Шүүгчийн нэр | Н.Баярмаа |
Шийдвэрийн огноо | 2025.03.25 |
Шийдвэрийн дугаар | 001/ХТ2025/00060 |
Хэргийн индекс | 101/2016/05374/И |
Маргааны төрөл | Гэм хорын хохирол |
Хуулийн зүйл, заалт | Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 |
Шийдвэрлэсэн байдал | Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.03.15, дугаар: 181/ШШ2024/01066 |
Анхан шатны шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2025.01.03, дугаар: 210/МА2025/00044 |
Давж заалдах шатны шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
“БОТХХ” ТББ,
Д.Б, Ц.А, Х.У нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01066 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/00044 дүгээр магадлалтай,
“БОТХХ” ТББ, Д.Б, Ц.А, Х.Унарын нэхэмжлэлтэй
“АХ” ХХК-д холбогдох
Байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т болон хариуцагч “АХ” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “БОТХХ” ТББ, Д.Б, Ц.А, Х.Унар нь хариуцагч “АХ” ХХК-д холбогдуулан байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01066 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар “АХ” ХХК-иас байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 54,174,112 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/00044 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01066 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...10,803,232,289...” гэснийг “...3,801,396,645...” гэж, “...оруулсугай...” гэснийг “...оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,001,835,644 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар төсөвт төлөх төлбөрийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “АХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 19,164,933 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ц.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талаас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2025/00044 магадлалаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох байгаль орчинд учруулсан экологийн хохирол 10,803,232,289 төгрөгийг 3,801,396,645 төгрөг гэж шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,001,835,644 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг заасан Байгаль орчныг хамгаалах тухай хууль нэгэн адил хамаарагдан, нэхэмжлэх эрхийг нь мөн хуулиар зохицуулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30.3.9 дэх хэсэгт Мэргэжлийн байгууллага байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аргачлалын дагуу тогтоох гэж зааж, тогтоосон хохирлыг мөн хуулийн 49.4 дэх хэсгээр экологи-эдийн засгийн үнэлгээг байгалийн төрөл зүйл тус бүрийг харгалзан хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж зохицуулсан байдаг. Энэ нь Иргэний хуульд зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал анз төлөх зохицуулалттай төсөөтэй хэрэглэх боломжтой. Үүнийг шүүхийн практикт ч хэрэглэдэг.
Гэтэл давж заалдах шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхгүй Эрүүгийн хуульд заасан дагуу гэмт хэргийн улмаас ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэсэнтэй адилтган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч “АХ” ХХК-ийн төлөөлөгч Б.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/00044 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг удирдлага болгон, 172 дугаар зүйлийн 172.2-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг үндэслэл байгаль орчинд учруулсан хохирол гэх төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага нь дотроо эдийн болон эдийн бус гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага гэж үндсэн 2 шинжид хуваагдана. Хэрэв шүүх бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэж, тодорхойлж байгаа бол бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хариуцлага ногдуулахад юуны өмнө гэм хор учруулагчийн гэм буруу байгаа эсэх, гэм буруу нь учирсан гэм хортой шалтгаант холбоотой эсэхийг тогтоох учиртай. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх “АХ” ХХК-ийг ямар хуулийг хэрхэн, яаж зөрчсөн, эсвэл аль хуульд заасан ямар үүргээ зөрчсөн талаар огт дүгнэлт өгөөгүй буюу хууль бус санаатай үйлдэл болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ тогтоогоогүй байна.
Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг давхар баримтлан шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд “Г” ХХК-ийн гаргасан байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь “АХ” ХХК-ийн эзэмшлийн авто замын зориулалттай газарт учирсан хөрс, ургамлан бүрхүүл зэргийг тооцож гаргасан байгааг шүүх анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгө бус, өөрийн эзэмшил газарт учирсан хохирлыг бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Харин “И” ХХК нь агаарын чанарт учирсан хохирлыг тооцож, хөрс ургамлан бүрхүүл, бэлчээрийн хомсдол зэрэгт хохирол учраагүй гэж дүгнэхдээ хариуцагчийг газар эзэмших эрхтэй газрынхаа хэмжээнээс хэтрээгүй учраас хохирол учруулаагүй гэж дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгож буй 2013 онд “Г” ХХК-ийн гаргасан үнэлгээ нь өөрөө хохирол тооцох үндэслэл бүхий нотлох баримт болж чадахгүй. Хэдийгээр энэхүү үнэлгээг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас захиалж хийлгэсэн гэх боловч энэхүү үнэлгээний дагуу ямар нэгэн хохирол нэхэмжилсэн зүйл төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, сумын зүгээс байхгүй болохыг нотолсон тодорхойлолтууд хэрэгт авагдсан байдаг. Шүүх үүнд дүгнэлт өгөөгүй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл, байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж заасан бөгөөд энд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа яригдаагүй тул байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохын тулд байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн эсэх, хэтрүүлсэн бол үүнийг хэрхэн тогтоох асуудал яригдах ёстой. Байгаль орчны чадавхийн тогтоосон хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн эсэх талаар ямар нэгэн материал хэрэгт байхгүй болохыг шүүх анхаарч үзээгүй байна.
Түүнчлэн “Г” ХХК-ийн гаргасан дүгнэлт эрх зүйн үр дагавар байхгүй. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ гээд мөн хэсгийн 2/-т байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, ногдуулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ гэж дурдсан байдаг. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.8-д тухайн мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “АХ” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирол гэх мэдээлэл буюу “Г” ХХК-ийн үнэлгээний тайланг мэдээллийн санд огт оруулаагүй байдаг нь захиалагч Байгаль орчин ногоон хөгжлийн яам нь тухайн дүгнэлтийг хүлээж аваагүй буюу тухайн дүгнэлтийг хохирол тооцож нөхөн төлбөр ноогдуулах үндэслэлтэй баримт бичиг болж чадаагүй гэж үзсэн нь тодорхой харагдаж байна.
Мөн хэргийн үйл баримтад 2007-2013 он хүртэлх байгаль орчинд учирсан хохирол шаардсан ба цаг хугацааны хувьд 12 жилийн өмнөх байгаль орчны хохирол шаарддаг. Байгаль нь өөрийнхөө жам ёсоор нөхөн төлжиж байдаг ба дээрх үйл баримтыг тайлбарлаагүй. “АХ” ХХК-ийн зүгээс ирээдүйд байгаль орчныг хамгаалах зорилгоор зам засварын ажлыг өнөөдрийг хүртэл зогсолтгүй өөрийн хөрөнгөөр зохион байгуулж байна. Гэтэл шударга ёсны зарчимд нийцэхгүй шийдэл гаргасанд гомдолтой байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2025/00235 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тболон хариуцагчийн төлөөлөгч Б.Х нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдож, хариуцагчийн төлөөлөгч Б.Хийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
8. Нэхэмжлэгч “БОТХХ” ТББ, Д.Б, Ц.А, Х.Унар нь хариуцагч “АХ” ХХК-д холбогдуулан байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... “АХ” ХХК нь 2008 оноос Говь-Алтай аймгийн Цээл сумын Таяннуурын уурхайд төмрийн хүдэр олборлох үйл ажиллагаа явуулж олборлосон баяжмалаа БНХАУ руу Бургастайн боомтоор экспортлохдоо хатуу хучилттай зам барих үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчин бохирдон, нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013 онд сонгон шалгаруулалт зарлан байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг сайдын тушаалаар батлагдсан аргачлал журмын дагуу “Г” ХХК-аар тооцуулан гаргуулсан. ... байгаль орчинд учирсан хохирол болох ургамлан нөмрөгт учирсан хохирол 5,548,592,805 төгрөг, газрын хөрсөнд учруулсан хохирол 3,285,300,000 төгрөг, газрын нөөцөд учруулсан хохирол 549,600 төгрөг, агаарын чанарт учруулсан хохирол 1,596,394,884 төгрөг, техникийн нөхөн сэргээлт хийхэд 30,441,400 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 331,953,600 төгрөг, ажлын зардал 10,000,000 төгрөг, нийт 10,803,232,289 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.” гэж тодорхойлсон.
