Г.Г-ын нэхэмжлэлтэй, Б.Ө-д холбогдох

Шүүгчийн нэр Х.Эрдэнэсувд
Шийдвэрийн огноо 2025.05.20
Шийдвэрийн дугаар 001/ХТ2025/00105
Хэргийн индекс 101/2024/04734/И
Маргааны төрөл худалдах-худалдан авах гэрээ
Хуулийн зүйл, заалт Иргэний хуулийн 243 дугаар зүйл
Шийдвэрлэсэн байдал

Магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.12.10, дугаар: 101/ШШ2024/05829
Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2025.02.14, дугаар: 210/МА2025/00355
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар: 001/ХТ2025/00105
Улаанбаатар хот


Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/05829 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2025/00355 дугаар магадлалтай,

 

Г-ын нэхэмжлэлтэй

Ө-д холбогдох

 

Зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ... орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт төлсөн 137,400,000 төгрөг, Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 131,250,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт төлсөн 40,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Өы хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, Ч, хариуцаг Ө, хариуцагчийн өмгөөлөгч Э, Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г нь хариуцагч Ө-д холбогдуулан зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ... орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт төлсөн 137,400,000 төгрөг, Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 131,250,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт төлсөн 40,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/05829 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан ... орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Ө-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оноос байр түрээсэлсэн төлбөрт төлсөн 137,400,000 төгрөг, гэрээний үүрэгт 131,250,000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зардалд төлсөн 40,000 төгрөгийг гаргуулах хэсэг болон ... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,729,550 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гт олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2025/00355 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/05829 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан ... орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Өд даалгаж, хариуцагч Өаас 67,166,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гт, нэхэмжлэгч Гаас 95,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Өд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 201,523,334 төгрөгт холбогдох хэсэг болон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

2 дахь заалтын “...үлдээж...” гэсний дараа “Улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 563,983 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 632,950 төгрөг гаргуулан хариуцагчид” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Өы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Гын төлсөн 1,501,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.1, 172.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэмээн үзэж байна.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан ижил төрлийн хоёр нотлох баримтыг нэгийг нь шүүхийн шийдвэртээ зааж үнэлээд, нөгөө нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд яагаад үнэлээгүй талаараа шүүхийн шийдвэртээ тусгаагүй байдаг.

Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д зохигчийн хооронд 2020.02.01-ний өдөр байгуулагдсан Орон сууцны төлбөр төлөх гэрээг үндэслэл болгоод 85,000,000 төгрөгийг цувуулж өгөхөөр тохирсон нь нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн хирнээ нь 2020.01.24-ний өдрийн Гын өөрийн гараар бичиж өгсөн нотлох баримт болох 2020.01.24-ний өдрийн байдлаар Гын 3 өрөө байрны мөнгөний төлбөрт нийт 95,000,000 төгрөг дүнтэй мөнгө авсан байна. Үлдэгдэл 65,000,000 төгрөг байгаа... хэмээн бичиж өгсөн байдаг. Энэхүү нотлох баримтыг шүүх яагаад үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байдаг. Үүгээрээ анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна. 2020.01.24-ний өдөр Гын бичиж өгсөн энэхүү бичиглэл нь орон сууцны үнийг тодорхой болгосон болон үлдэгдэл төлбөр дээрээ тохирч бичсэн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд энэхүү хар дэвтэрт бичсэн бичиглэлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс яагаад үнэлэхгүй байгаа тухайд ойлгохгүй байна.

Мөн хариуцагч Ө миний бие нэхэмжлэгч Гын эхнэр Зг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байдаг бөгөөд анхан шатны шүүхээс энэхүү хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Шүүх хурлын үеэр гэрч нь шүүхэд дуудагдан ирж байхад нь нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нар нь гэрч Зг шүүхэд гэрчээр үг хэлэхгүй байх эрхээ эдэлнэ хэмээн хэлснээс болж хариуцагчийн өмгөөлөгч нь хүсэлтээсээ татгалзсан байдаг. Харин хариуцагч миний бие гэрчээс татгалзаагүй бөгөөд гэрч З нь бидний харилцааны бүхий л үйл баримтыг мэдэж байгаа хүн юм. Би тухайн үедээ гэрч Зг ирж хуралдаа оролцоно хэмээн ойлгож байсан боловч хурлын дараа нөгөө талын өмгөөлөгч нар нь хэлэхдээ Зг нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй Үндсэн хуульд заасан эрхээ эдэлнэ гэснээс болсон гэж надад тайлбарласан. Тэгэхдээ хүсэлт гаргасан хүнийх нь татгалзлыг нь аваагүй сүүлд орж ирсэн өмгөөлөгчийн татгалзлаар гэрчийг оролцуулаагүй хэмээн хариуцагч миний бие гомдолтой байгаа. Энэхүү гэрч нь талуудын хооронд орон сууцны үнэ болон төлбөрийн хугацааны асуудлын бүхий л асуудлыг мэддэг хүн юм. Шударга ч хүн байгаа юм. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил болсон хэмээн хариуцагч миний бие үзэж байна.

