Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хиймэл оюун ашиглан хураангуйлах
| Шүүгчийн нэр | Б.Батцэрэн |
| Шийдвэрийн огноо | 2026.05.15 |
| Шийдвэрийн дугаар | 001/СХХШТ2026/0004 |
| Хэргийн индекс | None |
| Маргааны төрөл | None |
| Хуулийн зүйл, заалт | |
| Шийдвэрлэсэн байдал | Сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр сахилгын хорооны хуралдаанд буцаав |
| Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | , дугаар: None |
| Анхан шатны шүүх | - |
| Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | , дугаар: None |
| Давж заалдах шатны шүүх | - |

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ САХИЛГЫН ХЭРГИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
Шүүгч Д.Д, Д.З, С.Э нарт
холбогдох сахилгын хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, Б.Батцэрэн, Н.Баярмаа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, сахилгын хэргийн оролцогч Д.З, С.Э, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2026/0018 дугаар магадлал, мөн хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар хяналтын тогтоолтой, *** Д.Д, Д.З, С.Э нарт холбогдох сахилгын хэргийг *** Д.З, С.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2026/0018 дугаар магадлалаар *** Д.Д-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан *** Д.З, С.Э нарт “цалингийн хэмжээг хоёр сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар хяналтын тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, *** Д.З, С.Э нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Сахилгын хэргийн оролцогч *** Д.З гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн Сахилгын хорооны 2026.03.10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар тогтоолыг 2026.03.24-ний өдөр цахимаар хүлээн авсан бөгөөд уг тогтоолыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар тус гомдлыг гаргаж байна…
Гурав. Гомдлын үндэслэл
Иргэн Ц.Б нь *** ХХК-ийн нэхэмжлэлтэй *** холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн *** 2025.03.21-ний өдрийн 210/МА2025/00489 дугаар магадлал гаргасан шүүх бүрэлдэхүүн болох шүүгч Д.Д, Д.З, С.Э нарт холбогдуулан өргөдөл гаргасан.
Өргөдлийн агуулга: “хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд байхгүй эрхийг нэхэмжлэгч компанид байгаа мэтээр хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч компанид давуу байдал бий болгосон шүүгчийн сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д сахилгын хэргийн оролцогч нь “өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрх эдлэх”-ээр зохицуулсан.
3.1. Тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй тухайд:
1. Миний хувьд иргэн Ц.Б-ийн өргөдөлд анх 2025.06.10-ны өдөр тайлбар гаргасан.
Шүүхийн сахилгын хорооны илтгэгч гишүүнээс 2025.07.04-ний өдөр, 2025.11.12-ны өдөр тус тус 2 удаа сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан боловч хүчингүй болгосон. Үүний дараа 2026.01.16-ны өдрийн ГНД/2026/0003 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гарсан ба дүгнэлттэй танилцаад 2026.02.03-ны өдөр нэмэлт тайлбар бичгээр гаргасан. Уг нотлох дүгнэлтэд *** Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд миний зүгээс энэ дүгнэлтийн хүрээнд өөрийн тайлбар, байр суурь, үндэслэлээ тайлбарласан.
2. Шүүхийн сахилгын хорооны 2026.02.04-ний өдрийн СХМ/2026/0018 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалд илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд тусгагдсан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл нь шүүхээс нотлох баримтыг үнэлэх талаарх зохицуулалт ба шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ мөн зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Тодруулбал, шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд нотлох баримтыг үнэлж дүгнэх учраас энэхүү заалт нь нотлох дүгнэлтэд дурдсанаар шүүгчид үүрэг болгосон зохиуулалтад хамаарахгүй” гэж үзсэн. Тус магадлалаар нотлох дүгнэлт үйлдсэн үндэслэл болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалт”-д хамаарахгүй гэж дүгнэсэн.
3. Гэсэн хэрнээ “нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг зөв тогтоохоор шүүгчид үүрэг болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэсэн өөр үндэслэл зааж, улмаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлээ болгосон. Өөрөөр хэлбэл намайг буруутгаж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 118 дугаар зуйлийн 118.4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл шинээр тавигдсан бөгөөд уг үндэслэлийн талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан “тайлбар гаргах эрх”-ийг эдлүүлээгүй.
4. Улмаар миний “тайлбар гаргах эрх” Шүүхийн сахилгын хорооны 2026.03.10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар “Сахилгын хорооны магадлалыг хэвээр үлдээх тухай” хяналтын тогтоолд ч хангагдаагүй. Тодруулбал:
а. Магадлалд миний гаргасан гомдлын нэг үндэслэл нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд тайлбараа гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй” гэсэн үндэслэл байгаа боловч хяналтын тогтоолд энэ үндэслэлд ямар ч дүгнэлт өгөөгүй орхигдуулсан.
б. Үүгээр зогсохгүй илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд ч тусгагдаагүй, Сахилгын хорооны магадлалд ч тусгагдаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн өөр заалтуудыг нэмэлт үндэслэл болгосон. Тодруулбал:
- “...хадгаламжийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй, хангалттай тайлбарласан байхад дээрх байдлаар магадлалдаа дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг илтэд буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл болно. Уг дүгнэлтийн талаар холбогдох шүүгч нар тайлбарлахдаа “...мөнгө шилжүүлсэн талаар дурдсан, үүний араас тусдаа бие даасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маргааны зүйлд хамааралгүй тул дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй гэж заагласан” гэснийг хүлээж авах боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар магадлалд хийсэн дээрх дүгнэлт нь дахин нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох үр дагавартай...”,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1 ... 759.4 ... Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын бүтэц, аргачлал”-ыг баталсан ... аргачлалд заасан “Анхан шатны шүүх маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоосон эсэх, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх, давж заалдах гомдлыг бүхэлд нь эсвэл заримыг хангасан, эсвэл хангаагүй талаарх магадлалын үндэслэлийг товч тусгана” гэсэнтэй нийцэхгүй байна”.
в. Магадлалын нэгэн адил хяналтын тогтоолын дээрх үндэслэлүүдэд миний зүгээс тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй.
5. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д сахилгын хэргийн оролцогч “өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрх” эдлэхээр заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт баталгаажуулсан Монгол Улсын иргэний “... өөрийгөө өмгөөлөх, ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” зэрэг үндсэн эрхийг хангахад чиглэсэн зохицуулалт бөгөөд энэхүү эрхийг Шүүхийн сахилгын хороо баталгаатай эдлүүлэх үүрэгтэй гэж ойлгож байна.
Гэвч миний бие сахилгын хэргийн оролцогчийн хувьд Шүүхийн сахилгын хорооны 2026.02.04-ний өдрийн СХМ/2026/0018 дугаар магадлал, уг магадлалыг хянасан 2026.03.10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар хяналтын тогтоолд заагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийг 118.4, 40 дүгээр зүйлийн 40.4, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлүүдэд сахилгын арга хэмжээ тооцохоос өмнө урьдчилж тайлбараа гаргах, шаардлагатай бол нотлох баримтаа гаргаж өгөх эрхийг минь эдлүүлээгүй, эрх зүйн байдлыг шат шатандаа дордуулсан гэж үзэж байна.
Миний зүгээс тайлбар гаргасан, нотлох дүгнэлтийн үндэслэл болгосон “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг”-ээр надад сахилгын шийтгэл оногдуулаагүй, тодруулбал дээрх магадлал, хяналтын тогтоол нь хуульд зааснаар нотлох дүгнэлтийн хувьд гаргадаг 3 төрлийн шийдвэр болох:
- нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох /МУШтХ 112.1.1/,
- нотлох дүгнэлтийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүлээн авч сахилгын шийтгэл ногдуулах /МУШтХ 112.1.3/,
- нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах /МУШтХ 112.1.5/ гэсэн шийдвэрүүдийн алийг нь ч гаргаагүй болохыг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзнэ үү.
6. Ерөөс илтгэгч гишүүн, магадлал болон хяналтын тогтоол гаргасан бүрэлдэхүүн нь процессын хуулийн өөр, өөр зүйл, заалтыг үндэслэл болгоод байгаа шалтгаан нь уг асуудал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалт”-д хамаарах эсэхийг үндэслэлтэй тодорхойлохгүй байгааг харуулж байна.
3.2. Сахилгын хэргийн баримттай танилцах эрхийг бүрэн эдлүүлээгүй тухайд:
1. Сахилгын хэргийн нотлох баримт болох *** Д.Д-ийн гаргасан тусгай саналтай танилцах эрх надад олгогдоогүй. Илтгэгч гишүүн “тусгай санал албаны нууцад хамаарч байгаа” гэх үндэслэлээр 2026.01.16-ны өдрийн нотлох дүгнэлтдээ огт тусгаагүй, уг баримттай танилцуулаагүй.
Харин хэрэг шийдвэрлэх сүүлийн шатанд буюу 2026.03.10-ны өдрийн хянан үзэх хуралдаан завсарлаад, бүрэлдэхүүн зөвлөлдөж байх явцад надад “нууцын баталгаа”-г танилцуулж гарын үсэг зуруулсан, тэгсэн атлаа ч нотлох баримтыг танилцуулаагүй, товчоор хэлэхэд нотлох баримттай танилцах эрхийг хязгаарласан асуудал боллоо.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “шүүгч нь шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах эрхтэй” гэж заасан. Мөн тус хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална” гэж заасан ба Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021.09.20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан Шүүхийн шийдвэр боловсруулах журмын 3.12 дахь хэсэгт “...Тусгай санал нь зөвхөн хууль хэрэглээний зөрүүтэй байр суурьтай холбоотой, шүүгч нь нотлох баримтын үнэлгээ, гэм буруугийн асуудлаар тусгай санал гаргахгүй” гэж заасан. Даргалагч шүүгчийн тусгай саналтай танилцах зайлшгүй шаардлага байгаа бөгөөд шүүх бүрэлдэхүүний олонхийн хууль хэрэглээний санал ямар байсан, хууль хэрэглээний зөрүү нь ямар хуулийн асуудлаар үүссэн, уг асуудал анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрхэн тусгагдсан, улмаар иргэний өргөдөлд дурдсан нотлох баримтын асуудал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалт” болох эсэх асуудлаар тайлбар, үндэслэлээ гаргах нөхцөл, боломж бүрдэх байсан.
3. Өөрөөр хэлбэл хууль хэрэглээний тусгай санал гаргасан эсэхээс үл хамааран даргалагч шүүгч нь нотлох баримтын үнэлгээ, гэм буруугийн асуудлын хувьд, илтгэгч болон бүрэлдэхүүний шүүгчийн нэгэн адил нэгдмэл байр сууриар магадлалын агуулга буюу нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тодорхойлж тусгах үүрэг хүлээдэг учир 210/МА2025/00489 дугаар магадлалыг энэ зарчмаар гарсан гэж дүгнэх үр дагавар үүссэн бөгөөд Шүүхийн сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолд даргалагч шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн бүхий л дүгнэлт нь бүрэлдэхүүний шүүгч надад эсрэгээрээ тавигдах хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.2-т зааснаар Шүүхийн сахилгын хорооны 2026.02.04-ний өдрийн СХМ/2026/0018 дугаар магадлал, уг магадлалыг хянасан 2026.03.10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар хяналтын тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Сахилгын хэргийн оролцогч С.Э гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэг. Сахилгын хэргийн оролцогчийн эрхийг хөндсөн талаар:
Сахилгын хэргийн нотлох дүгнэлт нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж дурдаж, миний бие уг үндэслэлд тайлбар гаргаж мэтгэлцсэн. Гэтэл Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар үндэслэх хэсэгт гэснийг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан хуулийн илэрхий тодорхой заалт гэж үзсэн. Шүүхийн шийдвэрийн бүтцэд хамаарах энэ зохицуулалт нь тусгай журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа иргэний эрх зүйн маргаанд хамааралгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.4 Энэ хуулийн 759.2 дахь хэсэг давж заалдах шатны шүүхийн магадлалд нэгэн адил үйлчилнэ. Шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын дээд шүүх батална гэж заасан бөгөөд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд магадлалын бүтэц өөр байдаг. Түүнчлэн Шүүхийн сахилгын хороо 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэл дутуу буюу бүрэн бичигдээгүй. Тэр хуралдаанд процессын эрхийг зөрчиж, тулгаж асуусан шинжтэй асуултьг тэмдэглэлд тусгаагүй. Даргалагчаас тийм эсхүл үгүй гэж хариул гэж тулгаж, ёс зүйгүй үйлдэл гаргаж, тавьсан асуултад үндэслэлтэй тайлбар гаргах боломжийг хязгаарлан, улмаар тулгасан асуултад үндэслэн шийдвэрээ гаргасан Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.2-д заасан тайлбар гаргах эрхийг зөрчсөн.
Хоёр. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдоно. Сахилгын зөрчил гаргасан үндэслэл, журмыг шүүгчийн сахилга, ёс зүйгээр хязгаарлах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэлийг давтан дүгнэх, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх арга зүй, аргачлал, харьцуулан дүгнэх шүүгчийн дотоод итгэлтэй холбоотой магадлал, тогтоол гарч байгаа нь Шүүхийн сахилгын хороо нь өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн ойлгож, эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргаж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Шүүх эрх хэмжээний хүрээнд маргааныг шийдвэрлэж, дүгнэсэн байхад ингэж дүгнэсэн нь зөв буруу гэж шийдвэрлэж байгаа нь эцсийн дүндээ шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчмыг зөрчиж байгаа ба энэ тогтоол, магадлал нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж хэрхэвч таарахгүй.
Гурав. Хэргийн баримт бүрэн цуглараагүй байхад сахилгын хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн тогтсон жишгээр даргалагч шүүгч уг магадлалыг засаад засвар оруулахдаа сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа өгүүлбэрийн төгсгөлийг засаагүй. Шүүхийн дотоод сүлжээнд хадгалагдаж үлдсэн байдаг.
Дөрөв. Тусгай саналтай танилцах боломж олгоогүй нь хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхэд нэг шүүгч тусгай санал гаргасан. Мэтгэлцээний явцад тусгай саналын талаар давтан сахилгын хорооны гишүүд ярьж байсан боловч шүүгч нарыг уг саналтай танилцуулаагүй. Нууц гэж дардас дарсан баримттай нууцын баталгааны үндсэн дээр танилцах боломжтой. Гэтэл нууцын баталгааг Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 03 сарын 10-ны өдрийн хуралдаан зөвлөлдөж байхад нөхөн хэлбэрээр зуруулж авсныг ойлгоогүй. Өмнө нь хэргийн материалтай танилцсан уу гэж асуухад нууцаас бусад материалын тухайд танилцсан гэж хариулсан. Бидэнд хэргийн материалыг бүрэн танилцуулаагүй нь Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1.өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах эрхийг зөрчсөн.
Тав. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 28 дугаартай “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолын тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл хэсэг болон тайлбарлах хэсэгт дараах байдлаар тайлбараас өөрөөр шийдвэрлэсэн.
Процессын хуулийн тухайд, уг ойлголтод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг утгаар ойлгогдож хэрэглэгддэг, агуулга нь нэгэнт тогтсон нэр томьёо, ойлголт, хуулийн заалт хамаарна. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг агуулгаар ойлгож, хэрэглэж хэвшсэн (“мэтгэлцэх зарчим”, “нотлох баримт”, “итгэмжлэгдсэн төлөөлөгч”, “хэргийн материалтай танилцах”, “хууль зүйн туслалцаа авах”, “талуудын зарчим”, “мөрдөн шалгах зарчим” гэх мэт) ойлголт, агуулгыг “илт тодорхой” заалтад хамааруулна. Харин шүүгчид эрх олгосон “эрхтэй”, “болно” гэсэн заалт, түүнчлэн хэд хэдэн арга хэмжээнээс аль нэгийг нь сонгох боломж олгосон зохицуулалт хамаарахгүй.
Процессын хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Жишээ нь, гомдол гаргах эрхтэй шүүхийн шийдвэрт “гомдол гаргах эрхгүй” гэж, хэргийн оролцогчийн нэр, хаяг, эд хөрөнгө зэрэг чухал мэдээлэл, шүүхээс авсан арга хэмжээ, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг (нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хангасугай гэх мэтээр)-ийг буруу бичсэн зэргээс хэргийн оролцогч болон бусад этгээд эрх, эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хохирох ноцтой үр дагаварт хүргэсэн бол уг ойлголтод хамааруулах боломжтой.
Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчимд үндэслэн явагддаг, эсрэг талын гаргасан баримтыг талууд үгүйсгээгүй тохиолдолд зөвшөөрсөн гэж нотлох баримтын үнэлэх нийтлэг жишиг байдаг. Шүүх маргааны зүйлд хамааралгүй гэж дүгнэсэн байхад уг баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж байгаа нь Дээд шүүхийн тайлбар, түүний агуулгад нийцэхгүй болно.
…Цаашид шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоос нэг өгүүлбэрийг сонгон авч, түүнийг буруу бичсэн мэтээр нотлох баримт үнэлэх шүүгчийн дотоод итгэл, бүрэн эрхэд халдсан зохисгүй жишиг тогтож, хэргийн шийдэл рүү орж сахилгын шийтгэл ногдуулдаг жишиг тогтох эрсдэл бий.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хамааралтай болон хамааралгүй үйл баримтыг ялгасан байхад огт үндэслэх хэсэг нь хуулийн илэрхий тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байгаа нь илтэд үндэслэлгүй байх тул гомдлыг хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 03 сарын 10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.М гаргасан тайлбартаа “*** Д.З, С.Э нар нь Шүүхийн сахилгын хорооны хуралдааны хянан үзэх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар хяналтын тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргажээ. Гомдол нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, дараах тайлбарыг гаргаж байна.
1. Гомдлын “...оролцогчийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
Иргэн Ц.Б-аас *** Д.Д, Д.З, С.Э нарт холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч гишүүний 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ГЗТ/2025/0058 дугаар захирамжаар холбогдох *** нарт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг Шүүхийн сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн СХТ/2025/0059 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, холбогдох *** нарт сахилгын хэрэг үүсгэсэн.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2025/0096 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн СХТ/2025/0078 дугаар тогтоолоор,
- мөн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ГС/2025/0121 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн СХТ/2025/0116 дугаар тогтоолоор хүчингүй болгож, илтгэгч гишүүнд тус тус буцааж шийдвэрлэсэн.
Сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг *** Д.З-д 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гардуулж, эрх үүрэг танилцуулсан ба харин *** С.Э-т 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гардуулж, эрх үүрэг танилцуулж, тэдгээрээс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тайлбар бичгээр гаргасан бөгөөд мөн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бичгээр нэмэлт тайлбар ирүүлжээ.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан заалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэн, нотлох дүгнэлт үйлдэн, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Улмаар *** Д.Д, Д.З, С.Э нарт холбогдох сахилгын хэргийн хуралдааныг 2026 онь 02 дугаар сарын 04-ний өдөр товлож, холбогдох *** Д.З, С.Э нар нь хуралдаанд биечлэн оролцсон.
Мөн Сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт товлосон ба уг хуралдаанд холбогдох *** нар биечлэн оролцсон тул хуралдаанд биечлэн оролцох оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.
Түүнчлэн холбогдох *** нар нь сахилгын хэргийн баримттай 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус тус танилцсан бөгөөд хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах, хуулбарлан авах эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Сахилгын хорооны хуралдаан болон хянан үзэх хуралдаанаас хэргийг хэлэлцэхдээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
2.Илтгэгч гишүүний хувьд 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ГНД/2026/0003 дугаартай нотлох дүгнэлтээр *** Д.З, С.Э нарыг *** ХХК, *** ХХК нар нь “Буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх тухай” гэрээг байгуулсан байхад давж заалдах шатны шүүх хувь иргэний хугацаатай хадгаламжийн дундын дансанд байршуулсан мөнгийг маргааны талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэнд тооцож, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн” Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн.
Сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2026/0018 дугаартай магадлалаар илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийн хууль зүйн үндэслэлд өөрчлөлт оруулж холбогдох *** нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд үүнийг хянан үзэх хуралдаанаас хэвээр үлдээсэн.
Дээрхээс үзэхэд сахилгын хорооны болон хянан үзэх хуралдаанаас сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтын хувьд маргаагүй ба харин холбогдох шүүгч нарыг буруутгаж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хуулийн зүйл, заалт нь шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн аль заалт хамаарах талаар зөвхөн хууль зүйн үндэслэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй гэж үзэхгүй.
Иймд дээр дурдсанаар Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаартай хяналтын тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх тул *** Д.З, С.Э нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хяналтын тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар сахилгын хэргийн оролцогч Д.З, С.Э нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцээд, Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2026/0018 дугаар магадлал, мөн хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Үйл баримтын тухайд:
*** шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/00514 дугаартай шийдвэрээр *** ХХК-ийн *** холбогдуулан гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг *** 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00489 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон *** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд хандаж гаргасан өргөдөлдөө “…*** Д.Д, Д.З, С.Э нарт холбогдуулан “...хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд байхгүй эрхийг нэхэмжлэгч компанид байгаа мэтээр хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч компанид давуу байдал бий болгосон шүүгчийн сахилгын ноцтой зөрчил гаргасан. Үүнд:
1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “... Гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь *** ХХК-д үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичгийг үйлдэж өгсөн ба гэрээнд заасан хугацаанд буюу 2024 оны 12 сарын 24-ний өдөр *** ХХК-д 2,500,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.” гэж дүгнэсэн. Гэтэл *** ХХК-ийн дансанд 2,500,000,000 төгрөг шилжиж орж ирээгүй талаар тус банкийг төлөөлж байгаа төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлдэг, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд ч мөнгө шилжиж ороогүй бөгөөд мөнгө шилжүүлсэн талаар ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүх бүрэлдэхүүн огт байхгүй нотлох баримтыг зааж хэргийг шийдвэрлэсэн.
2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийг газар эзэмшигч болохын хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эрх зүйн байдалтай оролцох эрхтэй байжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэх, уг ажиллагаанд оролцуулах үүргийг хариуцагч байгууллага хүлээнэ.” гэжээ. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна.”, 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно.” гэж тус тус заасан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ямар ч шаардлага гаргаагүй *** ХХК-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд байсан мэтээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг бие даасан шаардлага гаргаагүй *** ХХК-д дуудлага худалдааны талаар мэдэгдэл өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь илт хууль бус бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн газар эзэмших эрхийн талаар дүгнэлт хийсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудсанд авагдсан хүсэлтүүдээр няцаагдана.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчин хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд байхгүй эрхийг нэхэмжлэгч компанид байгаа мэтээр хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч компанид давуу байдал бий болгосон *** 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 210/МА2025/00489 дугаартай магадлалыг гаргасан шүүх бүрэлдэхүүн болох *** Д.Д, *** Д.З, *** С.Э нарт шүүхийн сахилгын хэрэг үүсгэн шалгаж өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүн Д.М 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ГНД/2026/0003 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтдээ: “…Дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Ц, Э.Х нар дундын дансандаа 2,500,000,000 төгрөгийг байршуулсан баримт хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, түүнчлэн уг баримтын талаар мэтгэлцсэн байна. Анхан шатны шүүх шийдвэртээ “Буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх тухай” гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаа харьяалах шүүхэд гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн бөгөөд уг баримтыг үнэлээгүй.
…2024 оны 12 сарын 24-ний өдөр Ц.Б болон Э.Х нар *** ХХК-ийн *** тоот дундын дансанд 2,500,000,000 төгрөг шилжүүлэн байршуулсныг давж заалдах шатны шүүхээс “...гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь *** ХХК-д үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичгийг үйлдэж өгсөн ба гэрээнд заасан хугацаанд буюу 2024 оны 12 сарын 24-ний өдөр *** ХХК-д 2,500,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Тодруулбал, уг баримтыг *** ХХК нь “Буцаан худалдах худалдан авах нөхцөлтэйгөөр хөрөнгийг шилжүүлэх” гэрээнд заасан хугацаанд *** ХХК-д 2,500,000 төгрөгийг төлсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, *** ХХК нь *** ХХК нар нь “Буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх тухай” гэрээг байгуулсан байхад давж заалдах шатны шүүх хувь иргэний хугацаатай хадгаламжийн дундын дансанд байршуулсан мөнгийг маргааны талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэнд тооцож, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Хэдийгээр шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхийг шүүгчид үүрэг болгосон.
…Иймд давж заалдах шатны шүүхийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч *** ХХК-д илт ашигтай байдал бий болгож, харин *** ХК-ийн үндсэн эрх ноцтой зөрчигдсөн гэж үзлээ.
Харин *** 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 00489 дугаар магадлалд *** Д.Д хууль хэрэглээний талаар тусгай санал гаргасан тул түүнийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд шүүгч Д.З, С.Э нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж … үзэн нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.
Сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны СХМ/2026/0018 дугаар магадлалаар “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл нь шүүхээс нотлох баримтыг үнэлэх талаарх зохицуулалт ба шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ мөн зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Тодруулбал, шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд нотлох баримтыг үнэлж дүгнэх учраас энэхүү заалт нь нотлох дүгнэлтэд дурдсанаар “...шүүгчид үүрэг болгосон” зохицуулалтад хамаарахгүй.
…Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд … *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Манай өмчлөлд шилжиж очоогүй байгаа, дундын дансанд байршсан байгаа...” гэж гэрээгээр тохиролцсон мөнгө *** ХХК-ийн дансанд шилжиж орж ирээгүй байгаа талаар хэлсэн болох нь тусгагдсан байна. …2,500,000,000 төгрөг нь Ц.Б болон Э.Х нарын дундын дансанд байршсан, энэ талаар талууд маргаагүй байхад “...*** ХХК-д шилжүүлсэн” гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн, үүнээс хэргийн оролцогчид ашигтай байдал бий болсон гэж үзнэ. Иймд *** С.Э, Д.З нарыг бодит байдалд нийцээгүй, гэрээгээр тохиролцсон нөхцөл бүрэн биелэгдээгүй, энэ талаар хэргийн оролцогчдоос мэдүүлсэн байхад нотлох баримтад агуулагдаж буй мэдээллийг зөрүүтэй байдлаар тайлбарлан дүгнэж, үүсээгүй нөхцөл байдлыг үүссэн мэтээр бичсэн байгаа нь нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг зөв тогтоохоор шүүгчид үүрэг болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэв.
Иймд шүүгч С.Э, Д.З нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэв.
… *** Д.Д нь *** ХХК-ийн эрхийг зөрчсөн гэж үзэж гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэлгүй, буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх гэрээгээр хариуцагч байгууллага үүрэг хүлээгээгүй, уг гэрээний нөхцөлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон цаг хугацаанд мэдэгдээгүй байсан тул газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ажиллагаанд хариуцагчийг буруутгах боломжгүй” гэх агуулга бүхий тусгай саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдалд дүгнэлт хийсэн магадлалын хууль зүйн дүгнэлтээс өөр байдлаар дүгнэлт хийж, гэрээгээр тохиролцсон мөнгийг хугацаандаа шилжүүлсэн байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэж үзсэнээс эсрэг байр суурьтайгаар хэргийг хянан шийдвэрлэсэн буюу үүнд хариуцагч байгууллага буруугүй гэж үзсэн нь түүнийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.
Иймд *** Д.Д-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, харин илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авч, тус шүүхийн *** Д.З, С.Э нарыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д зааснаар зөрчлийг гаргасан гэж үзэж, сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан “цалингийн хэмжээг хоёр сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар хяналтын тогтоолоор Сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2026/0018 дугаартай магадлалыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20-д “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх…” гэж заасанд нийцсэн гэж дүгнэн, *** нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар *** Д.З, С.Э нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн буюу Сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэнгийн нотлох дүгнэлтэд тусгагдаагүй үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулахдаа нэр бүхий шүүгч нарт уг үндэслэлийн талаар тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй байх тул энэ талаар *** Д.З, С.Э нарын Улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00489 дугаартай магадлал гаргахдаа “иргэн Ц.Б, Э.Х нар нь *** ХХК-ийн *** тоот дундын дансанд 2,500,000,000 төгрөг байршуулсан” тухай нотлох баримтыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар *** ХХК-иас 2024 оны 12 сарын 24-ний өдөр *** ХХК-д 2,500,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна” гэж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх зөрчилд хамаарна гэж Шүүхийн сахилгын хороо дүгнэхдээ Иргэний хууль буюу материаллаг хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэх шүүхийн бүрэн эрхэд халдсаны зэрэгцээ шүүгч нарыг мэтгэлцэх, шинээр буруутгаж буй үндэслэлийг няцаан үгүйсгэх боломжоор бүрэн хангаагүй байна гэж дүгнэв.
Тодруулбал, үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө, эсхүл түүний заасан этгээдийн өмнө гүйцэтгэснээр биелсэн гэж үзэх эсэх, гуравдагч этгээдийн өмнө гүйцэтгэсэн үүргийн биелэлтийг зөвшөөрсөн эсэх асуудлаар дүгнэлтээ хийх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах материаллаг хуулийн хэрэглээний асуудал мөн.
Шүүхийн сахилгын хороо *** Д.Д-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай санал гаргасан үндэслэлээр түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ *** Д.Д-ийн гаргасан тусгай саналыг “албаны нууц”-д хамааруулан *** Д.З, С.Э нарт танилцуулаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасныг зөрчсөн гэж үзлээ.
*** Д.З, С.Э нар нь Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаан болсон 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *** Д.Д-ийн бичсэн тусгай саналтай танилцсан тухай баримт сахилгын хэргийн материалд авагдсан байх боловч нэр бүхий шүүгч нар нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанд оролцохдоо “Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, улмаар бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх үед уг тусгай саналтай танилцсан гэх баримтад гарын үсэг зуруулсан, харин тусгай саналтай танилцаагүй” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Гэтэл Шүүхийн сахилгын хороо нь *** Д.Д-ийн бичсэн тусгай саналыг гомдол гаргагч Ц.Б-д танилцуулсан атлаа уг тусгай саналыг хэргийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө *** Д.З, С.Э нарт танилцуулаагүй явдал нь нэр бүхий *** нарын нотлох баримттай танилцаж, тайлбар гаргах эрхийг зөрчсөн бөгөөд энэ талаар *** нарын Улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хууль зүйн үндэслэлийн хувьд:
Иймд Шүүхийн сахилгын хороо *** Д.Д, Д.З, С.Э нарт холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасныг зөрчиж *** нарыг нотлох баримттай танилцах, өөрсдийг нь буруутгаж буй үндэслэлийн эсрэг тайлбар гаргаж мэтгэлцэх боломжийг үндэслэлгүйгээр хязгаарласан, илтгэгч гишүүн Д.М нотлох дүгнэлт үйлдэхдээ сахилгын хэргийн талаар шалгавал зохих ажиллагааг дутуу шалгасан үндэслэлээр *** Д.З, С.Э нарын гаргасан гомдлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т заасан үндэслэлээр хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2026/0018 дугаар магадлал, мөн хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар хяналтын тогтоолыг тус тус хүчингүй болгож, *** Д.Д, Д.З, С.Э нарт холбогдох сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг хуулийн илт тодорхой заалт гэж үзэж байгаа үндэслэл ойлгомжгүйн зэрэгцээ тусгайлсан журмаар шийдвэрлэгдэх хэргийн хувьд тус хуулийн 71 бүлэгт шүүхээс гарах шийдвэрийн бүтцийн тухайд онцлог шаардлага үйлчлэхээр заасныг анхаарах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 115.8.3-т заасныг баримтлан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т заасан үндэслэлээр *** Д.З, С.Э нарын гаргасан гомдлыг хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2026/0018 дугаар магадлал, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ХТ/2026/0008 дугаар хяналтын тогтоолыг тус тус хүчингүй болгож, *** Д.Д, Д.З, С.Э нарт холбогдох сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Б.БАТЦЭРЭН
Н.БАЯРМАА
Б.УНДРАХ