантай холбоотой эсэхийг шалгуулахаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар маргадаг боловч прокурор, шүүх нь хууль зүйн үндэслэлтэй няцаалт, тайлбарыг гаргаагүй, нотлоогүй, тайлбарлаж чадаагүй. Эдгээр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

 

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Т эмнэлэгт ковидын шинжилгээ өгөх цэгт шинжилгээ өгч байсан иргэн Д.Ц гарах үедээ хулдаасан хаалтыг хана гэж түшсэнээс шатны хөндий рүү унан тархиндаа хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад нас барсан үйл баримт гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр хөдөлбөргүй тогтоогджээ. Д.Ц-ын амь нас хохирсон хор уршиг нь тус эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер ажилтай Д.Б, эмнэлгийн даргаар ажиллаж байсан С.Е нарын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, болгоомжгүй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Эдгээр баримтуудад тулгуурлан хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна. Тодруулбал, шүүгдэгч С.Е-ийн хувьд шинжилгээ авах түр цэгийн нарийн коридорт байх шатны хонгил руу хүн унах эрсдэлтэйг мэдсээр байж буюу өөрийн биеэр очиж танилцсан, хүн унах вий гэж хэлсэн талаар ажилчид нь гэрчлэн мэдүүлсэн. С.Е нь Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартад заасан “үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт технологи болон холбогдох дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллана, эмнэлэг нь үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн сэтгэлд нийцсэн ээлтэй орчныг бүрдүүлж ажиллана” гэснийг зөрчсөнөөс гадна Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн, эдгээр нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байсан бөгөөд дээрх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй байна. Шүүгдэгч Д.Б нь тус эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байхдаа тухайн хаалт нь аюулгүй байдалд нийцээгүй, хүн унах эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан ч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй болох нь өөрөө 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тухайн цэг дээр шалгалт хийгээд чиглэл өгсөн байдлаар тогтоогдсон. Мөн өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зорчигч, үйлчлүүлэгчдэдээ тав тухтай, түргэн шуурхай, найдвартай, аюулгүй үйлчилгээг хүргэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартад заасан үйлдвэрлэлийн болон ажлын байр, үйлдвэрлэлийн гадна ажил гүйцэтгэх, талбайг эмх цэгцтэй байлгаж аливаа эрсдэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байна. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс шинжээчийн дүгнэлтэд заасан стандарт нь хүчин төгөлдөр бус захиргааны акт гэх асуудлаар мэтгэлцэж байна. Үүнийг бусад материалуудтай харьцуулан үзвэл MNS 4968:2000 хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд зааснаар Монгол Улсын стандарт байна. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар үндэсний стандарт нь товчилсон тэмдэглэгээ, улсын бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017 нь байгууллагын стандарт бөгөөд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан стандарт, аргачлалын дагуу энэ хуульд нийцүүлэн боловсруулсан байгууллагын стандартыг хэрэглэж болно” гэж заасан. Тиймээс эдгээр стандартууд нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд хэрэглэж болохоор байна. Стандартчилал хэмжил зүйн газрын сайтад олон нийтэд нээлттэйгээр байршуулсан байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд эрүүл мэндийн байгууллагад дагаж мөрдөх Эрүүл мэндийн сайдын баталсан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрсдэлийг бүртгэх, хариу арга хэмжээ авах зааврын тодорхой заалтуудыг зөрчсөн талаар тусгагдсан байгаа. Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж шинжилгээ өгч байсан амь хохирогчийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж байгаа боловч MNS 4968:2000 стандарт нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй бүх салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлагыг тогтоосон баримт бичиг мөн бөгөөд дээрх шаардлагыг хангах үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль ажил, хөдөлмөр эрхэлж буй этгээдэд үйлчлэхдээ ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд зохицуулах харилцааны талаар цэг, таслал бүрээр хуульчилсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйгээс бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан нь хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий ажилтны буруутай үйл ажиллагаанаас шатны хонгил руу хүн унах эрсдэлтэй болохыг мэдсээр байж зөрчлийг арилгаагүй, үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээс бусдын амь нас хохирсон нь энэ хуулийг хэрэглэх үндэслэл болно. Эмнэлгийн дарга болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн хувьд хуульд нийцүүлэн гаргасан стандарт, зааврыг хэрэгжүүлэн ажиллах талаар ажлын байрын тодорхойлолтод тодорхой заасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хаалт, хаалга хийх боломжгүй байсан гэх боловч хэргийн газарт үзлэг хийхэд хуучин вакум хаалга хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр Д.Б, С.Е нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч С.Е, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Е, Д.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох шаардлагатай бүхий л ажиллагаа хийгдсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

2.Т эмнэлэгт шинжилгээний түр цэг байгуулж ажиллуулах явцдаа шатны гарцыг хулдаасаар хааж битүүлэхдээ шатны хөндий рүү хүн унаж бэртэхээс урьдчилан сэргийлсэн хаалт, хамгаалалт хийлгүй орхисон нь аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн байх ба тус эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Д.Б нь уг зөрчлийг илрүүлэх, арилгах үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.Ц ковидын шинжилгээ өгөх үедээ дээрх хулдаасыг ханатай андууран түшиж, хөл алдан шатны уруу унахдаа тархиндаа хүнд гэмтэл авч амь нас нь хохирсон болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

3.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт тооцно.

 

Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.

 

Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.  

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Б нь У-ын Д.Ж-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр тус У-ын харьяа хэлтэс болох Т эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байсан ба тэрбээр эрүүл ахуйч, халдвар судлаач эмч мэргэжилтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтад 2019, 2021 онуудад хамрагдсан байдлаас үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагыг хангасан байна.  

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Д.Б-гийн ажлын байрны тодорхойлолтод энэ талаар нарийвчлан тусгажээ.

 

Мөн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага” MNS4968:2000 стандартын 3.4.2-т “Ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц нь ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхэд аваар осол гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн ажлын байрны ерөнхий шаардлагад зохих хяналт тавих үүргийг дээрх хуульд зааснаар аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан хариуцахаар байна.

 

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед У-ын Гамшгаас хамгаалах штабын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Т эмнэлэгт шинжилгээний түр цэг байгуулахаар шийдвэрлэжээ.

 

Эмнэлгийн байранд шинжилгээний түр цэг байгуулахдаа зоорийн давхар руу орох шатны гарцыг хулдаасаар хааж битүүлсэн нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эрсдэлийг буй болгосон. Өөрөөр хэлбэл шатны уруу хүн унаж, гэмтэхээс хамгаалсан хаалт, хашилт хийхгүйгээр гарцыг бүхэлд нь хулдаасаар хаасны улмаас цаана нь ямар эрсдэл байгааг мэдэх боломжгүйгээр халхалж, энэ нь ажлын байран дахь үйлчилгээний хэсэгт аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандартын хүрээнд ажлын байранд аюулгүй ажиллагааг хангах үүргийг шууд хэрэгжүүлэх албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Д.Б бөгөөд тэрбээр эрсдэлийг илрүүлэх, арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй, хулдаасан хаалтыг налах, түшихийг хориглосон анхааруулга байршуулсан нь аюул, ослоос урьдчилан сэргийлэх бүрэн гүйцэд арга хэмжээ болж чадаагүй нь хохирогч амь насаа алдах шалтгаан болжээ.

 

Иймд шүүгдэгч Д.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

4.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар “стандарт” гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан баримт бичгийг ойлгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага хамаарахгүй.

 

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Үндэсний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална”, 9.4-т “Үндэсний стандарт нь товчилсон тэмдэглэгээ, улсын бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно”, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг /Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/-ийн 25.3.4-т “үндэсний стандартыг батлах, бүртгэх, түүний албан ёсны эхийг хадгалах, олон нийтэд мэдээлэх, түгээх” гэж тус тус зааснаас үзвэл үндэсний стандарт нь баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн үйлчлэх бөгөөд уг бүртгэлийг Стандартчилал, техникийн зохицуулалт хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхлэн хэрэгжүүлэхээр байна.

 

Үндэсний стандартад захиргааны хэм хэмжээний актын тавигдах шаардлага хамаарахгүй тул хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэх эрхгүй. Нөгөө талаар үндэсний стандартыг баталж, бүртгэх чиг үүргийг стандартчилал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хариуцуулсан нь тусгайлсан, нарийвчилсан хуулийн зохицуулалт гэж үзэхээр байх тул “... MNS4968:2000 стандартыг Хууль зүй, дотоод хэргийн яамд бүртгүүлээгүй тул эрх зүйн үйлчлэлгүй, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй ...” гэсэн оролцогчдын гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

5.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн үйлчлэл нь ажил, хөдөлмөр эрхэлж буй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн харилцаагаар хязгаарлагдахаар заасан боловч эрүүгийн гэмт хэргийн шинжээр тодорхойлоход ажлын байрны аюулгүй байдал, эрсдэлээс хамгаалсан хуулийн зохицуулалтыг дан ганц хөдөлмөр эрхэлж буй ажилтанд хамааруулж явцуу хүрээнд тайлбарлаж хэрэглэхгүй.

 

Учир нь, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн зүйлийн 3.1.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг ойлгохоор заасан бөгөөд олон нийтэд үйлчилдэг үйлчилгээний байгууллагын хувьд ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага нь ажилтан болон үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээ байх ёстой.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд эмнэлгийн байгууллагад ажлын байрны аюулгүй байдал алдагдсан нь тэнд ажиллаж буй ажилтнууд төдийгүй тус эмнэлгээр  үйлчлүүлж буй иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит хүчин зүйл болсон байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах ...” гэсэн зорилтын хүрээнд тус хуулийг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

6.Шүүгдэгч С.Е-ийн хувьд энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэв.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ... үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан үндсэн чиг үүргийн хүрээнд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т тус тус нэрлэн заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.

 

Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагатай дүрэм, журам, төсөв, зардлыг батлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг сахиулах үүрэг бүхий мэргэшсэн ажилтныг томилж, удирдан зохион байгуулах зэрэг болно.

 

Ажил олгогч нь өөрийн байгууллагын онцлог, эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэшсэн бүтэц, ажилтныг томилж ажиллуулснаар ажлын байранд гарч болзошгүй, энэ хэргийн үйл баримттай адил эрсдэл бүхий хүчин зүйлийг илрүүлэх, арилгуулахтай холбоотой үүрэг нь тухайн  нэгж, ажилтанд мөн үүснэ.

 

Харин хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, эсхүл энэ чиглэлийн ажилтныг ажил, үүргээ хэвийн явуулахад шаардлагатай нөхцөл, боломжоор хангаагүй зэргээр хайнга, хариуцлагагүй хандсан тохиолдолд ажил олгогчийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт ... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэж үзэх үндэслэл болно.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд У нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан тусдаа бүтэц нэгжтэй, мөн тус У-ын даргын тушаалаар салбар нэгж болох Т эмнэлэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр шүүгдэгч Д.Б-г томилон ажиллуулсан, эмнэлгийн түвшинд үйлчлэх “У-ын Т эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий журам”-ыг баталж мөрдүүлсэн байна.

 

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул У-ын Т эмнэлгийн дарга С.Е-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

 

7.Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарлалтын бүсийг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж залруулаагүй байх тул түүнд оногдуулсан ялын хязгаарлалтын бүсийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэмжээ, хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг тогтоол, магадлалд оруулахаар шийдвэрлэлээ.

 

8.Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч С.Е-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан, шүүгдэгч Д.Б-д оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, “... хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах...”-ыг хүссэн шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 821 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 166 дугаар магадлалаас шүүгдэгч С.Е-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгасугай.

 

2.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 821 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 2 /хоёр/ жилийн ...” гэснийг “... 1 /нэг/ жилийн ...” гэж, 3 дахь заалтад “... Улаанбаатар хотын ...” гэснийг “... Баянгол дүүргийн ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 166 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧИД                                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Ч.ХОСБАЯР

 

Б.ЦОГТ