Шүүгчийн нэр | С.Батдэлгэр |
Шийдвэрийн огноо | 2024.11.27 |
Шийдвэрийн дугаар | 2024/ХШТ/136 |
Хэргийн индекс | 1709024971210 |
Маргааны төрөл | None |
Хуулийн зүйл, заалт | 20.14 дүгээр зүйлийн 2 |
Шийдвэрлэсэн байдал | Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.05.29, дугаар: 552 |
Анхан шатны шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2024.09.10, дугаар: 1043 |
Давж заалдах шатны шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
П.А, “ЦГ” ХХК-д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Э, хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Г.А, хохирогч Х.Д, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 552 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1043 дугаар магадлалтай, П.А, “ЦГ” ХХК-д холбогдох эрүүгийн 1709024971210 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц, иргэний хариуцагч “С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Н нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй “ЦГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Т овогт П-ийн А.
2.Монгол Улсын хуулийн этгээд, 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, П.А гүйцэтгэх захиралтай, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл буюу гэрчилгээ 3 жилийн хугацаагаар олгогдсон, ял шийтгэлгүй “ЦГ” ХХК.
П.А нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин
(Bevacizumab) тариа буюу эмийг Энэтхэг улсаас худалдан авч, гар тээшиндээ хадгалж, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр Буян-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр 2017 оны 01, 04 дүгээр саруудад импортолсон,
“ЦГ” ХХК нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг гүйцэтгэх захирал П.А 2017 оны 01, 04 дүгээр саруудад Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр Энэтхэг улсаас худалдан авч, гар тээшинд хадгалан, тээвэрлэн, импортлон оруулж ирснийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс *********, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О”, 2017 оны 05 дугаар сарын 10, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд “С” зэрэг эмнэлгүүдэд худалдан түгээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.А-г эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан, “ЦГ” ХХК-ийг эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцож,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,
П.А буюу “ЦГ” ХХК-ийг эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 23,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.А-с 7,500,000 төгрөгийг, иргэний хариуцагч “С” ХХК-аас 7,500,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Х.Д-т, П.А-с 7,805,380 төгрөгийг, иргэний хариуцагч “С” ХХК-аас 7,805,380 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Н.Б-д тус тус олгож,
Хохирогч нар нь цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.А буюу “ЦГ” ХХК-ийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6,928,000 төгрөгийг “ЦГ” ХХК-ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 1043 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэг “шүүгдэгч Т овогт П-ийн А буюу “ЦГ” ХХК-ийг ...” гэснээс “Т овогт П-ийн А буюу” гэснийг, 3, 4 дэх хэсгээс “П.А буюу “гэснийг тус тус хасаж, 10 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож,
мөн тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Н нарын хамтран гаргасан болон өмгөөлөгч Э.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц гаргасан гомдолдоо: “... П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэрэгсэхгүй болгосонтой санал нэгтэй байгаа ба харин хуулийн этгээдийг буруутган шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.
Бодит байдалд миний үйлчүүлэгч П.А нь авастин тариаг хувиараа оруулж ирж хувиараа эмнэлгүүдэд худалдахдаа компанийн ашиг сонирхлын үүднээс бус өөрийн хувийн мөнгөөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас худалдан авч иргэн А гэдэг нэрээрээ худалдсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь хэрэгт авагдсан аудитын дүгнэлт болон бусад компанийн санхүүгийн баримт болон тайлан зэргээр нотлогддог. Мөн авастин тариаг худалдаж авсан эмнэлгүүдээс тарианы үнийг П.А-ийн өөрийнх нь хувийн дансаар шилжүүлсэн байдаг бөгөөд компанийн дансанд нэг ч төгрөг ороогүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад түүнийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэж буруутгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
“ЦГ” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлтэй хугацаа нь дуусаагүй байсан, мөн зөвхөн авастин тарианаас гадна өөр эм, тариа нийлүүлдэг тусгай зөвшөөрөлтэй байсан байдаг.
Авастин тарианы хувьд П.А нь “ЦГ” ХХК-ийн нэрээр бус өөрийн хувийн мөнгөөр худалдан авчирч эмнэлгүүдэд худалдсан болох нь нотлогдон тогтоогдсон, 2 гишүүнтэй компани бөгөөд авастин тариаг тус компанийн хөрөнгөөр худалдан аваагүй, мөн компанийн дансанд оруулаагүй өөрөөр хэлбэл компани ашиг олоогүй, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдээгүй гэмт хэргийн субъект болж чадахгүй юм.
Хохирогч Х.Д, Н.Б нарт сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох тус бүрийн 15,000,000 төгрөг, хохирогч Н.Б-д гарсан хор уршгийн бусад зардалд 610,760 төгрөг зэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан болохыг шүүх анхаарч үзэлгүй зөвхөн Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг” барьж шийдвэрлэн шүүх хууль хэрэглээний зөрүү гаргасан.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журмыг тогтоосноос бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчим үйлчилнэ.
Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хууль нь агуулгаараа гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, төлбөр хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон шинжтэй байх тул тус хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасан хугацаагаар ойлгоно. Гэтэл П.А болоод “ЦГ” ХХК-ийг холбогдуулж буй цаг хугацаа нь 2017 оны 04, 09 дүгээр сарын асуудал яригдаж байна.
Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 04, 09 дүгээр саруудад үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй тул П.А, хуулийн этгээд “ЦГ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дахь хэсэг болон магадлалын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгон хууль хэрэглээний зөрүүг арилган шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч “С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Н нар хамтран гаргасан гомдолдоо: “...Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч П.А болон “ЦГ" ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.А, түүний өмгөөлөгч Б.Н бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт тус тус заасанчлан шийтгэх тогтоол болон магадлалын дүгнэлт болон үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх ба шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн зэрэг үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.
“С” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.А болон “ЦГ" ХХК-д холбогдуулан эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт “С” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн прокурор иргэний хариуцагчаар татсан бөгөөд тогтоолын үндэслэл нь бодит байдалд нийцээгүй буюу “С” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах болсон үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүхүүд буруу үнэлэлт өгч, дүгнэсэн гэж үзнэ.
“С” ХХК нь “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ”-ний үндсэн дээр гэрээний нөгөө тал болох тусгай зөвшөөрөл бүхий хуулиар болон гэрээгээр тодорхой үүрэг хүлээсэн “ЦГ” ХХК-ийн нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авсан үйлдэл хийсэн байх бөгөөд худалдан авагчийн хувьд худалдан авч буй эм, тарилга бүрд **** яам болон **** төвөөс олгож байгаа зөвшөөрлийг шалгах эрх хуулиар олгогдоогүй, Монгол улсад худалдан борлуулж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл нэг бүрийг хянан шалгах буюу дээж авч шинжлүүлэх үүрэг хүлээгээгүй буюу энэхүү үүргийг тусгай зөвшөөрөл олгогч төрийн эрх бүхий байгууллага шүүгдэгч, гэрээний нөгөө тал болох эм ханган нийлүүлэх байгууллага тусгайлан хэрэгжүүлдэг болно. Иргэний хариуцагчаар татах болсон үндэслэлийг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тусгахдаа харилцан эсрэг тэсрэг агуулгатайгаар тодорхойлсон байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн энэхүү агуулга нь эсрэг тэсрэг зөрүүтэй дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй гэж дүгнэснийг иргэний хариуцагчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхүүд тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, иргэний хариуцагчаар татсан үндэслэлийг тогтоож чадаагүй, харин ч шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт хор уршиг учирч, энэ хэргийн улмаас иргэний хариуцагчаар татагдаж буй “С” эмнэлэг мөн хохирсоор байтал энэ нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, иргэний хариуцагчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа байгаа эсэхийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд тогтоогдохгүй гэж үзсэн мөртлөө бусдын үйлдлийн улмаас учирсан хор уршиг, хариуцлагыг хүлээх ёстой гэсэн ядмаг дүгнэлт хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтын хүрээнд дүгнэж чадалгүй орхисон гэж үзэж байна.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс “С эмнэлэг нь хэдийгээр хэрэг учрал дамжмал байдлаар бусдын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй боловч болзошгүй эрсдэлээс сэргийлэх буюу эм зүйч ажиллуулж, түүгээр эмийн чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа баримт бичгийг зохих ёсоор шалгуулах, хүлээн авсныг баримтжуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр хохирогч нарт тэрхүү хохирол, хор уршиг учрах үйл баримтанд мөн иргэний эрх зүйн хариуцлага хүлээж байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн ба энэхүү анхан шүүхийн дүгнэлт нь “С” эмнэлэг буюу иргэний хариуцагчийн буруутай үйл ажиллагаа эсхүл хэн нэгэн эмнэлгийн албан тушаалтан, ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчид хохирол учирсан зэргийг шалган тогтоолгүй эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хамаатуулан шалгасан баримтгүйгээр шууд хариуцах ёстой мэт шүүгдэгч П.А, "ЦГ” ХХК-тай ижил эрүүгийн хэрэгт шүүгдэгчээр татагдан шүүгдэж буй мэтээр хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн үнэлэлт дүгнэлт гэж ойлгогдож байх ба мөн “С” эмнэлгийн зүгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ хууль болон журамд заасны дагуу зохих ёсоор үзүүлсэн эсэхэд эрүүгийн эсвэл зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг бүрэн тогтоогоогүйгээр, хохирогч нар буюу иргэний нэхэмжлэгч нарт иргэний хариуцагч болох “С” ХХК нь хэчнээн төгрөгөөр үнэлэгдэх эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөр авалгүй үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тогтоолгүйгээр иргэний нэхэмжлэгч нарын хохирол болон бусдын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан сэтгэл санааны гэм хорын төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх нь Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Монгол улсын стандартыг үндэслэл болгон дүгнэлт гаргасан байх бөгөөд ингэхдээ “эмийн сан” гэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын үүрэг хариуцлагыг нүдний эмнэлгийн үйл ажиллагаатай хольж хутган, энэхүү хэргийн хүрээнд прокуророос шалгаж тогтоогоогүй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч эмнэлгийн эм зүйчийн үйл ажиллагааг шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд энэхүү дүгнэлтээрээ иргэний хариуцагчийг нотлох баримтгүйгээр дахин буруутгасан дүгнэлт хийсэн энэ нь “Гэтэл иргэний хариуцагчийн тухайд эм зүйчгүйгээр /хуульд заасан шаардлагыг хангаагүй тул эм зүйч биш гэж үзнэ/ эм татан авах үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүний улмаас эм татан авахад зайлшгүй шаардлагатай зохист ажилбарууд орхигдож, энэ нь цаашлаад гуравдагч этгээдэд /хохирогч нар/ хохирол, хор уршиг учрах нэг шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй, “Эцэст нь дүгнэн үзэхэд “С” ХХК нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай бөгөөд үүний үндсэнд хохирогч Х.Д, Н.Б нарын өмнө иргэний эрх зүйн үүрэг, хариуцлага хүлээх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс зөв гэж дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх нь гагцхүү прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруу, хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх байтал иргэний хариуцагч “С” эмнэлгийг анхнаас нь эрүүгийн журмаар гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй, түүнчлэн шүүх удаа дараа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ иргэний хариуцагчаар татсан "С” эмнэлгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулсны дараа хохирогч нарын гэм хорын асуудлыг шийдвэрлүүлэх учиртай байтал ийнхүү шалган тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй нөхцөлийг гарган дүгнэж, шүүгдэгчийн хариуцлагыг иргэний хариуцагч хүлээх ёстой гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэрэгт огт хамааралгүй өөр хууль /Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль/-ийн зүйл, заалтыг зөрчсөн, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай буюу зөрчлийн болон бусад гэмт хэрэгт хамаатуулан шалгаагүй байж шууд хамааруулан буруутгаж, иргэний хариуцагчаар татагдсан этгээдийг шүүгдэгч мэтээр хариуцлага хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний нэхэмжлэгч Х.Д, Б.Б нар нь эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгтээ болон хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй цөөн нотлох баримтуудыг гарган өгч тус бүрдээ гэм буруутай этгээдээс сэтгэл санааны гэм хорын төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн гэж ойлгогддог.
Анхан шатны шүүх нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад удаа дараа иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тодруулбал өөрт учирсан хохирол, сэтгэл санааны гэм хорын төлбөр зэргийг ямар үндэслэлээр эсхүл ямар нотлох баримтын хүрээнд хэрхэн нотолж, хэнээс /иргэний нэхэмжлэгч нар нь удаа дараа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад янз бүрийн тайлбар хэлж байсан тухайлбал зарим мэдүүлэгтээ гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгчээс зарим мэдүүлэгтээ шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гэх мэтчилэн/ нэхэмжилж байгааг огтхон ч тогтоогоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-с нэхэмжилж буй хохирол гэх дүн үйл баримттай холбоотой эсэх /хэнийх эсэх нь тодорхойгүй, үйл баримттай холбогдолгүй хугацааны шатахууны баримтууд гэх мэт/, сэтгэл санааны хохиролд нэхэмжилж буй дүн нь нотлох баримтаар нотлогдсон, хуулийн шаардлагад нийцэж буй эсэх, иргэний нэхэмжлэгч Х.Д-н гаргасан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж буй нотлох баримт байгаа эсэх, баримт нь хуулийн дагуу нотлогдож байгаа эсэх, тухайн хохирогч нарыг “С” эмнэлгээс үнэ төлбөргүй эмчилж байсан хохирлын баримттай /4 дэх хавтас, 52-95 дахь тал/ давхацсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д зааснаар гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу Иргэний хуулийн 497.1 болон 497.3 дахь заалтууд түүнчлэн 505 дугаар зүйлийн 505.1-г удирдлага болгон шүүгдэгч болон иргэний хариуцагчаас мөнгөн дүн гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж дүгнэсэн давж заалдах шатны шийдвэрийг авч үзвэл:
Иргэний хуулийн 505.1 ”Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй." энэхүү зохицуулалтаас авч үзвэл иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй мөнгөн төлбөртэй огт хамааралгүй зохицуулалт байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нар нь сэтгэл санааны хохирол гэх буюу сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгогдох атал шүүхээс иргэний нэхэмжлэгч нараас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулсан эсвэл цаашид сувилуулах зэрэг энэхүү хуулийн зохицуулалттай холбоотой баримт хэрэгт огт авагдаагүй, хэрэгт энэ талаарх иргэний нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон баримт огт байхгүй байхад хуулийн энэхүү хамааралгүй зохицуулалтын дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлийн шаардлага болох сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбогдох хуулийн зохицуулалт, дагаж мөрдөх хугацааг авч үзвэл энэ нь Иргэний хуулийн 511.3-т зохицуулсан байх бөгөөд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө гэж зааснаас үзвэл гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг доорх байдлаар зохицуулсан буюу “Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно. Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан нотлох баримтгүй иргэний нэхэмжлэлийн шаардлага болох сэтгэл санааны хохирол гэх буюу сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1-д зааснаар Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 20.14-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана, энэхүү дүгнэлтийг үндэслэж сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг илт буруу шийдвэрлэж, шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол болон магадлалын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож иргэний хариуцагчийн хяналтын гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хохирогч Н.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Г.А хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч “ЦГ” ХХК-тай холбоотой гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Тус компани “Авастин” эмийг худалдсан баримт харагддаг. Иймд тус компанийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татсан байдаг. Тус “С” ХХК нь хуульд заасан стандарт, журмыг зөрчиж “ЦГ” ХХК-аас “Авастин” тариаг худалдан авч хохирогч Н.Б-д 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тарьсан. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тариаг вирустэй гэдгийг мэдэгдэж “С” ХХК-аас хагалгаанд оруулсан. Иймд “С” эмнэлгийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй, сэтгэл санааны хохирлыг анхан болон давж заалдах шатны шүүх гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэдэг үндэслэлээр иргэний хариуцагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар сэтгэл санааны хохирлыг гаргах ёсгүй гэж гомдол гаргасан байгаа. Гэхдээ Улсын дээд шүүхийн практикт хууль батлагдахаас өмнө сэтгэл санааны хохирол гаргаж байсан тохиолдлууд байгаа. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн зохих хуулийн заалтуудыг үндэслээд сэтгэл санааны хохирлыг тооцож гаргасан нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогч Х.Д хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Энэ хэрэг үүсээд 7 жил гаруй хугацаа өнгөрч байна. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр энэ тариаг тариулаад өрөөсөн нүд маань хараагүй болсон. 7 жилийн хугацаанд хэрэг шийдэгдэхгүй дээд шатны шүүхээр хэлэлцэж байна. Хэргийн гол зүйл нь “ЦГ” ХХК-аас буюу П.А тариаг хувиараа оруулж ирээд ***, “С” эмнэлэгт зах зээлийн үнээс арай хямд нийлүүлснээс энэ хэрэг үүссэн. Миний хувьд шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлтэй үнэн зөв гарсан гэж үзэж байна гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Г хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хяналтын шатны журмаар иргэний хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Т.А, өмгөөлөгч Б.Н нар гомдол гаргасан. Миний бие анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “С” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. Удаа дараа прокурорт энэ талаар хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “С” ХХК-ийг татсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар “С” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. “С” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эм ханган нийлүүлэх гэрээ байгуулан “Авастин” гэх эмийг худалдаж авсан. Тэгэхээр тухайн үед мөрдөгдөж байсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар олгогдсон үүрэг байгаа. Үүнд эмийн чанар, хууль ёсны байх, аюулгүй байдлын асуудлыг бүрэн хариуцах талаар зохицуулсан зохицуулалт байдаг. Үүнд нь төрийн байгууллага хяналт тавьдаг. Гэтэл шүүхийн хийсэн дүгнэлт нь худалдаж авсан тариагаа нүдээрээ хараад микроб байгаа эсэхийг хянаагүйгээс хохирогч нарт хохирол учирсан байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй үндэслэл гаргасан. Хоёрт захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад “С” эмнэлэг болон түүний ажилчид Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, энэ хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой гаргасан журмыг зөрчсөн мөн Зөрчлийн тухай хуульд заасан ямар нэгэн буруутай үйл ажиллагаа хийсэн гэсэн баримт байхгүй, энэ талаар шалгуулах хүсэлт гаргахад шалгаагүй орхигдуулсан. Нэгэнт буруутай үйлдэл болон гэмт хэрэг үйлдсэн субъект тодорхой байхад түүнээс гаргуулах ёстой хохирлыг тухайн эмийг хэрэглэсэн худалдан авагч талаас үндэслэлгүйгээр гаргаж, иргэний хариуцагчаар татсан нь хууль зөрчсөн. Нөгөө талаар анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хохирогч нарын сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг холбогдох нотлох баримт байхгүй байхад гаргуулж шийдсэн. Үүнд хууль хэрэглэхдээ Улсын дээд шүүхийн тайлбар практик, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор буцаан хэрэглэхийг хориглосон заалтуудыг зөрчиж 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдсэн иргэний хариуцагчтай холбоотой шийдвэрлэсэн заалтуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй санал нэгтэй байна. Харин хуулийн этгээдийг буюу “ЦГ” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, улмаар сэтгэл санааны хохирол гаргаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний үйлчлүүлэгч П.А нь “Авастин” тариаг хувиараа оруулж ирж хувиараа эмнэлгүүдэд худалдахдаа компанийн ашиг сонирхлын үүднээс бус өөрийн хувийн мөнгөөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас худалдан авч иргэн А гэдэг нэрээрээ худалдсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь хэрэгт авагдсан аудитын дүгнэлт болон бусад компанийн санхүүгийн баримт болон тайлан зэргээр нотлогддог. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 04 дүгээр сар, 09 дүгээр саруудад үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй тул П.А, хуулийн этгээд “ЦГ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол, магадлалд “ЦГ” ХХК-ийг гэм буруутайд тооцсон, сэтгэл санааны хохирлыг “ЦГ” ХХК болон П.А нараас гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчлүүлэх саналтай байна. Миний үйлчлүүлэгч 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зүрхний шигдээсээр нас барсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар П.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор Г.Э хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг бүрэн шалгаж тодруулсан байна гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож түүнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч П.А-г зохих зөвшөөрөлгүйгээр “Авастин” тариаг импортоор оруулан ирж худалдахын тулд өөрийн дангаар хувьцаа эзэмшдэг эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй “ЦГ” ХХК-ийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан нь өөрийг нь болон хуулийн этгээдийг гэм буруутайд тооцох үндэслэл болсон гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн шүүхээс шүүгдэгчийг эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд, шүүгдэгч “ЦГ” ХХК-ийг эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан П.А нь эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.А нь зохих зөвшөөрөлгүйгээр “Авастин” тариаг импортоор оруулж ирж, өөрийн хуулийн этгээдийн нэрээр гэрээний дагуу худалдсан тариаг “С” эмнэлэг нь эмийн чанар, стандарт, аюулгүй байдалтай холбоотой баримт бичгийг нягтлан шалгахгүйгээр худалдан авч эмчилгээнд оруулж, хохирогч нарт хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь шалтгаант холбоотой байх тул хохирол хор уршгийг хамтран арилгах үүрэгтэй гэх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Харин сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргуулан шийдвэрлэхдээ баримт нотолгоонд үндэслэхгүйгээр нөхөн төлбөрийг хэмжээг тодорхойлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж дүгнэж байна. Мөн шүүгдэгчийг нас барсан баримт ирсэн байна. Иймд П.А-д холбогдох шийтгэх тогтоолыг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь өөрт учирсан сэтгэцийн хохирол, цаашид гаргах хор уршигтай холбоотой зардлыг шүүгдэгч, иргэний хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.А, хуулийн этгээд болох “ЦГ” ХХК-д холбогдох хэргийг эрх бүхий этгээдүүдийн гаргасан гомдлуудыг үндэслэн хяналтын шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч мөн сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлосон билээ.
Гэтэл шүүгдэгч П.А нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан болох нь нотариатч С.Т-н гэрчилсэн нас барсан гэрчилгээгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол)-ийн 1.3-т зааснаар шүүгдэгч нас барсан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй ба үүнд шүүхийн өмнөх болон шүүхийн шатны аль аль нь хамаарна.
Тухайлбал, энэ тохиолдолд шүүхийн өмнөх шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахгүй, яллах дүгнэлт үйлдэхгүй байх зэрэг хамаарах бол хэрэг аль шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй болон гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл шалтгаалан нас барсан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болговол зохих тул шийтгэх тогтоол, магадлалын П.А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар нас барсан хүнийг цагаатгах эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээн хянан шийдвэрлэхээр бол хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй.
Шүүгдэгч П.А-ийн өмгөөлөгч Д.Ц нь түүнийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосонтой санал нэгтэй байгаа” гэж хяналтын журмаар гаргасан гомдолдоо (хэргийн 8 дахь хавтас, 193-195 дахь тал) дурдсаныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, түүнчлэн тэрбээр өөрийгөө гэм буруугүй тул цагаатгуулах талаар бие даасан гомдол гаргаагүй болон түүнтэй холбогдох өөр яллагдагч, шүүгдэгч (бие хүн)-ийн хувьд яллах дүгнэлт үйлдэгдээгүй, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдээгүй ба П.А-г цагаатгах нөхцөл байдал шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
“ЦГ” ХХК анх 2 (хоёр) гишүүнтэй үүсгэн байгуулагдаж, Н.А-г захирлаар томилсныг улсын бүртгэлд 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн (хэргийн 5 дахь хавтас, 192-198 дахь тал) боловч Н.А нь өөрийн эзэмшлийн хувьцааг П.А-д худалдаж, үүнтэй холбогдох төлбөрийг хүлээн авсан тэрбээр уг компанид хувьцаа эзэмшдэггүй, үйл ажиллагаанд нь оролцдоггүй болох нь түүний мэдүүлэг (хэргийн 2 дахь хавтас, 144-145, 6 дахь хавтас, 41 дэх тал) болон “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”, “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, төлбөр хүлээн авсан баримт (хэргийн 5 дахь хавтас, 222-227 дахь тал) зэргээр тогтоогдсоноос гадна хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд (хэргийн 5 дахь хавтас, 221 дэх тал), хувьцаа эзэмшигч, гишүүний тоо 1, хувьцаа эзэмшигч, гишүүн П-н А, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээд П-н А” гэж тус тус тэмдэглэсэн байна.
Дээрхээс үзэхэд “ЦГ” ХХК нь П.А гэсэн нэг гишүүн болон хувьцаа эзэмшигчтэй байх бөгөөд тэрбээр Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу компанийн эрх бүхий албан тушаалтан байжээ.
Иймээс Н.А-г “ЦГ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Б-ийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолыг (хэргийн 6 дахь хавтас, 53-54 дэх тал) дээд шатны прокурорын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тогтоолоор (хэргийн 6 дахь хавтас, 79-80 дахь тал) хүчингүй болгосноор прокуророос П.А-г дээрх хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон 1 дугаартай тогтоолыг (хэргийн 6 дахь хавтас, 165-167 дахь тал) 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан байна.
П.А-г хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр ийнхүү тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйл (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх)-ийн 1.2 дахь заалттай нийцжээ.
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчим, оногдуулах ялын төрлийн талаар Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлэгт тодорхой заасан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж тодорхойлжээ.
Хуулийн уг зохицуулалтаас үзэхэд хувь хүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байвал түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн гэмт үйлдлийн өмнөөс хуулийн этгээд төлөөлөн хариуцлага хүлээх ба уг үйлдэл (эс үйлдэхүй) нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх шаардлагатай юм.
Тодруулбал, эрх бүхий этгээд хуулийн этгээдийн өмнөөс төлөөлөн гэмт үйлдэл (эс үйлдэхүй) гүйцэтгэвэл тэр нь хуулийн этгээдийн үйлдэлд тооцогдож, давхар хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4-т “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, 9.1 дүгээр зүйлийн 3-т “...хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ...хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаас тодорхой байх бөгөөд энэ нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасантай зөрчилдөхгүй болно.
Шүүгдэгч П.А нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьцааг 100 хувь ганцаараа эзэмшиж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу компанийн удирдлагыг дангаараа хэрэгжүүлдэг болох “ЦГ” ХХК-ийн ашгийн төлөө 2017 оны 1, 4 дүгээр саруудад зохих зөвшөөрөлгүйгээр “Авастин” эм (тарилга)-ийг эрх бүхий байгууллага буюу Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр импортолж, түүнийгээ нэр бүхий гурван эмнэлэгт нийлүүлж, төлбөрийн зарим хэсгийг авсан үйл баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4, 9.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдийг үндэслэн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн нь хуульд нийцсэн байна.
Тиймээс “ЦГ” ХХК-ийг гэмт хэргийн субъект болохгүй талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” хэмээн тодорхойлсноос гадна түүний иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохоор мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заажээ.
Түүнчлэн хуулийн этгээд болон компанийг татан буулгах үндэслэл, журмыг Иргэний хуулийн 32 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 26-29 дүгээр зүйлүүдэд тодорхой зохицуулсан байна.
Хуулийн эдгээр заалтаас үзэхэд тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, зохион байгуулалтын нэгдэл болох хуулийн этгээдийн (үүнд хязгаарлагдмал хариуцлагатай компани хамаарна) хувьд хуульд зааснаар татан буулгаснаас бусад тохиолдолд, тухайлбал үүсгэн байгуулагч, гишүүд, удирдлага өөрчлөгдөх, солигдох, нас барах нь цаашид оршин тогтнох, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн гүйцэтгэхэд саад болохгүй.
Иймд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан, гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүн нас барсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийтгэх тогтоол, магадлалын “ЦГ” ХХК-ийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн заалтуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулах хүртэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байсан тул гэмт хэргийн улмаас учирсан эдийн гэм хорыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.
Харин гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан хэдий ч мөн зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлсон бөгөөд аль нэгэн хуульд энэ тухай тусгайлан зохицуулаагүй тул эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн тохиолдолд түүнийг шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй байсан юм.
Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3-511.6 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмснээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
Харин хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан бол тэр хугацаанаас эхлэн хуулийг дагаж мөрддөг ба хууль цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон тэр үеэс хойш тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлнэ.
Гэхдээ хуульд тусгайлан зохицуулсан бол хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тухайн хуулийн хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үүссэн харилцаа, болж өнгөрсөн үйл баримтын хувьд буцаан хэрэглэж болдог ба энэ нь эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, үүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4. 511.5 дахь хэсгүүдийг нэмсэн байна.
Иргэний хуульд ийнхүү нэмэлт оруулсан хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс мөрдөхөөр мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан бол Шүүх шинжилгээний тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зохицуулсан тул уг хууль нь мөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.
Харин мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө” гэж тусгайлан зааснаас гадна сэтгэцэд учруулсан гэм хорыг хэн, ямар хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг шинээр зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5-д тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-нээс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.
Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд хууль тогтоогч сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулиудыг шинээр батлан гаргахдаа эдгээр хуулийг буцаан хэрэглэх талаар хуульд тусгайлан зохицуулаагүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн хувьд сэтгэцэд учирсан гэх гэм хорыг мөнгөн хэлбэрээр шүүх гаргуулах үндэслэлгүй юм.
Тиймээс 2017 оны 1, 4 дүгээр зохих зөвшөөрөлгүйгээр импортолж, мөн оны 5, 9, 10 дугаар саруудад нэр бүхий гурван эмнэлэгт борлуулсан эмийн (тариа) үйлчлэлийн улмаас хохирсон хоёр хүнд учирсан сэтгэцийн гэм хорыг (өөрсдөө сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн) мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулах үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтын сэтгэцийн гэм хорын төлбөрт П.А болон иргэний хариуцагчаас тус бүр 15,000,000 төгрөг гаргуулахаар тогтоосон хэсгийг хүчингүй болгож, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хангаж шийдвэрлэв.
Харин хохирогч Н.Б-н гэм хорын хохиролд нэхэмжилсэн 1,119,400 төгрөгөөс 610,760 төгрөгийг анхан шатны шүүх хангахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул үүнээс талийгаач П.А-д хариуцуулсан 305,380 төгрөгийг хасаж, үлдэх 305,380 төгрөгийг иргэний хариуцагч “С” ХХК-аар төлүүлэх өөрчлөлтийг мөн тогтоолын 5 дахь заалтад оруулах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээр хохирсон хүн нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-228.5, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасан зардлыг нэхэмжлэх эрхтэй байхад шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар үүнийг “цаашид гарах хор уршгийн зардал” гэдгээр хязгаарласныг дээр дурдсан хуулийн зүйл, хэсэгт заасны дагуу өргөжүүлэх, түүнчлэн П.А нас барсан учир дээрх зардлыг “ЦГ” ХХК-аас нэхэмжилж болохоор уг заалтыг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заажээ.
Уг зохицуулалтын “хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд” гэдэгт гэмт хэрэг үйлдээгүй, энэ хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг хуулиар хүлээсэн этгээд хамаарна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд Х.Д, Н.Б нар нь “С” эмнэлгээр үйлчлүүлж эмчилгээ хийлгэх явцдаа эрүүл мэндээрээ хохирсон бодит үр дагавар үүссэн ба үүнд уг эмнэлгийн эмч, ажилтнуудыг гэм буруутайд (эрүүгийн хэрэгт) тооцоогүй хэдий ч дээрх хүмүүст учирсан хохирлыг төлөх үүргээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар уг эмнэлэг чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Иймд “С” эмнэлгийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзсэн талаар иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 552 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1043 дугаар магадлалын П-н А-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3, 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...шүүгдэгч П.А-с 7,500,000 төгрөгийг, иргэний хариуцагч “С” ХХК-иас 7,500,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч А овогт Х-н Д-т, шүүгдэгч П.А-ээс 7,805,380 төгрөгийг гаргуулан хохирогч Ш овогт Н-ийн Б-д тус тус олгох” гэснийг хүчингүй болгож, мөн заалтын “...иргэний хариуцагч “С” ХХК-с 7,805,380 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Б-д олгох” гэснийг “... иргэний хариуцагч “С” ХХК-аас 305,380 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д олгох” гэж өөрчилсүгэй.
3.Мөн тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Хохирогч Х.Д, Н.Б нар нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 228.4, 228.5, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч “ЦГ” ХХК, иргэний хариуцагч “С” ХХК-аас тус тус нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилсүгэй.
4.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц-н гомдлын “ЦГ” ХХК нь гэмт хэргийн субъект болж чадахгүй”, иргэний хариуцагч Т.А, түүний өмгөөлөгч Б.Н нарын хамтран гаргасан гомдлын “С” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй” гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