9. Хариуцагч “АХ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... тус компани нь тусгай зөвшөөрлийн дагуу хууль ёсоор эзэмшсэн газарт үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, нөхөн сэргээлтийн ажлаа хийсээр ирсэн. “Г” ХХК-ийн тайлан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу хохиролд тооцогдоогүй, албан ёсоор компанид хүргүүлж хохирол төлөхийг шаардаж байгаагүй. Энэ хохирол гэх зүйл нь жил бүр өөрчлөгдөж, нөхөн сэргээлтийн зардлаараа арилж явдаг. Анх ТЭЗҮ батлагдахад зам барих асуудал байгаагүй, сүүлд өөрчлөлт оруулсан. “И” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт бодитой гарсан. Бидний зүгээс яамтай тохиролцоонд хүрээгүй учраас зам тавигдаагүй бөгөөд зам тавихын тулд карьер гаргасан. Энэхүү үүсгэсэн карьерийг хохирол гээд нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй...” гэж тодорхойлсон.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ ... Нэхэмжлэгч “Монголын БОТХХ” ТББ дүрмээрээ байгаль орчныг хамгаалах талаар үйл ажиллагааны зорилгодоо тусгасан тул нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн нэхэмжлэгч Д.Б, Ц.А, Х.Унар нь маргаанд хамаарах Говь-Алтай аймгийн Цээл сумын оршин суугч учир нутгийн иргэний хувиар өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй ... иймд нэхэмжлэл гаргах эрхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нь хатуу хучилттай зам тавих үүргээ хэрэгжүүлээгүй, хүнд даацын тээврийн хэрэгслээр 2008-2013 оны хооронд тээвэр хийснээр зам гаргаж газар нутаг талхлагдаж, агаарт тоосжилт үүссэний улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэгч шаардсан. “АХ” ХХК нь байгаль орчинд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хэрэгт авагдсан “Г” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг нэхэмжлэгч тал, “И” ХХК-ийн тайланг хариуцагч тал тус тус баримталж маргасан. Шинжээч нар нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2010.05.27-ны өдрийн А/156 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг үндэслэн дүгнэлтээ гаргасан. “Г” ХХК нь хохирлын хэмжээг тогтоохдоо ургамлан нөмрөг, газрын хөрс, газрын нөөц, агаарын чанарт учирсан хохирлын хэмжээг бүхэлд нь тооцсон, “И” ХХК нь агаарын чанарт учирсан хохирлыг тооцож, хөрс, ургамлан бүрхүүл, бэлчээрийн хомсдол зэрэгт хохирол учраагүй болон хариуцагч нь ашиглах эрхтэй газрынхаа хэмжээнээс хэтрээгүй тул хохирол учраагүй гэж зөрүүтэй дүгнэсэн. “Г” ХХК-ийн дүгнэлт үйл явдал болох үе буюу 2013 онд хийгдсэн, харин “И” ХХК-ийн дүгнэлт нь 2014-2018 оны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, цаг хугацааны хувьд тохирохгүй. “Г” ХХК-ийн дүгнэлтээр хариуцагч “АХ” ХХК нь хохирол учруулсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирлыг хариуцах үүрэгтэй. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн тооцож дараах байдлаар буюу ургамлан нөмрөгт учирсан хохирол 5,548,592,805 төгрөг, газрын хөрсөнд учирсан хохирол 3,285,300,000 төгрөг, газрын нөөцөнд учирсан хохирол 549,600 төгрөг, агаарын чанарт учирсан хохирол 1,596,394,884 төгрөг, техникийн нөхөн сэргээлт 30,441,400 төгрөг биологийн нөхөн сэргээлт 331,953,600 төгрөг, ажлын зардал 10,000,000 төгрөг, нийт 10,803,232,289 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. ...” гэж дүгнэсэн.
11. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3,801,396,645 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 7,001,835,644 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Магадлалын үндэслэлдээ “... “АХ” ХХК авто зам тавих үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчинд хохирол ... учруулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв үнэлсэн. “АХ” ХХК үүргээ биелүүлээгүйн улмаас 2007-2013 онд байгаль орчинд учирсан хохирол шаардаж "Г" ХХК-ийн дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь зөв ... боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, 49 дүгээр зүйлийн 49.3, 49.4-т заасныг анхаараагүйн улмаас хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг үндэслэлгүй нэмэгдүүлсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар иргэн, төрийн бус байгууллагад “хохирол” шаардах эрхийг олгосон байтал анхан шатны шүүх “хохирол”-оос гадна "нөхөн төлбөр"-ийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу. Анхан шатны шүүх байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эдлэх эрхийг иргэн, төрийн бус байгууллагад эдлүүлсэн нь үндэслэлгүй. Иймд хариуцагч "АХ” ХХК-аас байгаль орчинд учирсан бодит хохирол буюу ургамлын нөмрөгт учирсан хохирол 1,109,718,561 төгрөг, газрын хөрсөнд учирсан хохирол 1,095,100,000 төгрөг, газрын нөөцөд учирсан хохирол 183,200 төгрөг, агаарын чанарт учирсан хохирол 1,596,394,884 төгрөг, нийт 3,801,396,645 төгрөгийг гаргуулна. ...” гэж дүгнэсэн.
12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн шаардах эрх, гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйн тухайд адил дүгнэсэн боловч хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоохтой холбоотой Иргэний хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зарим заалтыг хоёр шатны шүүх ялгаатай тайлбарлан хэрэглэсний зэрэгцээ хэрэгт авагдсан шинжээчийн зөрүүтэй дүгнэлтийн талаар гомдолд дурдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэл бүрдсэн гэж дүгнэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Тодруулбал, хариуцагч “АХ” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт Таян нуурын төмрийн хүдрийн уурхайг ашиглах, олборлох, баяжуулах, тээвэрлэх үйл ажиллагааг явуулан, баяжуулах үйлдвэр барьж, баяжмалыг БНХАУ-руу Бургастайн боомтоор экспортолсон, ийнхүү олборлосон ашигт малтмалаа зөөвөрлөхдөө техник эдийн засгийн үндэслэлд заасан хатуу хучилттай авто замаа барилгүйгээр шороон замаар хүнд даацын машинаар тээвэр хийж буй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар хоёр шатны шүүх адил дүгнэлт хийжээ. Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014.01.08-ны өдрийн албан шаардлагад “... “АХ” ХХК-д түлш шатахууны тээвэр гүйцэтгэгч хүнд даацын машинууд орон нутгийн зөвшөөрөгдсөн замаар зорчихгүй, өөрсдийн дураар зам гаргаж, олон салаа зам бий болгон хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтлын нэмэгдүүлсэн ... Шинээр 4 зам гаргасан ба шинэ суурьшлын төвөөс уурхайн Бууртын худгийн зам хүртэлх 21 км орчим хуучин замын хажуугаар 13 зам, хөндлөн огтолж 4 зам гаргасан. Тэвх толгойноос зүүн тийш 1 км орчимд эвдсэн замын өргөн 30-40 м, баруун хойшоо 2.8 км орчимд өргөн 100 м, гүн нь 15-20 м орчим байна. ... Талын худгаас Бууртын худаг хүртэлх 15 орчим км буюу 450 га орчим бэлчээрийн талбайг эвдрэлд оруулсан ...” гэж дүгнэсэн байх ба компанийн энэ үйлдлийг байгаль орчныг доройтуулж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдэл гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
13. Хариуцагч “... өнөөдрийн байдлаар дээрх нөхцөл байдал арилсан, хатуу хучилттай замын зарим хэсгийг тавьсан, байгаль өөрийн жамаар эдгэрч байгаа, эрх бүхий этгээдээс олгосон эзэмших эрхтэй газартаа үйл ажиллагаа явуулсан, уул уурхайн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлсэн ...” гэх агуулгаар тайлбарлан, байгаль орчинд хохирол учруулаагүй гэж тайлбарласныг дараах үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй.
13.1. Нэхэмжлэгч нар 2016.05.02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж хариуцагч “АХ” ХХК-ийн 2008-2013 оны хооронд эрхэлсэн уул уурхай, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан хохирлыг шаардсан байна. Тодорхой хугацааны өмнө байгаль орчинд илэрхий хохирол учруулсан нөхцөл байдал олон жилийн дараа хохирол учруулагчийн хүсэл зоригоос үл шалтгаалах байдлаар жам ёсоороо сэргэж болохыг үгүйсгэхгүй хэдий ч энэ нь хохирол учруулсан үйлдэл хийсэн тухайн цаг хугацаанд байгаль орчны эвдрэл гэмтлээс шалтгаалсан шууд ба шууд бус бусад үр дагаврыг бүрэн арилгахгүй. Байгаль орчин, тодруулбал, ургамал, ан амьтан, хүний эрүүл мэнд хөндөгдөөгүй байх үеийн тухайн төрхөөрөө дахин сэргэх боломжгүйн улмаас ирээдүй хойчийн эрх ашиг тэр хэмжээгээр зөрчигдсөн хэвээр үлдэх юм. Иймд гэм буруутай этгээдийн хүчин чармайлт, хүсэл зоригоос эс шалтгаалан нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзвэл (тухайн хэргийн хувьд энэ талаар хангалттай нотлох баримт авагдаагүй боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй) энэ нь гүйцэтгэх ёстой үүргээ цаг хугацаандаа гүйцэтгээгүй буруутай этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
13.2. Уул уурхай, ашигт малтмал тээвэрлэлтийн үйл ажиллагаа байгаль орчинд зохих хэмжээгээр сөрөг үр дагавар дагуулах нь эргэлзээгүй. Энэ ч агуулгаар энэ төрлийн үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө байгаль, нийгмийн аливаа хүрээлэлд бий болох нөлөөллийн үнэлгээг хийлгэх учиртай. Энэхүү үнэлгээгээр байгаль орчны зөвшөөрч болох нөлөөллийн хүрээг тогтоож, сөрөг нөлөөллийг бууруулах арга зам, хүлээн зөвшөөрөх боломжгүй нөлөөллийн хэмжээг тодорхойлох ач холбогдолтой. Хариуцагч зөвшөөрөгдсөн хэмжээнд үйл ажиллагаа явуулсан, газар ашиглах, уул уурхай эрхлэх төрийн байгууллагын шаардлагатай зөвшөөрлийг эзэмшиж байгаа гэх агуулгаар мэтгэлцсэн нь тус хуулийн этгээдийн байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөлөл нь “зөвшөөрөгдсөн хэмжээнд байсан” гэх агуулгаар маргасан гэж үзэхээр байна. Энэ тайлбараа дэмжиж “И” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон мэтгэлцэж байна.
Гэвч “И” ХХК-ийн дүгнэлт илтэд эргэлзээтэй байх тул тус дүгнэлтэд үндэслэх хууль зүйн боломжгүй. Учир нь энэ дүгнэлтээр аливаа этгээд эзэмших, ашиглах эрхийн хүрээнд өөрийн мэдэлд буй газартаа чанар байдлыг доройтуулах бууруулах үр дагавартай бүх л үйлдлийг хийх боломжтой гэж үзсэний зэрэгцээ зохих газруудад нөхөн сэргээлтийг, тэр дундаа биологийн нөхөн сэргээлтийг хийгээгүй даруй 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байгаа үйл баримтыг зөвшөөрсөн атлаа байгаль жамаараа сэргэнэ, эсхүл сэргэсэн гэж тайлбарлан ургамал, ан амьтанд хохирол учруулаагүй гэж дүгнэсэн нь мэргэжлийн алдаатай гэж үзэхээр болжээ.