Мөн нэхэмжлэгч Г нь шүүхэд би орон сууц түрээсэлж амьдардаг гэж нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч эхнэр З нь /надтай эв түнжинтэй байх үедээ/ надад хэлэхдээ бид хөдөө амьдарч байгаа хотод орж ирэхээрээ уулзана утас холбогдохгүй газар байгаа мэтээр надад хэлж ярьж байсан. Тэгэхээр нэхэмжлэгч нь байр түрээслээгүй юм байна гэсэн ойлголттой байна.

Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар анхан болон давах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн хэмээн үзэж байгаа.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нь хариуцагч Өаас 67,166,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гт олгуулахаар, Гаас 95,000,000 төгрөг гаргуулж Өд олгуулахаар заасан нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн хэмээн үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс миний Гт төлсөн мөнгийг буруу тооцоолсноос болж хэрэг эцэслэн шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй болсон. Би Гт орон сууцны төлбөр хэмээн 115,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад 45,000,000 төгрөгийг шилжүүлж сөрөг нэхэмжлэл гаргаж байсан болно.

Хариуцагч тал нь нотлох баримтаа бүрэн гүйцэд гаргаж өгөөгүй байсан ба энэ нь Гын эхнэр Згийн хариуцагч надад бичиж байсан мэссэжүүд авагдсан байсан болно. Энэхүү мэссэжээр бидний хоорондын мөнгөний тооцоо болон бэлэн мөнгөөр 20 сая төгрөгийг хүлээн авсан тухай бичлэг байсан болно. Энэ бүхнээ шаардлага хангасан хэлбэрээр бүгдийг гаргаж хэргийг шударга үнэнээр шийдвэрлүүлэх туйлын хүсэлтэй байна.

Эрхэм хүндэт хяналтын шатны шүүгч нарт хандан хэлэхэд миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Би 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, /Г гэгч хүнтэй хэрэг хянан шийдвэрлэх явцад түр амьдарч байсан/ би өөрөө элэгний цирроз өвчтэй, бага охин минь 10 настай хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын төлөө тэмцэж яваа жирийн нэгэн иргэн юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь миний хувьд дэндүү ахадсан шийдвэр боллоо. Анх орон сууц худалдан авахдаа түрээсийн байранд сууж байна гэж огт бодоогүй. Г болон түүний эхнэр З нар нь миний амьдралыг маш сайн мэддэг бөгөөд тиймдээ ч анх орон сууц худалдан авах гэрээг амаар хийж төлбөрийг цувуулж хийхээр хэн аль нь тохиролцсон юм. Гэтэл шүүхийн шийдвэр, магадлал нь миний амьдралыг орвонгоор нь эргүүлэхээр болсон тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч Ө-ы гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.04.17-ны өдрийн 001/ШХТ2025/00429 дүгээр тогтоолыг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагч Ө-ы хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч Г хариуцагч Ө-д холбогдуулан зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ... орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт төлсөн 137,400,000 төгрөг, Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 131,250,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт төлсөн 40,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Талууд 2016 онд амаар тохиролцож ... орон сууцыг 180,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар болсон. Төлбөрийг 2016 онд төлж дуусгахаар тохиролцсон ч хариуцагч 75,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 105,000,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрлээ.

...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг Өы хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Урьдчилгаанд авсан 75,000,000 төгрөгийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй, би 2016 оноос хойш байр түрээсэлсэн төлбөрт 137,400,000 төгрөг төлсөн, хариуцагчаас орон сууцыг ашигласан түрээсийн төлбөрт 131,250,000 төгрөг, шүүхийн шийдвэрийг баталгаажуулахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захирамжийн зардалд төлсөн 40,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан,

 

Хариуцагч хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Анх гэрээ байгуулахад байрны гэрчилгээ гаргаагүй байсан тул орон сууцны үнэ 160,000,000 төгрөгийг цувуулж төлөхөөр тохиролцон, байранд 2016 оны 02 сард нүүж орон өнөөдрийг хүртэл амьдарч байна. ...2020.01.24-ний өдөр тооцоо нийлсэн актаар 95,000,000 төгрөг төлснийг баталгаажуулж, үлдэгдэл 65,000,000 төгрөгийг цувуулж өгөхөөр болсон. Тооцоо нийлсэн актаас хойш дансаар 2020 онд 20,000,000 төгрөг, 2024.07.17-ны өдөр 45,000,000 төгрөгийг төлснөөр байрны төлбөрийг бүрэн төлсөн тул орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй. Төлбөрийг 2016 онд төлнө гэж ярилцаагүй, боломжоороо төлөхөөр тохирсон. ...Шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн 40,000 төгрөг нь миний буруугаас болоогүй тул зөвшөөрөхгүй. ...Г байр түрээслэх талаар ярьж байгаагүй тул түрээсийн төлбөрийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ...ямар гэрээний 3.1 заалтыг үндэслэн 131,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг ойлгохгүй байна.

Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан, ...гэрээний дагуу эзэмшиж, үнэ төлөх үүрэг хүлээсэн. ...Би 2019 онд байрны ордерийг гаргаад өгчихвөл банкнаас зээл авч өгье гэхэд 50 хувийг нь өгчих гээд, дараа нь 70 хувийг төлчихөөд байхад ордерийг өгөөгүй, 100 хувь төлж байж ав гэсэн. ...Удаад байна 180 сая төгрөг болгоё гэхэд нь зөвшөөрсөн. 2020 онд 20 сая төгрөг төлсөн, ...зээл бүтчихлээ үлдэгдэл мөнгийг нь өгье гэхэд хөдөө байна гээд 1 жил болсон, утсаа аваагүй, 2024 онд зээл аваад үлдэгдэл мөнгийг өгсөн. Иймд уг орон сууцны өмчлөгч Ө болохыг тогтоож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэж тайлбарласан.

 

7. Анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэхдээ: “...Хариуцагч Ө нь нэхэмжлэгч Гын өмчлөлийн орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон, зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, ...хариуцагч Ө нь худалдан авсан орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй, ...нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлах саналыг хүргүүлэн өөрийн өмчлөлийн орон сууцыг буцаан гаргуулахаар шаардсан нь гэрээ болон хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр орон сууцаа худалдаж, бусдын байрыг түрээслэн амьдарсан тул орон сууц түрээслэн түрээсийн төлбөрт төлсөн гэх 137,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. ...мөн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэг буюу ...орон сууцыг ашигласан 105 сарын хугацааны түрээсийн төлбөрт 131,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хангахгүй, ...шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрлэсэн тул 40,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

 

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс 95,000,000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хуульд нийцсэнийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон ... орон сууцыг хариуцагч Өаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Гт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, ...хариуцагч 95,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэгч Гаас 95,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Өд олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулна. ...Талууд орон сууцны төлбөр төлөх гэрээгээр гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон үүсэх үр дагаврыг харилцан тохиролцсон, ...энэ үндэслэлээр хариуцагчийн эзэмшилд байсан орон сууцнаас олох байсан орлого гэж тодорхойлсныг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд тооцох үндэслэлтэй, нэхэмжлэгч мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо шаардах эрхтэй. ...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Өаас хохиролд 67,166,666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гт олгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэж дүгнэжээ.

 

8. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтын болон эрх зүйн талаар өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх ба энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хэлэлцлээ.

 

9. Хэрэгт цугларсан баримтаар зохигч 2016 онд худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, нэхэмжлэгч Г өөрийн өмчлөлийн ... орон сууцыг Өд худалдахаар, хариуцагч нь орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгч, эзэмшилд нь шилжүүлсэн байна.

 

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д нийцжээ.

 

10. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг хүлээнэ.

 

Худалдан авагч болох хариуцагч Ө үнийг бүрэн төлж барагдуулаагүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах шаардлага гаргаснаар маргаан гарчээ.

 

11. Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл худалдаж, худалдан авч буй зүйлийн үнэ байна.

 

Талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээг 2016 онд амаар байгуулсан бөгөөд орон сууцны үнийн талаар зөрүүтэй тайлбарлах ба нэхэмжлэгч орон сууцыг 180,000,000 төгрөгөөр худалдахаар, хариуцагч 160,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон гэж маргажээ.

 

Хэрэгт орон сууцны үнийн талаар тохиролцсон гэж үзэх дараах баримт авагдсан байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр талд авагдсан 2020.01.24-ний өдрийн баримтаар орон сууцны үнийг 160,000,000 төгрөг болохыг нотолсон боловч талууд үүнээс хойш буюу 2020.02.01-ний өдөр Орон сууцны төлбөр төлөх гэрээ байгуулж, дээрх гэрээнд орон сууцны үнийг 180,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

 

Орон сууцны үнийн дүн өөрчлөгдсөн талаар хариуцагчаас “...тухайн үед орон сууцны төлбөрийг төлөлгүй удсан байсан тул нэхэмжлэгчийн тавьсан саналыг зөвшөөрсөн...” гэж тайлбарласан тул орон сууцны үнийг 180,000,000 төгрөгөөр тохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

 

Хариуцагч нь Орон сууцны төлбөр төлөх гэрээнд орон сууцны үнийн дүнг шинэчилж өөрчилсөн үндэслэлийг зөвшөөрч, харилцан тохиролцсон атлаа орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

12. Зохигчийн үйлдсэн 2020.01.24, 2020.02.01-ний өдрийн баримтууд нь тухайн баримт үйлдэх, гэрээ байгуулах цаг хугацааны үед нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны төлбөрт 95,000,000 төгрөгийг хүлээн авсан байсныг нотолж байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгчээс гэрээ байгуулсан өдөр хариуцагч нь 20,000,000 төгрөгийг төлнө гэж гэрээнд бичүүлсэн боловч тэр үедээ төлөөгүй, сүүлд төлсөн 20,000,000 төгрөг гэрээнд бичигдсэн үнийн дүнд тооцогдоно гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

2020.02.01-ний өдрийн Орон сууцны төлбөр төлөх гэрээ байгуулснаас хойш 2020.06.03-ны өдөр хариуцагч нь 10,000,000 төгрөгийг /5,000,000 төгрөгөөр 2 удаа/, 2020.08.10-ны өдөр 10,000,000 төгрөгийг нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид орон сууцны төлбөрт төлсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 19, 20 дугаар талд авагдсан ... дансны хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрт 115,000,000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байна. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нь орон сууцны төлбөрт 180,000,000 төгрөг төлөх гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй, энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

13. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцжээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй.

 

Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг талууд шаардлага гаргасан эсэхээс үл хамааран шүүх шийдвэрлэх бөгөөд анхан шатны шүүхийн хариуцагчаас орон сууцны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулаагүй алдааг залруулж хариуцагчид олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч тооцоог буруу хийсэн байна.

 

Тогтоолын 12-т дурдсанчлан хариуцагч нь орон сууцны төлбөрт 115,000,000 төгрөгийг төлсөн болон нь нотлогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар сарын 205.1-д зааснаар талуудын гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагаврыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс 115,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгоно.

 

Дурдсан үндэслэлээр “...Гт 115,000,000 төгрөг шилжүүлсэн байхад хэргийг шударга үнэнээр шийдвэрлээгүй...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

14. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зохицуулсан.

 

Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг бусдын орон сууцыг түрээсэлж, түрээсийн төлбөрт 137,400,000 төгрөгийг төлж хохирол учирсан, гэрээний үүрэгт 131,250,000 төгрөг, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахад 40,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр хариуцагчаас 268,690,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагаас бусдын байрыг түрээслэхэд төлсөн 137,000,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн 40,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Харин орох байсан орлогод нэхэмжилсэн 131,250,000 төгрөгийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, хариуцагчаас 67,166,666 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Зохигч 2020.02.01-ний өдрийн Орон сууцны төлбөр төлөх гэрээний 3.1-д “гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээ цуцлагдсан нөхцөлд орон сууцанд амьдарсан хугацааны нэг сарын төлбөрийг 1,250,000 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцанд амьдарсан 105 сарын хугацаанд олох байсан орлогод 131,250,000 төгрөгийг нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гэрээнд заасан төлбөр төлөх хугацаагаа зөрчсөн 2020.06.01-ний өдрөөс тооцож, 67,166,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх боловч хохирол тооцсон хугацаа 53 сарыг 57 сар гэж буруу бичиж техникийн алдаа гаргасан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Талууд гэрээ цуцлагдсан тохиолдолд олох байсан орлогыг орон сууцны хөлс байдлаар тооцохоор гэрээгээр тохиролцсон нь хууль зөрчөөгүй бөгөөд үүнд нотлох баримт шаардлагагүй болно.

 

15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тухайлбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар  хариуцагчийн өмгөөлөгч Э нь гэрч н.Зг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагаас татгалзсан, түүний энэ татгалзлыг хариуцагч эсэргүүцээгүй үндэслэлээр гэрчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Иймд хариуцагчаас өөрөөс нь асуулгүйгээр, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

16. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2025/00355 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...95,000,000 төгрөг...” гэснийг “...115,000,000 төгрөг...” гэж, “...632,950 төгрөг...” гэснийг “...732,950 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ө-ы гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ө-аас 2025.03.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 563,983 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

 

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

 

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД