Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг болон намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр               Дугаар 11                             Улаанбаатар хот 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Х.Сонинбаяр   даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг болон намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч намыг төлөөлж намын дарга Г.Уянга, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, хуульч Ж.Баяржавхлан, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Г.Уянгын гарын үсэг бүхий хүсэлтэд: Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Ээлжит бус хоёрдугаар Их хурлаар  Ц.Баттөр өөрийн хүсэлтээр намын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, намын даргаар Улсын Их Хурлын гишүүн Гантөмөр овогтой Уянга сонгогдлоо. Мөн  тус хуралдаанаар намын дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д нэмэлт, өөрчлөлт оруулсан тул Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд заасны дагуу Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргын өөрчлөлт болон намын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг тус тус бүртгэж  өгнө үү гэжээ.

Хүсэлтэд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Намын ээлжит бус Их хурал хуралдуулах санал гаргах тухай хүсэлт, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Намын Бага хурлын тэмдэглэл, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Бага хурлын шийдвэр, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Намын ээлжит бус Их хурлын төлөөлөгчдийг сонгох журам, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Намын удирдах зөвлөлийн хурлын шийдвэр, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Намын ажлын албаны хурлын тэмдэглэл, Их Хурлаас баталсан 002 дугаар тогтоолын 3-р хавсралтаар баталсан Намын дүрэм, 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Намын ээлжит бус Хоёрдугаар Их хурлын тэмдэглэл, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын ээлжит бус Хоёрдугаар их хурлын тооллогын комиссын тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Намын Хоёрдугаар Их хурлын шийдвэр, фото зураг, УИХ-ын гишүүн Г.Уянгын иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл баталгаажуулах хүсэлт, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл, шинэчилсэн дүрэм  зэрэг нийт  60 хуудас баримт ирүүлсэн байна.

Хүсэлтэд хавсаргагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцэж

ХЯНАВАЛ

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр намын Ээлжит бус хоёрдугаар Их хурлыг намын дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.4, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3-т заасны дагуу хуралдуулж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Намын дүрэмд  нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь  Улс төрийн намын тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.6, Намын дүрмийн  17.4.3-т зааснаар Намын Ээлжит бус хуралд байх бөгөөд Намын дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1.8–д заасан “Монгол улсын ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар санал гаргах, нэр дэвшигчийн сонгуулийн ажлыг орон нутагт зохион байгуулах” гэсний дараа  “Хэрэв аймаг, нийслэлийн намын хороо байгуулагдаагүй бол намын дүрмийн 4.1.3-т заасныг баримтална” гэж нэмж өөрчлөн, Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын ... гишүүнд намаас нэр дэвших хүмүүсийн талаар намын байгууллагад саналаа тавих  эрхийг намын гишүүнд  шилжүүлсэн нь Үндсэн хууль, Улсын төрийн намын тухай хуульд харшлаагүй байна.    Иймд Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Ээлжит бус хоёрдугаар Их хурлаар намын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Г.Уянга нэр дэвшиж, нууцаар санал хураасан дүнг үндэслэн хурлын төлөөлөгчдийн 96 хувийн санал авч, намын даргаар сонгогдсон болох нь хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн баримтаар тогтоогджээ.

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Ээлжит бус хоёрдугаар Их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцсэн болон санал хураасан үйл ажиллагаа нь Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, тус намын дүрмийн 17 дугаар зүйлийн 17.4.3, 19.3-т заасны зохицуулалтад нийцсэн байх тул намын даргыг бүртгэх нь зүйтэй гэж үзэв.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгаар тогтнол, эв нэгдлийннамын даргаар Гантөмөрийн Уянгыг сонгосныг бүртгэсүгэй.

2. Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1.8–д заасан “Монгол улсын ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар санал гаргах, нэр дэвшигчийн сонгуулийн ажлыг орон нутагт зохион байгуулах” гэсний дараа  “Хэрэв аймаг, нийслэлийн намын хороо байгуулагдаагүй бол намын дүрмийн 4.1.3-т заасныг баримтална” гэж нэмэлт, өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

  Г.АЛТАНЧИМЭГ