Харин “Г” ХХК-ийн 2013 онд гаргасан үнэлгээний тайлан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4, 49.5, 49.6, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010.05.27-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А-156 дугаартай тушаалын хавсралт Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалд нийцсэн гэж үзэж хоёр шатны шүүх нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлтэй болжээ.
13.3. Хариуцагч “АХ” ХХК түүний байгаль орчинд хохирол учруулсан гэх гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг шүүх бүрэн тогтоогоогүй гэх агуулгаар хяналтын гомдол гаргасан. Зохигч нь хариуцагч “АХ” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан, Говь Алтай аймгийн Цээл сумын нутагт 2008 оноос төмрийн хүдэр олборлох үйл ажиллагаа явуулж БНХАУ руу 168.3 км шороон замаар тээвэрлэсэн, 2014 оноос хатуу хучилттай зам тавих ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 71 км хатуу хучилттай зам тавьж, 97 км зам тавигдаж дуусаагүй үйл баримтын тухайд маргаагүй.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх 2009 онд “Бургастайн боомт” Таяннуурын уурхай чиглэлийн хатуу хучилт бүхий авто зам” төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийж, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамаар батлуулсан /1-р хх-ийн 74-р тал, 2 дахь догол мөр/, улмаар энэ үнэлгээний тайланд 2013 онд нэмэлт тодотгол хийсэн байна. Эндээс үзвэл хариуцагч “АХ” ХХК нь уурхайн үйл ажиллагаа эрхэлж эхлэх үедээ тээвэрлэлт хийх замыг бетонон хучилттай болгох үүргийг хүлээсэн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, уул уурхай, тээвэрлэлт хийхдээ авто замыг зохих ёсоор барьж үйл ажиллагаагаа эрхэлбэл энэ нь байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах бөгөөд ийнхүү зам барьснаар ургамал, ан амьтан, газар, байгалийн бусад нөөцөд сөрөг нөлөөлөл учруулах хэдий ч үүнийг хүлцэх боломжтой нөлөөлөл гэж үзэн зохих зөвшөөрлийг төрөөс олгожээ.
Гэвч хариуцагч авто зам бариагүй тул байгаль орчинд зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хохирол учруулж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлагад дурдсанчлан олон тооны хүнд даацын машинууд орон нутгийн зөвшөөрөгдсөн замаар зорчихгүй, өөрсдийн дураар зам гаргаж, олон салаа зам бий болгон хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтлын нэмэгдүүлж байгаль орчинд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогджээ. Хариуцагч “АХ” ХХК-ийн авто замаа зохих хугацаанд нь барьж ашиглалтад оруулаагүй эс үйлдэхүй нь гэрээний үүргийн зөрчил бөгөөд харин байгаль орчинд зөвшөөрөгдсөнөөс хэтрүүлж хохирол учруулсан шууд гэм буруутай үйлдэл нь уул уурхай, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцлагагүй, стандартгүй гүйцэтгэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 10, Монгол Улсын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь хэсгүүдэд заасан үүргээ зөрчсөн явдал гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр хоёр шатны шүүхийн хариуцагч гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх дүгнэлтийг тодотгон, хариуцагчийн “гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан талаар хоёр шатны шүүх дүгнээгүй” гэх агуулгатай гомдлыг хангахаас татгалзана.
14. Хоёр шатны шүүх хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн талаар адил агуулгатай дүгнэж, үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн боловч хохирлын хэмжээг ялгаатай тогтоожээ. Тодруулбал, анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг 2-5 дахин нэмэгдүүлж тооцсон бол давж заалдах шатны шүүх “бодит гэм хор ба нөхөн төлбөр ялгаатай”, анхан шатны шүүх “хохирлоос гадна нөхөн төлбөрийг гаргуулсан, ... байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эдлэх эрхийг иргэн, төрийн бус байгууллагад эдлүүлсэн нь тус тус буруу” гэх агуулгатай дүгнэлт хийж хохирлын хэмжээг байгалийн баялгийн ангилал тус бүрт тогтоосон экологи-эдийн засгийн цэвэр үнэлгээгээр тогтоожээ.
15. Хувийн эрх зүй дэх гэм хорын эрх зүй нь гэмт хэргээс үүдэлтэй хохирол төдийгүй гэмт хэргийн шинжгүй зөрчлийн улмаас бий болсон хохирлыг субьектив эрхийн онолд суурилан арилгахтай холбоотой харилцааг зохицуулдаг. Энэ ч агуулгаар гэм хор буюу учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо тодорхой тохиолдлуудад алдагдсан цалин хөлс, орох байсан орлогоос хэтэрч эдийн засгийн цэвэр алдагдлыг гаргуулах явдлыг төдийлөн дэмждэггүй. Товчхондоо бодит хохирлын хэмжээнд зөрчлийн гэм хорыг шийдвэрлэдгээрээ хувийн эрх зүй дэх гэм хорын харилцаа онцлогтой.
16. Харин тус хэргийн хувьд хувийн эрх зүйгээс илүүтэй нийтлэг ашиг сонирхол, тэр дундаа хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалахтай холбоотой харилцаанаас үүдэлтэй обьектив эрхийг хамгаалсан хэм хэмжээний хэрэглээний талаар маргаж байна. Нийтийн эрх зүйн шинжтэй энэ харилцаанд байгаль орчин, хүний эрүүл мэндийг хамгаалах хэм хэмжээг зөрчсөний улмаас учирсан хохирлыг арилгуулахаар, хувийн эрх зүйн этгээдүүд субьектив шаардах эрхийн нэгэн адил нэхэмжлэл гарган шүүхэд хандах, учирсан хохирлын хэмжээг тухайлсан мэргэжлийн стандарт ашиглан тогтоох, энэ харилцаатай холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх тусгайлсан тогтолцоо бий болгосныг гэм хорын эрх зүйн ерөнхий хандлагаас ялгаатай хэрэглэх үндэстэй байна.
Хууль тогтоогч байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоохдоо экологи-эдийн засгийн үнэлгээг зохих хэмжээгээр нэмэгдүүлэн тооцож тогтоохоор хоёрдмол утгагүй хуульчилсны зэрэгцээ энэхүү зохицуулалт нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах зорилготой нийцэж байх тул хохирлыг тогтоохдоо тус хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг хэрэглэж, сөрөг нөлөөлөлд орсон ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин, газрын хөрсний үнэлгээг 3 дахин, газрын нөөцийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлэн тооцож хохирлын хэмжээг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
17. Харин экологи-эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлэн тогтоох эрх хэмжээг гагцхүү байгаль орчны хяналтын байцаагч эдэлнэ гэж тайлбарласан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. Байгаль орчинд учруулсан хохирлыг тодорхойлсон хэм хэмжээг хэрэглэх эсэх нь тус маргааныг хянан шийдвэрлэж буй шүүхэд нэгэн адил хамаарах бөгөөд улсын байцаагч ийнхүү төлбөр тогтоох ажиллагаа явуулаагүй нь хохирлыг багасгах, эсхүл гаргуулахгүй байх хууль зүйн үндэслэл болох учиргүй.
18. Дээр дурдсан үндэслэлээр байгаль орчинд учруулсан хохирол буюу ургамлан нөмрөгт учирсан хохирол 5,548,592,805 төгрөг, газрын хөрсөнд учирсан хохирол 3,285,300,000 төгрөг, газрын нөөцөнд учирсан хохирол 549,600 төгрөг, агаарын чанарт учирсан хохирол 1,596,394,884 төгрөг, техникийн нөхөн сэргээлт 30,441,400 төгрөг биологийн нөхөн сэргээлт 331,953,600 төгрөг, ажлын зардал 10,000,000 төгрөг, нийт 10,803,232,289 төгрөгийг хариуцагч “АХ” ХХК-аас гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгч Б.Хийн гомдлыг хангахаас татгалзав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/00044 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “АХ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.30-ны өдөр 19,164,933 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД