Шүүгчийн нэр | Б.Батцэрэн |
Шийдвэрийн огноо | 2024.11.06 |
Шийдвэрийн дугаар | 2024/ХШТ/130 |
Хэргийн индекс | 163/2024/0093/Э/ |
Маргааны төрөл | None |
Хуулийн зүйл, заалт | 11.6-2 |
Шийдвэрлэсэн байдал | Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.05.16, дугаар: 93 |
Анхан шатны шүүх | Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2024.08.14, дугаар: 22 |
Давж заалдах шатны шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
Г.А, Г.С, Г.Ш нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Г.А, Г.Ш нарын өмгөөлөгч Ж.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар магадлалтай, Г.А, Г.С, Г.Ш нарт холбогдох 2415000340061 дугаартай эрүүгийн хэргийг өмгөөлөгч Ж.Ариунжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Г.А;
2.Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 2022 оны 06 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Д овогт Г.С;
3.Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй,
урьд 2022 оны 02 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу чөлөөлөгдсөн, 2023 оны 12 дугаар сарын 05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, Б овогт Г.Ш.
Шүүгдэгч Г.А, Г.С, Г.Ш нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.А, Г.С, Г.Ш нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Г.С, Г.Ш нарыг тус бүр 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Г.Ш-т Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,200,000 төгрөгөөр торгох ялтай нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 80 хоног буюу 1 жил 8 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...хураагдсан болон” гэснийг хасаж, 7 дахь заалтад “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар бариултай заазуур 1 ширхгийг” гэсний дараа “ногоон өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхгийг” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.А, Г.Ш нарын өмгөөлөгч Ж.Ариунжаргал гаргасан гомдолдоо “ ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ: “...Г.Ш нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэх хуулийн шаардлагыг хангасан” гэж үзэж, шүүгдэгч Г.Ш-ын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 80 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, түүний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1.Г.Ш нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй тухайд:
Г.Ш-ыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Г.Ш-т тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж шийдвэрлэсэн.
Уг шийтгэх тогтоолыг Г.Ш нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12:57 цагт гардан авч, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр түүнийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц;” анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан. Гэтэл Г.Ш 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дээрх шийтгэх тогтоолыг гардан авсан учир Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуусаж уг өдөр 03 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж заасан бөгөөд энэ зүйлийн гипотез буюу нөхцөл заасан хэсэг нь тэнссэн хугацаанд уг гэмт хэргийг үйлдсэн байхыг шаардаж байна.
Тэнссэн хугацаа гэдэг нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлж эхлэх хугацаа буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шийтгэх тогтоолыг биелүүлж дуусах хугацаа юм. Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 26 дугаар тогтоолоор Г.Ш-т Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын дагуу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэж, тэнссэн хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс тоолсон талаарх баримт хэргийн материалын 177 хуудсанд авагдсан байдаг боловч анхан болон давж заалдах шатны шүүхүүд ямар үндэслэлээр уг баримтыг үнэлээгүй талаарх дүгнэлтийг хийгээгүй.
Шүүгдэгч Г.Ш-ын хувьд тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, харин 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уг гэмт хэргийг үйлдсэн байх тул тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй гэж үзэж, тэнссэн шийдвэрийг хүчингүйд тооцсон тухайд:
Шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй байна гэдэг нь шийдвэр биелэгдэх боломжгүй, шийдвэрт гомдол гаргах эрх хэрэгждэг. Мөн гомдол гаргаагүй ч гомдол гаргах хугацааг дуусгадаг. Харин шийдвэр хүчин төгөлдөр болсон бол шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй ба гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар шүүхийн шийдвэр дахин гарахгүй байх үр дагавартай. Г.Ш нь прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд урьд ял шийтгүүлсэн нь түүний гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, шийтгэх тогтоолын хүчин төгөлдөр байдлыг уншин сонсгосноор тооцох үндэслэл болохгүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна” гэж заасан ба хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэснийг биелүүлж хяналт тавих эрх бүхий байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага юм. Шүүх тэнссэн хугацааг шүүгдэгчийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдээгүй үеэс буюу уншин сонсгосноор тоолсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл юм. Мөн түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэзээ эхэлсэн болон дууссанд дүгнэлт өгөлгүйгээр гагцхүү шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй гэх агуулгыг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болсныг анхаарч үзэлгүйгээр хуулийг буруу хэрэглэж иргэний эрхийг зөрчсөнд гомдолтой байна.
Иймд Г.Ш нь тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ДШМ/22 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, Г.Ш-т оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээг хэрэглэсэн, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэлгүй тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор С.Батсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.С, Г.А, Г.Ш нар нь бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Шүүгдэгч Г.Ш-ын хувьд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлэхдээ хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн ба энэ хэргийн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд оролцогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гарах эрхгүй байхаар хуульчилсан ба энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурджээ.
Тодруулбал, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уншиж сонсгосноор хүчинтэй болсон, шүүгдэгчийн шийтгэх тогтоолыг гардаж авсан гэх хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бичгээр албажуулж оролцогч нарт гардуулах хугацаанд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж дүгнэн Г.Ш-ын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар сольж, нийт биеэр эдлэх ялыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Г.А, Г.Ш нарын өмгөөлөгч Ж.Ариунжаргалын гаргасан гомдлыг үндэслэн Г.А, Г.С, Г.Ш нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.Г.А, Г.С, Г.Ш нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ... аймгийн ... сумын ... дугаар баг “А” гэх газарт хохирогч Э.А-ийг бүлэглэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г.А, Г.С, Г.Ш нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хуульд заасан торгох ялыг сонгож оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.
3.Шүүгдэгч Г.Ш-ын хувьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр, 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хүнд холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж, өмнөх болон сүүлийн гэмт хэрэгт нь оногдуулсан ялуудыг нэгтгэж, жинхэнэ эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тусгайлан зохицуулжээ.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ш-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнийг өмнөх шийтгэх тогтоолоор тэнсэж хянан харгалзсан 01 жил 06 сарын хугацааг хорих ялын хугацаатай шууд дүйцүүлэн тооцож, уг тэнссэн хугацааг сүүлийн тогтоолоор оногдуулсан торгох ялтай нэгтгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн хүнд өмнөх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тусгайлан зохицуулсны дагуу шүүх Г.Ш-т өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих ялыг оногдуулж, улмаар уг ялыг шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан ялтай нэгтгэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулахгүй хэвээр үлдээсэн нь буруу болжээ.
Дээр дурдсан алдааг хяналтын шатны шүүх хуралдаанаас зөвтгөн шүүгдэгч Г.Ш-т ял оногдуулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Г.Ш-т холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал нь “Г.Ш 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийтгэх тогтоолыг гардан авсан... уг шийдвэрт гомдол гаргах хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуусаж ... шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ... Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 26 дугаар тогтоолоор Г.Ш-т Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын дагуу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэж, тэнссэн хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс тоолсон ... Г.Ш-ын хувьд тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, харин ... шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уг гэмт хэргийг үйлдсэн байх тул тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй” хэмээн хяналтын журмаар гомдол гаргасныг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзэв.
4.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж зааж, мөн хуулийн 5, 6, 7 дугаар бүлэгт үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээ, албадлагын арга хэмжээний төрөл, тэдгээрийг хэрэглэх нөхцөл, шалгуур, журмыг тус тус хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журам нь албадлагын арга хэмжээний нэг төрөлд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангасан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох зохицуулалт нь шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр гэм бурууг нь ухамсарлуулах, засарч хүмүүжих, нийгэмших, хохирол хор уршгийг арилгуулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд уг албадлагын арга хэмжээ авагдсан хүнийг ял шийтгүүлсэн гэж үзэхгүй.
Харин шүүгдэгч тэнсэж хянан харгалзсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6 дугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмын дагуу түүнд тохирсон ялыг сонгож оногдуулах учиртай юм.
4.2.Гэмт этгээд хоёр буюу түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдэж, тэдгээртээ ял шийтгүүлээгүй байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн” гэх үндэслэлээр тэнсэх журмыг хэрэглэж болохгүй хориглолтод хамаарах тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгүүлэхгүй тэнсэгдсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хүний өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг заавал хүчингүй болгож, ял оногдуулна.
Харин хууль тогтоогч уг хориглолтод зөвхөн санаатай гэмт хэрэг үйлдсэнийг хамааруулсан тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн боломжтой гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Ш нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглолтын дагуу өмнөх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй болно.
4.3.Шүүгдэгч Г.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу уншиж сонсгосноор хүчинтэй болсон бөгөөд тухайн шийдвэрт эрх бүхий этгээдүүд гомдол, эсэргүүцэл гараагүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргалын “...шүүгдэгч Г.Ш-ын хувьд тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, харин шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хэвээр үлдээж, торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол, Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар магадлалын шүүгдэгч Г.Ш-т холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2.Шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Г.А, Г.С нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Шүүгдэгч Г.Ш-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